Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2022/0005/З |
Дугаар | 123/ШШ2022/0011 |
Огноо | 2022-04-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 123/ШШ2022/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын хоорондын татварын актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ч, Г.Х нарт холбогдуулан Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаар актын үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ус ашигласны төлбөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулах-аар маргаж байна.
2. Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Чулуунхүү, Г.Хатанбаатар нар Т ХХК-ийн 2016-2019 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14201203735 тоот нөхөн ногдуулалтын актаар 17,393,579,2 төгрөгийн нөхөн татвар, 2,963,209 төгрөгийн торгууль, 1,844,078 төгрөгийн алданги, нийт 22,200,866 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч Т ХХК нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөл 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 04-р тогтоолоор актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Т ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ч, Г.Х нар шалгаж, шалгалтын явцад тогтоож, нөхөн ногдуулалтын актад тэмдэглэж танилцуулсан зөрчлүүд, Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг гаргаж байна. Татварын улсын байцаагчдын 14201203735 тоот нөхөн ногдуулалтын актын Маягт-ХШ06/02 хавсралт-Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хүснэгтийн 1, 2, 3, 4, 11, 12 дахь мөрөнд заасан зөрчлийг хүчингүйд тооцож актаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гомдол гаргаж байгаа үндэслэл:
1. Үл хөдлөх эд хөрөнгөд нөхөн татвар, торгууль алданги оногдуулсан зөрчлийн тухайд
1.1 Шалгалтын явцад: 175,272,608 төгрөгийн бүртгэлийн үнэлгээ бүхий Спорт зал, 124,009,598 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй ажилчдийн орон сууц, 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй худагт 2016-2019 онуудад Үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулаагүй байсныг зөрчилд тооцсон. Манай компанийн хувьд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй байгаагаас Бусад хөрөнгө-д бүртгэж өнөөг хүртэл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй байсан. (Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хүснэгтийн 1, 2, 3, 4 дэх мөр). Дээрх хөрөнгүүд нь үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлэхэд Улсын бүртгэлийн газраас тавигддаг зарим шаардлагуудыг хангахгүй байснаас Үл хөдлөх хөрөнгөөр улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байгаагаас дээрх зөрчил үүсчээ. Ялангуяа ажилчдын байрладаг зуны модон орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх заалт, Иргэний хуулийн 84.3-т заасан шаардлагыг хангаагүй (суурьгүй), мөн жуулчны бааз ажиллах үед ажиллагсад амьдран суудаг орон сууц тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-д заасан албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх хөрөнгө юм. Иймд зөрчлийн жагсаалтын 1-4-д заасан зөрчлийн дүнгээс дээрх ажилчдын модон орон сууцны дүнг хасч өгнө үү.
1.2 Үл хөдлөх хөрөнгийн татварын тооцооны хүснэгтээс үзэхэд манай компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 2017-2019 онуудад 450,850,000 төгрөгөөр тооцож тайлагнаснаар тусгасан байна. Энэ онуудад манай компани Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох хөрөнгөө 2016 онтой адил буюу 823,972,500 төгрөг гэж тайлагнаж, татвараа ногдуулж байсан. Иймээс актын хавсралтад дурдсан тооцооллууд буруу тооцогдсон байна.
1.3 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 2018 оны тайланд манай компани 5,705,100 төгрөгийн албан татвар төлсөн ба хяналт шалгалтыг тооцооллоор 1,094,428 төгрөгийн зөрүү буюу дутуу төлөлт гарахаар байтал 4,094,428 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тооцсоноос нөхөн татварын хэмжээ нь 3 сая төгрөгөөр давхардан тооцогдсон байна. Улмаар энэхүү алдаатай дүнгээс торгууль алданги бодогсон байна. (Нөхөн ногдуулалтын актын 5-р хавсралт-2018 он)
2. Ус ашигласны төлбөрийн тухайд
1. Актаар Ус ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй гэсэн үндэслэлээр: 2018 онд 714,230 төгрөгийн нөхөн төлбөр, 125,692 төгрөгийн торгууль, 188,538 төгрөгийн алданги, 2019 онд 714230 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. (Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хүснэгтийн 11, 12 дахь мөр)
Бодит байдал дээр манай компани дээрх ус ашигласны төлбөрийг ногдуулж тайлагнаж төлсөн. Гэтэл эдгээр төлбөрүүд татварын мэдээллийн системд бүртгэгдээгүй байснаас нөхөн татвар ногдуулах үндэслэл бий болжээ. Эдгээр төлбөрийг төлсөн тухай банкны хуулга /мемориалын баримт/-ыг хавсаргав. Ус ашигласны төлбөрт 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 714 240 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 800 000 төгрөг тус тус төлсөн байна. Татварын шалгалтын явцад хөл хорионы хатуу дэглэм тогтоосноос байцаагч нарын шаардсан тайлбарыг хүргүүлж амжаагүй байтал (шаардсанаас хойш 3 хоног) акт тогтоож шуудангаар ирүүлжээ. Нэгэнт бид захиргааны журмаар хандаж дээрх актыг залруулах хүсэлт гаргах боломжгүй болсон тул Маргаан таслах зөвлөлд хандсан. Иймд дээрх тайлбарыг үндэслэн Татвын улсын байцаагчдын үйлдсэн 14201203735 тоот Нөхөн ногдуулалтын актын нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг бууруулж өгөхийг хүсье гэжээ.
Төв түшээ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Төв Түшээ" ХХК-ийн 2016-2019 оны татвар ногдолт, төлөлтийн үйл ажиллагааг Төв аймгийн татварын хэлтсээс шалгаж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35, 37 тоот нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Нэхэмжлэгч нь 12 төрлийн зөрчлөөс 2 төрлийн 6 зөрчилд холбогдолтой нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт "Төв түшээ" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой асуудал, хоёр дахь асуудал нь усны төлбөр төлөлтэй холбогдсон нэхэмжлэл байгаа. Үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой гомдлын хувьд татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцад 175,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий спорт заал, 124,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажилчдын орон сууц, 10,000,000 төгрөгийн худагт үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулаагүй гэсэн үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тооцооллыг хянаж үзэхэд мэдээллийн системтэй холбоотой байж магадгүй. Манай компанийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бага үнээр тооцож тусгаснаар үл хөдлөх хөрөнгө ногдох орлого 2016 онд 823,972,000 төгрөг гэж тооцсоноос өөрөөр хяналт шалгалтын акт орсон байна. 2018 оны үл хөдлөх хөрөнгийн тайланд төлсөн 5,7 сая төгрөгийг тооцооллын алдаа гаргасан учир 3,000,000 төгрөгийн татвар давхар ногдуулж үүнээс торгууль, алданги тооцогдсон алдаа гарсан байна. Ажиллагсдын орон сууц дотор үл хөдлөх хөрөнгийн шаардлага хангахгүй хөрөнгүүд, шовгор модон байшин 4, 1 шавар байшин байгаа. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулаад торгууль, алданги ногдуулсан байна. Усны төлбөртэй холбоотойгоор Нийслэлийн төрийн сан, аялал жуулчлалын үйл ажиллагаа хийж байгаа газрууд орон нутгийн байгаль орчны газартай усны гэрээ хийж төлбөр төлдөг. Гэрээний дагуу 714,000 төгрөгийн төлбөр төлөгдөж байсан. Төлбөрийн нэхэмжлэлийг байгаль орчны байцаагч нар тэр үед татварын албанд мэдээлэлдэг. 2018, 2019 онд ус ашигласны төлбөрийг компани төлсөн. Тус төлбөрүүд нь татварын мэдээллийн системд бүртгэгдээгүй байснаас нөхөн татвар ногдуулах үндэслэл бий болсон байна. Ус ашигласны төлбөрт 2018 онд 714.000 төгрөг, 2019 онд 800.000 төгрөг төлсөн банкны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хяналт шалгалтын явцад хөл хорионы хатуу дэглэмтэй байхад шалгалт явагдсан. Татвар төлөгч, татварын байцаагч нарын хооронд мэдээллээ харилцан шилжүүлэх, нотлох талаар хангалтгүй байсан учир алдаатай акт гарсан байна гэж үзэж байна... Худаг спорт заал дээр үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлнэ гэж хүсэлт гаргаж байсан. Төв аймгийн бүртгэлийн газарт тухайн үед сэндвичин барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэх нь тодорхойгүй байгаа гээд бүртгээгүй. Худгийн тусгай зөвшөөрөл байгаа. Худаг нь доор усны соруул, цахилгаан шийд гээд худгийн байшинд бэхлэгдсэн тоног төхөөрөмж байдаг. Нотлох баримтад үндэслэж нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ0602 буюу зөрчлийн жагсаалт гэдэг хавсралтын 1, 2, 3, 4, 11, 12 гэсэн 6 төрлийн заалтыг хүчингүй болгож, 7,300,000 төгрөгийн төлбөрийн хэмжээг бууруулж өгнө үү. Үлдэх 14,900,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч Төв аймаг дахь Татварын улсын байцаагч Г.Хатанбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Төв түшээ" ХХК-ний 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу хяналт шалгалт хийсэн. "Төв түшээ" ХХК-ийн 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийгээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаартай актаар 2,376,186,160.2 төгрөгийн зөрчилд 17,393,579.20 төгрөгийн нөхөн татвар, 2,963,209.1 төгрөгийн торгууль, 1,844,078.2 төгрөгийн алданги, нийт 22,200,866.5 төгрөгийн төлбөр ногдуулсан. Үүнээс татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын актыг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх болон ус ашигласны төлбөрт тавигдсан актыг хүлээн зөвшөөрөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгөнд нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан зөрчлийн тухайд:
1.1 "Төв түшээ" ХХК-ийн үндсэн хөрөнгийн журналын 200106-Бусад үндсэн хөрөнгө хэсэгт бүртгэлтэй 175,272,608.00 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй Спорт заал, 124,009,598.00 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй ажилчдын орон сууц, 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй худагт Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т " Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулна гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй байсан ч үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолт шаардлагыг хангаж байгаа тул хуулийн дагуу албан татвар ногдуулж төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хууль зүйн үндэстэй юм. Нөхөн ногдуулалтын актын хавсралт Маягт-ХШ06/02/ "Төв түшээ" ХХК-нь 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын 25 тоот шийдвэрээр Эрдэнэ баг Замтын адаг гэдэг газарт Амралтын газар ажиллуулах зориулалтаар 29 га газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна. /Газрын тухай хууль 3.1.3.газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;/ хэлнэ гэсэн нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахыг хуульд заасан байна. Тус ХХК-ийн эзэмшиж байгаа газрын зориулалт нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зориулалттай ба орон сууц барих зориулалт бүхий гэр бүлийн хэрэгцээний газар биш юм. Иймд 124,009,598.00 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй ажилчдын орон сууц гэх цементэн суурьтай 2 байшин, зуслангийн модон сууцууд нь газрын зориулалтаараа компанийн ашиг орлого олоход зориулагдсан үл хөдлөх хөрөнгө юм. Орон сууцны тухай Монгол Улсын хуульд орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг; хэлэх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1. Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө: 7.1.2. орон сууц, гэж зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
1.2. Татварын удирдлагын нэгдсэн системийн тооцооллын данснаас үзэхэд 2016 онд тус компани нь үндсэн хөрөнгийн журналын 200101-Барилга, байгууламж хэсэгт бүртгэлтэй 823,972,500 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөндөө 4,943,835 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлсөн атлаа 2017-2019 онуудад 450,850,000 төгрөгийн үнэлгээнээс тооцож 2,705,100.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж тайлагнасан байна. 2016 онд 823,972,500 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөтэй байсан бөгөөд 2017-2019 онуудад уг хөрөнгөөс хасагдсан хөрөнгө байхгүй учир 2017-2019 онуудад 823,972,500 төгрөгийн үнэлгээнээс татвар ногдуулах нь ойлгомжтой юм. Иймд 823,972,500.00-450,850,000.00=373,122,500.00 төгрөгийн зөрүү үнэлгээнд 6,716,205 12,387,735*3/ төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.
1.3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төрлөөр 2016 онд 4,943,835.00 төгрөг, 2017 онд 2,705,100.00 төгрөг, 2018 онд 5,705,100.00 төгрөг нийт 13,354,035.00 төгрөг төлсөн. Нэхэмжлэлд дурдсан 4,094,428.00 төгрөг нь төлөлтийн зөрүү биш ногдлын зөрүү юм. Татварын улсын байцаагч нийт 1,133,254,696.10 төгрөгийн үнэлгээнээс тооцсон 6,799,528.20 төгрөгийн татвар, тооцоолол дээр үүссэн 2,705,100.00 төгрөгийн татвар хоёрын зөрүү 4,094,428.20 төгрөгийн татварыг 2017-2019 онуудад 12,283,284.60 төгрөгөөр, 2016 оны зөрүүд 1,855,693.20 төгрөг нийт 14,138,977.80 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар нөхөн ногдуулсан болно. Тухайн нөхөн татварт ногдох торгууль, алдангийг тус компанийн тайлагнасан дүн буюу 4,943,835.00 төгрөгийн ногдол, хяналт шалгалтаар тогтоосон 6,799,528.20 төгрөгийн ногдлын зөрүү 1,855,693.20 төгрөгөөс тооцсон байна. Өөрөөр хэлбэл торгууль, алдангийг зөвхөн 1,855,693.20 төгрөгөөс тооцсон. Иймд 3 сая төгрөгөөр давхардсан болон торгууль, алданги алдаатай бодогдсон асуудал байхгүй байна.
2. Нэхэмжлэгчийн усны төлбөрт 2018 онд 714 230 төгрөг, 2019 онд 714230 төгрөгийн төлбөрийг ногдуулж тайлагнаж төлсөн, тайланг дутуу хийж илгээснээс программ дээр ногдол үүсээгүй байгаа нь татварын улсын байцаагч нөхөн ногдуулахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд 2019 онд ногдол ороогүйгээс үүссэн илүү төлөлтийн 800,000 төгрөгөөс тухайн жилийн ногдол 714,230 төгрөгийг хасаж үлдэгдэл 85,770 төгрөгийг 2018 онд шилжүүлэн тооцож зөрүү 628,460 төгрөгт торгууль алданги тооцсон тооцоолол алдаагүй байна. 2016 оны усны төлбөрийн 714,230.00 төгрөгийг данс андууран улсын төсвийн 1200000 тоот дансанд төвлөрүүлсэн, тухайн төрлийн дансанд орлого бүртгэгдэж илүү төлөлт үүсээгүй, нийслэлийн төрийн сангийн данс байгаа тул манай алба данс хянах боломжгүй. Иймд андуурч тушаасан орлогыг Татварын ерөнхий газрын орлогын хяналт, буцаан олголтын хэлтэст албан бичгээр хандан бүртгүүлж, үлдэгдэл шилжүүлэх замаар дутууг хаах боломжтой байгаа болно. Тиймээс төлбөр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Төв түшээ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаартай актаар тогтоосон төлбөрийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, ус ашигласны төлбөрт тавигдсан нөхөн татвар, торгууль, алдангитай холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, актаар тогтоосон төлбөрийг бууруулахаар маргасан. Үүнд:
1/ 175,272,608 төгрөгийн бүртгэлийн үнэлгээ бүхий спорт зал, 124,009,598 төгрөгийн бүртгэлийн үнэлгээтэй ажилчдийн орон сууц, 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй худгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, бусад хөрөнгө-д бүртгэлтэй эдгээр хөрөнгүүд нь үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлэхэд Улсын бүртгэлийн газраас тавигддаг зарим шаардлагуудыг хангахгүй байсан, ажилчдын байрладаг зуны модон орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх заалт, Иргэний хуулийн 84.3-т заасан шаардлагыг хангаагүй (суурьгүй), мөн жуулчны бааз ажиллах үед ажиллагсад амьдран суудаг орон сууц тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-д заасан албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх хөрөнгө,
2/ актын үл хөдлөх хөрөнгийн татварын тооцооны хүснэгтэд компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 2017-2019 онуудад 450,850,000 төгрөгөөр тооцож тайлагнаснаар тусгасан байна. Энэ онуудад манай компани Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох хөрөнгөө 2016 онтой адил буюу 823,972,500 төгрөг гэж тайлагнаж, татвараа ногдуулж байсан, актын хавсралтад дурдсан тооцооллууд буруу,
3/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 2018 оны тайланд манай компани 5,705,100 төгрөгийн албан татвар төлсөн ба хяналт шалгалтыг тооцооллоор 1,094,428 төгрөгийн зөрүү буюу дутуу төлөлт гарахаар байтал 4,094,428 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тооцсоноос нөхөн татварын хэмжээ нь 3 сая төгрөгөөр давхардан тооцогдсон байна. Улмаар энэхүү алдаатай дүнгээс торгууль алданги бодогдсон,
4/ 2018, 2019 онд ус ашигласны төлбөр ногдуулж тайлагнаж, төлсөн. Актаар 2018 онд 714,230 төгрөгийн нөхөн төлбөр, 125,692 төгрөгийн торгууль, 188,538 төгрөгийн алданги, 2019 онд 714230 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан татварыг давхар ногдуулсан зэрэг үндэслэлээр маргаж байна.
4. Хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд
4.1. Хариуцагч "Төв түшээ" ХХК-ийн 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийгээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаартай актаар 2,376,186,161.2 төгрөгийн зөрчилд 17,393,579.20 төгрөгийн нөхөн татвар, 2,963,209.1 төгрөгийн торгууль, 1,844,078.2 төгрөгийн алданги, нийт 22,200,866.5 төгрөгийн төлбөр ногдуулсан. Уг актаас нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон ус ашигласны төлбөрт тавигдсан нөхөн татвар, торгууль, алдангитай холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, актаар тогтоосон төлбөрийг бууруулахаар нэхэмжлэл гаргасан.
4.2. Маргаан бүхий актаар "Төв түшээ" ХХК нь 200106-бусад үндсэн хөрөнгө хэсэгт бүртгэлтэй 10,000,000 төгрөгийн өртөгтэй худаг-1, 124,009,598.17 төгрөгийн өртөгтэй модон байшин-5, 175,272,608.00 төгрөгийн өртөгтэй спорт зааланд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэсэн үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. гэж, 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна., гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна., 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно., 7 дугаар зүйлийн 7.1-д Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө: 7.1.2. орон сууц, гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн 200106-бусад үндсэн хөрөнгө хэсэгт бүртгэсэн худаг-1, модон байшин-5, спорт заал-1 зэрэг хөрөнгүүд нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн данс бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь 2016-2019 онуудад 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй худаг, 124,009,598.00 төгрөгийн үнэлгээтэй ажилчдын орон сууц, 175,272,608.00 төгрөгийн үнэлгээтэй спорт заал гэсэн нийт 309,282,206.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14201203735 дугаартай нөхөн ногдуулалтын актын 309,282,206 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нөхөн татвар, торгууль, алданги, нийт 11,134,159.28 төгрөгийн төлбөр /2016-2019 онуудын 309,282,206 төгрөг х 4 жил=1,237,128,824 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,855,693.2х4 жил=7,422,772.9 төгрөгийн нөхөн татвар, 556,707.9х4 жил=2,226,831.8 төгрөгийн торгууль, 371,138.6х4=1,484,554.58 төгрөгийн алданги/-т холбогдох хэсэг хуульд нийцсэн, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
4.2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Төв түшээ ХХК нь 2016-2019 онуудын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар Албан татвар ногдуулсан эд хөрөнгийн үнэлгээ-тайлант жилийн дүн-823,972,500.00 төгрөг, ногдуулсан албан татвар 4,943,835 төгрөг гэж тус тус тайлагнасан. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төлөлтийн тооцоо[1]-нд 2016-2019 онуудад жил бүр татвар ногдох эд хөрөнгийн дүн-823,972,500 төгрөг, ногдуулсан албан татвар жил бүр 4,943,835 төгрөг, төсөвт төлсөн дүн 2016 онд 4,943,835 төгрөг, 2017 онд 2,705,100 төгрөг, 2018 онд 5,705,100 төгрөг, 2019 онд 2,705,100 төгрөг төлсөн тухай тэмдэглэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 823,972,500 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд 4,943,835 төгрөгийн албан татвар ногдуулж тайлагнасан, 2016 онд татвараа бүрэн төлсөн, 2017 онд 2,238,735 /4,943,835-2,705,100/ төгрөг, 2019 онд 2,238,735 /4,943,835-2,705,100/ төгрөгийн татвар дутуу төлсөн, 2018 онд төгрөгийн 761,265 татвар илүү төлсөн болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Маргаан таслах зөвлөл дээр хэлэлцэж байхад татварын мэдээллийн системтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн дүнг программ татаж чадахгүй тооцооллын зөрүү гараад байсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл татвар төлөгч 823 сая гээд тайлан илгээгээд байхад цаана нь 450 сая төгрөг гэж хүлээж аваад зөрүү гараад байгаа гэж, хариуцагч Г.Хатанбаатар үл хөдлөх хөрөнгийн татварын тайлангаа 823 сая төгрөг гэж гаргасан байхад систем дээр 450 сая гэж харагдаж байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Системийн алдаа эсэхийг тогтоож чадахгүй байгаа гэж тус тус тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгчийг барилга байгууламжид бүртгэлтэй 823,972,500 төгрөгийн өртөгтэй үл хөдлөх эд хөрөнгийн дүн, ногдуулах татварын дүнг бууруулж тайлан гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2016-2019 онуудад 823,972,500 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд 4,943,835 төгрөгийн албан татвар ногдуулж, 2016 онд 4,943,835 төгрөг, 2017 онд 2,705,100 төгрөг, 2018 онд 5,705,100 төгрөг, 2019 онд 2,705,100 төгрөг төлсөн, хариуцагчаас 2017, 2019 онуудын дутуу төлсөн 4,477,470 төгрөгийн /4,943,835-2,705,100=2,238,735х2 жил/ албан татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, талууд энэ талаар маргаагүйг байна.
4.3. Нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 2018 оны тайланд манай компани 5,705,100 төгрөгийн албан татвар төлсөн, хяналт шалгалтыг тооцооллоор 1,094,428 төгрөгийн зөрүү буюу дутуу төлөлт гарахаар байтал 4,094,428 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тооцсоноос нөхөн татвар 3 сая төгрөгөөр давхардан тооцогдсон. Улмаар энэхүү алдаатай дүнгээс торгууль алданги бодогдсон гэж маргасан.
Хариуцагч 14201203735 тоот нөхөн ногдуулалтын актын хавсралтаар 2018 оны Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоонд тайлангаар 450,850,000, шалгалтаар 6,779,528.2, зөрүү 4,094,428.2 төгрөг, төсөвт төлсөн татварын дүн 5,705,100, эцсийн тооцоогоор гарсан үлдэгдэл шалгалтаар 1,094,428.2 , зөрүү 4,094,428.2 төгрөг, торгууль 556,707.9, алданги 371,138.6 гэсэн тооцоолол хийж нийт 5,022,274.7 төгрөгийн төлбөр тогтоосон[2].
Нэхэмжлэгч нь 2018 онд барилга байгууламжид бүртгэлтэй 823,972,500.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөд 4,943,835 төгрөгийн албан татвар ногдуулж төлөхөөр тайлагнаж, тухайн татварт 5,705,100 төгрөгийн татвар төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 823,972,500.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө болон 200106-бусад үндсэн хөрөнгө хэсэгт бүртгэлтэй 309,282,206.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө, нийт 1,133,254,706 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөд 6,799,528.2 төгрөгийн албан татвар төлөхөөс 5,705,100 төгрөгийн татвар төлсөн тул 1,094,428.2 /6,799,528.2-5,705,100/ төгрөгийн нөхөн татвар, 328,328.4 төгрөгийн торгууль, 218,885.6 төгрөгийн алданги, нийт 1,641,642.2 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна. Иймд актаар тогтоосон 4,094,428.2 төгрөгийн нөхөн татвар болон торгууль, алданги, нийт 5,022,274.7 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгчийн төлөх үүрэг бүхий 1,094,428.2 төгрөгийн нөхөн татвар болон торгууль, алданги, нийт 1,641,642.2 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 3,380,632.5 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.4. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна: 6.1.1.хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно: 10.1.2.хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр гэж тус тус заасан.
Баянчандмань сумын байгаль орчны улсын байцаагчаас 2015 оны 9 сарын 14-ны өдөр 2015/001 тоот ус ашиглах эрхийн бичгийг нэхэмжлэгчид олгож, уг эрхийг жил бүр сунгаж байсан бөгөөд жилд 8613,5 м3 ус ашигласны төлбөрт 714,231 төгрөг төлөхөөр ус ашиглах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу 2018, 2019 оны ус ашигласны төлбөрийг төлсөн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10.1.2-д заасан үүргээ хугацаанд биелүүлсэн гэж үзлээ.
Актаар нэхэмжлэгчийг ус ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй гэсэн үндэслэлээр 2018 онд 714,230 төгрөгийн нөхөн төлбөр, 125,692 төгрөгийн торгууль, 188,538 төгрөгийн алданги, 2019 онд 714,230 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 1,742,690 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10.1-д заасантай нийцээгүй байна. Иймд төлбөр тогтоосон актын 1,742,690 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсанаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн Татварын улсын байцаагчийн 14201203735 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 22,200,866.5 төгрөгийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 5,123,322.5 /3,380,632.5+1,742,690/ төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 14201203735 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 5,123,322.5 /таван сая нэг зуун хорин гурван мянга гурван зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгөөр бууруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН