Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

 

 

 

 

 

                   2024/ШЦТ/58    

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тийн Тад холбогдох эрүүгийн 2212001390049 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Тийн Т/РД:Й3............../

                          

  Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын ............ гэх газарт  тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгч Т.Тын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

             “...Манайх Архангай аймгийн 2 тендерт ялаад нөхөн сэргээлт хийх ажилдаа орсон байсан. Тухайн үед аймаг руу хүсэлтээ өгөөд 216,000,000 төгрөгт нөхөн сэргээлт хийхэд түлшний үнэ нэмэгдээд нөхөн сэргээлт хийхэд хаана ч хүрэхгүй байна. Байгаль орчны хуульд зааснаар эвдэрсэн газрыг бүрэн ашигласны дараа нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэснийг баримтлаад аймагт хүсэлт өгөөд хүлээж байсан. Тухайн үед манайх шалаанз машин дуудаад удахаар байна гээд тоног төхөөрөмжөө ачсан, ус соруулж байсан насосоо гаргаад явж байсан. Угааж ашиглаад олборлолт хийсэн зүйл байхгүй. Би тухайн үед явах гэж байгаа хүмүүсийн хүнс цуглуулах ажлаар явсан байсан. Ирэхэд энэ процесс болсон байсан. Үүнийг зөв талаас нь харж шийдвэрлэж өгнө үү....” гэх мэдүүлэг,

 

           *Эрүүгийн 2212001390049 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

          *Иргэнийн нэхэмжлэгч Н.Иын өгсөн:

          “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр ........ газарт нөхөн сэргээлт нэрийн доор тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулан газрын хэвлийд халдсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ. Хохирол мөнгө төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 164 дүгээр тал/

 

           *Гэрч Д.Бийн өгсөн:  

“...Би одоогоос 3 хоногийн өмнө энэ компанийн байгаа талбайд ирж 2 хоног ажилтай байж байгаад өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 08:00 цагийн орчим кат-3.29 маркийн экскаваторыг барьж шороо түрж байгаад 14:00 цагийн үед гитаран буу руу шороог хийсэн. Би нөгөө экскаваторын жолооч Э.Цэндийн хамт шороо, лаг зэргийг ухаж гитаран буу руу хийсэн. Цалин хөлсөө тохироогүй. Гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар тал/

 

         *Гэрч З.Оын өгсөн:

         “...2022 оны 06 дугаар сарын 27-нд намайг эргүүл хийж явж байхад Цэнхэр сумын ........... байрлах нөхөн сэргээлтийн Г ХХК нь байрлаж байгаа газрынхаа урд талын карьерын эрэг дээр жижиг алт олборлоход ашигладаг гитаран буу тавьчихсан байсан. Тэгэхээр нь би асуутал эндээс угааж дээж авах гэж байгаа юм гэж Т.Т хэлж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй шүү гэх хэлчихээд явсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны 15 цагийн үед хотоос ирсэн шалгалтын хүмүүс байна БМНС ХХК дээр хүрээд ир гэхээр нь очоод уулзтал нэг цагдаагийн алба хаагч цаана чинь алт олборлох үйл ажиллагаа явуулж байна чи юу хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Орхон багийн уул уурхайгаар хамт явж байгаад алт олборлож байсан гэх газар очиход Өлийн голд байрлах Т.Т гэх хүний уурхай байсан. Намайг урд өдөр нь эргүүлээр тойрч явахад дээж үзэх гэж байгаа гээд байж байсан талаар нь хэлсэн. Намайг очиход жижиг гитаран буу нь байсан. Харин техник хэрэгслээ гаргачихсан байсан. Би Т.Таас яасан талаар нь асууж тодруулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар тал/

 

         *Гэрч Ц.Оын өгсөн:

         “...Миний танил болох Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.А надтай утсаар холбогдож “Архангай аймаг руу байгаль орчны нөхцөл байдалд болон тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийхэд дрон нисгэж өндрөөс ажиглалт хийх хэрэгтэй байна. Чи хамт яваад өөрийнхөө дроныг ашиглаж хяналт шалгалт хийхэд тус болоод өгөөч” гэж хувийн журмаар гуйхаар нь би зөвшөөрч өөрийн эзэмшиж ашигладаг DJI AIR 2s загварын дроныг авч О.А болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийн хамт Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутаг дэвсгэр Орхон голын орчим руу 2022 оны 06 сарын 28-ны өдөр явсан. Өөр тодорхой мэдэх зүйл байхгүй. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж яваагүй О.А надаас хувиараа гуйхаар нь тус болох гэж явсан. Яг ямар нэртэй компани байсныг мэдэхгүй байна. Бид нар 2 машинд хуваагдаж суугаад Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт очсон бөгөөд  Орхон голын хөндийд овоолсон шороотой газар ирээд хамгийн анх дроноо нисгэж ойр орчмын газрыг дээрээс нь харахад бидний байгаа газраас шууд харагдах боломжгүй овоолсон шорооны эсрэг талд 2 экскаватор газар ухаж байгаа нь харагдсан. Мөн ойр орчимд нь 2 ширхэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл байгаа нь харагдсан. Эдгээр экскаваторыг очиж шалгахаар болж би дроноо буцаан ирүүлэн буулгаж аваад экскаваторууд байсан газарт хамт явсан хүмүүсийн хамт очиход экскаваторын жолооч нар буугаад амрах хэсэг рүүгээ явж байгаа бололтой харагдсан. Хамт явсан мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч нар тэнд байсан хүмүүстэй уулзаж шалгалтын үйл ажиллагаагаа явуулан би тэдгээрээс зайтай, уг үйл ажиллагаанд оролцолгүй байж байсан. 2022 оны 06 сарын 28-наас 30-ны хооронд Орхон голын орчмоор хяналт шалгалт хийж явсан бөгөөд хамгийн анх таарсан дээрх 2 экскаватороос өөр үйл ажиллагаа явуулж байгаа техник хэрэгсэл, байгууллага таараагүй.  2 экскаватор ажиллаж байсан газарт ямар нэртэй компани үйг ажиллагаа явуулж байсан талаар би мэдээгүй. Ямар ч байсан газар ухаж, ухсан шороогоо нэг сараалжинд төмөр рүү хийж байгаа нь харагдаж байсан. үүнийг бичлэг хийж хадгалсан байгаа болохоор уг бичлэг дээрээс тодорхой харагдах байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/

 

         *Гэрч Д.Сгийн өгсөн:

         “...Яг ямар тушаал шийдвэрийн дагуу очиж ажилласан талаараа сайн мэдэхгүй байна. 2022 оны 06 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт шалгалтаар явна гэж сонсоод гэнэт явахаар болсон. Улаанбаатар хотоос 2022 оны 06 сарын 28-ны өглөө эрт Архангай аймаг руу хөдлөх үедээ л ямар хүмүүстэй хамт явж байгаагаа харсан. Энэ дунд миний мэдэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Г гэх хүн байсан. 2 машины жолоочтойгоо нийлээд 8 хүн тухайн үед явж байсан. Архангай аймаг руу очих замдаа Экологийн цагдаагийн албанаас 1 хүн, 1 сэтгүүлч, 1 зураглаач, Ерөнхийлөгчийн тамгын газраас 1 хүн, 2 жолоочийн хамт явж байна гэдгийг мэдсэн. Архангай аймагт хариуцлагагүй, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж Орхон голын бохирдуулж байгаа бодит нөхцөл байдлыг шалгахаар Цэнхэр сумын Орхон багт байрлаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК, “Э” ХХК нь олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэхээр туслан гүйцэтгэгч байгууллагыг ажиллуулж байхдаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийхээр очсон. Архангай аймгийн Цэнхэр сумын ....... газар хяналт шалгалтаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчим ирэхэд бидний очсон талын голын эсрэг талд нүх ухчихсан байдалтай уг нүхэн дотор 1 экскаватор зогсчихсон, гадуур нь 10 орчим тооны том оврын тээврийн хэрэгсэл болон, дизель мотор, усны насос, алт угаадаг жижиг төхөөрөмж болох гитаран буу зэрэг байхаар нь дрон нисэж голын эсрэг тал руу хүргэж бичлэг хийж байгаад өөрсдөө голыг тойрч уг газарт очиход нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөртэй, уг нүхэн дундаа зогсож байгаа харагдаж байсан. Уг газарт ойролцоогоор 10 гаран хүн байсан бөгөөд тэдгээр хүмүүстэй уулзаж асуухад гагнуур хийж байгаа болон түрээсээр техникээ ажиллуулахаар авч ирсэн хүмүүс гэж байсан бөгөөд уг газрыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг мэдэхгүй, ирээд удаагүй байна, засвар хийгээд бэлдэж байна л гэж байсан. Уг газарт очих үед хамт явсан шалгалтын хүмүүсээс уг газар нь М ХХК-ийн олборлолт явуулсан газар бөгөөд Г ХХК нөхөн сэргээлт хийх туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа газар гэдгийг мэдсэн. Уг газарт байсан хүмүүстэй уулзахад ч мөн адил Г ХХК-тай аман байдлаар тохиролцоод энд ирсэн гэх утгатай үг яриа хэлж байсан. Гитаран буу нь нүхнийхээ гадна талд байрласан, эргэн тойрондоо чийгтэй шороотой байдалтай байсан. Усан буу, насос зэрэг нь ажиллаагүй байсан санагдаж байна. Бид ухсан нүхнээс холгүй байрлах кемп гэхээр хэдэн вагончик байрлуулсан газарт хүмүүсийн хамт очиж уулзан ямар ХХК, ямар үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад уг хүмүүс бид нар ирээд хэдхэн хонож байна, ямар нэг тусгай зөвшөөрөл үзүүлээгүй бөгөөд тэнд байсан нэг настайвтар хүн Г ХХК-ийн нэрийг дурдаж байсан. Тэнд байсан хүмүүс хариуцаж байгаа хүн нь байхгүй, бид нар мэдэхгүй гэсэн байдалтай байсан бөгөөд ямар нэг тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримт үзүүлээгүй. Ашигт малтмалын ямар нэг тусгай зөвшөөрөл бид нарт шалгуулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 81-82 дугаар тал/

 

         *Гэрч О.Аын өгсөн:

         “...Хамгийн анх Архангай аймгийн Цэнхэр сум, ...... дөнгөж ороод хамгийн эхлээд дрон нисгэж дээрээс ажиглалт явуулахад овоолсон шороон дунд 2 экскаватор газар ухаж ухсан шороогоо алт угаах төхөөрөмж рүүгээ хийж байгаа харагдсан бөгөөд дрон нисэж байгааг уг хүмүүс ажиглаж мэдсэн. Бид нар дроноо буцааж авч ирээд уг газар руу тойрч явсаар 5-10 минутын дараа очиход 2 экскаваторын оператор нь байхгүй, хариуцсан хүн нь байхгүй байдалтай, 15 орчим хүмүүс байж байсан. Тэдгээр хүмүүстэй уулзахад ‘‘Бид нар саяхан ирээд байна, олборлолт хийгээгүй үйл ажиллагаа явуулаагүй, дарга сум руу явсан, ямар нэгэн тусгай зөвшөөрөл бичиг баримт байхгүй” гэсэн байдалтай тоймтой хариу хэлэхгүй байсан. Миний мэдэхээр уг хүмүүс ямар компанийн хүмүүс гэдгээ хэлэхгүй байсан бөгөөд ямар ХХК гэдгийг болон захирал нь хэн болохыг асуухад мэдэхгүй гэхээс өөр хариу хэлэхгүй байсан. Яг уг газарт очиход 1 ковш, 2 экскаватор алт угаах төхөөрөмж тов оврын тээврийн хэрэгсэл 2 ширхэг байгаа харагдаж байсан бөгөөд дрон нисэж байгааг харсан болохоор бүх техникээ зогсоосон байдалтай байсан. Бид нартай хотоос явсан Экологийн цагдаа шөнө 00 цагийн орчим хяналт шалгалтаар явж байгаад ганцаараа эргэж уг газарт очих үед уг газрын дарга нь ирчихсэн байсныг холбогдох шалгалт хийж аймгийн цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/

 

         *Гэрч Ч.Гын өгсөн:

         “...Уг асуудлаас 2-3 хоногийн өмнө Монцамэ агентлагийн ерөнхий редактор Насанжаргал дуудаж уулзаад 2 хоногийн дараа хөдөө томилолтоор явна шүү, камер, тоног төхөөрөмжөө бэлтгээрэй, ерөнхийлөгчийн тамгын газраас хүн хамт явна, Архангай аймаг руу явна шүү гэж хэлсэн. Надтай хамт тухайн үед манайд сэтгүүлчээр ажиллаж байсан У явж мэдээ бэлтгэнэ гэж байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр суманд очихдоо Ерөнхийлөгчийн тамгын газрын Байгаль орчны төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.А, У дрон нисгэж ажиллуулахаар явсан нэг эрэгтэй, жолоочийн хамт нэг машинаар явсан. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт очоод хамгийн анх Дрон нисгэж эргэн тойрны байдлыг ажиглаж бичлэг хийхэд бичлэгт 2 экскаватор газар ухаж байгаа харагдахаар нь бид нар уг газарт очиж цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс яваа хүмүүс тэнд байсан хүмүүстэй нь уулзсан. Түүнээс хойш 2 өдөр шалгалтаар явахдаа өөр иймэрхүү байдалтай газар ухаж байгаа компанитай таараагүй. Шалгах үүрэгтэй очсон хүмүүс нь бичиг баримт шалгаж үзсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд өөрийн үүрэгт ажлаа хийгээд дүрс бичлэг хийж байсан болохоор хэн нэгний бичиг баримт шалгаж үзээгүй. Миний мэдэхээр уг газарт хэн нэгэн ямар нэг тусгай зөвшөөрөл бичиг баримт шалгуулаагүй. Бид нартай хотоос явсан Экологийн цагдаа шөнө 00 цагийн орчим хяналт шалгалтаар явж байгаад ганцаараа эргэж уг газарт очих үед уг газрын дарга нь ирчихсэн байсныг холбогдох шалгалт хийж аймгийн цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 87 дугаар тал/

 

         *Яллагдагч Т.Тын өгсөн:

         “...Миний үйлдэл тохирохгүй байна. Манайх нөхөн сэргээлтийн тендер дээр ялсан тусгай зөвшөөрөлтэй байсан. Тухайн газар дээрээ ус соруулж байсан, нөхөн сэргээлтийн зардал хүрэхгүй байсан учраас Архангай аймгийн засаг даргад эвдэрсэн газар дээр дахин боловсруулалт хийж зардлаа гаргах хүсэлтийг хүлээж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 114 дүгээр тал/

 

         *Э үнэлгээ ХХК-ийн:

         “...”Г” ХХК-ийн хэрэгт холбогдсон 221200139 дугаартай хэргийн газар нь байгалийн аясаараа хялгана, чаргай, боролзноно оролцсон ботууль-алаг өвст бүлгэмдэл тархсан байх авч одоогийн байдлаар уурхайлалтад өртсөн, орхигдсон, ашиглалтын лиценз цуцлагдсан газар байна. Иймд ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ тооцох шаардлагагүй гэж үзлээ...” гэх дүгнэлт/хх-ийн 48-61 дүгээр тал/

 

*Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн АА23-33 дугаартай:

         “...2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 76-95 УБ улсын дугаартай CAT-325CL марк-132.819.750 төгрөгөөр, 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн,  87-99 УБ улсын дугаартай, CAT-320В марк-28.350.000 төгрөгөөр, чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн- 13.440.000 төгрөгөөр, CAT-320В экскавотарын мотор-6.011.714 төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 144-153 дугаар тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын .......... гэх газарт нөхөн сэргээлт хийх үедээ тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Т үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Д.Бийн ”...Би одоогоос 3 хоногийн өмнө энэ компанийн байгаа талбайд ирж 2 хоног ажилтай байж байгаад өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 08:00 цагийн орчим кат-3.29 маркийн экскаваторыг барьж шороо түрж байгаад 14:00 цагийн үед гитаран буу руу шороог хийсэн. Би нөгөө экскаваторын жолооч Э.Цэндийн хамт шороо, лаг зэргийг ухаж гитаран буу руу хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч З.Оын”...2022 оны 06 дугаар сарын 27-нд намайг эргүүл хийж явж байхад Цэнхэр сумын ........ гэх газар байрлах нөхөн сэргээлтийн Г ХХК нь байрлаж байгаа газрынхаа урд талын карьерын эрэг дээр жижиг алт олборлоход ашигладаг гитаран буу тавьчихсан байсан. Тэгэхээр нь би асуутал эндээс угааж дээж угаах гэж байгаа юм гэж Т.Т хэлж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй шүү гэх хэлчихээд явсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны 15 цагийн үед хотоос ирсэн шалгалтын хүмүүс байна Б ХХК дээр хүрээд ир гэхээр нь очоод уулзтал нэг цагдаагийн алба хаагч цаана чинь алт олборлох үйл ажиллагаа явуулж байна чи юу хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Орхон багийн уул уурхайгаар хамт явж байгаад алт олборлож байсан гэх газар очиход .......... байрлах Т.Т гэх хүний уурхай байсан..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оын”...DJI AIR 2s загварын дроныг авч О.А болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийн хамт Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутаг дэвсгэр Орхон голын орчим руу 2022 оны 06 сарын 28-ны өдөр явсан. Архангай аймгийн Цэнхэр сум, ........... овоолсон шороотой газар ирээд хамгийн анх дроноо нисгэж ойр орчмын газрыг дээрээс нь харахад бидний байгаа газраас шууд харагдах боломжгүй овоолсон шорооны эсрэг талд 2 экскаватор газар ухаж байгаа нь харагдсан. Мөн ойр орчимд нь 2 ширхэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл байгаа нь харагдсан. Эдгээр экскаваторыг очиж шалгахаар болж би дроноо буцаан ирүүлэн буулгаж аваад экскаваторууд байсан газарт хамт явсан хүмүүсийн хамт очиход экскаваторын жолооч нар буугаад амрах хэсэг рүүгээ явж байгаа бололтой харагдсан. Хамт явсан мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч нар тэнд байсан хүмүүстэй уулзаж шалгалтын үйл ажиллагаагаа явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сгийн”...Улаанбаатар хотоос 2022 оны 06 сарын 28-ны өглөө эрт Архангай аймаг руу хөдлөх үедээ л ямар хүмүүстэй хамт явж байгаагаа харсан. Энэ дунд миний мэдэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Г гэх хүн байсан. 2 машины жолоочтойгоо нийлээд 8 хүн тухайн үед явж байсан. Архангай аймаг руу очих замдаа Экологийн цагдаагийн албанаас 1 хүн, 1 сэтгүүлч, 1 зураглаач, Ерөнхийлөгчийн тамгын газраас 1 хүн, 2 жолоочийн хамт явж байна гэдгийг мэдсэн. Архангай аймагт хариуцлагагүй, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж ........... бохирдуулж байгаа бодит нөхцөл байдлыг шалгахаар Цэнхэр сумын ......... байрлаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК, “Э” ХХК нь олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэхээр туслан гүйцэтгэгч байгууллагыг ажиллуулж байхдаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийхээр очсон. Архангай аймгийн Цэнхэр сумын ......... гэх газар хяналт шалгалтаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчим ирэхэд бидний очсон талын голын эсрэг талд нүх ухчихсан байдалтай уг нүхэн дотор 1 экскаватор зогсчихсон, гадуур нь 10 орчим тооны том оврын тээврийн хэрэгсэл болон, дизель мотор, усны насос, алт угаадаг жижиг төхөөрөмж болох гитаран буу зэрэг байхаар нь дрон нисэж голын эсрэг тал руу хүргэж бичлэг хийж байгаад өөрсдөө голыг тойрч уг газарт очиход нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөртэй, уг нүхэн дундаа зогсож байгаа харагдаж байсан. Уг газарт ойролцоогоор 10 гаран хүн байсан бөгөөд тэдгээр хүмүүстэй уулзаж асуухад гагнуур хийж байгаа болон түрээсээр техникээ ажиллуулахаар авч ирсэн хүмүүс гэж байсан бөгөөд уг газрыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг мэдэхгүй, ирээд удаагүй байна, засвар хийгээд бэлдэж байна л гэж байсан. Уг газарт очих үед хамт явсан шалгалтын хүмүүсээс уг газар нь М ХХК-ийн олборлолт явуулсан газар бөгөөд Г ХХК нөхөн сэргээлт хийх туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа газар гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Аын”...Архангай аймгийн Цэнхэр сум, ............. дөнгөж ороод хамгийн эхлээд дрон нисгэж дээрээс ажиглалт явуулахад овоолсон шороон дунд 2 экскаватор газар ухаж ухсан шороогоо алт угаах төхөөрөмж рүүгээ хийж байгаа харагдсан бөгөөд дрон нисэж байгааг уг хүмүүс ажиглаж мэдсэн. Бид нар дроноо буцааж авч ирээд уг газар руу тойрч явсаар 5-10 минутын дараа очиход 2 экскаваторын оператор нь байхгүй, хариуцсан хүн нь байхгүй байдалтай, 15 орчим хүмүүс байж байсан. Тэдгээр хүмүүстэй уулзахад ‘‘Бид нар саяхан ирээд байна, олборлолт хийгээгүй үйл ажиллагаа явуулаагүй, дарга сум руу явсан, ямар нэгэн тусгай зөвшөөрөл бичиг баримт байхгүй” гэсэн байдалтай тоймтой хариу хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Гын”...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр суманд очихдоо Ерөнхийлөгчийн тамгын газрын Байгаль орчны төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.А, У дрон нисгэж ажиллуулахаар явсан нэг эрэгтэй, жолоочийн хамт нэг машинаар явсан. Архангай ......... дэвсгэрт очоод хамгийн анх Дрон нисгэж эргэн тойрны байдлыг ажиглаж бичлэг хийхэд бичлэгт 2 экскаватор газар ухаж байгаа харагдахаар нь бид нар уг газарт очиж цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс яваа хүмүүс тэнд байсан хүмүүстэй нь уулзсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Т.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайлуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

Шүүгдэгч Т.Т нь Архангай аймгийн Цэнхэр сумын ....... гэх газар нөхөн сэргээлтийн Гр.....т ХХК-ны туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ашигт малтмал олборлоогүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл нөхөн сэргээлтийн зардал хүрэлцэхгүй улмаас ашигт малтмал олборлох зөвшөөрлийг зохих байгууллагаас хүссэн, хариу ирээгүй байсан гэх яллагдагчийн мэдүүлэг, Г..ХХК-ны Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 54-4 дугаар бүхий албан бичиг, гэрч Д.Бийн “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 08:00 цагийн орчим кат-3.29 маркийн экскаваторыг барьж шороо түрж байгаад 14:00 цагийн үед гитаран буу руу шороог хийсэн. Би нөгөө экскаваторын жолооч Э.Цэндийн хамт шороо, лаг зэргийг ухаж гитаран буу руу хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч З.Оын “...2022 оны 06 дугаар сарын 27-нд намайг эргүүл хийж явж байхад Цэнхэр сумын Орхон багийн Өлийн гол гэх газар байрлах нөхөн сэргээлтийн Г ХХК нь байрлаж байгаа газрынхаа урд талын карьерын эрэг дээр жижиг алт олборлоход ашигладаг гитаран буу тавьчихсан байсан. Тэгэхээр нь би асуутал эндээс угааж дээж угаах гэж байгаа юм гэж Т.Т хэлж байсан. Тэгэхээр нь тийм юм байхгүй шүү гэх хэлчихээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сгийн өгсөн “...Архангай аймагт хариуцлагагүй, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж Орхон голын бохирдуулж байгаа бодит нөхцөл байдлыг шалгахаар Цэнхэр сумын Орхон багт байрлаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК, “Э” ХХК нь олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэхээр туслан гүйцэтгэгч байгууллагыг ажиллуулж байхдаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийхээр очсон. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Өлийн гол гэх газар хяналт шалгалтаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчим ирэхэд бидний очсон талын голын эсрэг талд нүх ухчихсан байдалтай уг нүхэн дотор 1 экскаватор зогсчихсон, гадуур нь 10 орчим тооны том оврын тээврийн хэрэгсэл болон, дизель мотор, усны насос, алт угаадаг жижиг төхөөрөмж болох гитаран буу зэрэг байхаар нь дрон нисэж голын эсрэг тал руу хүргэж бичлэг хийж байгаад өөрсдөө голыг тойрч уг газарт очиход нүхэн дотор байсан экскаваторын туулсан замын мөр хатаагүй, нааш цааш хөдөлсөн мөртэй, уг нүхэн дундаа зогсож байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг гэрч О.Аын “...Хамгийн анх Архангай аймгийн Цэнхэр сум, ......... дөнгөж ороод хамгийн эхлээд дрон нисгэж дээрээс ажиглалт явуулахад овоолсон шороон дунд 2 экскаватор газар ухаж ухсан шороогоо алт угаах төхөөрөмж рүүгээ хийж байгаа харагдсан бөгөөд дрон нисэж байгааг уг хүмүүс ажиглаж мэдсэн. Бид нар дроноо буцааж авч ирээд уг газар руу тойрч явсаар 5-10 минутын дараа очиход 2 экскаваторын оператор нь байхгүй, хариуцсан хүн нь байхгүй байдалтай, 15 орчим хүмүүс байж байсан...”  гэх мэдүүлэг зэргээр өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байгаа болно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед авсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Яллагдагч шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд Т.Таас холбогдсон хэрэгт нь холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлгийг нотлох баримтаас хасч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Яллагдагчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжтой болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт  хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байхын шаардахгүй. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй талаар шинжээч дүгнэлтдээ заасан, энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Т.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 132.819.750 төгрөгийн үнэлгээ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 76-95 УБ улсын дугаартай CAT-325CL маркийн экскаватор, 28.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн, 87-99 УБ улсын дугаартай, CAT-320В маркийн экскаватор, 13.440.000 төгрөгийн үнэлгээ бүхий чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн усан буу, 6.011.714 төгрөгийн үнэлгээ бүхий CAT-320В экскаваторын мотор  зэргийг хураан тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх ба мөн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заажээ. Иймд  шүүгдэгч Т.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн хөлс болох 88.000/наян найман мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Д ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Тийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав// сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Тын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 132.819.750 төгрөгийн үнэлгээ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад бүртгэгдсэн, 76-95 УБ улсын дугаартай CAT-325CL маркийн экскаватор, 28.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1980 онд үйлдвэрлэгдсэн, 1980 онд монгол улсад бүртгэгдсэн,  87-99 УБ улсын дугаартай, CAT-320В маркийн экскаватор, 13.440.000 төгрөгийн үнэлгээ бүхий чичиргээтэй гитаран усан буу алт угаах зориулалттай гар хийцийн усан буу, 6.011.714 төгрөгийн үнэлгээ бүхий CAT-320В экскаваторын мотор  зэргийг хураан тус тус улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Таас 88.000/наян найман мянга/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар .............. байрлах  ХХК/РД:......../-д олгосугай.

 

7. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР