Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 294

 

Р.Со-од холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дүгээр магадлалтай, 201725031106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Р.Со- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Со-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Со-оос 17.930.000 төгрөг гаргуулж “...РР...” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Р.Со-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсүгэй” гэж нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Р.Со-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэж, 3 дахь заалтыг “...Р.Со-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаяр, шүүгдэгч Р.Со-ын өмгөөлөгч Л.Баттогтох нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Со-ын өмгөөлөгч Л.Баттогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж дүгнэхдээ анхан шатны шүүх 17.930.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй нь хэвээрээ байхад үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй байхад ач холбогдол өгөлгүй хорих ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчим алдагдаж байна. Р.Со- нь хохирлоо бүрэн барагдуулсан, төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 1 жил хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар Р.Со- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хуульд зааснаар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, нотолбол зохих бүхий л асуудлыг шалгаж тогтоосон. Гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг бүрэн төлөгдөөгүй, арилаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Со- нь 2016-08 сараас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд “...РР...” зочид буудалд зочид байрлуулсан төлбөрөөс 32.930.000 төгрөгийг завшсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Р.Со-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Со- нь итгэмжлэн хариуцуулсан буюу зочид буудлын төлбөрт шилжүүлсэн бусдын мөнгийг завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхийн энэхүү дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэж няцаасан баримт сэлт хэрэгт авагдаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                        ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН