| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 123/2026/0051/З |
| Дугаар | 221/МА2026/0772 |
| Огноо | 2026-11-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0772
|
|
|
|
Ү.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ү.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б
Нэхэмжлэгч: Ү.Н
Хариуцагч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулж, эндээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0058 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ү.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 123/2026/0051/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ү.Н нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулж, эндээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 123/ШШ2026/0058 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.22, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.8, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.8, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү.Н-аас Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулж, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Хариуцагч сахилгын шийтгэл сонгохдоо зөрчлийн шинж байдал болон давтан үйлдсэн эсэхийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгасан байдаг.
Хэдийгээр нэхэмжлэгч Ү.Н нь төрийн албан хаагчийн болон Тамгын даргын нийтлэг үүрэг, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн буруутай, тухайн зөрчилд нь хариуцлага гарцаагүй ногдуулах нь зөв боловч хариуцагч Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар түүнийг “Тамгын дарга, эрхэлж байгаа албан тушаалаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээр байна. Учир нь, согтууруулах ундааны зүйл ажлын цагаар 2 удаа хэрэглэсэн гэдэг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон боловч хамт ажлын цагаар, ажил тасалж хамт архи уусан бусад ажилчдад сахилгын шийтгэл ногдуулаагүй хэрнээ нэхэмжлэгч Ү.Н-т сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох “халах” шийтгэлийг ногдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:” гээд 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий х°уулийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай билээ.
3.2. Маргааны үйл баримт, нотлох баримтын талаар:
Нэхэмжлэгч Ү.Н нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар төрийн албанаас халагдсан. Уг захирамжийг гаргахдаа Төв аймгийн Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Гэвч ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэх ажиллагаанд гомдол, мэдээллийг хэрхэн шалгасан, нэхэмжлэгчээс тайлбар авсан эсэх, ямар нотлох баримтыг цуглуулж үнэлсэн, зөрчлийн үйл баримтыг ямар үндэслэлээр тогтоосон зэрэг нь захиргааны актыг хууль ёсны гэж үзэхэд зайлшгүй ач холбогдолтой. Энэ бүх зүйлийг анхан шатны шүүх бодитоор үнэлээгүй болно.
Мөн анхан шатны шүүх Засаг даргын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох “...Засаг даргын тамгын газрын дарга Ү.Н нь 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ажлын цагаар Засаг даргын тамгын газрын өмч, түрээсийн орон сууцанд амьдардаг нярав П.О-нд архи ууж, архидан согтуурч байсныг Засаг дарга Д.Э би өөрийн биеэр олж баримтжуулан авсан” гэдэг бөгөөд тэр баталгаажуулсан гээд байгаа зүйл нь гар утсаараа бичлэг хийсэн байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд бичлэгийн төхөөрөмж ашиглах нөхцөл, хориглолтыг зохицуулсан байдаг. Гэтэл Засаг дарга Д.Э нь 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ажилтай гээд явсан атлаа бусдын орон байранд зөвшөөрөлгүй орж, өөрийн гар утсаар бичлэг хийж хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн. Уг гар утасны бичлэгтээ тулгуурлаж, ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж, 01 дүгнэлтэд үндэслэн Б/09 дүгээр захирамжаар Ү.Н-ийг ажлаас халсан нь анхнаасаа хууль зөрчсөн ажиллагаа байсан.
3.3. Мөн хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэснийг ажлын байран дээр, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адилтгаж үзнэ” гэж тайлбарладаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8 дахь заалтыг төсөөтэй хэрэглэх тухай хариуцагчийн тайлбарыг шүүх үнэлэн ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.
Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй, дан ганц хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шууд зохицуулсан байхад "төсөөтэй” хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн албан хаагчийн хуулиар олгосон баталгааг алдагдуулсан, хууль зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ү.Н-аас “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулж, эндээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга “...Төрийн албаны удирдах албан тушаалтан ажлын цагаар, ажлын өрөөндөө, албан хаагчдаа уриалан архи хэрэглэн согтуу байсан, тухайн үед суманд малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажлын хариуцлага алдаж, архи ууж согтуу байсан нь баримтаар нотлогддог тул төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан...” гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий акт болох Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Н-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн байна.
3.1. Тус Ёс зүйн дэд хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр “...Ү.Н- нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан ...” гэж дүгнэжээ.
3.2. Түүнчлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/27 дугаар захирамж, Төв аймгийн Баяндэлгэр сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б-ийн 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, гэрч Д.Э-ийн “...2026 оны 03 дугаар сарын 19-ний 10-12 цагийн үед Засаг дарга Д.Э залгаад ... 40-50 минутын дараа ирээд Тамгын газрынхан согтуу байна ... гээд үлээлгэхэд Ү.Н- 2.67 зэрэг хэмжээний согтолттой байсан”, гэрч П.О-ийн “...Ү.Н- дарга манайд орж ирсэн ... бид нэг шил архи уусан”, гэрч О.Энхчимэгийн “...ороход Ү.Н, П.О нар байсан ... 0.75 экс архи шилэндээ 4 хуруу орчим үлдсэн байсан”, гэрч С.Б-ийн “...03 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Ү.Н-ийг үлээлгэхэд 2.80 хувийн согтолттой байсан” гэсэн мэдүүлгүүд зэрэг баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ү.Н- нь төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээ болон төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.
3.3. Өөрөөр хэлбэл, дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ү.Н нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/27 дугаар захирамжаар “...малын гоц халдварт өвчний улмаас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 28 хоногийн хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоосон” үед буюу 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, Төрийн албаны тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...би ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй, хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлэх ажлаа хийсэн байсан ... хохирол бий болоогүй ... шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 59.1.22-т “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах; мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно:” гээд 8.2.8-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” гэж тус тус хуульчилсан.
5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:”, 1.1-д “харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;”, 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ... согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ... нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг ... хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;”, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан бодлого, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах” гэж тус тус заажээ.
6. Үүнээс үзэхэд, төрийн албан хаагч нь ажлын байр мөн эсэхээс үл хамааран холбогдох хууль тогтоомж болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримталбал зохих журам, ёс зүйн дүрмийг сахин мөрдөх үүрэгтэй.
7. Харин нэхэмжлэгч Ү.Н нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримт тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг уг албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн хариуцагч Баяндэлгэр сумын Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн бөгөөд захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Нөгөөтээгүүр, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар өөрийн санаачилгаар Тамгын газрын даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах бүрэн эрхтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн “...хариуцагч сумын Засаг даргын Тамгын газрын даргын сахилгын зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй.
9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ