Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01178

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01178

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03209 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2386 дугаар магадлалтай,

 

*******-ийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03209 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байр 50 тоот байрыг албадан чөлөөлүүлэх тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2386 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03209 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 10 дугаар байр, 50 тоот орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй. Хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол 10-р байр 50-тоот хаягт 2012 оноос эхлэн амьдарч ирсэн. Оросын Холбооны Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Үндсэн хүнс ХХК ба ******* нарын хооронд байгуулагдсан 2014.01.01-ний өдрийн Х/3/2014 Инженер техникийн үйлчилгээ авах тухай гэрээний дагуу үйлчилгээ үзүүлснийх нь төлөө cap бүр 140,000 төгрөгийг төлж байсан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ний өдрийн 101/ШШ2020/03209 дугаар бүхий шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Дээрх гэрээний үндсэн дээр хариуцагч ******* нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байр 50 тоот орон сууцыг cap бүрийн 140,000 төгрөгийн хөлс төлж эзэмшиж байсан байна. хэмээн дүгнэсэн бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. 2017 онд түрээсэнд сард 303$, хэрэглээнд 140,000 төгрөг төлөх нь их байсан тул тодорхой хэмжээгээр бууруулах, төлбөрийг Монгол улсын төгрөгөөр хийх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын даргад удаа дараа тавьж байсан боловч тодорхой хариу ирээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс үзэхэд ******* болон ******* нарын хооронд биш ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар болон ******* нарын дунд анхнаасаа Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас анхнаасаа үүсээгүй үүргийн харилцааны үр дагаврыг шаардаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 12 сард 60 айлын орон сууц бүхий Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 10-р байрыг 2024.12.31-ний өдрийг хүртэл түрээслэхээр түрээсийн гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай байгуулсан гэх бөгөөд тус 2014.12.15-ны өдрийн № 993 тоот гэрээний 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Өөрөөр хэлбэл тус гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийг орон сууцаа чөлөөлөхийг шаардаж орон байранд нь зөвшөөрөлгүй нэвтэрч битүүмжилж байсан удаа цөөнгүй байдаг.

 

4.2. Магадлалын Хянавал хэсэгт Нэхэмжлэгч ******* нь 2014.12.15-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай түрээсийн гэрээ байгуулж, орон сууцыг 2024.12.31-ний өдөр хүртэл гэрээний дагуу эзэмшихээр тохиролцсон ба талууд 2019.11.20-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байна. Уг гэрээгээр түрээслүүлэгч нь хариуцагчийн оршин сууж байгаа орон сууцыг бүхэлд нь нэхэмжлэгч *******-ийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь зориулалтын дагуу ашиглах, бусдад хөлслүүлэх, төлбөрийг гэрээнд зааснаар төлөх зэргийг тохиролцсон байгаагаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ, мөн хуулийн 305 дугаар зүйлд зааснаар дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан гэж үзнэ. хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд яг ямар эрх зүйн харилцаа үүссэнийг хангалттай тогтоож чадаагүй юм. Нэхэмжлэгч ******* болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар Орон сууц хөлслөх гэрээ-ний харилцаа үүсэн боловч энэ харилцаа 2014.12.15--ны өдөр 933 тоот Түрээсийн гэрээ-гээр үүссэн байдаг. №993 тоот гэрээний 1-р хавсралтад ОХУ-аас *******-д түр хугацаанд ашиглуулахаар шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад хариуцагч *******ийн оршин суудаг Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 10-р байрны 50 тоот орон сууц тусгагдаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ОХУ-аас *******-д №993 тоот гэрээний дагуу дамжуулан түрээслэх эрх олгосон орон сууцанд 18, 37, 42, 49, 50, 51, 59 тоот орон сууцнууд тусгагдаагүй байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 101/ШШ2020/03209 дугаар бүхий шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийг ийнхүү хууль ёсны өмчлөгчтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэй боловч талуудын маргаан бүхий 50 тоот орон сууцыг эзэмших эрхгүй байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж үзэх боломжгүй байна. хэмээн үндэслэл бүхий дүгнэсэн байдаг. Түүнчлэн дээрх хаяг дээрх 10-р байрны нийт талбай нь 3190,25 м.кв байдаг бөгөөд №993 тоот гэрээний 2-р хавсралтад *******-д шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн нийт талбай 2907,46 м.кв байхаар тохиролцон байна. Шилжүүлэгдээгүй үлдсэн талбайд нь хариуцагч *******ийн орон сууц хамаарч байгааг шүүхээс анхаарч үзэх шаардлагатай байжээ.

 

4.3. Хавтаст хэрэгт 2019.11.20-ны өдрийн Түрээсийн гэрээ авагдсан. Тус гэрээг Давж заалдах шатны шүүхээс тодорхойлохдоо ... 2019.11.20-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж ... хэмээн дүгнэсэн бөгөөд хэрэв шинэчлэгдсэн байгуулагдсан бол 2014.12.15-ны өдрийн 993 тоот гэрээг хэрхэн шинэчилсэн гэдгийг тодорхойлоогүй байна. Хэрэв дуусгавар болсон бол талууд гэрээг цуцалсан, татгалзсан баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргах ёстой байсан. Хэрэв гэрээ үргэлжилж байгаа бол гэрээний нэмэлт өөрчлөлт мөн эсэх, хэрхэн яаж ямар учраас үргэлжлэл хэмээн үзэж байгаа зэрэг ач холбогдолтой үйл баримтыг тогтоох нь чухал байсан. Үүнээс үзэхэд нэг харилцаанд хоёр гэрээний үйлчлэл давхар үйлчлэн ойлгомжгүй байдал үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2014.12.15-ны өдрийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон шаардлага гаргасан бөгөөд тус гэрээний харилцаа нь гэрээний 2.1-д зааснаар 2024 он хүртэл үргэлжлэхээр байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, түүнээс үүдэн талуудын хооронд иргэний эрх зүйн үүрэг үүсэх ёстой байдаг бөгөөд үүнээс үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхой болох учиртай. Хариуцагчийн зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар-тай иргэний эрх зүйн харилцаанд оролцон одоог хүртэл явж ирсэн. Хариуцагч ******* нь *******-тай түрээсийн гэрээ болон бусад ямар нэгэн хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаанд орсон зүйлгүй болно. Хэрэв Иргэний хуулийн 305 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь Орон сууцыг дамжуулан хөлслөх эрхтэй бол 2014.12.15-ны өдрөөс энэхүү эрх хэрэгжих болсон уу, эсхүл 2019.11.20-ны өдрийн гэрээгээр хэрэгжих үндэс нь тавигдсан эрх үү гэдгийг тодруулах нь зүйтэй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2386 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...орон сууц нь ОХУ-ын өмч, ... ******* дамжуулан түрээслүүлэх эрхтэй, ... 2018 оноос эхлэн түрээсээ төлөөгүй, ... гэрээний 4.1-д ... гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн ...2012 оноос амьдарч байна. ...2015 онд ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай гэрээ хийсэн. ... *******-тай гэрээ хийгээгүй. ... шаардах эрхгүй гэж хариу маргажээ.

 

7. Анхан шатны шүүх ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар ба *******-ийн хооронд байгуулсан гэрээнд маргааны зүйл болох 50 тоот байр хамаардаггүй, нэхэмжлэгч уг байрыг эзэмших эрхгүй. ... [өмчлөгч] нь 2012-2019.11.20-ны өдрийг хүртэл хугацааны *******ийн эзэмшлийг хууль бус гэж үзээгүй ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар ******* нарын хооронд байгуулсан 2014.12.15-ны өдрийн гэрээ 2019.11.20-ны өдөр шинэчлэгдсэнээр [маргаан бүхий орон сууцыг] дамжуулан хөлслөх эрх *******-д үүссэн, ... хөлслөгч төлбөр төлөх үүргээ зөрчсөн ... хууль ёсны эзэмшигч шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

8. Талуудын хооронд орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх маргаан өрнөсөн байх ба нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрх бүхий хууль ёсны эзэмшигч мөн эсэх асуудал маргааны зүйл болжээ. Анхан шатны шүүх ийм эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хууль ёсны эзэмшигч мөн гэж үзсэн. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа ******* нь орон сууцнаас чөлөөлөх шаардлага гаргах эрхгүй этгээд, гэрээний харилцаа орон сууц хөлслөгч ******* болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар (цаашид ОХУ-ын ХЧДӨУГ гэх) хоёрын хооронд үүссэн гэж маргасан байна.

 

9. Талууд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байр 50 тоот орон сууц нь ОХУ-ын өмч буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008825 дугаарт бүртгэгдсэн 3190.25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болох үйл баримт, тус орон сууцыг хариуцагч ******* нь 2012 оноос бодитой эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын тухайд тус тус маргаагүй, эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

10. Хариуцагч ******* нь 2019.11.20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ******* нь 50 тоот орон сууцыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар маргаж, тус компани нь ОХУ-ын өмчлөлийн зарим хөрөнгүүдийн тухайд эзэмших, дамжуулан хөлслүүлэх эрхтэй байсныг үгүйсгээгүй ч талуудын маргаж байгаа орон сууцны хувьд *******-д ийм эрх байгаагүй гэж үзжээ. Хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан, ******* болон ОХУ-ын ХЧДӨУГ-ын хооронд 2014.12.15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний хавсралт 1-ээс үзвэл дээр дурдсан 50 тоот орон сууц энэ гэрээний зүйлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, уг хавсралтаар *******-ийн дамжуулан хөлслөх боломжтой ОХУ-ын өмчлөлийн хөрөнгүүдийг жагсаасан байх ба гэрээний хавсралтад нийт 55 ширхэг обьектыг жагсаасан ч 50 тоот орон сууц уг жагсаалтад багтаагүй. Эндээс үзвэл нэхэмжлэгч ******* нь ОХУ-ын ХЧДӨУГ-тай 2019.11.20-ны өдөр 172/ДА2019 дугаартай гэрээ байгуулах хүртэл 50 тоот орон сууцны тухайд аливаа эрх олгогдоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Харин *******, ОХУ-ын ХЧДӨУГ-тай 2019.11.20-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байрыг бүхэлд нь түрээслэх гэрээ байгуулснаас хойш уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хууль ёсоор эзэмшиж, ашиглах эрх үүссэн байх ба анхан шатны шүүх уг үйл баримтын тухайд дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

11. Хариуцагч ******* нь 50 тоот орон сууцыг ОХУ-ын ХЧДӨУГ-тай шууд гэрээ байгуулах замаар хөлслөн амьдарч байгаа, уг байгууллагад хөлс төлдөг байсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Тодруулбал, ******* нь 50 тоот орон сууцны тухайд чухам ямар эрх зүйн үндэслэлээр эзэмших, ашиглах эрх үүссэн нь тодорхойгүй, цахилгаан, дулаанаас бусад эзэмшил, ашиглалттай холбоотой хөлсийг хэнд, хэдий хугацаанд төлж байсан талаар ямар нэг нотлох баримт хэрэгт бүрдүүлж өгөөгүй байна. Энэ нь маргаан бүхий орон сууцыг ашиглаж байгаа хариуцагч *******ийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэс болно.

12. Харин хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008825 дугаарт бүртгэгдсэн 3190.25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 172/ДА2019 дугаартай гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байр 50 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ОХУ, өмчлөгчөөс гэрээний үндсэн дээр эзэмших эрх олж авсан этгээд нь ******* гэж үзнэ.

 

13. Иймд хариуцагч *******ийн хувьд 50 тоот орон сууцыг гэрээний ба гэрээний бус ямар эрхийн үндсэн дээр өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж буй нь тодорхойгүй байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэн ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* шаардах эрхгүй гэж үзсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.