Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Ш.Дамдинбазар

  Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Монгол овогт Батжаргалын Мөнх-Эрдэнэ,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Амгаланбаатар нарт холбогдох 2240000360026 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09ий өдөр Орхон аймагт төрсөн, 42 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47-44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Батжаргалын Мөнх-Эрдэнэ. /РД:СK81120901/

2.Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 11ий өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 43 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47-44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашзэвэгийн Амгаланбаатар. /РД:СГ80111112/

                Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй "Бор-Өндөр ойл" ХХК-ийн салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах гэрээг бусдын нэр дээр хуурамчаар үйлдэх аргаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын хооронд байгууллагаас 26,162,358 төгрөгийн шатахууныг хувьдаа завшиж, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг,

2.Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь иргэн Бат-Өлзий, Соёмбо, Энхбаатар, Батсайхан нартай тээврийн үйл ажиллагаа хамтран эрхэлж байсан урьдын харилцаагаа ашиглаж, тэдний нэр дээр хуурамч гэрээ хийж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын хооронд Хишиг ойл ХХК-ийг залилан мэхэлж 26,162,358 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасаналбан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг,

 

 Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч  Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогчид учруулсан 26,162,358 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Би “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Уг ялыг төлнө” гэх мэдүүлэг.

-Шүүгдэгч  Д.Амгаланбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогчид учруулсан 26,162,358 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Би “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Уг ялыг төлнө” гэх мэдүүлэг.

 

Хоёр: Эрүүгийн   2240000360026 дугаартай хэргээс улсын яллагч:

эмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)

-Хохирогч П.Туулын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бор-Өндөр Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани 2018 оноос эхлэн Шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны 07 дугаар сард Бор-Өндөр ойл ХХК-ийн Бор-Өндөр дэх салбарт Мөнх-Эрдэнийг эрхлэгчээр ажилд авсан. Бор-Өндөр дэх салбар бол бензин, шатахууныг ихэвчлэн бэлэн мөнгөөр худалдан борлуулдаг, шаардлагатай тохиолдолд гэрээтэй иргэд, аж ахуй нэгжид зээлээр худалдан борлуулахыг зөвшөөрдөг байсан. Гэтэл Б.Мөнх-Эрдэнэ нь гэрээгээр шатахуун авдаг хувь хүн, байгууллагын нэрийг ашиглан шатахууныг зээлээр өгсөн мэтээр баримт үйлдэж, өөртөө мөнгө завшсан асуудлыг 2022 оны 04 дүгээр сард манай компаниас шалгалтаар очиж тогтоосон. 2022 оны 04 дүгээр сард Б.Мөнх-Эрдэнэ нь жирэмсний амралтаа авч байсан бөгөөд түүний ажлыг хүлээлцэхээр мөн ажлыг шалгахаар очсон хүмүүс уг зөрчлийг илрүүлсэн. Б.Мөнх-Эрдэнэ нь дээрх байдлаар нийт 46,772,482 төгрөгийн шатахуун дутаасан бөгөөд энэ байдлыг өөрөөс нь асуухад Бор-Өндөр сумын иргэн Л.Энхбаатар, Ш.Батсайхан, В.Бат-Өлзий, Б.Соёмбо, Авто форд ХХК зэрэгт зээлээр шатахуун олгосон гэж хэлсэн боловч манай байгууллагаас дээрх иргэд аж ахуй нэгжүүд рүү холбогдоход эдгээр хүмүүс нь Б.Мөнх-Эрдэнээс зээлээр шатахуун авч байгаагүй гэдгээ хэлсэн. Харин Авто Форд ХХК-ийн Л.Мэргэнсанаад Б.Мөнх-Эрдэнэ нь зээлээр шатахуун өгсөн гэж Л.Мэргэнсанаа нь хэлдэг. Ингээд манай компанийн зүгээс Б.Мөнх-Эрдэнийг нийт дутаасан 46,772,482 төгрөгийг өгөх талаар шаардсан боловч одоог хүртэл тодорхой хариу хэлэхгүй, утсаа авахгүй, хаана байгаа газар нь тогтоогдохгүй байгаа тул байгууллагын эд хөрөнгө завшсан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандаж байна. Б.Мөнх-Эрдэнэ нь Бор-Өндөр салбарын эрхлэгч албан тушаалтайгаар ажилладаг, доороо 3 түгээгчтэй, өдрийн орлогыг түгээгч нараас Б.Мөнх-Эрдэнэ нь хүлээн авч Бор-Өндөр ойл ХХК-ийн данс руу шилжүүлэх ёстой. Өдөр тутмын орлогыг байгууллагын дансанд тушаах ёстой, хувийн дансаар орлого авч болохгүй. Б.Мөнх-Эрдэнэ нь орлого зарлага дээр ямар нэгэн зөрчил гаргаагүй, харин зээлээр шатахуун өгсөн нэрийдлээр байгууллагаас 46,772,482 төгрөгийг хувьдаа завшсан байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвдоржийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хишиг ойл ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Би энэ асуудлын талаар бүрэн мэдээлэлтэй байгаа. Мөнх-Эрдэнэ манай байгууллагад анх 2022 оны 08 дугаар сарын байдлаар 61,772,482 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 15,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Дараагийн удаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 26,000,000 төгрөг төлж барагдуулсан. Одоо Мөнх-Эрдэнэ 162,358 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөнх-Эрдэнийн зээл олгосон Мэргэнсанаа гэх хүн 20,610,124 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тухайн хүн нь манай байгууллагын хүлээлгэсэн итгэлийг эвдсэн. Хувьдаа мөнгө завшсан байж магадгүй нөхцөл байдалтай байна. Тийм учраас Мөнх-Эрдэнэд манай байгууллага гомдолтой байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвдоржийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс Хишиг ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэгээд Н.Туул ажлаас чөлөөлөгдсөн тул би 2023 оны 05 дугаар сарын 04-нөөс уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Үлдэгдэл болох 985,287 төгрөгийг Б.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны орой компаний данс руу шилжүүлээд Б.Мөнх-Эрдэнэтэй холбоотой өр авлага дууссан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас),

-Гэрч Л.Энхбаатарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр Ойл ХХК-тай 2019 оноос эхэлж гэрээ байгуулж зээлээр түлш авч эхэлсэн. Зээлээр 2021 оны 05 дугаар сард том оврын машинаа зарсан, тэрнээс өмнө зээлээр түлш аваад гэрээний дагуу түлшний мөнгөө өгч байсан. Би тэрнээс хойш өөрөө зээлээр түлш аваагүй. Тэгсэн гэнэт Бор-Өндөр ойл-оос хүн над руу яриад 8,025,052 төгрөгийн түлш зээлээр авсан байна, мөнгөө хурдан төлөөрэй гэж хэлэхээр нь би наад түлшийг чинь аваагүй, миний байгуулсан гэрээн дээр өөр хүн авсан байна. Тэр эрхлэгч нь өөрөө авсан юм байлгүй гэж хэлсэн. Тэгээд Б.Мөнх-Эрдэнэд танай компани удирдлагуудаас ингэж ярьж байна, ямар учиртай юм бэ, би мөнгө, түлш аваагүй ш дээ гэсэн. Тэрийг мэдэж байгаа өөр хүмүүс өөрийн чинь гэрээн дээр авсан байгаа, ямар ч байсан төлнө гэж хэлсэнгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

-Гэрч Ш.Батсайханы 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн танил Мөнх-Эрдэнэд Бор-Өндөр ойл ХХК-иас зээлээр шатахуун авч болдог юм байна, чи надад зээлийн гэрээ байгуулаад өгчих гэж хэлсний дагуу 2020 оны намар иргэний үнэмлэхээ надад өгчих гэж Мөнх-Эрдэнэ аваад удалгүй буцааж өгөхдөө зээлийн гэрээ байгуулж чадаагүй та зээлээр шатахуун авах боломжгүй гэж надад ярьсан. Бор-Өндөр ойл ХХК буюу Петролайн гэх газраас би зээлээр огт шатахуун авч байсан удаагүй. Надад ямар нэгэн өр төлбөр байхгүй. Харин намайг 2022 оны хавар Бор-Өндөр ойл ХХК-иас өмгөөлөгчтэй хамт тус кампанийн төлөөлөгч, нягтлан зэрэг хүмүүс дуудаж уулзаад та зээлийн гэрээтэй юм байна, та төлбөрөө хэзээ төлөх вэ гэж асуухад миний танил Мөнх-Эрдэнийн нөхөр Амгаланбаатар та төлнө гээд худлаа хэлчих, би өрийг нь төлөөд өгчихнө гэж надад хэлсний дагуу би ямар баримт бичиг гэдгийг нь сайн мэдээгүй зур гэсэн газар нь зураад Амгаланбаатарын хэлсний дагуу тухайн компанийн хүмүүст хэлсэн. Би ямар нэгэн зээлтэй холбоотой материалд гарын үсэг зураагүй. Миний нэр дээр зээлийн гэрээ байгуулсан талаар 2022 онд зээлийн мөнгөө төл гэж тус компаниас хүн ярих үед анх удаа сонссон. Би ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж зээл аваагүй. Миний өмнөөс гэрээ байгуулчихсан байж магадгүй болоод тэгж хэлж өгөхийг гуйсан гэж бодож байна. Тэгээд би Амгаланбаатарын хэлснээр хэлэхгүй бол Амгаланбаатар асуудалд орчих байх гэж бодоод худлаа хэлсэн. Би Амгаланбаатартай 10-аад жилийн өмнө танилцсан хуурай ах дүүс юмгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

-Гэрч Б.Соёмбын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өөрийн эзэмшлийн том оврын авто сонсмол маркийн автомашиныг ажиллуулж тээвэрт явдаг. Би 2019 оноос 2020 он дуустал Бор-Өндөр сумын “Бор-Өндөр ойл” шатахуун түгээх станцаас шатахуун зээлээр авч cap бүрийн 30-ны өдрөөс өмнө тооцоо хийж төлбөрөө барагдуулдаг байсан. Тэгээд 2020 он дуусаад түүнээс хойш ямар ч шатахуун зээлээр огт аваагүй. Би 2021 онд Улаанбаатар хотод шилжээд ирсэн. Би 2021 онд болон түүнээс хойш тус шатахуун түгээх станцын эрхлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Шатахуун аваагүй. Намайг Улаанбаатар хотод байхад 2021 оны хавар байх над руу утсаар Бор-Өндөр ойл ШТС-ын дарга гээд нэг хүн яриад энэ оны шатахуун өр төлбөрөө хэзээ барагдуулах вэ, 8 сая гаруй төгрөгийн өр байна гэхээр нь би огт шатахуун аваагүй учраас тухайн үед Бор-Өндөр сумын Бор-Өндөр ойл шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан Мөнх-Эрдэнэ эгчтэй утсаар ярихад эгч нь наад асуудлыг нь мэдэж байгаа, эгч нь өөрөө төлж барагдуулна гэж хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй. Над руу анх шатахуун түгээх станцаас ярихдаа 8 гаруй сая төгрөгийн өртэй, түлш авсан байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

-Гэрч Л.Мэргэнсанаагийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бор-Өндөр ойл шатахуун түгээх станцтай гэрээгээр түлш авч ажилладаг. Манайх 2021 оны 11 дүгээр сард үйл ажиллагаа түр зогссон. Түүнээс хойш ямар нэгэн түлш аваагүй. Түүнээс өмнө авсан түлшний төлбөр 20 гаран сая төгрөгний өглөгтэй байгаа. Би 2022 оны зун тус шатахуун түгээх станцын захиралтай ирж уулзан ажлаа эхлэхээр 20 гаран сая төгрөгийн төлбөрөө барагдуулж үргэлжлүүлэн гэрээ хийж ажиллана гэж хэлсэнгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

-Гэрч В.Бат-Өлзийгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бор-Өндөр ойл ХХК-д үйлчлүүлж байсан. Хамгийн сүүлд 2020 онд түлш худалдан авч байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй уулзаж байсан. 2021 онд гэрээ хийх гэж 1 удаа уулзаж байсан. Гэвч хөл хорионоос болоод зээл авах шаардлагагүй болсон тул 1 литр түлш ч аваагүй. Зүс таних төдий л мэднэ. Тээвэрт явдаг жолооч нарын нэг тул замд таарч байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

-Л.Мэргэнсанаа Хишиг ойл компани-д төлбөр төлөх хүсэлт (хавтаст хэргийн 210 дугаар хуудас)  зэрэг бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй Бор-Өндөр ойл ХХК-ийн салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах гэрээг бусдын нэр дээр хуурамчаар үйлдэх аргаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын хооронд байгууллагаас 26,162,358 төгрөгийн шатахууныг хувьдаа завшиж, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь иргэн В.Бат-Өлзий, Б.Соёмбо, Л.Энхбаатар, Ш.Батсайхан нартай тээврийн үйл ажиллагаа хамтран эрхэлж байсан урьдын харилцаагаа ашиглаж, тэдний нэр дээр хуурамч гэрээ хийж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын хооронд Хишиг ойл ХХК-ийг залилан мэхэлж 26,162,358 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

 

-шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч П.Туулын мэдүүлэг, х-ийн 14-15 дугаар хуудас),  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг, х-ийн 153-154, 201-202 дугаар хуудас), гэрч Л.Энхбаатарын мэдүүлэг, х-ийн 26-27 дугаар хуудас), гэрч Ш.Батсайханы мэдүүлэг, х-ийн 37-38 дугаар хуудас), гэрч Б.Соёмбын мэдүүлэг, х-ийн 40-41 дүгээр хуудас), гэрч Л.Мэргэнсанаагийн мэдүүлэг, х-ийн 43 дугаар хуудас),  гэрч В.Бат-Өлзийгийн мэдүүлэг, х-ийн 147 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг,

   -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Үүнээс Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй Бор-Өндөр ойл ХХК-ийн салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах гэрээг бусдын нэр дээр хуурамчаар үйлдэх аргаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын хооронд байгууллагаас 26,162,358 төгрөгийн шатахууныг хувьдаа завшиж, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон.

“Залилах” гэмт хэргийн өмчлөх эрх зөрчсөн бусад хэргээс ялгарах гол онцлог нь энэ хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчийг хууран мэхэлж, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах эрхтэй болдог санаатай үйлдлээр илэрнэ.

Энэ гэмт хэргийн шинж нь хохирогч эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлэн өгөхөд хүрэхүйц итгэл төрүүлэхээр үнэмшүүлэх, хууран мэхэлсэн, баримт бичгийг өөр хүний нэр дээр үйлдэх, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь иргэн В.Бат-Өлзий, Б.Соёмбо, Л.Энхбаатар, Ш.Батсайхан нартай тээврийн үйл ажиллагаа хамтран эрхэлж байсан урьдын харилцаагаа ашиглаж, тэдний нэр дээр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах хуурамч гэрээ хийж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын хооронд Хишиг ойл ХХК-ийг залилан мэхэлж, 26,162,358 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон.

 

 Шүүгдэгч нар нь гэмт хэргийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн, хохирогчид хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг,

   -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг,

   -Шүүгдэгч Д.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нар нь хохирогчид 26,162,358 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвдорж  “шүүгдэгч нар нь 26,162,358 төгрөгийн хохирол төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгосон торгох ялыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, хүсэлтийг, хохирол төлсөн баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна.

   Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг,

   -шүүгдэгч Д.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 10,500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500 (арван сая таван зуун мянган) төгрөгийн торгох ялаар,

   -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амгаланбаатарыг 2000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 10,500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500 (арван сая таван зуун мянган) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд,

Шүүгдэгч Д.Амгаланбаатарт оногдуулсан 2000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгийн торгох ялыг  6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

          Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус   дурдах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

   1.Шүүгдэгч Монгол овогт Батжаргалын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг,

   -шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Батжаргалын Мөнх-Эрдэнийг 10,500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500 (арван сая таван зуун мянган) төгрөгийн торгох ялаар,

   -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Амгаланбаатарыг 2000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Батжаргалын Мөнх-Эрдэнэд оногдуулсан 10,500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500 (арван сая таван зуун мянган) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд,

   -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Амгаланбаатарт оногдуулсан 2000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгийн торгох ялыг  6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             5.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Амгаланбаатар нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ