Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 2024         03          12                                       2024/ШЦТ/261

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Дт холбогдох 2406 00741 0361 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван богд” ХХК-д цэнэгийн инженер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 34 дүгээр гудамжны А тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Тын Д /РД: /.

Хэргийн товч агуулга:      

Т.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Пүрэвдоржтой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохисон, мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Пүрэвдоржийн нүүрэн тус газарт цохиж зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны баруун булан эрүүнд зулгаралт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулах” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Т.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Пүрэвдоржтой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохисон, мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Пүрэвдоржийн нүүрэн тус газарт цохиж зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны баруун булан эрүүнд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Пүрэвдоржийн өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын хөшөөний зүүн талын мэдээлэл холбооны байрны автомашины зогсоол дээр салсан найз охины машиныг нэг танихгүй эрэгтэй унаад байж байхыг би харсан. Би тухайн үед салсан найз охинтойгоо уулзах гэж тэнд очсон байсан бөгөөд би тухайн үед машин дээр нь очоод хаалгыг нь нээгээд тэр эрэгтэй хүнтэй уулзах гэхэд Д гэдэг эрэгтэй байсан бөгөөд би тэр эрэгтэйг машинаасаа буугаад ир гэхэд “чадахгүй, чи хэн бэ” гэж хэлээд хаалга нь нээлттэй машинаа унаад хөдлөөд явсан. Багахан газарт явж байгаад гэнэт зогсоод машинаасаа буусан. Би очоод Дтэй заамдалцаад зогсож байсан. Тэгэхэд Д миний өөдөөс харж байгаад нүүр хэсэгт 2 удаа мөргөсөн, мөн миний баруун хөл рүү өшиглөөд хавирч унагаасан. Би тухайн үедээ Дийн баруун шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би газраас босоод эргээд зууралдаад байж байхад манай салсан найз охин болох Халиунаа /95278787/ гараад ирсэн. Бид хоёрыг дундуур салгах гэж ороод ихэвчлэн над руу дайрч давшлаад гар утсаараа миний духны баруун тал хэсэгт цохисон. Тэгээд зууралдаж байгаад салсан, Д нь машиндаа суугаад хаалгаа хаасан. Мөн бид хоёрыг салгасан хүмүүс дунд Дийн найз болох эрэгтэй байсан. Халиунаа харин цагдаа дуудаж байсан. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр очоод гомдол саналгүй гээд хоёр тийшээ салахаар болсон. Би Дтэй гарч яваад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр зогсож байгаад Дээс гар утасны дугаарыг нь асуухад надад” чадахгүй пизда минь” гэж хэлээд маргаан болсон үргэлжлүүлж бид хоёр нэгнээсээ заамдалцаад зогсож байхад миний хамар хэсэгт 2 удаа мөргөсөн, зүүн хацар хэсэгт 3 удаа цохисон, хоолой боосон. Тэр үед манай найз Гансүх хүрч ирээд бид хоёрыг салгаад би цагдаад гомдол гаргахаар болсон ...” гэх мэдүүлэг /хх.08,47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Халиунаагийн өгсөн: “... Би Жуковын хөшөөний баруун талд байрлах Хаан банканд ажилладаг юм. Тухайн өдөр манай найз залуу болох Д /94000429/ намайг авахаар 18 цагийн орчимд Жуковын хөшөөний зүүн талын зам дагуу машинтайгаа зогссон байсан. Би ажлын газрын эмэгтэй Мандахнарныцацрагтай /99262502/ хамт гарч очоод Дийн машинд суусан. Тэгэхэд манай хуучин найз болох Пүрэвдорж машины жолоочийн талаар ирчхээд машины хаалгыг нь нээгээд машинаас Дийг буулгах гээд нүүр ам руу нь цохиод зуурч татаад байсан, Д машинаасаа буучихсан. Тэгэхээр нь би араас нь очоод тэр хоёрыг зууралдаа байхаар нь салгачхаад цагдаа дуудсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд тухайн үед мэдүүлэг тайлбар гэж болж байгаад би гэртээ харьсан. Намайг явсны дараагаар тэр хоёр цагдаагийн хэлтсээс гарч байгаад Пүрэвдорж нь Дийг зуураад явуулахгүй, энэ тэндээс нь татаж чангаагаад байсан гэсэн бөгөөд тухайн үедээ салах гээд Д нь Пүрэвдоржийг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь Пүрэвдорж цагдаагийн хэлтэс рүү гүйж ороод би одоо гомдол гаргана гэж хэлж байсан гэсэн... Би М.Дийг Ц.Пүрэвдорж нь машинаас буулгах гэж байхдаа уруул хэсэгт 2-3 удаа цохиж байсан үйл явдлыг харсан. Өөр нэг нэгнээ цохиж байсан үйлдлийг хаагүй, миний харснаас хоорондоо зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Гансүхийн өгсөн: “... Би тус өдөр найзыгаа авах гээд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн урд талын автобусны буудал дээр байж байсан. Тэгэхэд Пүрэвдорж нь Д гэдэг хүнтэй маргалдаад зогсож байхыг нь харсан. Би тухайн үед гар утсаараа яриад байж байхад Д нь Пүрэвдоржийг гараараа толгой дээр нь дарж доош нь тонгойлгоод нэг гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Би тэгэхээр нь шууд очоод салгаад “юу болоод байна” гэж хэлээд хоёр тийш болгосон. Тэгэхэд Д нь над руу “чи хэн бэ, юу юм бэ” гээд цохих гээд орилоод байсан. Тэр үед Дийн нүдний шил газарт унасан байсан, нүдний шилээ аваад Офицеруудын ордны зүгт алхаад явсан. Пүрэвдоржийг харахад зүүн нүдний доод талд нь улайж хавдсан байсан. Пүрэвдорж цагдаад гомдлоо гаргахаар хэлтэс рүү орсон Би тэндээсээ салаад явсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Б.Ганзоригийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1753 дугаартай:

  1. Ц.Пүрэвдоржийн биед зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны баруун булан эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.26-28/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Дийн яллагдагчаар өгсөн: “... би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Пүрэвдоржийн өгсөн: “... Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй, эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.47/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Т.Дийн гаргасан хүсэлт /хх.53/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.54/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.Д өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Пүрэвдорж нь хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Дийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Дт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Дийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Тын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Пүрэвдорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР