Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 16

 

Б.Ж, Д.Ц, Б.Э,

Ч.П, Д.Б, Н.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай, 10 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ариунзаяа, прокурор Э.Ууганзаяа нар оролцов.  

1. Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Д суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн .. тоотод оршин суух, регистрийн дугаар:..., Ц овогт Б-ийн Ж.

2. Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Ч суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага арга зүйч, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн .. айлын 17 тоотод оршин суух, регистрийн дугаар:..., Ц овогт Д-ийн Ц.

3. Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Ж суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар:....., О овогт П-ийн А.

4. Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн,42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын ...оршин суух, регистрийн дугаар:..., И овогт Б-ын Э.

5. Монгол улсын иргэн, 1954 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой,сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Ж сумын Магсаржав багийн ...тоотод оршин суух, регистрийн дугаар:..., Б овогт Ч-гийн П.

6. Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой,барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Усан бассейны 38 айлын 12 ...тоотод оршин суух, регистрийн дугаар:..., М овогт Д-ийн Б.

7. Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Алтайн буйлааст ... тоотод оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх, регистрийн дугаар: ..., Б овогт Н-ийн Б.

Шүүгдэгч Б.Ж, Н.Бнар нь сумын төвийн шинэчлэл Төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.00.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөн Б.Ж нь бусдыг залин мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.Ц, П.А, Ч.П, Д.Б, Б.Э нар нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний буюу 279.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Еркебуланаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ийн Ж, Ц овогт Д-ийн Ц, О овогт П-гийн А, Э овогт Б-ын Э, Б Ч-гийн П, М овогт Д-ийн Б, Б овогт Н-гийн Б нарт холбогдох 201721000100 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Дээрх шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Яллах дүгнэлт үйлдэхдээ 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай” 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар уг хууль хүчингүй болсон байна. Яллах дүгнэлт нь “2017 оны 6 дугаар сарын 30” гэсэн огноотой байгаа боловч 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр прокурор өөрөө яллах дүгнэлтийн хувийг шүүгдэгч нарт гардуулсан тэмдэглэл /хх-ийн VI хавтасны 38 дугаар хуудас/ үйлдсэн байгаа нь уг хэргийг 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дараа шүүхэд шилжүүлснийг давхар нотолж байгаа бөгөөд хэрэг шүүхэд шилжих үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид яллах дүгнэлт нийцсэн байх ёстой. Хүчингүй болсон хуулийг удирдлага болгон үйлдсэн яллах дүгнэлт нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тул уг яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхий тогтоох боломжгүй юм” гэж дүгнэжээ.

Прокуророос яллагдагч Б.Ж, Д.Ц, П.А, Б.Э, Ч.П, Д.Б, Н.Бнарт холбогдох 201721000100 дугаартай эрүүгийн хэргийг хянаад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т тус тус зааснаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж яллах дүгнэлтийн хувийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч нарт гардуулан хэргийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлэхэд хууль зөрчсөн тохиолдол гараагүй гэж үзэж байна. Учир нь яллагдагч Б.Ж нарт холбогдох хэргийг хянаад прокурор яллах дүгнэлт үйлдэх үед буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул прокурор хэргийг хянаад шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...энэ гэмт хэргийн Улсын төсөвт 279.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн атлаа Ховд аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбатыг мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор хохирогч /хх-ийн III хавтасны 70 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн III хавтасны 71 дүгээр хуудсаар/ тус тус тогтоосон нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд Ховд аймгийн ЗДТГ-ыг хохирогчоор тогтоогоогүй тул 279.000.000 төгрөгийг хохирогчоор тогтоогдсон Б.Мөнхбат, иргэний нэхэмжлэгч Н.Ганзориг /шүүхийн шатанд тогтоогдсон/ нарын хэн нэгэнд нь олгож шийдвэрлэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан журмаар Ховд аймгийн ЗДТГ /хуулийн этгээд/-ыг хохирогчоор тогтоох шаардлагатай байна. Хуулийн этгээд хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хохирогч хуулийн этгээдийн төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж хуульчилсан байна. Хууль тогтоогч шүүхэд хохирогчоор тогтоох эрх олгосон боловч хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох эрхийг хуулиар олгоогүй тул энэ хэрэгт Ховд аймгийн ЗДТГ- ыг хохирогчоор тогтоож болох ч түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох боломжгүй тул энэ ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй болно”  гэж дүгнэжээ.

Уг хэрэгт Ховд аймгийн засаг даргын итгэмжлэлээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр ажиллаж байсан Ховд аймгийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат нь хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад Ховд аймгийн засаг дарга солигдох үед өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ба түүний оронд буюу Ховд аймгийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.Ганзоригийг анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу иргэний нэхэмжлэгчээр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй шүүгч хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-д зааснаар “...Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ" гэж заасан байх ба уг заалтаас дүгнэхэд шүүхэд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох эрхийг хуулиар олгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шаардлагатай тохиолдолд хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...Б.Э 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө”...Б.Ж-ыг дуудаж ирүүлээд яагаад гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар асуухад “Би энэ мөнгийг аваагүй. Танай ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Эрхбаяр авсан. Би мөнгө аваагүй юм чинь яаж энэ ажлыг хийх юм бэ гэж хэлээд явсан” гэж, Б.Жавзандамбын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Эрхбаярт 17 сая төгрөг өгсөн тухай” тодорхой дурдагдсан байгаа тул З.Э нь энэ хэрэгт ямар оролцоотой болохыг, Мөн Б.Ж 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг /хх-ийн III хавтасны 218-220-р тал/ өгөхдөө Н.Бын дансанд 3 сая төгрөг хийсэн гэсэн нь Н.Б-ын 5862025257 дугаартай дансанд 2014 оны 11 дүгээр сарын 11-нд Б.Ж-ас 3.000.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны хуулга /хх-ийн I хавтасны 133-р тал/-аар давхар нотлогдож байгаа бөгөөд уг мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн, хэрхэн зарцуулагдсан болохыг нь шалгаж, энэ үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг тус тус шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан иийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй гэж үзэх бөгөөд үүнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжпийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан З.Э-ыг сэжигтнээр тооцож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан боловч түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул прокуророос хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар З.Эын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Мөн удаа дараагийн гэм буруугийн болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар Н.Б Б.Ж 3 сая төгрөгийн мах авах гэж өгснөө ярьдаг ба Н.Бнь мөн Б.Жас хонины мах авахаар 3 сая төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ба энэ нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байгаа юм. Яллагдагч Б.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг сүрэн тогтоосон гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг хүнчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив”  гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтээ:”Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй болж чадаагүй байна. Б.Ж нарт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Д.Ц, П.А, Б.Э, Ч.П, Д.Б, Н.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв. 

Ховд аймгийн прокурорын газраас Б.Ж, Н.Бнарыг сумын төвийн шинэчлэл Төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.00.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар, Б.Жавзандамбыг бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Д.Ц, П.А, Ч.П, Д.Б, Б.Э нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний буюу 279.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ /6 дугаар хавтаст хэргийн 28-37 дугаар тал/.

Б.Ж нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Ингэхдээ давж заалдах шатны шүүх магадлалдаа: “Хэргийг өмнө нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэхээр заасны дагуу тус хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр харъяалал тогтоон ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Ж нарт холбогдох хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 38 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Б.Ж нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа “Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хэрэгт хохирогчийг хуулийн дагуу зөв тогтоогоогүй, мөн зарим яллагдагч нарын мэдүүлгийн эх сурвалжийг нягталж, шалгах шаардлагатай” гэх үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцаасан байх ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын агуулгыг тодорхойлсон, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана“ гэж заасан.

Прокурор Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан байх бөгөөд уг хэргийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх үед 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Иймд анхан шатны шүүхийн хэргийг шүүхэд шилжүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн яллах дүгнэлтийг үйлдэх шаардлагатай, яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт : “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж  заажээ.

Д.Ц, Ч.П, П.А, Н.Б, Д.Б Б.Ж нарт холбогдох албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд нь төр байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 4.1.24 ,14 дүгээр зүйлийн 14.1.17 дэх хэсгүүдэд зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын Газар буюу хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох үндэслэлтэй байжээ.

Хохирогч нь энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болох боловч энэ нь хохирогчийг зөв тогтоосны дараа хийгдэх ажиллагаа юм.

Гэтэл Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулинд заасны дагуу хохирогчоор тогтоогдвол зохих хуулийн этгээдийг тогтоогоогүй мөртлөө мөрдөгчийн тогтоолоор Ховд аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу хувь хүнийг шууд хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байна. Хохирогчийг зөв тогтоогоогүйгээс үүсэх үр дагаврын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн хувьд үгүйсгэх боломжгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба ингэхдээ нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах үүрэгтэй.

Б.Ж нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн  мэдүүлэгтээ: “З.Эт зургийн мөнгө гэж 17.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” талаар мэдүүлсэн, мөн З.Энхбаатар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Б.Жавзандамбыг дуудаж ирүүлээд яагаад гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар асуухад “Би энэ мөнгийг аваагүй. Танай ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрхбаяр авсан . Би мөнгө аваагүй юм чинь яаж энэ ажлыг хийх юм бэ гэж хэлээд явсан“ гэж тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Ховд аймгийн Зэрэг сумын тохижилт хашаажуулалтын ажлын зураг төсвийг хэн хэрхэн, ямар гэрээний дагуу хийсэн, уг гэрээний санхүүжилт хаанаас хэрхэн хийгдсэн талаархи мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай дээд шатны  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Ж, Д.Ц, П.А, Б.Э, Ч.П, Д.Б, Н.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                         Л.АЛТАН

Н.МӨНХЖАРГАЛ