| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/00034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч Н.Хишигбуян нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Намсрайн Хишигбуянд холбогдох эрүүгийн 2340000000031 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, 41 настай, халх, бүрэн дунд боловсролтой, Канверийн машинист мэргэжилтэй, Монголросцветмет ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт канверийн машинист ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 48-86 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овогт Намсрайн Хишигбуян /РД:ЛН82051306/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Хишигбуян нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Геологийн 18-1809 тоотод Д.Энхбатын гэрт нөхөртэйгээ хардаж Д.Чулуунцэцэгийн нүүр, цээж бие хэсэг рүү нь цохиж өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, баруун бугалганы дотор дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Хишигбуян нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Хишигбуян шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогч Д.Чулуунцэцэгийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 260,000 төгрөгийг төлсөн. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Уг ялыг төлнө” гэх мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн 2340000000031 дугаартай хэргээс улсын яллагч:
-Хохирогч Д.Чулуунцэцэгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Бор-Өндөр сумын 3 дугаар багт байрлах Малчин гэдэг нэртэй дэлгүүр лүү явж байгаад үл таних 2 залуутай таарсан. Бид гурав "Малчин" гэдэг дэлгүүр лүү цуг орж 0.75 литрийн савлагаатай "Хараа" гэдэг нэртэй 1 шил архи, ундаа авсан. Архи ундааг аваад баруун тийшээ явж бид гурав архи ундаагаа гудамжинд ууж байхад ганц нэгэн хүн нэмэгдэж ирээд цуг ууцгаасан. Архи ууж дуусаад би нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн Бор-Өндөр сумын 3 дугаар баг гэр хорооллын гудамжинд Эрдэнэбаатар болон бас нэг залуутай архи уугаад сууж байсан. Эрдэнэбаатар бид хоёр Геологийн байранд байдаг нэг айлд очсон яг хаягийг нь мэдэхгүй байна. ...Эрдэнэбаатар бид 2 баруун талын гэр лүү нь ороход нэг танихгүй эрэгтэй хүн байсан. Бид нар гэрт ороод удаагүй байхад цуг байсан залуугийн эхнэр бололтой нэг хүүхэн орж ирээд гар утсаараа зураг дараад намайг хэл амаар доромжлоод цүнхийг минь булааж авсан. Тэгээд миний цээж рүү 2 удаа өшиглөөд баруун нүд рүү цохисон. Би арай хийж гэрээс гараад цагдаагийн газар луу явган явж байхад хажууд машинтай дотроос миний утас цүнх 2-ыг өөдөөс шидчихээд яваад өгсөн. Тэгээд би шууд цагдаагийн хэлтэст ирж хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би цагдаа нарт намайг нэг эмэгтэй хүн зодсон гэж хэлсэн. Тухай үед миний бие өвдөөд байсан болохоор цагдаа нар эмнэлэг дуудсан. Эмнэлгийн хүмүүс ирээгүй байхад манай нөхөр Батзориг ирээд намайг өрхийн эмнэлэг орж тайвшруулах тариа хийлгэсэн. Нөхөр ажилтай байсан болохоор намайг гэрт ганцааранг нь үлдээхгүй гээд эгч Б.Соёлсайханыд хүргүүлж өгөөд ажилдаа явсан. Би маргааш 26-ны өдрийн 07 цагийн үед гэртээ эгчээрээ хүргүүлээд үдээс хойш эмнэлэг явж үзүүлэхэд та маргааш рентген зургаа авахуулаад хүрээд ир гэж хэлсэн. Би 27-ны өглөө зургаа авахуулаад эмчээр үзүүлэх гэхэд гадуур ажилтай өнөөдөр ирэхгүй гэж хэлсэн. Би өөр эмчид зургаа үзүүлээд тодорхойлолт гаргуулах гэсэн боловч анх үзсэн эмчээрээ тодорхойлолтоо гаргуулдаг гэж хэлсэн. Би цээжний болон толгойны зургаа эмчид үзүүлж уншуулж чадахгүй байсаар байгаад 05 дугаар сарын 01-ний өдөр болсон юм. Баруун нүд рүү нэг удаа цохисон, мөн миний цээж рүү 2 удаа өшиглөсөн. Намайг гэрээс гаргах гээд чирч гудчаад толгой болон хэвлий хэсэг рүү цохиод байсан, яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Би эмнэлэгт үзүүлэхэд дотуур гэмтэлтэй, ил хөхрөлт ихтэй байна гэсэн. Намайг буруугаар ойлгож цохиж, зодсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас)
-Гэрч Э.Энхбатын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11-12 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Геологи 18-1809 тоотод гэртээ ганцаараа байхад ажлын газрын Эрдэнэбаатар гэдэг залуу нэг согтуу эмэгтэй хүн дагуулчихсан орж ирсэн. Эрдэнэбаатар нэлээн согтолттой цуг ирсэн эмэгтэй нь мөн нэлээн согтуу байсан. Эрдэнэбаатар согтуу болохоор над руу уурлаж агсрах гээд байхаар нь би эхнэр Хишигбуянтай утсаар яриад танай хүн манайд согтуу ирчихээд байна гэж хэлэхэд 20-30 минутын дараа өөрийн машинтайгаа ирсэн. Хишигбуян манай гэрт орж ирээд утсаар зураг дараад үгийн зөрөөгүй нөхөр Эрдэнэбаатар болон цуг гэрт орж ирсэн эмэгтэй хоёрыг цохиж өшиглөөд, гараас нь татаж чирч гулдчаад тэр цүнхийг нь булааж авсан. Би Хишигбуяныг боль гэж салгаад та нар манайхаас гарцгаа манайх хэрүүл хийдэг газар биш гэж хэлэхэд Хишигбуян тэр хүүхний цүнхийг нь аваад надаас ирж цүнхээ аваарай гэж хэлээд гарсан. Араас нь Эрдэнэбаатар тэр эмэгтэй 2 гараад явсан. Чулуунцэцэг гэрийн баруун урд талд сандал дээр сууж байхад нь Хишигбуян нүүр лүү нь цохиж, цээжин хэсэг рүү 1 удаа өшиглөхөөр би болиоч адилхан эмэгтэй хүн байж гэж хэлээд салгахад дахин 1 нэг удаа өшиглөж, Хишигбуян тэр эмэгтэй гэрээс гаргах гэж гар болон хувцаснаас чирч гулдчаад байхаар нь би салгасан. Чулуунцэцэгийн нүүрэнд ил харагдах шарх сорив, хөхрөлт байгаагүй” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас)
-Гэрч Э.Эрдэнэбаатар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Бор- Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн ойролцоо явж байгаад хэдэн хүмүүстэй таараад гудамжинд архи хувааж уусан. Би хамт архи уусан Чулуунцэцэг гэдэг хүүхэнтэй хамт явж байхад Чангын шар гэж хочилдог залуутай таарсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид 3 хүнээс далд гудманд 0.5 литрийн савлагаатай "Хараа" нэртэй архи хувааж ууж дуусгаад Чулуунцэцэг бид 2 геологийн байранд байдаг Энхбат гэдэг залуугийн гэрт очсон. Гэрт ороод удаагүй байхад манай эхнэр Хишигбуян орж ирсэн. Орж ирээд намайг 1 удаа цээж рүү өшиглөж, хацар луу 1 удаа алгадаж, чи битгий давраад байгаарай гэж хэлэхэд Энхбат та нарын хэрүүл зодоон хийдэг газар биш гарцгаа гэж хэлэхэд бид 3 гарсан” гэх мэдүүлэг,(хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас)
-Гэрч Б.Соёлсайханы 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48-02 тоот гэртээ байхад миний хамгийн бага дүүгийн нөхөр Ч.Батзориг миний дүү Чулуунцэцэгийг сугадаад ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад "Намайг ажил дээр байхад цагдаагийн газраас яриад танай эхнэр Д.Чулуунцэцэг хүнд зодуулсан байдалтай согтуу ирсэн байна, та ирж авах уу гэж ярьсан. Би цагдаагаас аваад өрхийн эмнэлэгт үзүүлж эм уулгаж өвчин намдаах тариа хийлгэж аваад ирлээ. Би ажилтай болохоор гэрт ганцааранг нь үлдээж болохгүй байна та харж байх уу" гэж хэлээд хүргэж ирсэн. Миний дүү нэлээн согтсон байдалтай намайг нэг эмэгтэй хүн зодсон гэж хэлсэн. Баруун талын нүд хөхөрсөн, амьсгаа авч болохгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)
-Гэрч Н.Мөнх-Эрдэнийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ногоон төгөл гэр хороололд байдаг хүнээс гагнуурын аппарат авах гээд явж байхад 2 хүн таарсан. Би Эрдэнэбаатарыг муухан таньна. Эмэгтэй нь зүс харсан эмэгтэй байсан. ...Хараа нэртэй архи уугаад сууж байсан. ...Ил харагдах шарх сорив байгаагүй” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)
-Гэрч Ч.Батзоригтын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18 цагийн үед Бор-Өндөр сумын 2 дугаар баг 42-21 тоот гэртээ ирэхэд хүү Түвшинтулга эхнэр Чулуунцэцэг 2 байсан. Эхнэр согтуу том өрөөндөө унтаж байхад нь хувцсыг тайлж оронд хэвтүүлсэн. Тэгээд би хоол хийж идчихээд 23 цагийн үед унтсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явахад эхнэр унтаж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байхад 80567102 гэсэн утсаар "цагдаагаас ярьж байна Чулуунцэцэг гэдэг хүний нөхөр мөн үү танай эхнэр хүнд зодуулсан гээд ажил дээр ирээд байна ирж авах боломж байна уу, нэлээн согтолттой байна хэнд зодуулсан талаараа ярьж чадахгүй байна" гэж ярихаар нь за би жоохон хол ажилтай байна, удахгүй очно гэж хэлээд тасалсан. Тэгээд би 15 цагийн үед цагдаа дээр ирэхэд цагдаагаас "Энэ танай эхнэрийн цүнх утас 2 гэж өгөөд, та эхнэрээ эмнэлэгт үзүүлээд эрүүл болохоор нь аваад ирээрэй” гэж хэлэхээр нь эхнэр Чулуунцэцэгийг аваад өрхийн эмнэлэг орж тайвшруулах тариа, эм өгсөн. Тэгээд гэр лүү орж цүнхийг нь орхиод, ажилтай байсан болохоор гэртээ ганцааранг нь орхихоор яах юм билээ гэж бодоод эгч Соёлсайханы гэрт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Би ажлаасаа 19 цагийн үед ирээд Соёлсайхан эгч рүү утсаар залгаад асуухад унтаж байна гэсэн. Тэгээд 22 цагийн үед Хишигээ гэдэг хүн 99976691 дугаарын утсаар залгаад "Чи авгай эхнэрээ татаж явахад яадаг юм, манай нөхөртэй унтаж хэвтээд байдаг юм байна, танай эхнэрийн зургийг дарсан одоо фейсбүүкт зургийг нь тавина” гэж хэлхээр нь “Тавиул тавихгүй юу, хуулийн байгууллагаар үнэн зөвийг нь шалгуулахгүй юу” гэж хэлээд тасалсан. Маргааш өглөө нь Соёлсайхан эгч манай эхнэрийг 07 цагийн үед гэрт хүргэж өгч ирэхээр нь би эхнэрт над руу Хишигээ гэдэг хүн залгаад “Чи авгай эхнэрээ татаж явахад яадаг юм. Манай нөхөртэй унтаж хэвтээд байдаг юм байна. Танай эхнэрийн зургийг дарсан, одоо фейсбүүкт зургийг нь тавина" гэж яриад байна гэхэд эхнэр "юу гэж тийм юм байдгийн, харин тэр хүүхэн намайг зодсон” гэхэд нь чи тэр хүнтэй утсаар яриад уучлалт гуй” гэж хэлээд би ажилдаа явсан. Би цагдаа дээр ирэхэд зүүн эгмийн доод тал, баруун бугалга, баруун нүдний доод хэсэгт улайлт үүссэн байсан, маргааш орой нь харахад улаан хүрэн өнгийн хөх туяатай болчихсон байсан” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас)
-Гэрч Г.Эрдэнэбатын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу жижүүрийн цагдаагаар 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 13 цагийн үед Д.Чулуунцэцэг гэдэг эмэгтэй нэлээн согтолттой цагдаагийн хэлтсийн байранд орж ирэн “би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуухад миний бие өвдөөд байна, намайг нэг эмэгтэй хүн зодсон гэж хэлээд өөр юм яриагүй. Тэгээд би та ар гэрээсээ ямар нэгэн хүн дууд гэж хэлэхэд манай нөхрийн дугаар гэж 86144154 гэсэн дугаар өгсөн. Би тэр утас руу залгахад Батзоригт гэж нэрээ хэлэхээр нь “Танай эхнэр хүнд зодуулсан гэж цагдаагийн хэлтэс дээр ирээд байна, та ирж эхнэрээ авах уу, эхнэр чинь хэнд зодуулснаа мэдэхгүй нэлээн согтолттой байна” гэж хэлэхэд би ажилтай нэлээн хол явж байна, удахгүй очно гэж хэлээд салгасан. Тэгээд би Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү залгаад дуудлага өгөхөд өрхийн эмнэлгээс эмч дуудаад үзүүлчих гэсэн. Тэгтэл удалгүй нөхөр Батзоригт ирэхээр нь “та өрхийн эмнэлэг орж үзүүлээд эхнэрээ эрүүл болохоор нь ирээрэй. Энэ танай эхнэрийн цүнх, утас 2 гэж хүлээлгэж өгөөд, ар гэрт нь хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл үйлдээд явуулсан. Тэгээд тэр өдрөө буцаж ирээгүй. “Чулуунцэцэгийн баруун хацар нь улайлттай байсан, өөр ил харагдах шарх сорив байгаагүй, Харин эгчийн нь бие өвөөд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)
-Яллагдагч Н.Хишигбуянгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр манай нөхөр Эрдэнэбаатар хүмүүстэй архи ууж гадуур нэлээн явсан гэж ойлгосон нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна. 12-13 цагийн орчим нөхрийн найз гэх Энхбат над руу залгаад нөхөр чинь манайд байна гэхээр би нөхрөө авахаар Геологийн байранд тухайн айлд очиход Энхбат, манай нөхөр Эрдэнэбаатар нар нэг эмэгтэйн хамт байсан, ямарч байсан Энхбат би уугаагүй гэж байсан. Нөгөө хоёр нь нэлээн согтуу харагдсан. Би энэ үед уурлаад нөхрөө гараараа самардаад тухайн эмэгтэйг уурандаа цээжин хэсэгт нь 2 удаа өшиглөсөн, толгойн тус газар нь нүүрэн хэсэгт нь лав 1 цохисон. Ингээд хэрүүл болоод би нөхрөө хаяад гараад явсан. Манай нөхөр өөрөө хэд хоногийн дараа ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаартай дүгнэлтээр:
1.Д.Чулуунцэцэгийн биед баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, баруун бугалганы дотор дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Хишигбуян нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Геологийн 18-1809 тоотод Д.Энхбатын гэрт нөхөртэйгээ хардаж Д.Чулуунцэцэгийн нүүр, цээж бие хэсэг рүү нь цохиж өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, баруун бугалганы дотор дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч Д.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/, гэрч Э.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, гэрч Э.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/ гэрч Б.Соёлсайханы мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Н.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ч.Батзоригтын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Г.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Н.Хишигбуян нь хохирогч Д.Чулуунцэцэгийн баруун нүд рүү нэг удаа цохисон, мөн цээж рүү 2 удаа өшиглөж, биед баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, баруун бугалганы дотор дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Н.Хишигбуян нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Хишигбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 66/
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Н.Хишигбуян нь хохирогч Д.Чулуунцэцэгийн баруун нүд рүү нэг удаа цохисон, мөн цээж рүү 2 удаа өшиглөж, биед баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, баруун бугалганы дотор дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, гэмтлийн хөнгөн хохиролд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Н.Хишигбуян нь хохирогч Д.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 260,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Хишигбуян нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, түүнд ял оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан эмчилгээний зардлыг хохирогчид төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Хишигбуянг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хөрөнгө, сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Н.Хишигбуян нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Хишигбуян нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Хишигбуянд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Намсрайн Хишигбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Намсрайн Хишигбуянг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигбуянд оногдуулсан 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигбуян нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Н.Хишигбуян нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигбуянд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Хишигбуянд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ