Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1181

 

МАГАДЛАЛ

 

2018.05.21                                                     Дугаар 1181                                Улаанбаатар хот

 

 

 

 

Б.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00533 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Д холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охин С.Х өөрийн нэрээр овоглохыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 онд танилцаж, бидний дундаас 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин С.Х төрсөн, одоо 3 настай. Охины аав Ц.Д охиныг төрөхөөс өмнө болон төрсөний дараа гэр бүлийн сайхан харьцаатай, бие биедээ хайр сэтгэлтэй байсан боловч 2015 оны 06 дугаар сараас Ц.Д нь утсаа авахгүй, охин бид хоёрыг хаясан. Үүнээс хойш би охиноо өөрөө өсгөж, одоо эрүүл саруул бойжиж байгаа ба охиныг төрөх үед эцэг Ц.Дгээр нь овоглоё гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Иймд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охины минь эцэг нь Ц.Д мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

Мөн охин С.Х эцэг Ц.Дгээр овлоглох хүсэлтэй байна. Учир нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх ашиг сонирхолыг хохироохыг хориглоно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 онд хариуцагчийн найзыг дагуулан, хамт ирж танилцсан. Хариуцагч нь эмнэлгийн шинжилгээ, бусад шаардлагатай баримт зэргийг үндэслэлгүй охин С.Х болон нэхэмжлэгчийг одоог хүртэл тэжээн, тэтгэж ирсэн юм. Охин С.Х төрөхөөс өмнө хариуцагч нь өөрийн найз Б Баянгол дүүргийн Х хороололд 1 өрөө байрыг худалдан авч нэхэмжлэгчид өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь байр жижигдээд байна, томруулмаар байна гэсний дагуу найз Б нь тухайн орон сууцыг худалдаж, зарсан мөнгийг бэлнээр буюу 105 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Хариуцагч 75 000 000 төгрөг нэмж нийт        180 000 000 төгрөгөөр О х 3 өрөө байр худалдан авч томруулж өгсөн бөгөөд хэргийн оролцогчид нь Б мөнгийг буцаан өгөөгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь Б компанид 2 жил гаруй хугацаанд хий цалинжиж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлүүлж цалин авдаг байсан юм. Нэмж дурдвал хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 30 000 ам.доллараар тээврийн хэрэгсэл худалдан авч нэхэмжлэгчид өгсөн, мөн нэхэмжлэгч нь А улсруу 2017 онд явна гэж виз мэдүүлэхэд хөрөнгийн баталгаа болгож 40 000 000 төгрөгийг өөрийн найз                       Э дансанд нь байршуулсныг одоог хүртэл буцаан төлөөгүй байгаа. Нэхэмжлэгч охины хамт А улс явахад нь оршин суух, хоол унд, байр, нисэх онгоц, унааны зэрэг 30 000 000 төгрөгийг өөрийн найзаар дамжуулж дансанд нь хийлгэсэн юм. Хариуцагч нь хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 2017 оны 08 дугаар сард 1 300 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 5 000 000 төгрөг, хүүхдийн хэрэгцээнд 2017 оны 05 дугаар сард   5 000 000 төгрөг, 08 дугаар сард 0,2 сая төгрөгийг нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансаар, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр             2 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөгүүдийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны ? дугаар дансаар шилжүүлж өгч байсан. Дээрх хариуцагчийн тэжээн тэтгэхтэй холбоотой үйл баримтууд нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, мөн зүйлийн 41.2.2-т тус тус заасны дагуу хуульд нийцэж байгаа. Хариуцагч нь хүүхдийн биологийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба хүүхдийн тэтгэлгийг төлнө. Харин охиныг Ц.Дгээр овоглохыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Ц.Дг 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ш овогт      С Х эцэг болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.6 дахь хэсэгт зааснаар охин С.Х өөрийн нэрээр овоглохыг Ц.Дүүрэг болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С.Х 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ц.Дгээр сар бүр тэжээн тэтгүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгээс 173 548 төгрөгийг гаргуулж, 171,650 төгрөгийг нэхэмжлэгч Б.С олгож, 1 898 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг маргаан нь зөвхөн Иргэний бүртгэлийн байгууллагад хамааралтай юм, өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-т "хүүхдийн эцэг, эхийг тогтоох" гэж заасны дагуу хүүхдийн эцэг, эхийг тогтоолгох тухай хүсэлтийг тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй хамтруулан гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд шийдвэрээр хамт шийдвэрлэнэ гэсэн журмыг зөрчсөн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас гол үндэслэл болгон маргасан, хүүхэд төрхөөс өмнө эцэг, эхийн аль нэг нас барсан, гэр бүлийн баталгаагүй, эсвэл гэрлэгчдийн аль нэг нь гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүхдийн овгийг солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхээр шийдвэрлэх нь харьяаллын бус харин Иргэний бүртгэлийн байгууллагад хамааралтай гэж тайлбарласан хариуцагчийн үйл баримтыг шүүхийн шийдвэрт тусгаагүй бөгөөд энэ талаар дүгнэлт өгөөгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т "Гэр бүлийн тухай хуулийн “...Ц.Дүүрэг болгосугай” гэж заасан хэсгийг хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.Д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охин С.Х өөрийн нэрээр овоглохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч нь хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, охин С.Х өөрийн нэрээр овоглохоос татгалзсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчид 2013 онд танилцаж, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Хийн биологийн эцэг болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн үйл баримтын талаар талууд маргаагүй тул шүүх хариуцагчийг охины эцгээр тогтоож, түүнээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин охин С.Х өөрийн нэрээр овоглохыг хариуцагчид үүрэг болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийх журмыг зохицуулсан байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийхтэй холбоотой маргаан гарсан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн хүүхдийн эцэг, эхийн хэн аль нь өргөдлөө гарган, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой тул хүүхдийг өөрийн нэрээр овоглохыг хариуцагчид үүрэг болгох нь шүүхэд хамааралгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4, 6 дахь заалтыг 5 гэж дугаарласугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

          ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ