| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч Б.Цолмон нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Галзууд овогт Базарсадын Цолмонд холбогдох эрүүгийн 2340000000012 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Монголросцветмет ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 03-312 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Галзууд овгийн Базарсадын Цолмон /РД ЖА84071672/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Цолмон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын байрны баруун талд Д.Бат-Оргодолтой маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн тус газар цохиж зодож, духны хэсгийн язарсан шарх, баруун чихний хэсгийн зулгаралт, нүд, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Цолмон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Цолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн 2340000000012 дугаартай хэргээс улсын яллагч:
-Хохирогч Д.Бат-Оргодолын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр 22 цагийн үед манай гэрт Цолмон орж ирээд шинэлсэн. Манай гэрт эхнэр хүүхдүүд унтаад би сэрүүн байсан. Би цай хоол хийж өгөөд мөн архинаас 3 хундага хийж өгсөн. Тэгсэн чинь танд шинэлэх айл байна уу, би машинтай явж байна. Хамт явах уу гэсэн. Би тэгэхээр нь Геологийн байранд манай найз Ганмөрөн гэдэг хүн байгаа тийшээ очъё гээд би Цолмонгийн хамт гэрт нь очсон. Гэрт нь очиход Ганмөрөн эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Ороод шинэлээд гэрт нь Цолмон бид 2 нэг хүний 3, 3 хундага архи уугаад гарсан. Гараад Цолмонгийн нэг найзынх руу явахаар болоод хөдөлсөн. Би хөдөлсөнөөс хойш юу ч санахгүй байгаа юм. Нэг ухаан орсон чинь Жаргалантын байрны баруун бойны хойно талд зодуулчихсан нүүр ам нил цус болчихсон байсан. Би ухаан ороод Цолмонд одоо ахыгаа гэрт хүргээд өгөөч зодохоо болиоч гэж гуйсан чинь за би хүргээд өгье гээд хөдлөөд гэр хороололд байх Насанбатын хашааны гадаа намайг буулгаж өгөөд хөдөлсөн. Би Насанбатын гэрт орсон чинь хүү нь Уулынтөмөр гэртээ байхаар нь ахыгаа хүргэж өгсөн машины номерийг хараад авчих гээд гэрээс гаргасан. Тэгээд буцаж орж ирээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг эмнэлэгт очиж үзүүл гээд би тухайн орой үзүүлээд оёдол тавиулаад явсан. Би найз Ганмөрөнгийн гэрээс гараад л согтсон байсан. Тэрнээс хойш ухаан ороод сэргэтлээ юу болсон ямар шалтгааны улмаас Цолмон намайг зодсон талаар би юу ч санахгүй байгаа. Нэг ухаан ороод харахад Жаргалантын баруун талын бойны хойд талд Цолмон намайг нүүр рүү өшиглөөд газарт унагаасан байхаар нь одоо болъё ахыгаа гэрт хүргээд өг гээд гуйсан. Хажууд өөр хүн байгаагүй. Бид 2 хоёулахнаа л байсан. Би зүүн нүдний дээд талдаа 3 оёдол, баруун чихэнд 2 оёдол, 2 нүд хөхөрч хавдсан. Би толгойны томографик зураг авахуулсан. Мөн бариачаар толгойгоо бариулаад эм бас авч уусан. Намайг Улаанбаатар хот руу явахад 205,000 төгрөгийг миний 5946413586 тоот дансаар явуулсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний дансаар 500,000 төгрөгийг явуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
-Гэрч Э.Оюун-Эрдэнийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр орой 21 цаг өнгөрөөгөөд манай гэрт Цолмон гэх залуу орж ирээд сууж байсан. Би бие өвдөөд унтах гэж байхад гарч шинэлье гээд намайг асуухаар нь би халуураад үг дуугараагүй. Гэтэл манай нөхөр Бат-Оргодолыг би машинтай яваа гарах уу гээд байх шиг байсан. Тэгээд гэрээс 22 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед Уулынтөмөр гэх хүүхэд миний утас руу чат явуулаад Бат-Оргодол ахыг хүн зодсон байна гэнээ гээд зургийг нь явуулсан. Би эгч нь босож чадахгүй байна. Та нар наагуураа аргалаач гээд утсаа тасалсан. Би маргааш нь асуухад намайг зодоод байхаар нь ахыгаа гэр рүү хүргээд өг гэж гуйсаар байгаад л дүүгийндээ хүргүүлсэн гэж байсан. Тэрийг сайн мэдээгүй. Би аймар халуураад босож чадахгүй байсан. Хамт гаръя, би машинтай яваа шинэлэх айл байвал шинэлье гээд л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
-Өндөр өртөгт оношилгоо шинжилгээний дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай
1.Д.Бат-Оргодолын биед духны хэсгийн язарсан шарх, баруун чихний хэсгийн зулгаралт, нүд, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...." гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Цолмонгийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би эхнэр хүүхдийнхээ хамт мөн эхнэрийн дүү Ганпүрэв гэрийнхэнтэйгээ 13 цагийн үед Багануур явах гээд гарсан юм. Сумаас гараад 2-3 км яваад эхнэр машинтайгаа чулуун дээгүүр гараад машиныхаа касчерыг хагалсан. Би тэрнээс болоод эхнэртэйгээ жаахан маргалдсан чинь эхнэр Ганпүрэвийн машинд суугаад би гэр рүүгээ явлаа гээд буцаад яваад өгсөн. Би машин дээрээ үлдээд Ганпүрэвийг буцаад ирэхдээ маслын шүүр аваад ирээрэй гээд хэлсэн. Ганпүрэв маслын шүүр авчирч өгөөд яваад өгсөн. Би үлдээд машинаа янзлаад тэгээд орой бараг 22 цагийн үед дуусаад эхнэртэйгээ маргалдсан учраас гэр рүүгээ очихгүй гэж бодоод замаараа Бат-Оргодол гээд ахынхаар орсон. Гэрт нь ороод золгоод тэдний гэрт шинэлсэн. Бат-Оргодол ах нилээн халамцуу сууж байсан. Би гэрт нь ороод 3 хундага архи уугаад танд шинэлэх айл байна уу, би унаатай явж байна гэсэн чинь манай найзынх ойрхон байгаа тийшээ очъё гэсэн юм. Тэгээд гараад найзынд нь очоод ороод дахиад бид 2 нэг хүний 3, 3 хундага архи уусан. Би Бат-Оргодол ахад дүү нь эрхийн үнэмлэхгүй байгаа юм. Хоёулаа ойрхон манай найзын гэр рүү очъё гээд хөдлөөд Жаргалантаас баруун тийшээ гараад явж байхад Бат-Оргодол ах би машиныг чинь бариад явчихъя гэсэн. Би тэг тэг гээд буугаад тэгсэн чинь Бат-Оргодол ах суугаад хөдөлгөж чадахгүй байсан. Би дүү нь баръя та арагшаа суучих гээд хойшоо суулгаад хөдлөөд явж байхад Бат-Оргодол гэнэт согтсон юм уу яасан юм гэнэт чи миний эхнэртэй юу яриад байсан бэ гээд уурласан. Би мэндийг нь асуусан юм гэхэд Бат-Оргодол юу хуцаад байгаа юм бацаан минь гээд над руу дайрсан. Би та юу яриад байгаа юм бэ, би хааяа танай гэрээр баяр ёслолоор л ордог биз дээ гэхэд чи бацаан минь том болжээ гээд байхаар нь эргээд харсан чинь намайг нэг удаа алгадсан. Би машинаа зогсоогоод Бат-Оргодолыг машинаас татаж буулгаж ирээд 2 удаа нүүр рүү нь цохисон. Бат-Оргодол ах миний бүсэлхийгээр тэврээд миний хөл рүү өшиглөсөн. Бид 2 зууралдаад унаад жаахан уруу газар байсан болохоор доошоо өнхөрсөн. Өнхөрөөд босож ирээд хоёулаа болъё ахыгаа хүргээд өг гэсэн. Би Бат-Оргодол ахыг машиныхаа урд талд суулгаад найзынд маань хүргээд өг гэхээр нь би нэг айлд буулгаж өгөөд гэр рүү нь оруулаад бид 2 маргалдаад муудчихлаа гэж хэлээд буцаж гараад хашаанаас нь машинтайгаа ухраад гарч байхад нэг залуу гарч ирээд араас зураг дарж байсан. Би тэгээд шууд гэр рүүгээ харьсан. Намайг эхнэртэйгээ хардсан юм уу? яасан юм эхнэртэй юу яриад байсан бэ гээд л уурлаад намайг нэг удаа алгадаад тэгээд маргаан үүссэн. Эхнэр нь манай эхнэртэй хамт өмнө нь нүүрс савладаг манайхаар хааяа орж гарч л байдаг байсан. Бат-Оргодол ах нилээн согтуу байсан. Машин хөдөлгөж чадахгүй байсан болохоор нилээн согтсон байсан байх. Би болсон асуудлыг санаж байгаа. Гэхдээ бол уух нь бол уусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Цолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын байрны баруун талд Д.Бат-Оргодолтой маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн тус газар цохиж зодож, духны хэсгийн язарсан шарх, баруун чихний хэсгийн зулгаралт, нүд, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хохирогч Б.Бат-Оргодолын өгсөн мэдүүлэг, гэрч Э.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бат-Оргодолын эрүүл мэндийн эмчилгээний зардалд 705,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Цолмон нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Цолмон прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг шүүгдэгч Б.Цолмон хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн Эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Цолмонд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нь “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Цолмон нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галзууд овгийн Базарсадын Цолмонг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галзууд овгийн Базарсадын Цолмонг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонд оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмон нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Цолмон нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ