| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/84 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Г.Отгонтамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манхилаг овогт Гомбогүрийн Отгонтамирт холбогдох эрүүгийн 2421000920090 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинь Шинь ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 7б-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Манхилаг овогт Гомбогүрийн Отгонтамир. /РД: ЖЮ01221711/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Отгонтамир нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 10 дугаар эгнээнд Тоёота приус-30 маркийн 18-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Отгонтамир шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Отгонтамир нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 05 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 10 дугаар эгнээнд Тоёота приус-30 маркийн 18-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Отгонтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд гэртээ байж байхад найз Түмээ гэрт хүрээд ирээч гэхэд нь ...очиж Түмээгийн машин дотор 2 литрийн савлагаатай нэг пиво хувааж уусан бөгөөд шөнө 01 цагийн орчимд пивоо ууж дуусгаад гэр рүүгээ алхаад явсан. Гэртээ очоод байж байхад манай найз Нандин-Эрдэнэ чатаар холбогдож уулзахаар болсон. ...би хүргэн ах Мөнхбадрахын эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 18-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Нандин-Эрдэний гэрийнх нь гадаа очиж уулзсан. ...04 цагийн орчимд түүнийг гэр рүү нь оруулж өгөөд гэртээ харих замдаа буюу Зангиат хорооллын 10 дугаар эгнээний ойролцоо төв замаар явж байхад араас цагдаагийн машин ирж намайг зогсоосон. ...журмын хашаанд ирж согтуурлын зэрэг шалгагч багажаар шалгахад миний согтуурлын зэрэг 1,25 хувьтай гарч байсан. ...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад баригдаж эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батзоригийн “...2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, ахлах ахлагч Б.Хишигжаргалын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Бид хоёрын хувьд тухайн шөнө 04 цагийн орчимд Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат гудамжны голын төв замаар хойд зүгийг чиглээд явж байхад урдаас нэг гэрэл тусаж машин явж байхаар нь уг машиныг зогсоож жолоочийг шалгасан. ...Ингээд түүний согтуурсан зэргийг шалгаж үзэхэд 1,25 хувьтай гарч байсан...” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Отгонтамир нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх-ийн 29/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Отгонтамирын согтуурлын зэрэг 1,25 хувьтай гарсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Г.Отгонтамир нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Манхилаг овогт Гомбогүрийн Отгонтамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Г.Отгонтамир нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Манхилаг овогт Гомбогүрийн Отгонтамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбогүрийн Отгонтамирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонтамир нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонтамирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА