Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01024/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...-р хороо, ...-р байр, ... тоотод оршин суух, утас ..., ... регистрийн дугаартай, У овогт Ч.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод оршин суух, утас ...., ...., ... регистрийн дугаартай, А овогт О.От холбогдох

Хүүхдийн сургалтын төлбөр, бусад зардал 4 770 537 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн шийдвэрээр хариуцагч Б.О нь хүүхдийн тэтгэмж төлж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгснөөс хойш хүүхдийн тэтгэмжийг УБ хот дахь амьжиргааны 50 хувиар хугацаандаа төлж байгаа. Мөн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн тус шүүхийн хурлаар 2018-2019 оны хичээлийн жилд гарсан нэмэлт зардлуудыг гаргуулсан ба тухайн үеийн шүүхийн тайлбарт охинтой холбоотой нэмэлт зардлуудыг төлөх тухай эвлэрсэн байдаг. Миний охин О.Л нь 2018 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий боловсролын сургуульд 1-р ангид элсэн орсноос хойш хичээлийн хэрэглэл, эм тариа, хувийн хэрэглээ, зардлууд, хүүхэд сурч боловсрох зардлууд нэмэгдсэн. Мөн ханиад томууны ид дэгдэлтийн үеэр улирлын шинж чанартай гарч буй ханиадны, харшлын хоолой, ларингит болон эмчилгээ, үзлэгийн төлбөрүүд нэмэгдсэн. 2020 оны 1 сард Ковид-19 холбоотой хүнд ханиад туссан. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой жил бүрийн хавар, намар дархлаа дэмжих эм, вакцин тогтмол хийлгэн явдаг зэрэг нэмэлт зардлууд их байдаг. Иймд хариуцагч О.Оаас зардлын тодорхой хэсгийг нэхэмжилж байна. О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн биелүүлэхгүй тохиолдолд түүний өөр бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээ охин маань хичээлээс гадуур ой тогтоолтын сургалтад явдаг. Хүүхэд хөгжүүлэх сургалтын 2019  оны 8 дугаар сарын төлбөр 250.000 төгрөг, 10 дугаар сарын төлбөр 250.000 төгрөг, 11 дүгээр сарын төлбөр 250.000 төгрөг, 12 дугаар сарын төлбөр 250.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 73,740 төгрөг нийлээд 1,073,0740 төгрөг, ой тогтоолтын сургалтын төлбөр 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны төлбөр 360,000, 11 сарын 12-ны өдөр 32 дугаар шат 360,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гүнзгий шат 288,000 төгрөг, 4 дүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар шатын хичээлийн нөхөн төлбөр 10,000 төгрөг, 6 сарын 02-ны өдөр гуравдугаар шатны нөхөн хичээлийн төлбөр 15.000 төгрөг буюу нийт 1,033,000 төгрөг. Хүүхдийн хувцасны төлбөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өвлийн куртик 278,000 төгрөг, гутал 135,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдийн цамц 18,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр куртик, гутал 157,200 төгрөгөөр авсан. Энэ нь нийт 588,200 төгрөг. Зээ охин маань ургамлын харшилтай учраа Гурван гал эмнэлэгт үзүүлдэг учраас 2017-2019 оны эмчилгээний төлбөр 128,400 төгрөг, 2019 оны 12 сарын эмнэлэгт үзүүлсэн баримтууд нийлээд 1,074,950 төгрөг болж байгаа. 2020 оны томуугийн вакцинд хамруулсан болон харшлын эмийн нийт 14 баримт нийлээд 530,743 төгрөг, шинэ жилийн арга хэмжээний төлбөр 32.000 төгрөг болсон гэв.

Хариуцагч О.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.О миний бие өөрийн төрсөн охинд өгөхөөр тогтоосон хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 2014 оны 03 дугаар сард гарсан шүүхийн шийдвэрийн дагуу сар бүр заасан хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тухайн хугацаанаас эхлэн шилжүүлж ирсэн. 2019 онд иргэн Ч.Бгийн дахин гаргасан охины минь сургалт хөгжил, эрүүл мэндэд зарцуулсан гэх утга бүхий нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн үнийн дүнгийн хуулиар зөвшөөрөгдсөн хэсгийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн мөнгийг төлөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас 24 сарын хугацаатай цалингийн зээл авч одоог хүртэл эргэн төлөлтийг хийж байгаа. Миний бие 2020 оны 02 дугаар сараас эхлэн Казакстан улсад байгууллагын албан томилолтоор ажиллахаар явсан боловч Ковид-19 вирустэй холбогдуулан хэвийн ажиллах боломжгүй болж онгоцны хуваарьт нислэг хүлээн каринтинд орж 2020.06.10-ны өдөр эх орондоо ирснээс хойш Улсын онцгой комиссоос гаргасан журмын дагуу тусгаарлагдан 2020.07.20-ны өдрөөс ажилдаа эргэн орсон. Гэвч байгууллагын үйл ажиллагаа доголдсон, хагас цагаар ажиллаж байгаа, цалин мөнгө, орлого тогтмол бус болсонтой холбогдуулан зөвхөн охиныхоо тэтгэмжийн мөнгийг л төлөх боломжтой нөхцал байдал үүсээд байна. Миний охины ээж болох Ч.Б нь шүүхээс гарах шийдвэрийг биелүүлж намайг охинтой минь уулзуулдаггүй, уулзахаар залгахад утсаа авдаггүй, зурвас бичихээр хариу бичдэггүй зэрэг үйлдлүүд гаргаж, эцэг байх эрхийг минь зөрчин зөвхөн мөнгө нэхэмжлэх зорилгоор надтай харилцаж байгаа нь эцэг, охин хоёрыг хэвийн харилцаатай байгаасай гэж хүсэхээс илүүтэй эд хөрөнгийн ашиг сонирхолтой байгаа нь харагдаж байна гэж би үзэж байна. Иймд энэ хууль зөрчсөн үйлдлийг цаашид гаргуулахгүй байх талаар дахин шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Санхүүгийн нөхцөл байдал хүнд, өмнөх зээлийн эргэн төлөлт хийгддэг, ажил орлого тогтмол бус зэрэг байдлаас шалтгаалан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй харин сар тутам хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэрийг цаашид биелүүлж хуульд заасан мөнгөн дүнгээр сар бүрийн тэтгэмжийн мөнгийг хэвийн шилжүүлж явах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Гэрлэлт цуцлуулсан гэх боловч гэрлэлтийн баталгаагүй байсан. Хүүхдийн тэтгэмж нэхэмжилсний дагуу түүнийг хүлээн зөвшөөрч тэтгэлгийг төлж байгаа. 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Түүнийх нь дагуу 2019 оны 12 дугаар сард хурал болж би бүх төлбөр тооцоог төлж барагдуулсан. 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш би охиноо хараагүй. Одоо миний охин 9 настай. Энэ хүмүүсийн асрамжид байдаг. Энэ хүмүүс миний эцэг байх, хүүхэдтэй уулзах эрхийг  хязгаарладаг. Би нэхэмжилсэн мөнгө, хүүхдийн тэтгэлгийг төлдөг байсан. Ноднингийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд би цалингийн зээл авсан. Зээлийн талаарх баримтаа гарган өгсөн. Миний эцэг эх байх эрхийг хязгаарласан хэрэн байж байгаад жилийн эцэс болохоор мөнгө нэхэмжилдэг гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч О.От холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилийн хүүхэд хөгжүүлэх сургалтын төлбөр 1 073 740 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн түргэн бодолтын сургалтын төлбөр 1 033 000 төгрөг, охины бэлэн хувцасны төлбөр 588 200 төгрөг, эмнэлгийн үзлэг, эмчилгээ, вакцин, эмийн болон дархлааны эм тарианы төлбөр 1 912 597 төгрөг, бусад зардал 163 000 төгрөг, нийт 4 770 537 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг, сургалтын зардлыг төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 235 дугаартай шийдвэрээр Ч.Бгийн нэхэмжлэлтэй О.От холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин О.Л-Э 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Оаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1000 дугаартай шийдвэрээр Ч.Бгийн нэхэмжлэлтэй О.От холбогдох хүүхдийн тэтгэлгийн нөхөн төлбөр, сургалтын зардал нийт 5 956 926 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч О.Оаас 2 157 370 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, 3 799 559 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэг. Сургалтын төлбөр 2 106 740 төгрөг буюу 2019-2020 оны хичээлийн жилийн хүүхэд хөгжүүлэх сургалтын төлбөр 1 073 740 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн түргэн бодолтын сургалтын төлбөр 1 033 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

            Хэрэгт авагдсан Алтан элч ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхжавхлан, Чоймборолын Б нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Өдөр өнжүүлэх сургалтын гэрээ”-ээр О.Л-Э өдөр өнжүүлэх сургалтад хамруулах, үйлчилгээний хөлсөнд 1 сарын 250 000 төгрөг төлөхөөр тохиролцсоны дагуу сургалтын төлбөрт 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 250 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 250 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 250 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 73 740 төгрөг нийт 1 073 740 төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Алтан эрх гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төвийн кассын орлогын ордероор тогтоогдож байна.

            Хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай Сургалтын гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай сургалтын гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн сургалтын гэрээ тус бүрээр Монгол Оюун ухааны академийн Хуруундай сургалтад О.Л-Э хамруулахаар байгуулсны дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 360 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 356 400 төгрөг, 3 600 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 285 120 төгрөг, 2 880 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 000 төгрөг, нийт 1 033 000 төгрөг төлсөн болох нь сургалтын гэрээнүүд, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд дараахь эрх эдэлнэ, 6.1.6-д хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ ...өөрийн сонирхлын дагуу ...дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах хэлбэрээр эдэлнэ, 10.1-д Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ, 10.1.4-д хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтарч ажиллах, 10.1.8-д хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах гэжээ.

            Нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн асрамжид байгаа төрсөн охин О.Л-Э сургалтын төвд хамруулан 2019-2020  оны хооронд суралцсан төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр төлбөр хариуцуулахаар түүний төрсөн эцэг О.Оаас шаардсан нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон бол түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй байна.

            Хариуцагч нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг барагдуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг хөгжих эрхээ хэрэгжүүлж өөрийн сонирхлын дагуу сургалтад хамрагдахад дэмжин туслах үүрэгтэй гэж заасан болон дээрх төлбөр нь хариуцагчаас гаргуулах нэмэлт тэтгэлэгт хамаарч байх тул сургалтын төлбөрийг хариуцах үүрэгтэй байна. Гэвч энэ үүрэг нь дан ганц хариуцагчийн үүрэг биш тул нэхэмжлэлийн шаардлага болох сургалтын төлбөр 2 106 740 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч О.О нарт хуваан хариуцуулж, хариуцагчаас сургалтын төлбөрийн тал хувь болох 1 053 370 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Хоёр. Охины бэлэн хувцасны төлбөр 588 200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

            Хэрэгт дээрх шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар эмэгтэй хүүхдийн куртикны үнэ 278 000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, нөатын баримт, эмэгтэй хүүхдийн гутлын үнэд 135 000 төгрөг шилжүүлсэн хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, нөатын баримт, эмэгтэй хүүхдийн цамцны үнэд 18 000 төгрөг шилжүүлсэн талаар хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, эмэгтэй хүүхдийн хар лакан гутал, ягаан курткын үнэд 157 000 төгрөг шилжүүлсэн хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 17-20 хуудас/

            Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулахдаа тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон байхыг шаардах бөгөөд үүнд хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт тохиолдлууд орохоор хуульчилсан байна.

            Иймд хувцас, эд зүйлсийн үнэ нь дээрх тохиолдлуудад хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Гурав. Эмнэлгийн үзлэг, эмчилгээ, вакцин, эмийн болон дархлааны эм тарианы төлбөр 1 912 597 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

             Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбогдуулан Гурван гал эмнэлгийн санхүүгийн баримт, Туж смайл шүдний эмнэлэгээр үйлчлүүлсэн 138 500 төгрөгийн нөатын баримт, Гурван гал Нэгдсэн эмнэлгийн лабораторийн шинжилгээний хариу, Эрдмийн түлхүүр дэлгүүрээс хичээлийн хэрэгсэл авсан баримт, Тавин ус, Өлгий амгалан ХХК, Дархан фарм маркет ХХК-ийн эмийн сангаас эм авсан баримтуудыг ирүүлсэн байна. /хх-23-91 дэх тал/

Хэдийгээр өвчний улмаас эмчлүүлсний зардлыг нэмэлт зардалд тооцож нэхэмжлэх эрхтэй боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, 43.1.2-т өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх эрхтэй, 43.2.7-д эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй гэж зааснаар дээрх эм, тариаг хэзээ, ямар эмнэлгийн үйлчилгээгээр авсан эсэх, эмчийн бичсэн жорын дагуу авч хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Дөрөв. Бусад зардал 163 000 төгрөгийн тухайд

Дээрх шаардлагатай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар О.Л-Э сургуулийн шинэ жилийн билетын үнэ 32 000 төгрөг хаан банкаар дамжуулан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 60 000 төгрөг төлсөн талаар Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, охиныхоо төрсөн өдөрт зориулан 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр кето торт захиалж 71 000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Гэвч дээрх зардлууд нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хариуцагчаас нэмэлт тэтгэлэг гаргуулах онцгой нөхцөл байдалд хамаарахгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар Хаанзаа ХХК-ийн тодорхойлолт, цалингийн зээлийн гэрээ, баталгааны гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг ирүүлсэн байна.

Хэдийгээр хариуцагчийн цалин орлого нь дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбогдуулан компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас буурсан, цалингийн зээлтэй байдал тогтоогдож байгаа боловч энэ нь хүүхдэд олгох нэмэлт зардлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Сургалтын төлбөр 2 106 740 төгрөг буюу 2019-2020 оны хичээлийн жилийн хүүхэд хөгжүүлэх сургалтын төлбөр 1 073 740 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн түргэн бодолтын сургалтын төлбөр 1 033 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тал хувь буюу 1 053 370 төгрөгийг хариуцагч О.Оаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдэх 1 053 370 төгрөг гаргуулах, охины бэлэн хувцасны төлбөр 588 200 төгрөг, эмнэлэгийн үзлэг, эмчилгээ, вакцин, эмийн болон дархлааны эм тарианы төлбөр 1 912 597 төгрөг, бусад зардал 163 000 төгрөг, нийт 3 717 167 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд Д.А оролцсон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч О.Оаас 1 053 370 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгож, 3 717 167 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 279 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.        

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА