Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 14

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтанхуягийн Энхбатад холбогдох эрүүгийн 201619000804 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агар фермерчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг, 3 дугаар хороо, 11 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух Сартуул овгийн Алтанхуягийн Энхбат РД/РО:91031018/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч А.Энхбат нь үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах МонЭгг ХХК-ны агуулахад 2016 оны 07 дугаар сарын эхээр нэвтрэн орж 20 шуудай шувууны тэжээл, 2016 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө мөн нэвтрэн орж 40 шуудай шувууны тэжээл тус тус хулгайлж бусдад нийт 2 520 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.Энхбат нь  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: Би 2016 оны 07 дугаар сарын эхээр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах МОНЭГГ ХХК-ны агуулахаас 20 шуудай шувууны тэжээлийг нэг хоёроор нь зөөгөөд хажуу хойд талынх нь хашааг давуулж  гаргаж тавиад агуулах болон ажлын газраас гарсныхаа дараа хашааны гаднаас найз Ганзоригийн эзэмшлийн Истана маркийн 29-26 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж  гэрийнхээ хашаанд аваачиж буулгасан. Тэгээд дараа нь шувууны тэжээл авна гэсэн зараар  Баясаа  гэх хүнтэй холбогдож нэг шуудайг нь 20 000 төгрөгөөр нийт 400 000 төгрөгөөр зарж борлуулсан. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд  шилжих шөнө 02-03 цагийн үед ороод 40 ширхэг шувууны тэжээлийг мөн адил авч хашаагаар гарсныхаа дараа Ганзоригийн тээврийн хэрэгсэлд ачаад гэрийнхээ хашаанд аваачиж буулгасан. Хулгайлсан тэжээлээ  нэг шуудайг нь 20 000 төгрөгөөр бодож 30 шуудайг нь зарж борлуулсан. Дараа нь үлдсэн 10 шуудайг нь 25 000 төгрөгөөр бодож зарсан. Би агуулахын хаалгыг онгорхой орхиж байгаад шөнө нь ирээд өөрөө хашааг нь давж ордог байсан юм. Би МОНЭГГ ХХК-ны нягтланд 2 400 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв /хх-ийн 52-53 хуудас/

            Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунбат шүүхэд  ирүүлсэн тодорхойлолтондоо: Манай байгууллагад учруулсан хохиролоо А.Энхбат нь  төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэв.

            Иргэний  нэхэмжлэгч М.Ариунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай МОНЭГ ХХК-ны харъяа шувууны тэжээлийн үйлдвэрийн 1 шуудай тэжээл зах зээлийн үнэ  нь 42 000 төгрөг байдаг юм. Манай үйлдвэрийн ажилтан А.Энхбат нь үйлдвэрээс тэжээл авч зарж борлуулсан гэж яригдаж байсан. Энхбат нь манайд 2 400 000 төгрөгийг төлсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-33 хуудас/

            Орон нутгийн үнэлгээний комисоос гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47 хуудас/

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн:  Миний өөрийн эзэмшлийн 29-26 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлийг А.Энхбат 2016 оны 10 дугаар сард 2 удаа авч байсан юм. Нэг удаад нь оройн 18 цагийн үед ажил тарсны дараа “ойрхон юманд яваад ирье” гээд хэлээд авсан. Харин дараагийнхыг нь амралтын өдөр шиг санагдаж байна. Үд дундын үед “хогоо асгачхаад ирье” гээд орой авчирч өгсөн. Машин буцааж авчирч өгөх үед тэвш  болон кабин дотор ямар нэгэн эд зүйлээр бохирлогдоогүй байсан. Би юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

Гэрч И.Төмөрхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл алга. Тэжээл хадгалдаг байрны хаалга нь гаднаас онгойх боломжгүй бөгөөд гаднаас эвдэлсэн ямар нэгэн ул мөр байгаагүй. Харин агуулахын хаалгыг дотор талаас нь шургуулж цоожилдог төмрийг дутуу цоожилж орхиод ажилладаг хүн нь хулгай хийсэн байх гэж бодож байна. Манай үйлдвэр тэжээлээ хоёр давхарлаж өрдөг бөгөөд дээд талынх нь үеэс 2 удаа дутсан байсан. Миний санаж байгаагаар 2016 оны 10 дугаар сард 1 удаа дутсан байсан ба ойролцоогоор 40 орчим шуудай, нэг шуудайндаа 40 кг гэхээр нийтдээ 1,6 тонн тэжээл болж байгаа юм. Нэг шуудай тэжээл 42 000 төгрөгөөр орж ирдэг гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

Гэрч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сард сар өдрийг нь санахгүй байна. Сумын төвөөс буцаад ажилдаа ирэх үед манай шувууны аж ахуй дээр орос ногоон өнгийн бичигтэй даргар цагаан өнгийн 30 шуудай шувууны тэжээл буусан байсан. Манай эхнэр надад “цагаан өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу шувууны тэжээл буулгаж өгөөд явлаа” гэж байсан. Дараа нь өдрийг нь санахгүй байна. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр сумын хэсгийн төлөөлөгч ирээд “танайд шувууны тэжээл ямар хүн авчирч өгдөг юм бэ” гэж асуугаад явж байсан. Манай хэрэглэж байсан шувууны тэжээлийг хараад “хулгайн тэжээл байна” гээд тодруулга хийгээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

Гэрч Д.Отгонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг Амин ногоо ус ХХК дээр ажлаа хийгээд явж байтал 2016 оны 10 дугаар сарын 10-дын үеэр санагдаж байна. Хашааны гадаа машин сигналдхаар нь гараад очиход цагаан өнгийн бүхээгтэй машинтай залуу “шувууны тэжээл аваарай” гэж хэлсэн. Тэгээд би түүнд хаалга онгойлгож өгөөд тэр залуу ганцаараа 30 шуудай тэжээл буулгаж өгөөд явсан. Сүүлд буулгасан тэжээлүүд нь хулгайнх гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

Гэрч Э.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би цацагт хяруулын шувууны аж ахуй эрхэлдэг юм. Цахим сүлжээнд би шувууны тэжээл авна гэсэн  зар тавьсан. Харин надруу нэг залуу 99630285 дугаарын утсаар яриад нэг шуудайг нь 20 000 төгрөгөөр зарна гээд 2016 оны 07 дугаар сард 20 шуудай , 2016 оны 10 дугаар сард 30 шуудай шувууны тэжээл зарсан. Би тэжээлийн мөнгийг өөрийн эхнэр Хулангоогийн 5111028708 дугаарын ХААН банкны данснаас шилжүүлж байсан. Би тэжээл зарж байгаа хүнтэй гар утсаар ярьж байснаас нүүр тулж уулзаж байгаагүй. Би хулгайнх гэдгийг нь мэдээгүй. Би худалдан авсан тэжээлүүдээ хэрэглээд дууссан. Надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/ зэрэг болно.

А.Энхбат нь үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах МонЭгг ХХК-ны агуулахад 2016 оны 07 дугаар сарын эхээр нэвтрэн орж 20 шуудай шувууны тэжээл, 2016 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө мөн нэвтрэн орж 40 шуудай шувууны тэжээл тус тус хулгайлж бусдад нийт 2 520 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Ганзоригийн ....миний өөрийн эзэмшлийн 29-26 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлийг А.Энхбат 2016 оны 10 дугаар сард 2 удаа авч байсан юм. Нэг удаад нь оройн 18 цагийн үед ажил тарсны дараа “ойрхон юманд яваад ирье” гээд хэлээд авсан. Харин дараагийнхыг нь “хогоо асгачхаад ирье” гээд авч яваад орой авчирч өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, гэрч И.Төмөрхуягийн ....тэжээл хадгалдаг байрны хаалга нь гаднаас онгойх боломжгүй бөгөөд гаднаас эвдэлсэн ямар нэгэн ул мөр байгаагүй. Харин агуулахын хаалгыг дотор талаас нь шургуулж цоожилдог төмрийг дутуу цоожилж орхиод ажилладаг хүн нь хулгай хийсэн байх гэж бодож байна. Манай үйлдвэр тэжээлээ хоёр давхарлаж өрдөг бөгөөд дээд талынх нь үеэс 2 удаа дутсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас, гэрч Д.Ганхуягийн ...манай шувууны аж ахуй дээр орос ногоон өнгийн бичигтэй даргар цагаан өнгийн 30 шуудай шувууны тэжээл буусан байсан. Манай эхнэр надад “цагаан өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу шувууны тэжээл буулгаж өгөөд явлаа” гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/ гэрч Д.Отгонтуяагийн ... цагаан өнгийн бүхээгтэй машинтай залуу “шувууны тэжээл аваарай” гэж хэлээд 30 шуудай тэжээл буулгаж өгөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/, гэрч Э.Баясгалангийн ....Надруу нэг залуу 99630285 дугаарын утсаар яриад нэг шуудайг нь 20 000 төгрөгөөр зарна гээд 2016 оны 07 дугаар сард 20 шуудай , 2016 оны 10 дугаар сард 30 шуудай шувууны тэжээл зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, шүүгдэгч А.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тул шүүгдэгч А.Энхбатыг  машин механизм хэрэглэж, бусдын агуулах саванд нэвтрэн эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд хуульд зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирлын талаар:

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунбат нь манай байгууллагад учруулсан хохиролоо А.Энхбат нь  төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн, А.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

Шүүгдэгч А.Энхбат нь  урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь түүний ял  шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Энхбатын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, А.Энхбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан А.Энхбатын мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны үйл явцын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, А.Энхбатын эзэмшлийн 350 000 төгрөгийн үнэ бүхий LG маркийн хавтгай дэлгэцтэй, зурагт 1 ш, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Истана маркийн 29-26 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Истана маркийн  УНП 29-26 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 0313046 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4,  298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Сартуул овгийн  Алтанхуягийн Энхбатыг машин механизм хэрэглэж,  бусдын агуулах саванд нэвтрэн эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  А.Энхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2/ хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Энхбатад оногдуулсан 2/ хоёр/ жил, 6 /зургаа/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Энхбатад  оногдуулсан 2/ хоёр/ жил 6/ зургаа/сарын  хорих ялыг тэнсэж 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар  тэнсэж хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан А.Энхбатад  тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан А.Энхбат нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биелчлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай. 

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн  ирсэн эд зүйлгүй, ялтан А.Энхбат нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай  хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А.Энхбатад  авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА