Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2022/0010

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/279 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, С.С, гэрч П.Б, Д.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т " Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ..." гэж заасны дагуу Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Нарт (4-р баг), Агьт нэртэй газарт үр тарианы зориулалтаар 8.7 га, 17.5 га, 123.9 га, 163.6 га, 16.44 га, 17.45 га, 29.43 га, 58,54, 44.84 га, 58.54 га, 87.85 га, 213.81 га нийт 825,21 га газрыг эзэмших эрхийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар авч, жил бүр зориулалтаар нь ашиглаж, газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн. Гэтэл Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга 2021.12.10-ны өдөр "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" А/279 дугаар захирамжийг гаргаж, газар эзэмшигчийн эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Захирамжийн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн", 40.1.5-д "..эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.... 40.1.6-д "..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлүүдийг баримталж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д ...таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум. дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх" үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүйгээр хуулийн зүйл заалтуудыг баримталж компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

1. Манай компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ямар ч үйлдлийг гаргаагүй бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамждаа газар эзэмших гэрээг шинээр байгуулаагүй, газар эзэмших, ашиглах гэрээгээ заасан хугацаанд нь дүгнүүлээгүй гэжээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ гээд 35.3.1-д "...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх. 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; 35.3.3-д "...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх: 35.3.4-д газрыг төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх: 35.3.5-д "...бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх; 35.3.6-д хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх..." заасан үүргийг манай компанийн зүгээс ноцтойгоор зөрчөөгүй. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг олж авсан этгээд шинээр гэрээ байгуулах эрх зохицуулалт байхгүй Газрын тухай хуульд газар эзэмшигчийн үүрэг заагаагүй. Хэдий тийм боловч манай компанийн зүгээс газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллага газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлж компанийн зүгээс эзэмшил талбайд тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уриншыг талаарх мэдээллийг 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө жил бүр гарган өгч, эзэмшил талбайд аливаа тариалалтыг хийхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, сэлгэн тариалалтыг зохих түвшинд хадгалах үүргээ байнга биелүүлж ажиллаж байна. Учир нь жил бүр өөрийн эзэмшил нийт талбайд тариалалтыг огт хийдгүй бөгөөд тодорхой хувь нь тариалалтыг хийж ашиглаж сэлгэн тариалах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ тогтмол хийж ажиллаж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж заасны дагуу гэрээг дүгнэж, таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбай ашиглалтын талаарх мэдээг жил бүр тайлагнаж ажилласан. Энэ нь Борнуур сумын газрын даамал, Засаг даргын тамгын газрын ажилтнуудтай уулзаж байсан утсаар ярьсан, мэдээ тайлангаа өгч байсан баримтуудаар нотлогдох тул газар эзэмших эрхийг энэ үндэслэлээр хүчингүй болгосон.

2. Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..." гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байна гэжээ. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж 2019 оны 01 дүгээр сараас газрын төлбөрийг Төрийн сангийн төвлөрсөн дансанд тушаадаг байсан тогтолцоо өөрчлөгдөж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр заалт 2019.11.13-ны өдөр өөрчлөн найруулагдаж, Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцож, Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын жилийн төлбөрийг ногдуулж, татварын албанд хүргүүлж газрын төлбөр төлдөг. Ингэхдээ хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар "...Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ... мөн зүйлийн б-д "...Газрын нэгж талбарын дугаар, газрын эзэмшил, ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг газрын төлбөрийн болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга хамтран батална..." гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөхөд аймаг, сумдын газрын алба, улсын бүртгэл, татварын алба гээд шат дамжлагатай болсноос шалтгаалж газрын төлбөрийг газрын алба төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүй л бол газрын төлбөрийг төлж чадахгүй нөхцөл үүссэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн Монгол улсын Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 182 дугаар "Газрын үнэлгээний тойрог, хэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол гарч газрын үнэлгээний тойргийг тогтоож, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон суурь үнэлгээний хуваарь тооцож тогтоосон. Үүнтэй холбогдуулж аймаг, нийслэл, сум, дүүргийн гарын албанд тухайн тогтоосон суурь үнэлгээг үндэслэж, газрын төлбөрийн хэмжээг тогтоож Үүний дагуу газрын алба тухайн иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэн, газрын төлбөрийн дагуу татварт төлүүлдэг болсон. Гэтэл Борнуур сумын газрын албанаас манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг урьдаас хүчингүй болгох төлөвлөгөөг хэрэгжүүлж, газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Бид газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэж өгөхийг удаа дараа шаардаж, уулзаж явсан боловч 2020 оны газрын төлбөрийн үүсгэж өгөхгүй өнөөдрийн шийдвэрийг гаргасан нь компанийн зүгээс газрын төлбөрийг төлөхгүй байгаа бус газрын албанаас төлүүлэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнийгээ зөв гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд үл нийцэхээр байна. Хэдийгээр газрын төлбөрийг төлүүлэхгүй байх нөхцөл байдлыг Борнуур сумын Засаг даргын тамгын газраас үүсгэсэн ч компанийн зүгээс газрыг цуцлахаас өмнө буюу 2021 оны10 дугаар сард 2021 оны газрын төлбөрийг бүрэн төлж, төлбөрийн ямар ч үлдэгдэлгүй болсон. Ийм байхад А/279 дүгээр захирамж гаргаж газрыг цуцалсан нь хуульд үл нийцэхээр байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэх үндэслэлийг барьж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл манай компани нь газар эзэмших эрхийг авсан цагаасаа үр тарианы зориулалтаар өнөөдрийг хүртэл жил бүр зориулалтын дагуу ашигласаар ирснийг Борнуур сумын газрын алба, Нарт (4-р баг)-ын Засаг дарга, эрх бүхий хүмүүс мэдсээр байж энэ үндэслэлийг баримталж шийдвэрлэж байгаа нь угаасаа газрын эзэмших эрхийг хүчингүй болгох санаа зорилгодоо хөтлөгдөж газар эзэмших эрхийг хуулийн хамааралгүй зүйл заалтыг барьж хүчингүй болгож шийдвэрлээд байгаа нь эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашигласан үйлдлийг гаргаж, тариаланч бидний эрхийг ноцтойгоор зөрчихөд хүргэсэн үйлдлийг гаргаж байна.

4. Борнуур сумын Засаг даргын захирамжийн үндэслэлд Аймгийн ИТХ-ын 54-р тогтоолын 1.8-р заалт Үр тариа тариалсан талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд гарал үүсэл нь баталгаажсан, тарих үрийн стандартын шаардлага хангасан шинжилгээнд хамруулсан үрээр тосны ургамал тариалах гэсэн заалтыг зөрчиж байх тул газар гэрчилгээг хүчингүй болгож байна гэжээ. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг зөрчсөн тохиолдолд газрын гэрчилгээг хүчингүй болгохоор заасан зохицуулалт хуульд огт заагаагүй. Иймээс тогтоол зөрчсөн гэдэг үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй. Түүнчлэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг манай компанийн зүгээс зөрчиж үйлдэл гаргасан нөхцөл байдал бодит байдалд байхгүй болно. Газар эзэмших эрхийн хугацаа нь дуусах болоогүй байгаа газрыг газрын тухай хуулийг зөрчсөн, зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлээд байгаа нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол агуулсан, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль зөрчиж хүчингүй болгож, бусдад олгох гэсэн үйлдлийг сумын Засаг дарга гаргасан гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т "...газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон 3acar даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг даргад гомдол..." гаргана гэж заасны дагуу Төв аймгийн засаг даргад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн хариуг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 07/988 тоотоор ирүүлснийг гардан авч хуульд заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны А/279 дугаар захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А279 дүгээр захирамж хууль бусаар гарсан. Манай компани газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр өнөөдрийн хүртэл эзэмшиж байгаа. 12 тусдаа нийт 825,21 га газар эзэмшдэг. Захирамжийн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг баримталж захирамж гаргасан. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 6 үндэслэл байдаг. Түүний 3-ыг нь үндэслэж хүчингүй болгох гэжээ. Тэрийгээ тайлбарлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гээд байна. Газар эзэмших эрхийг удаа дараа ноцтой зөрчил гэж байна. Ноцтой зөрчил, удаа дараа гэсэн баримт байхгүй. Ноцтой зөрчил гэдгийг гэрээнд заасны дагуу тогтоодог. Тиймээс Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамж гарахаас өмнө газрын төлбөрөө төлсөн байдаг. Үүний бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Аймгийн газрын албанаас ирсэн албан бичигт газрын төлбөрөө төлсөн гэх баримт ч байгаа. Энэ захирамж гарахаас өмнө манайх ямар ч төлбөрийн зөрчилгүй байсан. Энэ үндэслэлгүй байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан дагуу зориулалтаар ашиглаагүй гэсэн. Газар тариалангийн зориулалтай газар эзэмшдэг компаниуд нэг хэсгийг нь өнжөөгөөд нэг хэсэгт тариалан хийж явдаг. Манайх тэр газруудыг 2 жил ашиглахгүй байсан гэдгийг тогтоосон зүйл баримт одоо ч байхгүй. Хавтаст хэрэгт тухайн жилд тариалсан үр тариа, ургацын мэдээ мэдээлэл бүгд байгаа. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох шалтгаан нөхцөл байхгүй байна. Захирамжийн нэг хуулийн үндэслэл болгоод байгаа зүйл нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дугаар зүйлд таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй гэдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн заалт Газрын тухай хуульд байдаггүй. Бид нар жил бүр хавар, намрынхаа тайланг өгчихсөн нотлох баримт хэрэгт байгаа. Газрын даамал өөрийнхөө ажлаа хийдэггүй. Эрх үүргээ умартаж заавал ямар нэг байдлаар барьцаалсан шаардлага гаргаж байж ажил хийдэг хүн. Манай компаниас очиж уулздаг байсан тэгэх болгонд нэг тайлбар хэлээд явуулдаг. Нийгмийн хариуцлагын гэрээ гээд 3 талт гэрээний асуудал яригддаг. Хэзээ ч Газрын тухай хуульд 3 талт гэрээ гэж байхгүй. Өмнөх Засаг дарга нь буунгуут дараагийн Засаг дарга нь хүчингүй болгоод баахан үндэслэл дурдаж тайлбарлаад байгаа нь хууль бус үйл ажиллагаа юм. Захирамжийн үндэслэх хэсгийн 1 дүгээр заалт дээр газар эзэмших гэрээг шинээр байгуулаагүй, газар эзэмших гэрээн дээр заасан хугацаанд дүгнүүлээгүй, газрын төлбөрүүдийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, зохих хэмжээнээс илүү тосны ургамал тариалсан, тариалсан болон хураасан ургац тус бүрээр талбай ашиглалтын талаар жил бүр ирүүлээгүй байх учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй гэж үзлээ гээд байна. Эдгээр зөрчлүүдээ яаж гаргасан юм бэ, хэн яаж шалган тогтоож, ямар баримт байгаагаа одоо ч гаргаагүй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүрэг байгаа. Үүнд эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх,газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн хэдхэн үүрэгтэй. Энэ үүргийн алийг нь зөрчсөн гэдгийг тодорхой тайлбарлаагүй. Зөрчил гэж үзээд байгаа зүйлс алга. Тиймээс захирамж өрөөсгөл, хууль бус байна.

Засаг даргын гаргаж байгаа захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасны дагуу өгдөг. Цаасаар баримт өгдөг, тэгээд тэр нь байдаггүй. Номунада ХХК-ийн эзэмшлийг хүчингүй болгох гэж байгаа юм чинь гээд хаашаа хийснийг мэдэхгүй гэдэг. Газрын тухай хуулийн газрын төлбөрөө хугацаанд нь төлдөггүй гэж хуурамч нотлох баримт гаргасан байдаг. 2021 оны газрын төлбөрийн төлсөн байдаг. Энэнээс өмнөх 2020-2019 оны гарзын төлбөрийг төлсөн баримт байдаг. Энэ баримтуудыг Сэргэлэн сумд газартай гээд байна. Гэтэл шат шатны байгууллагаас нь энэ газруудаас өөр газар байхгүй байна гэдэг баримт ирсэн. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Газрын төлбөрийг төлбөр төлөх журам механизм өөрчлөгдсөн. Газрын төлбөрийг төлөхдөө төлбөрийн нэхэмжлэл үүсгээд Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 5 үндэслэл зааж өгсөн байдаг. Үүнд газрын төлбөрөө нэхэмжлэл үүсгээд нэхэмжлэл гаргаад шаардсанаар манайх төлөх ёстой. Энийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Программын гацалтууд үүсдэг. И дугаарыг газрын даамал үүсгээгүй бол газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэхгүй, төлбөр төлөх боломжгүй байдаг. Бид татварын ерөнхий газраас асуухад И дугаар төлбөрт ямар ч хамаагүй гэдэг. Энэ тухай Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн байна. Манай компани газрын төлбөрөө төлөх боломжийг газрын даамлаас хааж байсан, бид удаа дараа шаардаж байж 100 хувь төлсөн. Газрын даамал ч шүүх хуралдаанд энэ талаар хүлээн зөвшөөрч байна. Мөн асуудлыг шалгасан гэсэн хүн нь 12 нэгж талбар бүхий газар байхад нийт газрыг нь зарим хэсэгт нь тосны ургамал тариалсан нь харагдсан гэж таамгаар яриад байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн нь няцаагдаж байна. Сонсох ажиллагааны тэмдэглэл, санхүүгээс гаргасан мэдээ тайлан өгч байсан баримтуудаар няцаагдаж байгаа. Борнуур сумын Засаг даргын захирамж нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн, үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ундрахбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сум тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийг сайн дэмжсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгжүүд бүгд тосны ургамал таривал Монголчууд юу идэж уух вэ. Манай сумын зүгээс Номунада ХХК-г сайн дэмжсэн. Үе үеийн Засаг дарга нартай сайн хамтарч ажилласан байсан гэхдээ энэ нь бидэнд хамаагүй. Энэ компани олон улсын зам дагуу хогийн цэг үүсгэсэн байдаг. Тэнд энэ компани голчилж үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчны байцаагчтай уулзсан зүйл байхгүй. 2020 оноос хойш надтай ирж уулзаагүй. Гэрээ хийгээгүй, цаашид хэрхэн ажиллах талаар ч яриагүй. Татварын асуудлыг доголдуулдаг. Статистикийн газар луу зөрүүтэй баримтууд өгдөг. Өрөөсгөл асуудал байгаад байна. Нийгмийн хариуцлагын гэрээний талаар нэлээн шахаж шаардсан. Та бүхэн тухайн бүсэд байгаа хог шороогоо сайн цэвэрлэж, сумын багийн даргад хүлээлгэж өгч байгаа гэдгийг сонсох ажиллагаа дээрээ хэлсэн. Эдний буруутай үйлдэл байсан гэдэг нь камерын бичлэг болон тэмдэглэл дээр байгаа. Цаашид ямар ч нөхцөлд хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Сонсох ажиллагаа хийхдээ 7 хоногийн хугацаа өгье, мэдээ тайлангаа өгсөн гээд байна аваад ир гэдэг зүйл ярьсан. Тэгэхэд ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй тул ажлын хэсэг ажиллаад газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон. Бид хариуцлагагүй компаниудыг өөхшүүлээд яваад байвал татвар төлдөг, мэдээ тайлангаа өгдөг аж ахуй нэгжүүд олдохоо байна. Манай сумын газрын асуудлыг манай сум мэдэх ёстой болохоос биш бусад сум мэдэхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн талаар: "Номунада" ХХК нь 12 нэгж талбар бүхий 825.21 га газрыг үр тарианы чиглэлээр эзэмшиж байсан. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг Борнуур сумын газрын даамалтай байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан. "Номунада" ХХК нь газар эзэмшиж эхэлсэн 2014 оноос хойш газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Борнуур сумын нутаг дэвсгэр тариалангийн бүс нутагт хамаарахаар заасан бөгөөд сумын хэмжээнд олон тооны аж ахуй, иргэн газар тариалан, үр тарианы зориулалтаар газар эзэмшиж байгаа. Борнуур сум нь 2018 оноос хойш газар нийт аж ахуй нэгжүүдийг газар эзэмших гэрээг дүгнэх, мэдээллийн санд шинээр бүртгэх ажлыг жил бүр дүгнэх ажлыг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сард сумын нийт газар эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдэд сумын өөрийн фейсбүүк хуудас болох Bornuur sum Tuv aimag гэх хаягаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд орон нутгийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн самбар, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Өнөөдөр сонинийн 78 дугаар дугаарт суманд газар эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийг газар эзэмших, ашиглах гэрээг дүгнүүлэх, кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, сонсох ажиллагааг хийсэн. Энэ хугацаанд "Номунада" ХХК нь газар эзэмших гэрээг дүгнүүлж, кадастрын мэдээллийн санд шинээр бүртгүүлж байгаагүй болно. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэсэн заалтыг зөрчин 2014 оноос газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй зөрчил гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн талаар: "Номунада" ХХК нь Борнуур суманд эзэмшиж байсан газрын төлбөрийг 2019 оноос 2021 он хугацаанд 3 жил дараалан төлөөгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Мөн газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ний өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан бөгөөд газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Борнуур сумын газрын даамал төлбөрийн нэхэмжлэл үүсгэж өгөөгүйн улмаас газрын төлбөрийг төлж чадаагүй гэж тайлбарлажээ. Газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэхийн тул 2019 оноос газрын мэдээллийн нэгдсэн санд шинээр бүртгүүлж, төлбөрийн нэхэмжлэл үүсгэх боломжтой ба "Номунада" ХХК нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй учраас нэхэмжлэл үүсгэх боломжгүй. Борнуур сумын зүгээс газрын гэрээг дүгнэх, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Өнөөдөр сонины 78 дугаарт зарлаж мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 2020, 2021 оны газрын төлбөрийг төлсөн баримтыг хавсаргажээ. Гэвч газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэн төлсөн нь газар эзэмших эрхийг цуцлах, дуусгавар болох үндэслэлд хамаарахаар байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны зөрчсөн талаар: "Номунада" ХХК нь 12 нэгж талбар бүхий 825.21 га газрыг үр тарианы чиглэлээр эзэмшиж байсан. Нэхэмжлэгч байгууллага нь 2020 онд нийт талбайд зориулалтын бус тосны ургамал тариалсан байдаг. 2021 онд нийт талбайн 341 га-д үр тариа, 546 га-д тосны ургамал тариалж зориулалтын дагуу ашиглаагүй болно. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тосны ургамал тариалах хязгаарыг тогтоож, газрыг зөв зохистой ашиглах зорилтыг дэвшүүлсэн бөгөөд "Номунада" ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа бүхэлд тосны ургамал тариалж зориулалтын дагуу ашиглаагүй нь хяналт шалгалтаар тогтоосон. Борнуур сумын Засаг даргын Тамгын газар нь жил бүрийн 3-4 сард тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулдаг ба тус арга хэмжээгээр суманд тариалах ургамлын төрөл зүйл, тариалах талбайн хэмжээ талаар үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжүүдтэй бодлогын хүрээнд тохирч таримал тус бүрээр тариалангийн газрын төлөвлөгөөнд оруулж, тайлан мэдээгээ авдаг. Гэвч "Номунада" ХХК нь тус арга хэмжээнд оролцдоггүй, тайлан мэдээг хугацаанд ирүүлдэггүй зэрэг зөрчлийн байнга гаргадаг болно. "Номунада" ХХК-ийн эзэмшлийн газар хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар "Номунада" ХХК-д сонсох ажиллагаа явуулсан бөгөөд тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, Д.Хишигбаяр нар сонсох ажиллагаанд оролцсон. Иймд Номунада ХХК гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Манай зүгээс нотлох баримт дээр тулгуурлан тус захирамжийг гаргасан. Захирамж дээрээ газар эзэмшигч нь гэрээний нөхцөл болзлыг удаа дараа биелүүлээгүй, газрын төлбөрөө цаг хугацаанд төлөөгүй, газрыг зориулалтыг дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлүүдийг баримталж газар эзэмших эрхийг цуцалсан. Газар эзэмших гэрээн дээр эрх, үүргийг тодорхой заагаад өгсөн байдаг. Газар эзэмшигчийн эрх, үүргийг гэрээний 4.1-т Эдэлбэр газрын өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг хамгаалах, сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигчийн эзэмшилд байгаа байгаа газрын 10%-аас доошгүй хувийн ногоон байгууламжтай болгоно гэж заасан. 2014 оноос 2021 оны хооронд ямар нэгэн ногоон байгууламж байгуулагдаагүй. Газар эзэмшигч бусад газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүй байх гэсэн заалт байгаа. Эзэмшлийн газраас гадагш тал бүр тийш 50м доторх хог хаягдлыг цэвэр байлгана гэдэг заалт байна. Байгаль орчны байцаагчийг шаардлага тавихад хүлээж авдаггүй. Мөн газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлнө гэсэн хугацаа зааж өгсөн. Улирал бүрийн эхэнд газрын төлбөр төлөгдөөгүй. Сумын Засаг даргын мэдэгдэл хүргүүлэхээс хойш төлөгдсөн. Гэхдээ газрын төлбөрийн санд тушаасан байсан. Тушаасан тухай мэдээллээ манай суманд ирүүлээгүй байгаа. Манай сумын данс 1140900943 тоот хаалтын данс байдаг. Энэ дансанд газар эзэмшигчийн газрын төлбөрийн 40% нь орж ирдэг. Гэтэл тус компани 990.000 төгрөгийг 10 дугаар сарын 19, 27-ны өдрүүдэд Төв аймгийн газрын төлбөрийн нэгдсэн дансанд тушаасан байсан. Энэ мөнгөн төлбөртэй дүйцэхүйц мөнгийг шалгаж үзэхэд тухайн 990.000 төгрөгийн 40% тэнцэхүйц мөнгө гэхээр 396.000 төгрөг манай дансанд орж ирээгүй байгаа. Тиймээс манай сум газрын төлбөрөө төлөөгүй байна гэж үзэж байна. Тосны ургамлыг тариалахгүй байх талаар малчид тариачдын зөвлөгөөнөөр газар тариалангийн бодлогыг мэдээлж ажилласан. Тиймээс үүнийг мэдээгүй байх боломжгүй. Аймгаас гарч буй тогтоол, шийдвэрийг үл тоосон гэжээ.

Гэрч П.Батмөнх /сумын газрын даамал/ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авсан байх үед сумын захиргаанд энэ компаний хүн надтай уулзана гэсэн. Тэгээд би ээлжийн амралтаа эдэлж байгаа, Засаг даргатай уулз гэж хэлээд явсан. 2020 оны 05 дугаар сард 378 иргэний газрын гэрээ дүгнэсэн байдаг. Энэ компани сүүлийн 2-3 жилд газраа ашиглаж байгаа гэхдээ зарим хэсэгт нь тосны ургамал тариалсан учир зориулалтын дагуу биш гэж үзэж байна. Төлбөрийн нэхэмжлэлээр мэдээллийн санд хандах эрхийг 2020 оны 08 дугаар 20-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улсын хэмжээнд хаасан байсан гэжээ.

Гэрч Д.Алтан-Онц /газар тариалангийн мэргэжилтэн/ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хаврын тариалалтын мэдээг ойр хавийн малчин, тариаланчдаас асууж байгаад мэдээг нь авдаг байсан. 2020 оны мэдээг л жи мэйл-ээр авсан байх. 2020 оны 825 га газар тосны ургамал тарьсан байна гэх мэдээлэл байсан. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүнс хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Дархан-Уул аймаг руу явж байгаад танай Номунада ХХК тариалалт хийж байна гэсэн. Цуг тариалалт хийж байсан хүмүүсээс асуухад эд нар тосны ургамал тариад яваад өгсөн гэж хэлж байсан. Энэ компанийн талбайн хагас хэсэгт нь тариалалт хийгдсэн харагддаг байсан. Үр тарианы зориулалтад тосны ургамал /рапс/ орохгүй, Рапс нь тосны ургамалдаа ордог. Рапс газрын гүн дэх шим тэжээлийг сорж ургадаг ургамал юм. Тухайн маргаан бүхий газарт техник, тоног төхөөрөмж, байр байшин байдаггүй учир уулзаж чадаагүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/279 дүгээр Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Номунада ХХК Борнуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар тус сумын Нарт 4 дүгээр багийн Агьтад байрлах үр тарианы зориулалттай 12 нэгж талбарын нийт 825.21 га газруудыг газар эзэмших гэрээг шинээр байгуулаагүй, газар эзэмших, ашиглах гэрээгээ заасан хугацаанд дүгнүүлээгүй, газрын төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүй, эзэмшлийн газраа зохих хэмжээнээс хэтрүүлж тосны ургамал тариалсан, таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбай ашиглалтын талаарх мэдээг жил бүр ирүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлүүд гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.[1]

Нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж маргажээ. Үүнд:

1. Газар эзэмших, ашиглах гэрээгээ хуульд заасан хугацаанд дүгнүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрээгээ дүгнүүлэх гэж удаа дараа сумын газрын даамалтай уулзахад гэрээг шинээр байгуулж, сунгаж өгдөггүй, өөр 3 талт гэрээ гэх зүйл шаарддаг байсан.

2. Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй, 2019 оноос хойш газрын төлбөр төлөх журам өөрчлөгдөж, төлбөр төлөх нэхэмжлэл үүсгэж өгдөггүй байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө төлбөрийн тооцоогүй болсон байсан.

3. Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 12 тусдаа газарт алинд нь хэзээ юу тариалж, хэзээ өнжөөсөн, аль хэсэгт нь үр тариа, малын тэжээл, тосны ургамал тариалсан гэдгийг тогтоогоогүй.

4. Тариалалтын мэдээгээ жил бүр ирүүлээгүй, тосны ургамал зохих хэмжээнээс хэтрүүлэн тариалсан гэсэн нь үндэслэлгүй, тариалалтын мэдээг өгдөг байсан, харин тосны ургамал зохих хэмжээнээс хэтрүүлэн тариалсан гэсэн нь баримтаар тогтоогоогүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш байна гэж,

Хариуцагчаас: 1. Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2014 онд 12 нэгж талбарын нийт 825,21 га газрыг эзэмших эрхтэй болж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг Борнуур сумын газрын даамалтай байгуулсан боловч хуульд зааснаар гэрээний үүргээ биелүүлж жил бүл гэрээг дүгнүүлээгүй ноцтой зөрчил гаргасан.

2. Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй.

3. Тосны ургамал тариалсан нь үр тарианы зориулалтад хамаарахгүй тул газраа гэрээнд заасан үр тарианы зориулалтын дагуу ашиглаагүй,

4. Тариалалтын мэдээгээ жил бүр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 54 дүгээр тогтоолд зааснаар тариалангийн талбайн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн тосны ургамал тариалсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

1. Маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг буюу газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд, уг зүйлийн 40.1.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заажээ.

Хариуцагчаас ...2014 оноос хойш гэрээгээ жил бүр дүгнүүлж, шинээр байгуулаагүй нь гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа биелүүлээгүй гэдгээр нь авч үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон гэсэн, нэхэмжлэгчийн гэрээгээ дүгнүүлж, сунгуулах гээд удаа дараа очсон, газрын даамал нь уулзахгүй, өөр зүйл шаарддаг гэсэн тайлбарт холбогдуулан үзвэл, тус сумын газрын даамал албан тушаалтай Д.Батмөнхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгт ... 2021 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авсан байх үед сумын захиргаанд энэ компанийн хүн надтай уулзана гэсэн. Тэгээд би ээлжийн амралтаа эдэлж байгаа, Засаг даргатай уулз гэж хэлээд явсан. ... гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь маргаан бүхий акт гарахаас өмнө газар эзэмшүүлэх гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтантай уулзах гэж очиж байсан болох нь нотлогдож байх бөгөөд харин тухай албан тушаалтан нь тус суманд нэг л газрын даамал байдаг, амралтаа авсан тохиолдолд орлох хүн байхгүй гэсэн мэдүүлгээр газар эзэмшүүлэх гэрээг сунгаагүй, сунгуулаагүй байгаа нь дан ганц нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас мөн хамааралтай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын энэ үндэслэл нь зөвхөн нэхэмжлэгчээс дангаар хамаарах үйлдэл биш болох нь холбогдох үйл баримтаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

2. Маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг буюу газрын төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07/134 дугаартай албан бичиг[2], мөн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07/176 тоот албан бичгээр [3] тус Номунада ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр газрын төлбөрт 955,585.00 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр газрын төлбөрт 990,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2020 оны газрын төлбөрт 990,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2021 оны газрын төлбөрт 990,000.00 төгрөг төлсөн талаарх лавлагаа баримтыг ирүүлсэн. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн банкны мөнгөн гүйлгээний баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 10 дугаар сарын 27-ны өдөр зэргээр газрын төлбөрийг төлж байсан нь нотлогдож байна.

Үүнээс үзвэл маргаан бүхий захиргааны акт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан ба газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө газрын төлбөрүүд төлөгдсөн байна. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд буюу улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөөгүй гэж буруутгаж байх ба нэхэмжлэгч нь 2019 онд газрын төлбөр төлөх журам өөрчлөгдөж, төлбөрийн нэхэмжлэл үүсгэж өгөхгүй байсан учраас сүүлийн гурван жилд хугацаандаа төлөх боломжгүй болоод байсан гэсэнд холбогдуулан үзвэл, шүүх хуралдаанд тус сумын газрын даамал албан тушаалтай Д.Батмөнхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгт ...нэхэмжлэгч нь 2014 оноос 2019 онд газрын төлбөрөө хугацаандаа төлж байсан, газрын төлбөрийг мэдээллийн сангаас нэхэмжлэл үүсгэнэ, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мэдээллийн санд хандах эрх хаагдсан байсан гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь сүүлийн 2 жил журмын дагуу нэхэмжлэл үүсгүүлэн, газрын төлбөрөө төлөх боломжгүй байсан болох нь нотлогдож байна. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ... манай сумын данс байдаг, энэ дансанд газар эзэмшигчийн газрын төлбөрийн 40 хувь орж ирдэг, энэ нь орж ирээгүй, тиймээс манай сумын газрын төлбөрөө төлөөгүй гэж үзэж байна гэсэн тайлбараар хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн төлбөр төлөх боломж өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хязгаарлагдсан болон Төв аймгийн газрын төлбөрийн нэгдсэн дансаар дамжин төлөгдсөн гэдгийг шалган тогтоогоогүй болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч гаргасан актын энэхүү үндэслэл нь хуульд нийцсэн үндэслэл болж чадаагүй байна.

3. Маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд, уг зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ заажээ.

Нэхэмжлэгчээс манай компани зохих ёсоор тариалалтаа хийж, мэдээгээ өгч байсан гэж, хариуцагчаас ... уг газар нь үр тарианы зориулалттай газар бөгөөд тус газарт тосны ургамал тариалсан. Тосны ургамал нь үр тарианы зориулалтад хамаарахгүй учир гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзнэ гэж тайлбарлан маргаж байна. Холбогдох үйл баримтаас үзвэл,

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Борнуур сумын 2019-2021 оны уринш, тариалалтын мэдээг ирүүлсэн байна.[4] Уг баримтаас харахад Төв аймгийн Борнуур сумын 2020 оны уринш боловсруулалтын мэдээгээр /2020.12.05/ Номинада ХХК нийт эргэлтийн 823 га талбайтай ба 823 га талбайд тариалалт хийсэн, 823 га талбайд уринш бэлтгэсэн,[5] 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мэдээгээр 823 га талбайд Рапс тариалж, 823 га талбайн ургацыг алдсан,[6] Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/71 дүгээр албан бичгээр ирүүлсэн баримтаас харахад Төв аймгийн Борнуур сумын 2021 оны ургац хураалтын тайлангаа /2021.12.05/ Номунада ХХК 341 га талбайд Буудай тариалж, 341 га талбайд Буудайн хураалт хийж, нийт 342 тонн Буудай хураасан талаарх баримт.[7] мөн 464 га талбайд Рапс тарьж, 464 га талбайгаас Рапс хурааж, нийт 223 тонн ургац хураасан байна[8] гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Мөн шүүх хуралдаанд тус сумын газар тариалангийн мэргэжилтэн Д.Алтан-Онц гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...2021 онд Номунада ХХК нь 825 га газраа зам дагуу тосны ургамал, улаан буудай тарьсан байсан. ...хаврын тариалалтын мэдээг ойр хавийн малчин, тариаланчдаас асууж байгаад авдаг байсан. 2020 оны мэдээ тайланг л жи мэйл-ээр авсан гэж, мөн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар Тариалангийн талбайн газар эзэмших, ашиглалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулж,[9] Тариалангийн талбайн ашиглалтад хяналт тавих ажлын хэсгийн удирдамж баталж,[10] 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн тариалангийн талбайгаар ажилласан ажлын тайланг гаргасан байна.[11] Уг тайланд ...Номунада ХХК Засаг даргын 2014 оны А/301 дүгээр захирамжаар олгогдсон 825.1 га талбайн 56,2 хувьд буюу 464 га талбайд тосны ургамал, 341 га талбайд буудай тариалсан. 2019, 2020, 2021 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. 2014 оноос хойш газар эзэмших гэрээг огт дүгнүүлээгүй зөрчилтэй байна гэж дүгнэжээ. Үүнээс үзвэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн энэхүү зохицуулалт нь агуулгын хувьд зохих ёсоор шалгагдаагүй буюу нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тус тус нэгж талбар бүхий 12 газартай бөгөөд тухайн газруудаа чухам аль газарт нь хэдээс хэдэн онд ямар тариалалт хийсэн, аль газрынх нь аль хэсэгт нь тосны ургамал тарьсан, түүнчлэн хуулийн гол зохицуулалт нь 12 нэгж талбар бүхий газрууддаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болохыг тогтоосон ямар нэгэн баримт байхгүй зөвхөн нэг жилд хамаарах тайлан мэдээнд хамруулан тайлбарлаж хийсвэр дүгнэлт хийсэн болох нь нотлогдож байна.

4. Маргаан бүхий актын үндэслэл болгосон Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт зааснаар тариалалтын мэдээ жил бүр ирүүлэх болон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 54 дүгээр тогтоолд зааснаар тариалангийн талбайн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн тосны ургамал тариалсан гэх үндэслэлийн тухайд:

Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх гэж заасан бөгөөд өмнөх дүгнэлтэд дурдсанаар Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Борнуур сумын 2019-2021 оны уринш, тариалалтын мэдээг ирүүлсэнд нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь холбогдох мэдээ тайлангаа Хөдөө аж ахуйн газарт гаргаж байсан нь нотлогдож байх боловч хуульд зааснаар сумын Засаг даргад хаяглан гаргаагүй гэж үзэхээр боловч энэ нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Тодруулбал тухайн Тариалангийн тухай хуулийн мөн 20 дугаар зүйлийн 20.4-т Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж зохицуулсан бөгөөд Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд байхгүй үндэслэлээр бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчаас ...аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 54-р тогтоолын 1.8-р заалт Үр тариа тариалсан талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд гарал үүсэл нь баталгаажсан, тарих үрийн стандартын шаардлага хангасан шинжилгээнд хамруулсан үрээр тосны ургамал тариалах гэсэн заалтыг зөрчиж нийт талбайн 56,2 %-д тосны ургамал тариалсан байгаа тул танай эзэмшилд байгаа 825 га талбайг эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох хангалттай үндэслэл байгаа гэж тайлбарлан мэдэгдэл өгч байсан байх боловч хариуцагч захиргааны байгууллага энэ үндэслэлд дурдсан акт нь хэм хэмжээний акт мөн болох, улмаар хэм хэмжээний акт мөн бол дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, арга журмын дагуу ажиллах ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Тодруулбал энд дурдагдсан тосны ургамал тариалахыг хууль болон тус тогтоолоор шууд хориглоогүй болохыг анхаарч дээрх тайлбарууддаа холбогдуулан дүгнэлт хийгээгүй байх бөгөөд тус тус 12 нэгж талбар бүхий газарт нэг бүрчлэн энэ талаар шалган тогтоогоогүй дүгнэлт гаргасан, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Мөн хариуцагч талын тайлбарт орчноо тохижуулаагүй, байгаль орчныг бохирдуулсан, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар гаргаж байгаатай холбогдуулан үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж зааснаар эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тус асуудлыг шийдвэрлэх атал энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргуулаагүй нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Дээрхээс үзвэл хариуцагч Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тус тусдаа нэгж талбартай, тус тусдаа гэрчилгээ бүхий тус тусдаа бие биедээ хиллээгүй салангид 12 газрын асуудлыг тус тус газар бүрээр нь нэг бүрчлэн шалган тогтоолгүй, хуульд дараалан 2 жил ашиглаагүй гэж заасан атал зөвхөн нэг удаагийн нэг цаг хугацаанд хийсэн гэх ажлын хэсгийн дүгнэлт болон холбогдох байгууллагаас асуудлыг тодруулаагүй /төлбөр, мэдээ, тайлан гэх мэт/ ойр орчны малчид, тариаланчдаас мэдээлэл авсан гэх тайлбараар дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул уг маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/279 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 10-р тал.

[2] Хавтаст хэргийн 144-145 тал,

[3] Хавтаст хэргийн 174-175 тал,

[4] Хавтаст хэргийн 159-р тал,

[5] Хавтаст хэргийн 164-р тал,

[6] Хавтаст хэргийн 165-р тал,

[7] Хавтаст хэргийн 187-р тал,

[8] Хавтаст хэргийн 191-р тал,

[9] Хавтаст хэргийн 109-р тал,

[10] Хавтаст хэргийн 110-р тал,

[11] Хавтаст хэргийн 111-р тал,