Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

 

    2023           05          11                                    2023/ШЦТ/35

           

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгч Э.Анхныбаяр нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Анхныбаярт холбогдох эрүүгийн 2340000000018 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт жолооч ажилтай,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Энх-Амгалангийн Анхныбаяр /РД:СЩ87021211/  

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Анхныбаяр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн төрсөн дүү Э.Азбаяртай “архи уулаа, ээжийг уйлуулаа” гэж хоорондоо маргалдаж, улмаар түүний шанаа тус газар цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Анхныбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Анхныбаяр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн төрсөн дүү Э.Азбаяртай “архи уулаа, ээжийг уйлуулаа” гэж хоорондоо маргалдаж, улмаар түүний шанаа тус газар цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс11 гадна хэрэгт авагдсан хохирогч Э.Азбаярын мэдүүлэг /хх-ийн 05-06 ху/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13 ху/, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Анхныбаяр нь  өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокурорын санал болгож, яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Азбаярын биед дээд эрүүний баруун булан болон ооч хэсгийн ясны зөрүүтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдсон, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 05-06/

 

Шүүгдэгч Э.Анхныбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Анхныбаярт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Анхныбаярыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Анхныбаярыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхныбаярт оногдуулсан 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 5 (таван)  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхныбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Э.Анхныбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхныбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ