| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01064/и |
| Дугаар | 1031 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01064/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, Тосгоны ... тоотод оршин суух, утас ... , ... регистрийн дугаартай, Б овогт Ц.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, дэрс ... оршин суух, утас ... , ... регистрийн дугаартай, Б овогт О.М холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр О.Мтай 2005 онд танилцсан. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2006 оны 02 сарын 20-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. О.М нь 2018 оноос тусдаа амьдарч өөр хүнтэй сууж дундаас нь хүүхэдтэй болсон байгаа. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдэдээ тогтоолгоно. Бидний эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч О.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Маас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй охиноо өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад татгалзах зүйл алга гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч О.Мад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч О.М нар нь 2005 онд танилцаж, 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болон 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2006 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин О.Мийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай Эвлэрлийн гэрээгээр уригдагч тал О.М өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, тусдаа амьдраад удаж байгаа үндэслэлээр талууд эвлэрэн хэлэлцээгүй эвлэрэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, талууд шүүх хуралдаанд цаашид хамтран амьдрах боломжгүй талаар гаргасан тайлбар зэрэг нөхцөл байдлыг үндэслэн тэдэнд эвлэрэх хугацаа олгохгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхэд нь төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа тул ээнэгшин дассан орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх Ц.Оы асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул М.Мэд эцэг О.Маас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт О М, Б овогт ЦО нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин О.Мийг эх Ц.Оы асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг О.Маар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг О.М, эх Ц.О нарт даалгасугай.
4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 140 400 төгрөг, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг, нийт 171 892 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн
шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА