| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0353/З |
| Дугаар | 221/МА2026/0794 |
| Огноо | 2026-11-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0794
2026 11 20 221/МА2026/0794
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүн: Шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч
Нэхэмжлэлийн шаардлага:
“Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч С.Ц-д холбогдуулан Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Г.Э-ийн гаалийн үнэлгээг буруу гаргаж, 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гаалийн татварын хувь хэмжээг 17,033,335.32 төгрөг байхаар тооцож нэхэмжилсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, илүү төлсөн 10,910,041 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж, олгуулахыг даалгах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 853 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар
Хэргийн индекс: 128/2026/0353/3
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 853 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.1, 15 дугаар зүйлийн 15.2.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Оттомир” ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Г.Э-ийн гаалийн үнэлгээг буруу гаргаж, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гаалийн татварын хувь хэмжээг 17,033,335.32 төгрөг байхаар тооцож нэхэмжилсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, илүү төлсөн 10,910,041 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүгчийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “Гаалийн улсын байцаагч Г.Э уг мэдүүлгийг шалгахад нэхэмжлэгчийн гадаад шилжүүлгийн баримтын үнийн дүн зөрүүтэй, төлбөрийн зориулалт тодорхойгүй байсан тул хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, уялдуулан хэрэглэх аргаар үнэлгээ хийж, нийт 17,026,335.32 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна” гэж, үндэслэх хэсгийн 5-т “Гаалийн тариф, татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Гаалийн үнийг тодорхойлох арга гаапийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана”, 8.2-т “мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт хангалтгүй гэж үзвэл нэмэлт нотлох баримт гаргуулан авч болохоор”, 8.3-д “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно” гээд 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан”, 8.3.2-т "мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” гэж тус тус заасан” гэж мөн үндэслэх хэсгийн 6-т “Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнэ үнэн зөв, бодитой эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд бусад аргаар үнэлгээг тогтоох хуульд заасан бүрэн эрхтэй байна” гэж үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй бопгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гадаад шилжүүлгийн баримтын үнийн дүн зөрүүтэй, төлбөрийн зориулалт тодорхойгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 8.2-т заасны дагуу мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болох бөгөөд маргаантай зүйл болох мөнгө шилжүүлсэн баримтын дүн болон ирсэн барааны дүн өөр хоорондоо зөрүүтэй байгааг тодруулаагүй, экспортлогчоос буруу данстай нэхэмжлэл ирүүлснээс үүдэн уялдуулан хэрэглэх аргыг хэрэглэж, нэхэмжлэгчид 10,910.041 төгрөгийн татвар илүү төлсөнтэй холбоотой анхан шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт огт хийгдээгүй. Тухайн үйл баримтыг шүүх хуралдааны явцад тодруулаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн хавтаст хэргийн 220, 221 дүгээр талд Хаан банк ХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 76,950 юанийг шилжүүлэхдээ 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн МL251110 дугаартай “1,425 хайрцаг цай, нийт үнэ 76,950 юань” бүхий өөр нэхэмжлэхийг үндэслэж төлбөрийг шилжүүлсэн болох нь тоггоогдсон. Өөр нэхэмжлэхийг үндэслэж төлбөр шилжүүлсэнтэй холбогдох тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад баримтаар тодруулан өгсөн боловч шүүхээс экспортлогч талын буруу данстай нэхэмжлэл ирүүлсэн үйл баримт, мэдүүлэгч хэдий мөнгө шилжүүлсэн баримтын дүн болон ирсэн барааны дүн өөр хоорондоо зөрүүтэйг хурлын явцад тайлбартаа дурдсан. Энэ нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 8.3.1, 8.3.2-т заасан гаалийн үнийг тодорхойлоход ашигласан баримт зөрүүтэй ирсэн үйл баримтыг мэдүүлэгчийн зүгээс өөрчлөх боломжгүй. Мэдүүлэг хийх үедээ экспортлогчоос ирсэн алдаатай баримтыг бүрдүүлэлтийн явцад гаргаж өгөхөөс өөрөөр нотлох боломжгүй. Иймээс мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн үнийг үндэслэлгүй гэж тогтоон шийдвэрлэх нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
3.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал тайлбартаа “...БНХАУ-ын компаниас ирсэн нэхэмжлэхийн дансны дугаар буруу байсан учир залруулж, дахин нэхэмжлэх авч цайны төлбөрийг шилжүүлсэн, гэхдээ энэ 1,425 ширхэг цайны нэхэмжлэхийг улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргахдаа өгсөн гэж бодож байсан боловч буруу данстай нэхэмжлэгчийг өгсөн байсан...” гэж, мөн “...гаалийн байгууллагад бараа дагалдан ирсэн бичиг баримтын дутуу барааны үнийг мэдүүлж, улмаар банкны шилжүүлгийн баримтыг хавсаргасан. Гаалийн байцаагчаас мэдүүлсэн барааны үнэ болон шилжүүлсэн мөнгөн дүн хоёр зөрүүтэй байгааг тохируулах шаардлага тавьсны дагуу БНХАУ-ын нийлүүлэгч талтай холбогдон 1,944 юанийн зөрүүг тохируулахаар хандсан. Анхнаасаа 75,006 юаниар ирсэн барааг 76,950 гэж мэдүүлэх боломжгүй байсан ...” гэж тайлбар мэдүүлснийг шүүхээс нэхэмжлэгч өөрөө Гаалийн тариф, татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үнэн зөв, бодитой баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна” гэж үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “Захиргааны байгууллага болон гаалийн улсын байцаагч нь гаалийн бүрдүүлэлтийн болон гомдол хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн ирүүлсэн тухайн үеийн бичгийн баримтыг үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч “О” ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийх болон захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд холбогдох баримтыг өгөөгүй, сүүлд шүүхийн шатанд шинээр ирүүлсэн баримтууд нь хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргах тухайн үед байгаагүй тул хариуцагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.2-т “Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно” гэж заасны дагуу зөрүүтэй шийдвэр гаргахад хангалтгүй мэдээлэл илэрхий байхад мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулах авалгүй шууд хэлцлийн үнийн арга. Үүнтэй холбоотой шүүх дүгнэлт хийгээгүй, нэмэлт мэдээлэл мэдүүлэгчээс гаргуулан авсан тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн шийдвэрт дүгнэлт хийгээгүй, хэлцлийн үнийн аргыг гаалийн үнийг тодорхойлод ашигласан бичиг баримтад тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус үндэслэлээр хэрэглэх боломжгүй гэж үзэж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнийг тодорхойлсон үйл баримтад шүүхээс дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч гаалиар оруулж ирсэн бараанд илүү татвар төлж, хувийн хуулийн этгээдэд бодит хохирол учирсан нь тогтоогдож байхад шүүхээс мөн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.1-д заасны дагуу үнэн зөв, бодитой баримт бичиг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй үзэж байна.
Шүүхээс “Гаалийн улсын байцаагч нь нэхэмжлэгчийн мэдүүлсэн барааны гаалийн үнийг уялдуулан хэрэглэх аргаар тодорхойлохдоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Гаалийн ерөнхий даргын тушаалаар батлагдсан зааврыг баримтлан гаалийн мэдээллийн санд байршсан, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ижил савалгаатай (1,5 кг) шахмал ногоон цайны жишиг үнэтэй харьцуулан, уялдуулан хэрэглэх аргаар үнэлж, 17,026,335.32 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байн” гэж үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Гаалийн улсын байцаагч нь хэрэгт авагдсан баримтаар хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй болсон тухай баримт, тайлбар огт ирүүлээгүй, нэхэмжлэгчээс нэмэлт баримт огт шаардаагүй, зөвхөн мэдээлэл зөрсөн гэх шалтгааны улмаас хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй гэж үзэж, уялдуулан хэрэглэх аргаар 17,026,335.32 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан зааврыг баримтласан гэж үзэх боломжгүй.
Шүүхээс хэлцлийн үнийн аргаар гаалийн улсын байцаагч гаалийн үнийг тодорхойлох боломжгүй байсантай холбогдуулан үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчид учирсан бодит нөхцөл байдал, нотлох баримтыг үнэлээгүй, хэлцлийн үнийн аргыг хэрэгжүүлэх боломжгүй байсныг мэдээлэл зөрүүтэй гэх шалтгааны улмаас хэрэглэх боломжгүй байсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичиг, хэрэгт авагдсан баримтын хүрээнд “О” ХХК-ийн оруулж ирсэн барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “О” ХХК нь Гаалийн ерөнхий газар, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчид холбогдуулан Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Г.Энхтуяагийн гаалийн үнэлгээг буруу гаргаж, 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гаалийн татварын хувь хэмжээг 17,033,335.32 төгрөг байхаар тооцож нэхэмжилсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, илүү төлсөн 10,910,041 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж, олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас “...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгасан мэдээлэл, зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлохоор заасан байдаг. Тус бараанд бичиг баримтын шалгалт хийхдээ Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны А/30 дугаар, 2016 оны А/82 дугаар тушаалуудаар баталсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар” болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.2-т заасны дагуу уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнийг тодорхойлсон...” гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “О” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Hu компанитай 1425 хайрцаг шахмал ногоон цайг худалдан авах гэрээ байгуулан, гаалийн байгууллагад 02-1410858-26-I00001 дугаартай мэдүүлгээр мэдүүлжээ. Ийнхүү мэдүүлэхдээ мөнгө шилжүүлсэн баримт, ML25181 дугаартай гэрээ, ML251110 дугаартай үнийн нэхэмжлэх хуудас зэргийг хавсаргасан бөгөөд дээрх нэхэмжлэхийн нийт дүн 75,006 юань гэж заасан байх боловч ML25181 дугаартай гэрээний дагуу 76,950 юань шилжүүлсэн нь “Хаан банк”-ны гадаад шилжүүлгийн маягтаар тогтоогдож байх төдийгүй гэрээний дугаар, нэхэмжлэхийн дугаар зөрүүтэй үйл баримт тогтоогдож байна.
4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно:”, 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол;”, 8.4-т “Энэ хуулийн 8.3-т заасан тохиолдолд гаалийн байгууллагын өөр аргаар тодорхойлсон үнээс гаалийн болон бусад татварыг ногдуулж, мэдүүлэгчээр төлүүлнө”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн”, 15.2-т “Уялдуулан хэрэглэх үнийн аргыг дараахь хоёр арга замаар хэрэгжүүлнэ:”, 15.2.1-д “гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргуудын шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх:”, 15.2.1.2-т “нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах;” гэж,
Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны А/30 дугаар тушаалаар баталсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ын 1.1-д “Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалгах, шаардлагатай тохиолдолд мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар гаалийн үнийг тодорхойлох, үүнтэй холбогдон гарах гомдол, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг оновчтой болгоход энэ зааврын гол зорилго оршино” гээд 2.7-д “уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэнэ”, 2.7.1-д “импортолсон барааны тодорхойлолт, тоо хэмжээг харуулсан үнийн нэхэмжлэх, бараа боодлын жагсаалт”, 2.7.2-т “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан мэдээлэл” гэж тус тус заасан бөгөөд өмнөх аргуудаар гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийг аргыг ашиглахаар тус тус заажээ.
5. Үүнээс үзэхэд, гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалгах эрхтэй бөгөөд ийнхүү шалгах явцад гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтад тусгасан мэдээлэл зөрүүтэй, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй энэ тохиолдолд хариуцагчаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ижил савлагаатай шахмал ногоон цайны жишиг үнэтэй харьцуулан, уялдуулан хэрэглэх аргаар үнэлж, “О” ХХК-ийн гаалийн татварт 17,026,335.32 төгрөг ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэх, гэрээний үнийн дүн зөрүүтэй, Үнийн мэдээллийн сан дахь тухайн бараатай нэг төрлийн барааны хэлцэл байхгүй энэ тохиолдолд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.6-д заасан өөр аргыг ашиглах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “өмнө нь нэхэмжлэгч нь энэ төрлийн цайг оруулж ирсэн бүртгэл манайд бүртгэгдээгүй учир уялдуулан хэрэглэх үнийн аргаас өөр арга хэрэглэх боломжгүй байсан” гэж тайлбарласныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
7. Мөн нэхэмжлэгчээс “...Гаалийн мэдүүлэгт дагалдаж ирсэн гэрээ, нэхэмжлэхийн үнийн дүнгээр буюу 75,006 юань гэж үнэлж, шилжүүлгийн баримт дээр байгаа барааны үнээс илүү гарсан 1944 юанийг зөрүү гэж үзвэл нэмэгдэх зардал дээр 1,944 юань, үндсэн цайны үнэ болох 75,006 юань дээр нэмж гаалийн татварыг төлүүлэх боломжтой байсан” гээд илүү төлсөн 10,910,041 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар маргаж байх боловч гаалийн татварын бүрэн төлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ