Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч  Б.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтүвшингийн Хатанбаатарт холбогдох эрүүгийн 201619000652 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1986 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баянхошуу гудамжны 5 дугаар хороо, 91-09 тоотод оршин суух хаягтай,  Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Энхтүвшингийн Хатанбаатар РД/НФ:86061211/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Э.Хатанбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэцогт сумын нутагт иргэн Ж.Сайнбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар баруун гараараа зүүн эрүүн тус газар нь нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Э.Хатанбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд байх Төмөрхуягийн машины ард Э.Баттулга бид хоёр суугаад зогсож байтал Бат-Эрдэнэ гэдэг залуу цонх тогшоод машинд орж суусан. Баттулгатай тэр залуу юм ярьж байгаад гэнэт хоорондоо маргалдаж бие биенээ заамдаад авахаар нь би тэр хоёрыг машинаас буулгаад салгах гээд байж байтал хажуунаас Сайнбаатар гэдэг залуу согтуу ирээд

миний хоёр хөлийн шилбэ рүү өшиглөхөөр нь “чи болиоч” гэхэд болихгүй байхаар нь баруун гараараа түлхэх гэтэл Сайнбаатарын зүүн шанаа тус газар нь 1 удаа цохигдсон. Сайнбаатар бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Сайнбаатарт эмчилгээний зардалд нь 1 043 230 төгрөгийг төлсөн. Сайнбаатар надаас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэж хэлсэн. Хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Сайнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бат-Эрдэнэ гэдэг найзтайгаа 2 литрийн Нийслэл пиво уучхаад явж байтал аадар бороо орохоор нь найз Атарбаярын машинд орж суусан. Харин  Бат-Эрдэнэ  тэр машинд суулгүй тэндээ үлдсэн. ....Бат-Эрдэнэ, Баттулга хоёр бие биенээ цохиж аваад өшиглөлцөөд байхаар нь би машинаас бууж ирээд тэр хоёрыг салгах гэж байтал Баттулгын ирсэн хар машинаас Хатанбаатар гэдэг залуу бууж ирээд Бат-эрдэнэтэй барилцаад авсан. Би Баттулгыг салгах гэж байснаа болиод Хатанбаатар, Бат-Эрдэнэ хоёрын дундуур ороод Хатанбаатарыг түлхтэл Хатанбаатар миний хоёр гарнаас барьж аваад баруун  гараараа миний зүүн шанаа, эрүү орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид нар дахин маргалдаж зодолдолгүй салсан. Би юм ууж идэж чадахгүй хөндүүрлээд байхаар нь хотод ирээд зургийг нь авхуултал зүүн эрүүний яс хугарсан байсан. Хатанбаатар намайг мэс засалд орсны дараа ирээд надаас уучлал гуйж  130 000 төгрөг өгөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/

 

Гэрч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн:  Хатанбаатар, Баттулга нар согтуу байсан бөгөөд би Бат-Эрдэнэ, Баттулга нарыг салгах гээд байж байхад Хатанбаатар Сайнбаатарыг дайрахад нь хориод байгаа харагдсан. Дараа нь сонсоход Хатанбаатар Сайнбаатарын зүүн шанаанд нэг удаа цохиж гэмтээсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/

 

Гэрч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Сайнбаатар, Бат-Эрдэнэ нарын хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг гэртээ байж байхад Хатанбаатар Сайнбаатарын эрүүг нь цохиж гэмтээсэн юм  шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төв дээр найз Сайнбаатар болон бусад найз нартайгаа  пиво хувааж уугаад байж байтал аадар бороо орсон. Сайнбаатар микронд орж суугаад би Төмөрхуягийн машинд орж суусан. Тэгтэл тэр машинд байсан Баттулга гэдэг залуу намайг эцгийнхээ толгойг залгисан энэ тэр гэж доромжлоод байхаар нь би түүнтэй маргалдаад машинаас буусан. Бидэнтэй хамт явж байсан Хатанбаатар гэдэг залуу бид  хоёрыг боль боль  гээд салгаж байтал Сайнбаатар гэдэг залуу машинаас бууж ирээд Хатанбаатарын бөгсрүү өшиглөж, баруун гарнаас нь татахад Хатанбаатар эргэж хараад баруун гараа мулт татаж аваад баруун гараараа Сайнбаатарын зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж авч байгаа харагдсан. Сайнбаатар надруу яриад Хатанбаатарт цохиулчихсан чинь эрүү эвгүй болчихлоо гэж байсан. Дараа нь сонсоход хот орж үзүүлэхэд нь эрүүний яс нь хугарсан байсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

 

 

Гэрч Ц.Ундармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цагийн орчимд намайг гэртээ очиход манай хүү Сайнбаатар гэртээ ганцаараа хэвтэж байсан бөгөөд зүүн талын эрүү орчим нь хавдсан байдалтай байсан. Би яасныг асуухад Хатанбаатар гэж хүн зүүн талын эрүү рүү цохисон гэж байсан. Маргааш нь эрүү нь хавдаад байхаар нь хот орж үзүүлтэл эрүүний яс нь хугарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 432 тоот:

-Ж.Сайнбаатарын биед доод эрүү зүүн талд хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

  • эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар нь эмчилгээнээс хамаарна.

-КТГ-д илэрсэн хуучин гэмтлийг хамааруулсангүй гэх дүгнэлт /хх-ийн  30 хуудас/

 

Шинжээч эмч И.Ганболорын мөрдөн байцаалтанд өгсөн: Ж.Сайнбаатарын доод эрүүний зүүн талд хойд талын их араанаас их бие улмаар эрүүний өнцөгрүү үргэлжилсэн бага зэргийн зөрүүтэй ташуу хугаралттай байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл юм гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Хатанбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэцогт сумын нутагт иргэн Ж.Сайнбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар баруун гараараа зүүн эрүүн тус газар нь нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч  Э.Хатанбаатарын...би тэр хоёрыг машинаас буулгаад салгах гээд байж байтал хажуунаас Сайнбаатар гэдэг залуу согтуу ирээд миний хоёр хөлийн шилбэ рүү өшиглөхөөр нь чи болиоч гэхэд болихгүй байхаар нь баруун  гараараа түлхэх гэтэл Сайнбаатарын зүүн шанаа тус газар нь 1 удаа цохигдсон гэх мэдүүлэг хх-ийн   хуудас/ хохирогч Ж.Сайнбаатарын...Бат-Эрдэнэ, Баттулга хоёр бие биенээ цохиж аваад өшиглөлцөөд байхаар нь би машинаас бууж ирээд тэр хоёрыг салгах гэж байтал Баттулгын ирсэн хар машинаас Хатанбаатар гэдэг залуу бууж ирээд Бат-эрдэнэтэй барилцаад авсан. Би Баттулгыг салгах гэж байснаа болиод Хатанбаатар, Бат-Эрдэнэ хоёрын дундуур ороод Хатанбаатарыг түлхтэл Хатанбаатар миний хоёр гарнаас барьж аваад баруун  гараараа миний зүүн шанаа, эрүү орчимд нэг удаа цохисон. гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, гэрч Б.Төмөрхуягийн: .....би Бат-Эрдэнэ, Баттулга нарыг салгах гээд байж байхад Хатанбаатар Сайнбаатарыг дайрахад нь хориод байгаа харагдсан. Дараа нь сонсоход Хатанбаатар Сайнбаатарын зүүн шанаанд нэг удаа цохиж гэмтээсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/, гэрч Н.Алтанхуягийн.... Намайг гэртээ байж байхад Хатанбаатар Сайнбаатарын эрүүг нь цохиж гэмтээсэн юм  шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнийн ..... Бидэнтэй хамт явж байсан Хатанбаатар гэдэг залуу бид  хоёрыг боль боль гээд салгаж байтал Сайнбаатар гэдэг залуу машинаас бууж ирээд Хатанбаатарын бөгсрүү өшиглөж, баруун гарнаас нь татахад Хатанбаатар эргэж хараад баруун гараа мулт татаж аваад баруун гараараа Сайнбаатарын зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж авч байгаа харагдсан. Сайнбаатар надруу яриад Хатанбаатарт цохиулчихсан чинь эрүү эвгүй болчихлоо гэж байсан. Дараа нь сонсоход хот орж үзүүлэхэд нь эрүүний яс нь хугарсан байсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/, гэрч Ц.Ундармаагийн.... намайг гэртээ очиход манай хүү Сайнбаатар гэртээ ганцаараа хэвтэж байсан бөгөөд зүүн талын эрүү орчим нь хавдсан байдалтай байсан. Би яасныг асуухад Хатанбаатар гэж хүн зүүн талын эрүү рүү цохисон гэж байсан. Маргааш нь эрүү нь хавдаад байхаар нь хот орж үзүүлтэл эрүүний яс нь хугарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн....Ж.Сайнбаатарын биед доод эрүү зүүн талд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн  30 хуудас/, шинжээч эмч И.Ганболорын ....Ж.Сайнбаатарын доод эрүүний зүүн талд хойд талын их араанаас их бие улмаар эрүүний өнцөгрүү үргэлжилсэн бага зэргийн зөрүүтэй ташуу хугаралттай байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой /хх-ийн 33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тул шүүгдэгч Э.Хатанбаатарыг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд хуульд зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирлын талаар: Хохирогч Ж.Сайнбаатар нь  Э.Хатанбаатар нь эмчилгээний зардалд 1 043 230 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн, А.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

Шүүгдэгч  Э.Хатанбаатар нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь түүний ял  шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Хатанбаатарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Э.Хатанбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан хохирогч Ж.Сайнбаатарын  эрүү, нүүрний хоёр ширхэг рентген зураг хураагдан ирсэн байгааг Ж.Сайнбаатар буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн Э.Хатанбаатарын эзэмшлийн 850 000 төгрөгийн үнэлгээ бүхий БСБ маркийн 2 хаалгатай хөргөгч нэг ширхэг, 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий бүрэн автомат угаалгын машин нэг  ширхэг, 50 000 төгрөгийн  үнэ бүхий ус буцалгагч нэг ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч  Э.Хатанбаатар нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

     Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхтүвшингийн Хатанбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Хатанбаатарыг  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Хатанбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Хатанбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацагаар хорих ялыг 1/нэг/ жилийн  хугацаагаар  тэнсэж хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Э.Хатанбаатарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Э.Хатанбаатар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биелчлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Э.Хатанбаатарын эзэмшлийн 850 000 төгрөгийн үнэлгээ бүхий БСБ маркийн 2 хаалгатай хөргөгч нэг ширхэг, 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий бүрэн автомат угаалгын машин нэг  ширхэг, 50 000 төгрөгийн  үнэ бүхий ус буцалгагч нэг ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Э.Хатанбаатар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Ж.Сайнбаатарын эрүү, нүүрний 2 ширхэг рентген зургийг Ж.Сайнбаатарт буцаан өгөхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хатанбаатарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Хатанбаатарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ШҮҮГЧ                             Ж.МӨНХТУЯА