Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1040

 

   

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2020/01040

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/00899/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 19а байрны 9 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:**/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дүгээр хороолол, * дугаар байрны ******* тоотод оршин суух Боржигон овогт *******ын ******* /РД:**/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар баг, * дүгээр хороолол,* дугаар байрны ** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:**/ нарт холбогдох,

 

Хариуцагч нарын зээлийн өр, төлбөрт төлсөн нийт 18,958,814 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.*******, Д.******* нарын удаа дараагийн хүсэлтийн дагуу тус нэмэр болж тэдний хийж буй ажилд эргэлтийн хөрөнгөөр тусалж байх зорилгоор өөрийн өмчлөлийн Дархан сумын 13-р баг, 1-р хорооллын 22-р байрны ******* тоот орн сууцыг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн дүү П.*******ын нэр дээр шилжүүлсэн. П.*******, түүний гэр бүл Д.******* нар уг байранд амьдарч, бусдад түрээслэн орлогын эх үүсвэр болгож, мөн орон сууцыг удаа дараа мөнгөний зээлийн барьцаанд тавин жил амьдралаа залгуулж ирсэн байдаг. Гэтэл П.*******, Д.******* нар намайг удаа дараа залилан, амлах, худал ярих, авсан зээлийн үлдэгдлээ дараагийн зээлээр төлөх, зээлийн үлдэгдлээ ихэсгэж үүсгэх болсон төдийгүй уг байрыг минь Капитрон банкны зээлийн барьцаанд тавьж банктай байгуулсан зээлийн гэрээгээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж явсныг би мэдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ хийлгэсэн. Гэсэн ч энэ бүхнийг П.*******, Д.******* нар огт хэрэгсэхгүй өдий хүрлээ. Өөрийн байрыг банкны зээлийн барьцаанд алдчихгүйн тулд П.******* би П.*******, Д.******* нарын Капитрон банкнаас авсан 3006-2017/30 тоот зээлийн үлдэгдэл болох 18,958,814.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Капитрон банкинд төлж барагдуулсан. Иймд хариуцагч П.*******, Д.******* нараас 18,958,814 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.*******, Д.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие П.******* нь 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төрсөн ах болох П.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 22-******* тоот 28 мкв 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байсан. 2009 оноос эхлэн Олон улсын худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулах гэтэл бараа зээлээр нийлүүлдэг хариуцагч байгууллагуудаас хөрөнгийн баталгаа шаардлагатай гэсэн тул байдлаа өөрийн ах П.*******д учирлан тайлбарлаж хэлэхэд дээрх 28 мкв 2 өрөө орон сууцыг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж миний өмчлөлд шилжүүлж, уг байрыг надад бэлэглэсэн. Тухайн үед бид хоёрын харилцаа сайн, үргэлж бие биедээ тус дэм болдог байсан.

Ингээд нөхөр Д.******* бид хоёр ахын туслалцаа дэмжлэгээр 2013 онд Капитрон банкнаас бизнесийн зээл болох 31,000,000 төгрөгийг өөрийн орон сууцыг барьцаалан зээл авч цаг тухайд нь төлж дууссан. Дахин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Капитрон банктай зээлийн гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийг зээлэн авч, зээлийн төлөлтийн графикийн дагуу төлөөд явж байсан боловч 2018-2020 оны хооронд миний бие өмчний улмаас эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж улмаар байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон учир байсан бүх мөнгөө эмчилгээнд зарцуулаад дуусдаг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас улирлын чанартай бизнес маань доголдож, цаашлаад банкны зээлээ ч төлж чадахааргүй болсон. Уг нөхцөл байдлаа Капитрон банкинд зээлийн гэрээ дуусахаас өмнө өөрсдийн гачигдал, эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт хэвтэж байгаа бичиг зэргийг хавсаргаж зээлийн хугацааг сунгах тухай хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг маань хүлээн авалгүй шүүхэд өгсөн байсан.

Нөхөр бид хоёр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу зээл авснаас хойш 2018 оны сүүл хүртэл нийт 16,000,000 төгрөг төлсөн байхад үүнээс зээлийн хүүнд 11,999,000 төгрөг, үндсэн зээлд 4,350,769 төгрөг л хасагдсан байсан. Гэтэл Капитрон банк шүүхэд 19,938,566 төгрөг нэхэмжилж байсан ба бидний хувьд хэт хохиролтой байна хэмээн маргасан ба уг маргаан нь ч үндэслэлтэй байсан.

Өөрөөр хэлбэл зээлдэгч зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т ...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.4-т ...Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгч банк зээлийн хүүнд биш зээлийн төлбөрт суутгаж авах үүрэгтэй байсан.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлдэгчээс төлсөн нийт 3,427,145 төгрөгийг үндсэн зээлд биш, хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан нь хууль зөрчсөн байсан тул бид уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаад явж байсан. Гэтэл ах П.*******аас огт зээл хаагаад өгөөч гэж гуйгаагүй байтал өөрөө сайн дураараа Капитрон банкинд очин банкны тооцоогоор гаргасан зээлийн үлдэгдэл болох 18,958,815 төгрөгийг төлж улмаар дээрх маргаан дууссан.

Хэрэв ах П.******* нь сайн дураар бидний зээлийн үлдэгдлийг төлөөгүй байсан бол бид Монгол улсын дээд шүүх хүртэл өөрсдийн эрх ашгаа хамгаалж, банкны буруутай үйл ажиллагаа болох 3,427,145 төгрөгийг хууль зөрчиж хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасныг зөвтгүүлж үндсэн зээлээс хасуулах бүрэн боломжтой, үндэслэлтэй байсан гэж харж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 3,427,145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч П.*******, Д.******* нарт холбогдуулан 18,958,814 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...төрсөн дүү П.*******т өөрийн өмчлөлийн Дархан сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны ******* тоот орон сууцыг туслах зорилгоор түр хугацаанд бэлэглэлийн журмаар шилжүүлсэн бөгөөд тус байрыг П.******* болон түүний нөхөр Д.******* нар Капитрон банкнаас зээлсэн 21,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад зээлээ төлөөгүйгээс шүүхийн шийдвэрээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарч, би байраа алдахад хүрсэн. Байраа алдахгүйн тулд аргагүй байдлын улмаас банкны зээлийн өр болох 18,958,814 төгрөгийг төлж байраа суллан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Иймээс төлсөн мөнгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч П.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, харин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хариуцагч П.*******, Д.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 3,427,145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд энэхүү татгалзлынхаа үндэслэлийг ...Капитрон банк нь 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг зээлийн хүүнд биш үндсэн төлбөрт суутгаж авах үүрэгтэй байхад зээлдэгчээс төлсөн 3,427,145 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан нь хууль зөрчсөн. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах шатны журмаар гомдол гаргаад явж байхад ах П.******* өөрөө, сайн дураараа зээлийн үлдэгдэл 18,958,815 төгрөгийг төлсөн. Хэрэв ах төлөөгүй бол 3,427,145 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах боломжтой байсан гэж тайлбарлажээ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 589 дугаартай шийдвэрээр хариуцагч П.*******, Д.******* нараас нийт 19,777,723 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-ийн Дархан салбарт олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зориулалттай Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 28,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийн дагуу хариуцагч нарын Капитрон банканд төлөх төлбөрт 18,958,815 төгрөгийг нэхэмжлэгч П.******* төлсөн болох нь хэрэгт авагдсан Капитрон банкны 2020 оны 06 сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх-7 дугаар тал/, Капитрон банкны 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 3006-20/362 дугаартай тодорхойлолт /хх-8 дугаар тал/, гэрч Т.ын ... Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд зээлэгч П.*******ын төрсөн ах П.******* зээлийн төлбөрийг төлсөн. Учир нь П.*******ын үл хөдлөх эд хөрөнгө нь П.*******, Д.******* нарын зээлийн барьцаанд байсан тул хөрөнгөө чөлөөлж авах зорилгоор зээлдэгч П.*******, Д.******* нарын зээлийг төлж хаасан гэсэн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч нарын зээлийн төлбөрийг төлсөн үндэслэлээ ...өөрийн өмчлөлийн орон сууцаа алдахгүйн тул аргагүй байдлын улмаас төлж, барьцаанд байсан орон сууцаа чөлөөлж, өөрийн нэр дээр 2020 оны 06 сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал энэхүү үндэслэлийн талаар маргаагүй, харин тухайн зээлийн төлбөрийг төлөөгүй байсан бол шүүхийн шийдвэрт хуульд заасан гомдол гаргаж, төлөх төлбөрөөс 3,427,145 төгрөгийг хасуулах байсан гэж тайлбарласан байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан П.*******ын 2017 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч П.*******д гаргаж өгсөн баталгаа гэх баримтаар дээр дурдсан шүүхийн шийдвэрт заасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч П.*******ын хөрөнгө байсан, нэхэмжлэгч нь тухайн хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхийн тулд хариуцагч нарын зээлийн төлбөрийг төлсөн зэрэг нь тогтоогдож байна гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 22 дугаар барйны ******* тоотод байрлах 28,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* овогт *******ын ******* бүртгэгдсэн, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн боловч тухайн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүрэг үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч П.******* нь хариуцагч П.*******, Д.******* нарын бусдад төлөх ёстой өр төлбөрийг төлснөөр хариуцагч нар нь зайлшгүй гарах байсан хөрөнгийг өөртөө үлдээн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлд хамаарч байна.

 

Иймд нэхэмжлэгч П.*******ын хариуцагч нараас 18,958,814 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.*******, Д.******* нараас 18,958,814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 2*******,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ