Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01059/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... -р баг, ... -р хороолол, ... р байрны ... тоотод оршин суух, утас .... , ... регистрийн дугаартай, Б овогт Г.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Ө.г овогт Г.Г  холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Гтай 2017 оны 04 дүгээр сард анх танилцаад, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Г.Сыг төрүүлсэн. Г.Г бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Бидний харилцаа 2019 оны 04 дүгээр сараас тасарч одоо холбоогүй байгаа. Г.Г одоо “эс фи эс” телевизэд дадлагаар ажиллаж байгаа гэсэн. Охин маань одоо миний асрамжид байгаа, аав нь ямар нэгэн холбоо барьдаггүй өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Тиймээс миний бие хуулийн дагуу охиноо өөрийн асрамжид авч эцгээс нь охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Гансүх овогтой Г нь 2017 онд Г.Дтэй танилцаж дотносон хүүхэдтэй болсон нь үнэн. Нэхэмжлэгчийн бичсэнгийг эсэргүүцэх зүйлгүй бөгөөд Г.С нь миний хүүхэд мөн болно. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Г.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байна гэсэн эмчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч Г.Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Г.Г нарын дундаас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Ггийн С төрсөн болох нь хэрэг авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин Г.Сыг эцэг Г.Ггаар овоглосон байна.

Зохигчид нь хүүхэд төрснөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Г.С нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин Г.Сыг эх Г.Дийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг Г.Ггаар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Г.Дийн нэхэмжлэлтэй Г.Гд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13:45 минутад товлосон бөгөөд хариуцагч нь биечлэн оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Ггийн Сыг эх Г.Дийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Ггаар тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Г.Г, эх Г.Д нарт даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг тус тус гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА