Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1183

 

МАГАДЛАЛ

 

2018.05.21                                                 Дугаар 1183                                    Улаанбаатар хот

 

 

 

 

“Ж ш у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/00415 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж ш у” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ч, Б.А нарт холбогдох,

 

Бараа бүтээгдэхүүн дутагдуулсны төлбөрт 12 654 620 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

19 410 828 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.А,

Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ч, Б.А нар нь Ж ш у ХХК-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого 12 654 620 төгрөг дутаасан тул Б.Ч, Б.А нараас 12 654 620 төгрөг гаргуулж өгнө үү. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч Б.Ч нь эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн тул эвлэрүүлэн зуучлал хийхээс татгалзсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл нь шүүх хянан шийдвэрлэхээр заасан маргаан бөгөөд хариуцагч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Ч, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оноос эхлэн ажилчнаар орж ажиллаж байгаад 2011 оноос Наран туул зах дээр компанийн эзэмшлийн 1 дүгээр павилонд 2015 оны 11 сар хүртэл зогсож бараа борлуулсан бөгөөд энэ хугацаанд гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлж өгсөн төлөвлөгөө нормын дагуу борлуулалтыг давуулан хийж ажиллаж ирсэн. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос эхлэн борлуулалтын ажилтнаар орж ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед эхнэр бид 2 хамт ажилладаг байсан. Миний хувьд тэр павилон дээр зогсож барааг ачиж зөөвөрлөдөг байсан болохоос биш хэдэн төгрөгний, хичнээн бараа хүлээн авч, хэд нь зарагдсан эсэх талаар мэдэхгүй. Надад хүлээлгэж өгсөн бараа байхгүй, надтай тооцоо хийж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2011 оноос Наран туул зах дээр байдаг компани павилон дээр бараа борлуулдаг болсон гэхдээ компани бид нарын хооронд гэрээ байгуулж сар тутамд борлуулалтынхаа 10 хувиар цалинждаг байсан. Уг цалингаас 10 хувийг эрсдлийн сангийн мөнгө гэж суутгаж авч үлддэг байсан. Эрсдлийн сангийн мөнгө нь борлуулалтаас учирч болох эрсдлээс хамгаалах зорилготой юм. Тус компани нь 2015 онд павилоноо зарсан. Түүнээс хойш бид нарын борлуулалтын ажилд доголдол гарч өөрийн гэсэн байр байхгүй болохоор зарим хүмүүс авсан барааныхаа үнийг өгөхгүй алга болж бид харилцагчаасаа мөнгөө авч чадахгүй байдалд хүрээд энэ дутагдал үүссэн. Гэтэл түүнээс хойш компани зүгээс бид нарыг айлган сүрдүүлж, шахаж шаардаж байгаад манай нөхөр Б.А эзэмшлийн машиныг төлбөрийнхөө барьцаанд тавь гэж тулгасан. Бид хууль мэдэхгүй учраас машинаа компани дээр авчирч өгөхөд нэг өдөр Б.А дуудаж ирүүлээд манай машиныг зарна. Чи энэ машин зардаг ченж залууд итгэмжлэл хийж өг. Энэ хүн бол машин сайн зардаг. Та 2 бол зарж чадахгүй гэж хэлэхээр нь машинаа 18 000 000 төгрөгөөс доош үнээр өгөхгүй гэж манай нөхөр хэлсэн гэдэг. Надаас асуухад нь ч би тэгж хэлсэн. Гэтэл компани бид нарын саналыг харгалзахгүйгээр иргэн миний хувийн өмчийг дур мэдэн зарсан нь гэмт хэрэг гэж үзэж байна. Учир нь манай машин бол 2012 онд Монголд орж ирсэн гамтай эдэлсэн тэрэг байсан. Энэ машин хаана ч барьцаанд тавигдаагүй зөвхөн манай эзэмшлийнх юм. Тухайн үед яг ийм машин доод тал нь 18 000 000 төгрөгөөр зарагдаж байсан боловч компани      13 300 000 төгрөгөөр зарсан байна. Иймд зөрүү нь 4 700 000 төгрөг болж байна. Бид нарын хувьд сардаа байнга 55 000 000 төгрөгнөөс дээш төгрөгний борлуулалт хийдэг байсан. Жилдээ эрсдлийн сангийн мөнгө нь 3 000 000 төгрөг хүрсэн бол зогсооно гэсэн заалт гэрээнд байгаа. Баримтаар бодож үзэхэд жил болгон 3 000 000 төгрөг хадгалагдах ёстой. Би Наран туул зах дээр компанийн барааг борлуулаад 5 жил болсон би энэ ажиллах хугацаандаа тус компанд 5 959 486 504 төгрөгийн борлуулалт хийж өгсөн жил болгон гэрээнд заасан борлуулалтын хэмжээг давуулдаг байсан. Иймд өөрт байгаа баримтаас cap, жил, бүх нийт ажилласан жилүүдийн эрсдлийн сангийн мөнгийг тооцож үзэхэд 14 710 823.1 төгрөг болж байгаа. Миний эрсдлийн санд хуримтлагдсан энэ мөнгө миний гаргасан дутагдлаас хасагдаагүй байгаа тул эрсдлийн сангийн мөнгө 14 710 823.1 төгрөг, машины зөрүү мөнгө 4 700 000 төгрөг, бүгд 19 410 828.1 төгрөгийг Ж ш у" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг манай компанийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар сөрөг нэхэмжлэл нь 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон түүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа учир дээрх сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар манай компанийг 2011 оноос гадаадын хөрөнгө оруулалттай болсон гэж бичсэн байдаг. Манай компани нь компанийн гэрчилгээ, дүрэмд зааснаар 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрйиг хүртэл Ш.Дашдоржийн өмчийн компани юм.

Сөрөг нэхэмжлэлд борлуулалтын 10 хувиар цалинждаг байсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд борлуулалтын 1.5, 2.0, 2.5%-ийн цалин авдаг байсан болохыг Хөдөлмөрийн гэрээний хавсралт Борлуулагчийн ажиллах журам-ын 12 дугаар зүйлээс харж болно. Манай компани борлуулагч нартай барьцааны гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг. Б.Ч, Б.А нартай танилын холбоотой байсан учраас тэдэнд итгэж найдан ямар ч барьцаа хөрөнгө шаардалгүйгээр зөвхөн цалингийн 10%-ийг эрсдлийн санд хуримтлуулан ажиллаж байсан. Эрсдлийн сан  3 000 000 төгрөг болмогц цалингаас эрсдлийн сан суутгалгүйгээр бүрэн олгодог байсан. Сар бүрийн 20-ны өдөр тооцоо дуусгаж, тооллого хийн дараагийн сарын борлуулалт эхэлдэг байсан боловч Б.Ч нь 2014 оны 8 сараас эхлэн тооцооны байнгын дутагдалтай, компанийн мөнгө болон бараа эргэлтийн хэвийн хэмжээг алдагдуулдаг болсон бөгөөд, ийм нөхцөлд цаашид хамтран ажиллахад хүндрэл үүсч байгааг удаа дараа сануулж байсан. Б.Чтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хавсралт хэсэг болох Борлуулагчийн ажиллах журам-ын 13 дугаар зүйлд зааснаар борлуулагчийн цалингийн 10 хувийг эрсдлийн санд суутгаж авах бөгөөд үнийн дүн нь 3 000 000 хүрсэн үед зогсооно гэсэн заалтыг манай компанийн зүгээс бүрэн хэрэгжүүлж ажилладаг бөгөөд Б.Чийн хувьд байнгын дутагдал үүсгэдэг байсантай холбогдуулан эрсдлийн сангийн мөнгийг үргэлжлүүлэн суутгаж байсан болно. Бид хугацаа алдахгүйн тулд машиныг нь зарж хохирлынхоо 13 300 000 төгрөгийг гаргаж авсан ба ямар нэгэн хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйлгүйгээр хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн хамгийн боломжит өндөр ханшаар худалдсан. Хариуцагч Б.Чийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь дээр дурдсанчлан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахгүй байх бөгөөд гаргаж буй шаардлагууд нь огт үндэслэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах гэсэн оролдлого гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж ш у ХХК-ийн хариуцагч Б.Ч, Б.А нарт холбогдуулан гаргасан        12 654 620 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Чийн нэхэмжлэгч Ж ш у ХХК-нд холбогдуулан гаргасан         19 410 828 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 420 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     255 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр ажилласан Улаанбаатар аудит ХХК-ийн ажлын хөлс 2 000 000 төгрөгөөс 1 210 000 төгрөгийг хариуцагч Б.Чээс, 790 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж ш у ХХК-иас гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрүүлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх явцад Б.Ч, түүний өмгөөлөгч Г.Н нар нэхэмжлэлийг хүлээн авч хариу тайлбар гаргахдаа компанид 28 000 000 төгрөг харилцагч нараасаа авч өгөх ёстой байсан нь үнэн гэх мэт тайлбар хийж байсан. Хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа баримт дээрхи гарын үсэг хуурамч, хувилан олшруулсан хэмээн мэдүүлж байсныг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шинжээч томилуулж гарын үсэг Б.Чийнх мөн баримтыг ямар нэгэн байдлаар хуулбарлан олшруудаагүй гэдгийг тогтоолгосон. Мөн хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгч нар шүүх хуралдааны явцад компанид мөнгө байсан эсэхийг асуухад өгөх ёстой байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хариуцагч Б.Чийн компанид ажилдаж байх хугацаандаа тооцооны дутагдалтай байсан, хөдөлмөрийн гэрээнд заасан харилцагчаа 100% тодорхойлж бэлэн мөнгөний болон зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг эргүүлэн авах эрсдэл зэргийг өөрөө 100% хариуцана гээд биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан байдаг. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ж ш у” ХХК нь хариуцагч Б.Ч, Б.А нарт холбогдуулан бараа бүтээгдэхүүн дутагдуулсны төлбөрт 12 654 620 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, 19 410 828 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар тус компанид борлуулагчаар ажиллаж байхдаа орлого 12 654 620 төгрөгийг дутаасан...” гэсэн бол хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...барааг ачиж зөөвөрлөж байсан, хүлээн авч байгаагүй гэж, хариуцагч Б.Ч нь барааны дутагдал гаргаагүй...” гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2012 оны 3 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажиллуулж байсан, 2015 оны 11 дүгээр сараас хариуцагч нар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаагүй гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нар хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад хохирол учруулсан гэж байгаа боловч нэхэмжлэлд заасан мөнгөн дүнгийн тооцоолол, хариуцагч нарын татгалзал, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад Б.Ч нь харилцагчаас 40 791 108 төгрөгийн авлагатай гэж бичигдсэн байх ба энэ дүнгээс Б.Агийн эзэмшлийн авто машиныг зарж борлуулсан 13 300 000 төгрөгийг суутган төлбөрт авч, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгийг төлбөрөөс хасч, үлдэх төлбөр нь 12 654 620 төгрөгийг гаргуулах гэж шаардсан.

Шүүхээс томилогдсон шинжээч нь хариуцагч Б.Чийн борлуулалтын орлогыг 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааг хамруулан дүгнэлт гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй мөнгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б.Чт хэзээ, хэдэн төгрөгийн, ямар бараа хүлээлгэж өгсний үнийг төлөөгүй нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/00415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 217 425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ