| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/273 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/273
2024 03 14 2024/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Улсын Я.Амарзаяа /томилолтоор/,
Шүүгдэгч О.У, Т.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт О.Уыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00677 0348 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мон-Алтиус” дээд сургуульд оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 36-Б байрны 07 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,Бовогт Оийн У /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт амьдардаг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан овоо багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлэзж байгаагүй, Жаалайн Өлзийт овогт Тын М/РД: /.
Хэргийн товч агуулга:
О.У нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 4 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, улмаар хохирогч А.Бэхбатыг гараараа нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Т.Мнь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Бэхбатын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 4 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, гэрт байсан З.Оргилын биед халдан дураар аашилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “С.Төгөлдөрөөс гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 2-р байрны 4 тоотод согтуу хүн орж ирээд танхайраад байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хх.04/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1102 дугаартай:
1. А.Бэхбатын биед зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
6. А.Бэхбатын биед учирсан зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун хацрын цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бэхбатын өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын эхээр найз З.Оргил, С.Төгөлдөр нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны нэг өрөөг түрээсэлж эхэлсэн юм. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01:00 цагийн үед найз З.Оргил, С.Төгөлдөр нарын хамт гэртээ байж байсан чинь гэнэт хаалга онгойгоод шууд үл таних хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Орж ирээд шууд манай найз З.Оргилын нүүр хэсэг рүү миний биед халдсан залуугийн нөгөө залуу нь хоёр удаа цохисон. Тэгээд би салгах гэж яваад очсон чинь дунд зэргийн нуруутай, туранхай биетэй, шар царайтай, саарал цамцтай, жийнсэн өмдтэй залуу миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгээд араас нь нэг эмэгтэй орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Төгөлдөрийн өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед найз З.Оргил, А.Бэхбат нарын хамт түрээсэлж байсан байрандаа байж байсан чинь коридорт хажуу өрөөг түрээсэлдэг залуу, байр түрээслүүлэгч эгчтэй ярихдаа бид гурвыг өрөөндөө тамхи татдаг, дуу чимээ их гаргадаг гэж ярихаар нь би З.Оргилын хамт гарч очоод уулзсан чинь тухайн залуу нь шууд “би UFC тулаанаар хичээллэдэг хүн, хүсвэл би та нарын хамрыг хугалж чадна, хамар хугалбал 17.000.000 төгрөг болно” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан, гэхдээ тухайн үед бид нар маргалдаагүй, З.Оргил бид хоёр уучлалт гуйгаад гар бариад салсан, тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01:00 цагийн үед гаднаас нөгөө залуу, дахиад нэг залуугийн хамт шууд хаалга онгойлгоод орж ирээд З.Оргилын нүүр лүү нь бор царайтай, өндөр нуруутай залуу нь цохисон, би салгах гэж очсон чинь намайг өрөө түрээсэлдэг дунд зэргийн нуруутай залуу нь 4 удаа цохисон, тэгээд үргэлжлүүлээд А.Бэхбатын нүүр лүү цохисон, тэгсэн чинь араас нь тухайн өрөө түрээсэлдэг залуугийн эхнэр нь орж ирээд салгаад аваад гарч явсан. Би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн... Тэр өрөөг түрээсэлдэг залуу А.Бэхбат бид хоёрын биед халдсан, харин нөгөө залуу нь З.Оргилын биед халдсан юм. Бид гурав бол ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлж зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Оргилын өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед найз С.Төгөлдөр, А.Бэхбат нарын хамт түрээсэлж байсан байрандаа байж байсан чинь коридорт хажуу өрөөг түрээсэлдэг залуу, байр түрээслүүлэгч эгчтэй ярихдаа бид гурвыг өрөөндөө тамхи татдаг, дуу чимээ их гаргадаг гэж ярихаар нь би С.Төгөлдөрийн хамт гарч очоод уулзсан чинь тухайн залуу нь шууд “"би UFC тулаанаар хичээллэдэг хүн, та нарын хамрыг хугалж чадна шүү” гэх мэтийн зүйл ярьсан, тэгэхээр нь С.Төгөлдөр бид хоёр муудалцаагүй, уучлалт гуйгаад гар бариад өрөө өрөө лүүгээ орсон юм. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-с 04-нд шилжих шөнө 01 цагийн үед гаднаас нөгөө залуу, дахиад нэг залуугийн хамт шууд хаалга онгойлгоод орж ирээд шууд намайг өрөө түрээслүүлдэг залуугийн найз нь миний дух хэсэг рүү 2 удаа цохисон, тэгээд би тэр залуугийн хоёр гарыг бариад зогсож байсан чинь хажуу талын өрөөг түрээсэлдэг залуу А.Бэхбат, С.Төгөлдөр нарын нүүр лүү гараа атгаж байгаад цохиж байгаа харагдсан юм. Тэгээд би гарах гэтэл ардаас миний биед халдсан залуу татаад өмсөж байсан цамцыг маань урсан...” гэх мэдүүлэг /хх.38/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.42-45/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Уын яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ найз Мөнх-Эрдэнийн хамт архи ууж байгаад тамхи татахаар гарч тамхиа татчихаад буцаад өрөө лүүгээ орох гэж явж байгаад хажуу талын өрөө лүү орж хүмүүсийн биед халдсан юм. Би тухайн хүмүүсийг зүс таньдаг, хажуу айлд амьдардаг учраас зүс л таньдаг юм. Тэр хүмүүстэй урьд өмнө маргалдаж байгаагүй, би ягаан үстэй, шар царайтай залуугийн нүүр лүү нь 2-3 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх.52/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.96-97/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.102-103/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.105/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна, найз Уын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байх гэрт нь очиж 0.75 литрийн архи хувааж уусан. Ингээд дээшээ 3 давхарт гарч тамхи татчихаад буцаад буухдаа айлын хаалга андуурч ороод тэнд байсан залуучуудтай зодолдсон байсан. Болсон үйл явдлыг бол сайн санахгүй байна. Бусдын орон байранд дураараа нэвтэрч бусдын амгалан тайван байдал алдагдуулсандаа харамсаж байна. Үйлдсэн хэргээ ухаарч ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.106/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.54/,
Шүүгдэгч О.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.53/,
Шүүгдэгч О.Уын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.56/,
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.114/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
О.У нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 4 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, улмаар хохирогч А.Бэхбатыг гараараа нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Т.Мнь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Бэхбатын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 4 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, гэрт байсан З.Оргилын биед халдан дураар аашилсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт О.Уыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнх-Эрдэнийг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч А.Бэхбатын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.У нь хохирогч А.Бэхбатын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орон байр халдашгүй байна”, 2 дахь хэсэгт “Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” гэж тус тус заасан байна.
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг,
Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах, эд хөрөнгийг нь ашиглах, тухайн байранд тодорхой хугацаагаар амьдрах зэргийг тус тус ойлгоно.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу тухайн орон байранд хууль ёсоор амьдарч буй хүний зөвшөөрөлгүй орж дураараа авирласнаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.
Харин тухайн байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтэрч, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөр эрх ашигт мөн халдсан байх тул тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч О.У, Т.Мнар нь бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар маргаагүй болно.
Шүүгдэгч О.У, Б.Мнарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.Уыг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч А.Бэхбат нь баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч О.У, Т.Мнарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч О.У, Т.Мнар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч О.У, Т.Мнарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч О.Уад:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Шүүгдэгч О.Уад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.У, Т.Мнарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.У, Т.Мнарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У, Т.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч О.У, Т.Мнарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр тус тус үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчБовогт Оийн Уыг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Жаалайн Өлзийт овогт Тын Мөнх-Эрдэнийг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Уад:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Шүүгдэгч О.Уад:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.У, Т.Мнарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.У, Т.Мнарт сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У, Т.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Бэхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.У, Т.Мнарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР