Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01038/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-уул аймаг, Дархан сум, ... -р баг, ... дугаар брак байрны ... тоотод оршин суух, утас .... , ... регистрийн дугаартай, Б овогт Э.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, Октябрын ... гудамж, ... тоотод оршин суух, утас ... , ... регистрийн дугаартай, Т овогт Н.М д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 онд Н.Мтай танилцаж, 2018 онд гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр охин М.М төрсөн. Н.М бид хоёр охиноо 3 сартай байхад салсан. Бид гэрлэлтийн баталгаагүй. Одоо охин минь 1 нас 5 сартай өдийг хүртэл Н.М охиноо нэг ч удаа эргэж тойроогүй, би өөрийн гэсэн ажилгүй. Н.Мгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 онд Э.Утай танилцаж албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 2018 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны дөөр охин М.М төрсөн. Э.У нь бид охиноо гурван сартай байхад нь салсан өнөөдрийг хүртэл нэг ч удаа охиноо эргэж байгаагүй гэсэн байна. Миний хувьд салсан гэж бодож байгаагүй бөгөөд тухайн үед би амьдар ахуйгаа дээшлүүлэх мэргэжил боловсролтой болох үүднээс гэр бүлийнхэнтэйгээ болон Э.Утай ярилцан шийдвэрлэсэн тул 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл Бүгд найрамдах Хятад улсад хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд үргэлжлүүлэн 2019 оны 09 дүгээр сараас цар тахал гарах хүртэл танхимаар түүнээс хойш одоог хүртэл онлайнаар Өвөр монголын өөртөө засах орны Бугд хотод ШУТИС-ийн Барилгын инженерийн ангид суралцаж байна. Тухайн үед би өөрийн гэсэн орлогогүй байсан тул сургалтын төлбөр, байрны төлбөр, хоол хүнс, хэрэглээний зардлаа бүгдийг нь ээжээсээ авдаг байсан. Мөн байнга Э.Утай болон охин дээрээ Монголд ирэх боломжгүй оюутны амралт болон боломж гарсан үедээ л ирдэг бусад үедээ утсаар холбогдож холбоотой байдаг байсан. Намайг Монголд байхгүй хугацаанд ээж Х.Н нь Э.У, охин хоёрыг маань асрамжилж хамт амьдарч байсан. Э.У-гг өөрийн төрсөн гэртээ очсон хойно ч холбоотой байж хэрэглээний мөнгө болон хүүхдийн живх, ойр зуурын хэрэглээг хангаж өгдөг байсан учраас би санаа зовох зүйлгүй сургуульдаа суралцаж байсан бөгөөд би өөрийгөө салсан гэж бодож байгаагүй. Э.У нь одоог хүртэл ээжтэй минь харилцаатай байдаг. Монгол улсад ирээд Э.Утай холбоо барьж чадаагүй утсаар залгахаар миний дуудлагыг авдаггүй, мөн хүүхэдтэй минь уулзуулдаггүй. Би хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Мөн хүүхдийг минь миний асрамжид өгөхөөр шийдвэрлэвэл өөрийн асрамжид авах бүрэн боломжтой байгаа бөгөөд намайг хүүхэдтэй минь уулзуулах боломжоор хангаж өгнө үү. Миний бие онлайнаар суралцахын хажуугаар давхар хуваариа ажил хийдэг тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Н.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байна гэсэн эмчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч Н.М нь хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэж зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.

Нэхэмжлэгч Э.У, хариуцагч Н.М нарын дундаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр охин Мн М төрсөн болох нь хэрэг авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин М.Мийг эцэг Н.Мгаар овоглосон байна.

Зохигчид нь хүүхэд төрснөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин М.М нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин М.Мийг эх Э.У-гн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг Н.Мгаар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Э.У-гн нэхэмжлэлтэй Н.Мд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09:15 минутад товлосон бөгөөд хариуцагч нь биечлэн оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Мн Мийг эх Э.У-гн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Н.Мгаар тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Н.М, эх Э.У нарт даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг тус тус гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

     

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА