Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

                                      

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

иргэдийн төлөөлөгч Ө.эцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг

шүүгдэгч Т.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******т холбогдох эрүүгийн 2305000001930 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 30-нд *******-******* аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* (Регистрийн дугаар: *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СКА” нэртэй зочид буудлын гадна Ө.эбилэгтэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “...Би амь хохирогчтой хуурай ах дүүсийн харилцаатай байсан. Хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл аль аль нь их хэмжээгээр хэрэглэсэн. Хохирогч бид хоёрын дунд өр авлагын асуудал байсныг хүмүүсийн хажууд хэлснээс болж маргаан үүссэн. Тухайн үед санаатайгаар тийм зүйл хийгээгүй. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнтэй маргах зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ыг танихгүй, шүүх хурал дээр анх удаа харсан. Би болсон зүйлд маш их харамсаж, гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-15 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн *******-21 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 25-40 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 10 дугаар сарын 09-ний ******* цаг 55 минутаас ******* цаг 58 минутын хоорондох хугацааны бичлэг байх бөгөөд тус бичлэгийн цаг нь бодит цагаас 11 минутаар түрүүлж явж байх бөгөөд ******* цаг 55 минут 41 секундэд 4 эрэгтэй буудлын хаалгаар гарч байх нь харагдаж байх бөгөөд ******* цаг 56 минут 22 секундэд саарал өнгийн пүүзтэй саарал өнгийн богино саравчтай малгайтай эрэгтэй нь хар өнгийн ботинктой хөх өнгийн куртиктэй эрэгтэйтэй маргалдаж хоорондоо цохилцож байгаа нь харагдах бөгөөд хар өнгийн ботинктой хөх өнгийн куртиктэй эрэгтэй куртикний баруун халааснаасаа хутга гаргаж ирээд бичлэгийн цагаар ******* цаг 56 минут 55 секундэд баруун гартаа хутгаа бариад амь хохирогч болох саарал өнгийн богино саравчтай малгайтай эрэгтэйн баруун цээж хэсэг рүү хутгалж байгаа нь, ******* цаг 57 минут 38 секундэд амь хохирогч нь тойрч алхаж байгаад шат мөргөж унаж байгаа нь харагдаж байна. Цааш бичлэгийг үргэлжлүүлэхэд хар хөх өнгийн куртиктэй хар ботинктой эрэгтэй шатан дээр суугаад амь хохирогч руу харж сууж байх нь ******* цаг 57 минут 41 секундэд харагдаж байна. Цааш үргэлжлүүлэхэд амь хохирогчийг хар хөх өнгийн куртиктэй хар ботинктой эрэгтэй шатан дээр суунгаа цээжээр нь тэврээд эргээд харуулж байгаа нь уг бичлэгийн цагаар  ******* цаг 57 минут 57 секундэд харагдаж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед талийгаач нөхөр эбилэг маань арван жилийн сургуульд цуг сурч байсан найзуудтайгаа уулзана гээд гарч яваад, тухайн шөнөдөө гэртээ ирж хоноогүй бөгөөд 09-ний өдөр би болон манай нөхөр бид хоёр аль аль нь хэн хэн рүүгээ залгаагүй. Тэгээд 09-ний 20 цагийн орчимд миний гар утас руу танихгүй дугаараас залгахаар нь автал Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь би яваад очтол нөхрийг маань бусдад хутгалуулж, нас барсан гэдгийг надад хэлсэн. Болсон хэргийн талаар сайн мэдэж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нөгөө танихгүй залуу намайг ирснээс хойш 30 гаран минутын дараа яваад *******, Туугаа, Билгээ бид дөрөв буудалд үлдсэн ба тэгтэл үл таних нэг эмэгтэй өрөө андуурч орж ирээд гарах шиг болсон. Тэгээд бид дөрөв эргэн дурсахуй орж үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болсон ба буудлаас гараад буудлын үүдэнд зогсож байтал Билгээ, ******* хоёр юм ярьж зогсож байгаад Билгээ тэр ******* гэж залууг цохиод Билгээ ******* хоёр зодолдох гээд байхаар Билгээг нь би тэвэрч аваад түлхээд холдуулсан ба Туугаа *******ыг болиулаад байж байтал Билгээ намайг тавиулаад ******* руу дайрах шиг болсон ба Билгээ эргэж хараад нүүрээрээ газар унахаар нь ******* нэг гартаа иш нь саарал өнгийн эвхдэг хутга бариад Билгээгийн унасан газрын хажууд шатан дээр сууж байсан бөгөөд чи яаж байгаа юм бэ? гээд *******ын гараас нөгөө хутгыг нь аваад модон савтай шороон дотор сандарсандаа шороонд зоогоод үлдээсэн бөгөөд тэгээд эргүүлж хутгыг нь шорооноос сугалж аваад зогсож байтал цагаан малгайтай хоёр замын цагдаа ирээд хутга хаяулаад намайг гавласан. Билгээ газар унасан үеэс хойш хөдөлгөөн хийж ямар нэгэн зүйл яриагүй, Билгээ ******* хоёр яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна, уг нь буудлын өрөөнд цуг ууж байхад юм яриад зүгээр л байсан буудлын гадаа тэр хоёр юм ярьж байгаад гэнэт Билгээ *******ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод тэгээд маргаан болоод эхлэхээр нь Туугаа бид хоёр болиулсан. ******* хаанаас хутга гаргаж ирсэн талаар сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн Билгээ газар унасан байхад цус гараад Билгээгийн эргэн тойрны газар цус болчихсон” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд өдөр 14-15 цагийн орчимд эбилэг над руу залгаад буудлын өрөөний үүдэнд ирчихсэн байна гэхээр нь *******, Баянжаргал, Молор-э бид гурав хамт архи ууж байсан хоёр эмэгтэйн өрөөнөөс гараад миний байрлаж байсан 619 тоот өрөө рүү очиход эбилэг, Төөгөө гэх залуутай хамт ирчихсэн, нэг шил “Эдэн” нэртэй 1 литрийн савлагаатай архи, пиво, ундаа барьчихсан зогсож байхаар нь бид нар өрөөнд орж эбилэгийн авч ирсэн архийг ууж байтал ******* өөрийнхөө танил Алтансүх гэдэг ахыг дуудаж, ирүүлээд бид нар бөөндөө архиа ууцгааж байтал ******* нь эбилэгээс өмнө нь зээлсэн 500,000 төгрөгөө авъя гэж нэхээд тэр хоёрын дунд маргаан үүсэж, хоорондоо зодолдох гээд байхаар нь би тэр хоёрыг салгаад байж байтал Молор-э, Баянжаргал хоёр явлаа гээд гараад явсан. Тэгээд буудлын өрөөнд *******, эбилэг, Төөгөө, Алтансүх ах бид тав үлдээд, үлдсэн архиа ууж байтал *******, эбилэг хоёр нойлын өрөөнд ороод дахиад маргалдаад байхаар нь би араас нь орж тэр хоёрыг салгасан чинь эбилэг “бөөндөө баар оръё, би тооцоог нь даая” гэхэд нь бид нар бөөндөө зөвшөөрч буудлаас гарахаар болоод бөөндөө өрөөнөөс гараад, би өрөөгөө түгжчихээд цахилгаан шатанд сууж доошоо буугаад, буудлаас *******, эбилэг, Алтансүх ах бид дөрөв гараад үүдэнд нь зогсож байтал *******, эбилэг хоёр дахиад мөнгөнийхөө авлага, өглөгийн талаар ярилцаад маргалдаад байхаар нь Алтансүх ах бид хоёр тэр хоёрын голоор нь орж зогсоод хооронд нь зодолдуулахгүй гээд салгаад байж байтал ******* эбилэг рүү дөхөж ирээд, тэр хоёр хоорондоо ноцолдох гэхээр нь би эбилэгийг аваад, Алтансүх ах *******ыг аваад хоёр тийш нь салгахад эбилэгийн хэвлий хэсгээс нь маш их цус гарч эхэлсэн бөгөөд би юу болов гээд эргээд хартал ******* баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан чинь Алтансүх ах *******ын хутгыг гараас нь авахаар нь би сандарч, балмагдаад түц орж тамхи авчхаад, гараад иртэл эбилэг буудлын шатны урд газар хэвтчихсэн, *******, Алтансүх ах хоёр талийгаачийн дэргэд шатан дээр суучихсан байж байхаар нь би айсандаа тэд нар луу дөхөж очиж чадахгүй зогсож байтал цагдаа, эмнэлэг ирээд, цагдаа нар эбилэг, Алтансүх ах хоёрыг аваад явчихаар нь би сандарч айсандаа Тэди орж танил Пагмадуламтай уулзаж, хамтдаа СКА буудал дээр иртэл цагдаа нар манай өрөөнд үзлэг хийж байсан бөгөөд би болсон үйл явдлын талаар хэлтэл намайг барьж яваад, эрүүлжүүлэх байранд хийсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),

Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би найз эбилэгтэй 13-14 цагийн үед 5 дугаар сургуулийн гадаа уулзаад зам дагуу байдаг жижиг паб /нэрийг нь санахгүй байна/-д орж 0,5 литртэй “Экс” авч хувааж уусан. Тэндээс гараад эбилэг Туга дуудаад байна хамт очъё гээд бид хоёр хорооллын ахуй үйлчилгээ рүү явсан. Ахуй үйлчилгээ дээр ирэхэд 14:00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Бид хоёр ирээд СКА буудлын хажуу талын дэлгүүр ороод 1 литрийн Эдэн нэртэй архи, ундаа, ус зэрэг авсан. Дээрх авсан зүйлийг эбилэг авсан. Тэгээд Ска буудлын 619 тоот өрөө рүү орсон. Бид хоёрыг ороход тэр өрөөнд 3 эрэгтэй хүн байсан. Нэгийг нь Туга гэж байсан. Бас Молор гэх залуу байсан. Би нэлээн согтолттой байсан болохоор тэр хүмүүсийн нэрийг сайн санахгүй байна, ямар ч байсан танилцаж байсан. Тэгээд ороод авч орсон архиа тэд нартай хувааж уусан. Би тэгээд л нэлээн муудаад хэсэг унтсан. Ямар ч байсан өрөөнд хоёр эгч орж ирж байгаа харагдсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

Гэрч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд тэр дөрөв гарснаас нь хойш удаагүй байхад манай дөрвөн давхрын үйлчлэгч эгч Мягмарсүрэн нөгөө хэд чинь нэгнийгээ хутгалчихлаа, үүдэнд бөөн цус болсон байна гэж хэлсэн. Би тэгээд цагдаа болон 103 дуудсан. Би гарч яг болсон зүйлийг хараагүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас),

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний ******* цаг 35 минутын орчимд СКА зочид буудлын урдуур найз -гийн хамт явж байхад Ска зочид буудлын хаалга руу ордог шатны орчимд үл таних эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд очиход хоёр цагдаагийн алба хаагч, 45-50 орчим настай согтуу нэг эрэгтэй шатны бариулаас гавлуулсан байдалтай зогсож байсан, хажууд нь мөн 45-50 орчим насны кепкэн малгайтай эрэгтэй цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, цагдаатай барьцалдаж авсан, тухайн үед цагдаа нар түргэн лүү дуудлага өгч байсан. Манай найз - бид хоёр туслахаар очиж, - нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байсан эрэгтэйг цагдаагийн хамт гарыг нь ард нь гавлахад тусалсан. Тэгээд хүмүүсийг зайчилж, хэргийн газраас холдуулсан. Тэгээд би тухайн цагдаагийн алба хаагчид хаана ажилладаг гэдгээ хэлээд бие бүрэлдэхүүнээ дуудаж туслах уу гэж хэлээд хамгаалалтын албанаас тусламж гуйчхаад - бид хоёр эмийн сан хайгаад - зүүн тийшээ, би баруун тийшээ буюу Элбэг их дэлгүүрийн баруун талд Жаран гээд дэлгүүрийн нэг давхарт байдаг эмийн сан руу ороход 25-30 орчим настай нэг эмэгтэй байсан бөгөөд тухайн эмэгтэйгээс "Ска зочид буудлын гадна хүн хутгалуулчихсан цус алдаад тогтохгүй байна, цусыг нь тогтоогоод өгөөч" гэхэд "Тэгэх боломжгүй, ганцаараа ажиллаж байна, гарах боломжгүй" гэдэг хариулт өгсөн. Тэгээд буцаад Ска зочид буудлын хажууд ирэхэд амьсгаатай байсан, тэгээд тухайн газарт дахин хүмүүсийг холдуулж, зураг бичлэг хийхгүй байх талаар мэдэгдээд, автобусны буудлын хойд талаар явахыг шаардаж байх хооронд тэр хүний бие нь хөхрөөд, цус нь тунаж үлдээд, нүүр нь цайж хөхрөөд ерөнхийдөө нас барсан. Үүний дараа бол таваас арван минутын дараа түргэн ирээд нас барсан байна гэсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас),

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ска зочид буудлаас ******* цаг өнгөрөөгөөд дөрвөн ах гарч ирээд хоорондоо муудалцаад байсан. Хар өнгийн ноосон цамцтай, кепкэн бараан өнгийн малгайтай, хар хөх өнгийн өмдтэй 167-*******0 см орчим өндөртэй, туранхай ах “чи манай авгайг яагаад байгаа юм” (анх орилж эхлэхэд нь тэд нарыг анзаарч эхэлсэн) гэж орилоод хар хөх өнгийн өвдөг арай хүрэхгүй бөгс дөнгөж давсан урттай цув өмссөн *******0 см орчим өндөртэй махлагдуу ахын хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон (яг аль талын хацар гэдгийг нь санахгүй байна) хамт гарч ирсэн хоёр ах тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгтэл тэр цувтай ах гэнэт хутга гаргаж ирээд тэр бахираад байсан ахын цээж, хавирга хэсэг рүү нэг удаа дүрсэн, дүрсний дараа тэр ахаас цус нь аймаар их гараад байсан. Тэр ах хутгалчхаад хойшоо хоёр гурав алхаад Ска буудлын шатан дээр очоод суусан. Би тухайн үед хутгалахыг нь хараад шууд цагдаа дуудсан. Тэгээд харахад тэр хоёрыг салгах гээд байсан хоёр ах харагдахаа больсон байсан. Тэр хутгалуулдаг ах цээжээ дараад чи яаж байгаа юм бэ гэж орилоод Ска буудлын шат хэсэг рүү дөхөж очоод духаараа шат мөргөөд, цээжин хэсгээрээ унасан. Хутгалсан ах шатан дээр сууж байсан, хутгалуулсан ахыг унахад нь хангалттай тосоод авах хэмжээний ойрхон байсан боловч огт хөдлөөгүй. Унасных нь дараа толгойг нь дараад сэгсчээд суугаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цаг хэд болж байсан талаар тодорхой сайн мэдэхгүй байна орой ******* цаг өнгөрсөн байх үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ска зочид буудлын ордог шатны хажууд дөрвөн эрэгтэй согтуу хүмүүс байгаад байсан бөгөөд тэр дунд байсан цэнхэр жинсэн өмдтэй, 165-*******0 см орчим өндөртэй надаас хэдэн насаар дүү эрэгтэй "манай эхнэрийг яасан юм гээд" орилоод байхаар нь би очоод хартал тухайн орилоод байсан эрэгтэйн нэг талын хавирганы доод хэсгээ дараад байсан. Тэр хэсгээс нь цус маш ихээр олгойдоод гараад байсан бөгөөд түүний хажууд зогсож байсан 180 см орчим өндөртэй цэнхэр куртиктэй, дунд зэргийн ахтай 50 гаран насны эрэгтэй нөгөө цус хэвлийгээс нь гараад байсан эрэгтэйн урдаас нь тэврээд байснаа нөгөө хэвлийгээс нь цус гарч байсан залууг Ска буудлын үүдний шат руу түлхээд унагаасан бөгөөд тэр цус гараад байсан залуу унахдаа шатны чулуун гишгүүрийг духаараа мөргөөд унасан чинь нөгөө түлхсэн өндөр ах тэр залууг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь тэр залуу газар хөдлөөд орилоод байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),

Гэрч Я.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн ******* дугаар хороо ахуй үйлчилгээний дөрвөн замын уулзвар дээр хяналт шалгалтаар үүргээ биелүүлж байх үед *******:40 цагийн үед хажуу талаар явж байсан хүн ахуй үйлчилгээний урд талын автобусны буудал дээр хүмүүс муудалцаад хутга бариад маргалдаад байна гэж хэлэхээр нь би ганцаараа ахуй үйлчилгээний урд талын автобусны буудал дээр яваад очсон чинь нэг иргэн шатан дээр хажуу талаараа харсан цээж хэсгээс нь цус гарсан байдалтай, толгой хэсэгт нь 180 см орчим өндөртэй, урт хар өнгийн пальтотой буурал үстэй хүн сууж байсан, хажуу талд нь хутга барьсан 40 гаран насны 160 см орчим өндөр намхан ах хутга барьсан байж байхаар нь хутгийг нь би түр хурааж авсан, тэр үед тэнд байсан бүх хүмүүс өндөр пальтотой ахыг наад хүн чинь хутгалсан гэж хэлээд байхаар нь би тэр ахыг гавлах гэх үед би хутгалсан үнэн, намайг аваад яв энэ хүнд эмнэлэг дуудаж өгөөрэй гэх зэрэг зүйл хэлж байсан. Би тэр ахын хоёр гарыг шаттай гавлаад түр саатуулаад байж байх үед хэв журмын хоёр алба хаагч ирээд тэр хоёр цагдаад хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),

Гэрч Н.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Ска зочид буудлын урд той хамт алхаад явж байхад Ска зочид буудлын урд газраар нил цус болчихсон хүн хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод харахад замын цагдаа болон эргүүлийн цагдаа нар оччихсон нэг хүнийг шатнаас гавлачихсан нөгөө нэг залуутай цагдаагийн алба хаагч ноцолдож байсан. Тэр үед би тухайн ноцолдож байсан иргэний цээж рүү нь тохойлдоод цагдаагийн алба хаагчид дэмжлэг үзүүлэн тухайн хүнийг цагдаагийн алба хаагч шатан дээр дарж хэвтүүлэн гавлаад эргүүлийн цагдаа нар тухайн хоёр гавтай залууг машин руугаа аваад явсан. Тэгээд би ойрхон Хүрмэн гээд эмийн сан руу ороод эмийн санчид нь хандан тэнд хүн цус алдаад байна анхан шатны тусламж үзүүлээд өгөөч гэтэл би тусалж чадахгүй гэж хэлээд хамт явахгүй байсан. Тэгэхээр нь би буцаад яваад очтол тухайн газарт байсан нэг залуугийн хажууд толгой дээр нь нэг хүн суучихсан тухайн газарт байсан залуугийн уруул нь хөхөрчихсөн амьсгаагүй болчихсон байсан. Уг нь намайг анх очиход амьсгаатай байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед манай нөхөр бид хоёр гэртээ байж байтал *******ын утас нь дугарч, нэг хүнтэй ярьж байгаад утсаа тасалснаа "Бааяа уулзъя, хороололд хүрээд ир гэнээ" гэж хэлээд гэрээсээ ганцаараа гарч явсан. Тэгээд ******* цагийн үед би нөхөр лүүгээ залгасан чинь утсаа авсан ч надтай ярихгүй, цаана нь эрэгтэй хүмүүс инээлдэх чимээ гараад байхаар нь би утсаа тасалчхаад байж байтал удалгүй нөхрийн дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь нөхрийн маань хуурай дүү эбилэг надтай ярьсан бөгөөд тухайн үед эбилэг намайг "балай авгай минь гударчихсан юм уу, унтаад байгаа юм уу?" гэхээр нь би гэртээ унтаж, амарч байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Би тухайн шөнөдөө гэртээ нөхрөө хүлээсэн боловч ирээгүй бөгөөд маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр цагдаагийн газар байгаа гэдгийг мэдээд, цагдаагийн газар ирж нөхөр *******тайгаа уулзахад тэрээр надад "би ганц хайртай дүү эбилэгийгээ алчихлаа, тэрний оронд би өөрөө үхчихгүй яав даа        нэг найз маань надад хутга бэлэглээд, тухайн хутгыг нь биедээ авч явж байгаад, хутгалчихлаа" гэсэн утгатай зүйлийг надад хэлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2680 дугаартай: “...Талийгаачид цээжний баруун талд урдаас арагш, баруунаас зүүн тийш чиглэж цээжний хөндий рүү нэвтэрч баруун 4, 5 дугаар хавирганы завсраар нэвт гарч баруун уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальсны баруун дээд хэсгээр хатгагдаж зүсэгдэж зүрхний баруун хөндийн булчин руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, эрүү өвчүүнд зулгаралт, хуйх, ооч, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, биед учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, амьд ахуйд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас цээж, үнхэлцгийн хөндийд цус алдаж цочмогоор цус алдаж зүрх чихэлдэж нас баржээ. Үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цусанд 2,5 ходоодны шингэнд 2,7 цөсөнд 3,0 промилл спиртийн зүйл илрэв. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 2,5 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 119-123 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3426 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн "512 дугаартай өрөө"-нд байсан зүйлс дээрээс илэрсэн гэх 4 хэсэг тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн гарын мөрүүдээс 12 ширхэг гарын мөр,  "619 дугаартай өрөө"-нд байсан зүйлс дээрээс илэрсэн гэх 5 хэсэг тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн гарын мөрүүдээс 19 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. "512 дугаартай өрөө"-ний "EDEN архины шил дээрээс илэрсэн" 6, 7 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN000110012032 дугаараар бүртгэгдсэн Батцэнгэлийн ын зүүн гарын дунд хурууны дардастай, уг архины шил дээрээс илэрсэн 8 дугаартай гарын мөр Б.ын зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна. "619 дугаартай өрөө"-ний "EDEN архины шил дээрээс илэрсэн" 1 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд 3207, MИ000310035365, MИ0000САН0*******41 дугаараар 3 удаа бүртгэгдсэн Бямбаагийн ийн зүүн гарын чигчий хурууны дардастай, уг архины шил дээрээс илэрсэн 8 дугаараар санд бүртгэгдсэн гарын мөр Б.ийн зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна. "619 дугаартай өрөө"-ний "cass пивоны лааз" дээрээс илэрч шинжилгээнд тэнцсэн 2, 4, 10, 11 дугаараар санд бүртгэгдсэн гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд MN000110012032 дугаараар бүртгэгдсэн Батцэнгэлийн ын баруун гарын дунд дардастай, уг пивоны лаазнаас илэрсэн 9 дугаараар санд бүртгэгдсэн гарын мөр Б.ын зүүн гарын чигчий хурууны дардастай, уг пивоны лаазнаас илэрсэн 3, 12 дугаараар санд бүртгэгдсэн гарын мөрүүд Б.ын баруун гарын ядам хурууны дардастай, уг пивоны лаазнаас илэрсэн 13, 14 дугаараар санд бүртгэгдсэн гарын мөрүүд Б.ын зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. "619 дугаартай өрөө"-ний "аяган дээрээс илэрч шинжилгээнд тэнцсэн" 5 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN003110010090 дугаараар бүртгэгдсэн тогтохын эбилэгийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. "619 дугаартай өрөө"-ний "аяган дээрээс илэрч шинжилгээнд тэнцсэн" байсан эд зүйлс дээрээс илэрч шинжилгээнд тэнцсэн 6, 7 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд MN003320005243 дугаараар бүртгэгдсэн Сандагдоржийн ын зүүн гарын дунд хурууны дардастай, 16 дугаараар санд бүртгэгдсэн гарын мөр С.ын зүүн гарын эрхий хурууны дардастай, ******* дугаараар санд бүртгэгдсэн гарын мөр С.ын зүүн гарын долоовор хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцэж буй "512 дугаартай өрөө"-нд байсан эд зүйлс дээрээс илэрсэн 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын дардсууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй. Шинжилгээнд тэнцэж буй "619 дугаартай өрөө"-нд байсан эд зүйлс дээрээс илэрсэн 15, 18, 19 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын дардсууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 134-*******3 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3428 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн *******7-*******9 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4876 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариул хэсэгт цусны ул мөр илэрсэн. Хутганы ишин дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна” гэсэн дүгнэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4877 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн марль, цаасны хэсэг дээр цус илэрсэн, салфетка, салфетканы уут дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн. Марль, цаасны хэсэг дээр илэрсэн цус нь хүний цус байна, уг цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3708 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Хөх өнгийн хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Бусад хувцас гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3427 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар цамц, бор шаргал цамцанд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4878 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр илэрсэн цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 869 дугаартай: “...Т.******* нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.******* нь 2023.10.08-ны өдрөөс 2023.10.12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хийж буй үйлдлийн бодит шинж чанарыг ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. Т.******* нь дээрх заасан хугацаанд өөрийн хийж буй үйлдлийн бодит шинж чанарыг ойлгон, удирдан жолоодох чадваргүй байсан гэх баримт мэдээлэл, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Т.******* нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө болон хойших хугацаанд болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.******* нь болсон хэрэг учралын талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад зүйлчлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Ахуй үйлчилгээний ойролцоо байрлах СКА нэртэй зочид буудлын гадаа очиход а, Бааяа хоёр дэлгүүрээс архи аваад, буудал руугаа орох гэж байгаад надтай тааралдаад, буудал руугаа орсон. ...Тэгээд , а, эбилэг түүний найз болон бид тав үлдсэн бөгөөд би эбилэгт одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 онд 500,000 төгрөг зээлж байсан болохоороо тухайн мөнгөө авъя гэхэд эбилэг намайг яасан сүртэй юм, хүмүүсийн хажууд мөнгө нэхэж, сүржигнэлээ энэ тэр гэж над руу уурлахад бид хоёр бага зэрэг амаараа маргалдаж байгаад болиод, ууж байсан архиа ууж дуусгаад байж байтал эбилэг бөөндөө гарч бааранд оръё гэхээр нь бид нар зөвшөөрч бааранд орохоор буудлын өрөөнөөс гарсан бөгөөд буудлын гадаа гарахад а, , эбилэг бид дөрөв түрүүлээд гарсан. эбилэгийн найз хаана үлдсэн гэдгийг мэдэхгүй байна. Ямартай ч буудлын гадаа байгаагүй. Тэгээд буудлын үүдэнд гарч ирээд зогсож байтал эбилэг гэнэт над руу уурлаж чи муу ямар сүртэй юм, наад мөнгийг чинь өгөхгүй байсан ч яадаг юм гэж над руу орилоод байхаар нь би утасныхаа төлбөрийг төлмөөр байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд эбилэг над руу хүрч ирээд миний нүүр лүү гараараа 1-2 удаа цохиход нь миний толгой манарсан бөгөөд би цохиулснаасаа хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гартаа хутга барьчихсан зогсож байтал над руу хүрч ирээд, миний гарт байсан хутгыг авахаар нь би эбилэг рүү хартал эбилэгийн цээж, гэдэс хавиас нь цус гарчихсан, буудлын шатны урд хажуу талаараа харсан байдалтай хэвтэж байхаар нь өөрийгөө хүн хутгалчихлаа гэдгээ мэдээд, цагдаа, эмнэлэг дуудъя гэж бодоод ийг цагдаа, түргэн дууд гэж хэлээд дуудуулсан бөгөөд цагдаа нар ирээд намайг авч явсан. Тухайн хутга миний хутга бөгөөд уг хутгыг 2023 оны 10 дугаар сарын 04-05-ны хавьцаа намайг *******-******* аймагт арван жилийн сургуулийнхаа төгсөлтийн тэмцээн дээр очиход манай найз Алтансүх надад бэлэглэж байсан. Тухайн хутга хэрэг гардаг өдөр ямар шалтгаанаар надад явж байсан бэ? гэхээр уг хутгыг надад найз маань бэлэглэхээр нь би өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийчхээд Улаанбаатар хотод ирээд гэртээ хувцсаа тайлаад, тэрхүү хувцсаа дахин огт өмсөхгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр а намайг уулзъя гэж дуудахаар нь хувцаснууд дундаасаа нэгийг нь өмсөөд гартал халаасанд нь байсан юм билээ. Талийгаач эбилэг бид хоёрын дунд миний эбилэгт зээлсэн 500,000 төгрөгөөс өөр ямар нэгэн өр, авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. Бид хоёр гэмгүй ах дүүсийн харилцаатай хүмүүс байгаа юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236, 239-240 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд,

Иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 05 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 06 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 07 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 08 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 09 дүгээр хуудас) зэрэг болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлах бөгөөд гэмт хэргийн улмаас нөхөр нь нас барсан тохиолдолд нас барагчийн эхнэрийг тэргүүн ээлжид амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ба харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээд өөрөө татгалзсан бол дарааллын дагуу дараагийн этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодог.

Иргэн Э., амь хохирогч Ө.эбилэг нар хууль ёсны эхнэр, нөхөр буюу нэг гэр бүлийн хүмүүс байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ”-ээр нотлогдохын зэрэгцээ тэдгээрийн дундаас 2015 оны 09 дүгээр сарын 04-нд охин Э.Анударь төрсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.ыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах бөгөөд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ад мэдэгдсэн боловч тэрээр “...миний бие тухайн үйл баримтаас шалтгаалан 5 сар ажлаа бүрэн хийж чадаагүй, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байсан, албан ёсоор ажилдаа явсан (Оюу толгой уурхай). Шүүх хуралдаанд оролцохгүй тул намайг эзгүйд шийдэж өгнө үү, миний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн байх ба түүний өмгөөлөгч Х.Отгончимэг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй, миний бие түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцоно” гэсэн тайлбар гаргасан, түүнчлэн улсын яллагч, хэргийн оролцогчдоос түүнийг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгч Ө.эчимэг “...шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзаж байна” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд өмнөх шүүх хуралдаанд түүний гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар танилцуулахад “танай шүүхээр энэ хэргийг шийдвэрлүүлэхгүй” гээд шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан ба түүний хуралдааныг орхин гарсан үйлдэл нь шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулахгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* цаг 47 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SКА” зочид буудлын гадна Ө.эбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хөх хэсэгт нэг удаа хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч баруун 4, 5 дугаар хавирганы завсраар нэвт гарч баруун уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальсны баруун дээд хэсгээр хатгагдаж зүсэгдэж зүрхний баруун хөндийн булчин руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл учруулж, уг шархны улмаас цээж, үнхэлцгийн хөндийд цочмогоор цус алдаж зүрх чихэлдэж нас барсан буюу Ө.эбилэгийн амь насыг хохироосон үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.а, С., Э.-э, Д., Б., Б., Я., Г. нарын мэдүүлэг, шинжээчийн 2680, 3426, 4877, 3427, 4878 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч (шүүгдэгч) өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь дээр дурдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн үйл баримттай тохирч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаарна. Тодруулбал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан, хохирол, хор уршиг учрах бодит шалтгаан нөхцөл нь болсон бол шалтгаант холбоотой гэж үздэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.*******, амь хохирогч Ө.эбилэг нар хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан шүүгдэгч Т.******* нь биедээ авч явсан хутгаар амь хохирогч Ө.эбилэгийг шууд үхэлд хүргэх боломжтой цээжний баруун хэсэгт нь нэг удаа хутгалсан идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч цээж, үнхэлцгийн хөдийд цочмогоор цус алдаж, зүрх чихэлдэж нас барсан шалтгаант холбоо тогтоогдож байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Т.******* нь амь хохирогчийн амин хэсэг буюу цээж хэсэгт хутгалж буй үйлдлийн улмаас бусдын амь нас хохирох боломжтойг ухамсарлан мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Т.*******ын амь хохирогч Ө.эбилэгийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, амь насыг хохироосон гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Ө.эбилэгийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч Т.******* нь гэм хор учруулсны төлбөрт нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ад нөхөн төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “шүүгдэгчээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүүг гаргуулах, гэм хор учруулсны төлбөрөөс үлдсэн 8,584,226 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тус тус нэхэмжилнэ гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад хэлсэн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Амь хохирогчийг *******-******* аймагт оршуулсан үйл баримтыг харгалзан түүний төрсөн эгч Ө.эчимэгийг шүүхээс иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын тус бүрдээ гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, ямар эд зүйл худалдан авсан нь тодорхойгүй, үнийн дүн уншигдахгүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй бөглөө гаргагч, шүдний оо, нүүр цэвэрлэгч хөвөн, гутал өнгөлөгч, будгийн харандаа, ариун цэврийн хэрэглэл, кофе, бялуу, түргэн хоолны газар болон ресторанаас хоол авсан баримтуудыг хасаж тооцоход хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ын гаргасан баримтуудаас 22,470,898 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан ба шүүгдэгчийн нөхөн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, 7,470,898 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, иргэний нэхэмжлэгчийн гаргасан баримтуудаас 8,851,488 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ө.эчимэгт олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой асуудалд дүгнэлт хийх боломжтой бөгөөд иргэний нэхэмжлэгч Ө.эчимэгийн бусдад бэлнээр өгсөн гэх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, түүнд олгох үндэслэлгүй.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүү, иргэний нэхэмжлэгч Ө.эчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.3 жил гэж тогтоосон бөгөөд амь хохирогч Ө.эбилэг нас барах үедээ 42 нас 4 сартай байсан байна.

Иймд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох нь хохирогчид ашигтай байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 82,500,000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Т.******* хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Т.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэм хор учруулсны төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 23,5 см урттай, ажлын хэсэг нь 9,5 см урт, мөнгөлөг өнгийн төмөр бариултай, эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.*******ын цагдан хоригдсон 133 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Т.*******т оногдуулсан 11 (арван нэг) жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас гэм хор учруулсны төлбөрт 7,470,898 (долоон сая дөрвөн зуун далан мянга найман зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сартуул овогт э-Очирын (Регистрийн дугаар: ФБ83112209)-д, 8,851,488 (найман сая найман зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Боржигон овогт тогтохын эчимэг (Регистрийн дугаар: *******76122865)-т тус тус олгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 82,500,000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. (Регистрийн дугаар: ФБ83112209)-д олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүү, иргэний нэхэмжлэгч Ө.эчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 23,5 см урттай, ажлын хэсэг нь 9,5 см урт, мөнгөлөг өнгийн төмөр бариултай, эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

ШҮҮГЧ                                                           А.АЛТАНХУЯГ