| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/042 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл, нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Ж.Энхбат
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг
Иргэдийн төлөөлөгч: А.Арсланбаатар
Шүүгдэгч: Б.Амаржаргал, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000233 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Банзрагч Амаржаргал, регистрийн дугаар:ВЖ8804223,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Амаржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна Т.Баасансүрэнг зодож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би гэртээ очоод галаа түлээд байж байсан чинь Т.Баасансүрэн ах манайд ирсэн. Та яагаад хүрээд ирэв гэсэн чинь 2 рунк архи уучихмаар байна, нохойд уруулсан хөл чинь зүгээр үү” гэсэн. Тэгээд би Елекс нэртэй 0.75 граммтай архи гаргаад бид хоёр хувааж уусан. Тэгээд архи ууж дуусгачхаад дахиж архи авахаар Баасансүрэн ах бид 2 хамт “Хонгор хайрхан” дэлгүүр дээр очоод карт уншуулаад Елекс нэртэй 0.75 граммтай архи, нэг тамхи авсан. Тэгээд гараад явж байхад Баасансүрэн ах “би харилаа, харилаа “гээд өөрийнхөө гудамжнаас хойшоо явах гээд байхаар нь би татаад “нааш ир, эсвэл манайд очъё эсвэл танайд очъё” гээд байж байтал цагдаагийн машин ирсэн. Намайг цохиж зоддог. Талийгаач нь гудамжнаас хойшоо хэтрээд явчихсан байсан болохоор гудамж руу нь оруулах гээд хойноос нь урагш чирсэн. Би дээр нь суугаагүй, цохиж зодоогүй, хажууд нь сууж байсан. Бид хоёр ерөөсөө хэрэлдэж маргалддаггүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 224-226/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чимэдбазарын мөрдөн байцаалтад өгсөн
Би талийгаач Т.Баасансүрэнгийн төрсөн ах нь байгаа юм. Б.Амаржаргал нь миний ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. 2023 оны 9 дүгээр сарын 30- ны өдөр шөнийн 04 цаг 00 минутын үед талийгаач Т.Баасансүрэнгийн хүүхэд Б.Даариймаа нь над руу утсаар яриад аав нас барсан, одоо 103 дээр байна гэсэн. Тэгээд маргааш өглөө нь Цагдаагийн газар дээр ирээд талийгаачийг нас барсан гэж мэдсэн. Б.Амаржаргал нь цэрэгт яваад хүнд зодуулаад сэтгэцийн өвчтэй болоод ирсэн. Тэгээд аймгийн төвд гэртээ ганцаараа амьдардаг. Б.Амаржаргал нь надтай тааралдахаараа мэндтэй устай зүгээр л байдаг. Б.Амаржаргалын гэр нь талийгаачийн гэртээ ойрхон байдаг. Тэр хоёр хоорондоо уулзаж нийлж архи уудаг. Энэ хоёрт ямар нэгэн хэрэлдэж маргалдах маргаантай юм байдаггүй байхаа, надад л лав юм мэдэгдээгүй ээ. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Баасансүрэн нь манай аав байгаа юм. Би сэтгэл санааны хохирол гэж тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 75/,
Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Амь хохирогч Т.Баасансүрэн нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.548.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба одоогоор энэ мөнгө төлөгдөөгүй байгаа тул энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/1 хх-ийн 60/,
Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2023 оны 9 дүгээр сарын 30-ны оройн 22 цагийн үед би ажлаасаа тараад Баянхонгор сумын 2 дугаар баг 38-01 тоотод байдаг гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал хашааны гадна хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гэрээсээ гараад хашааны завсраар хартал хашааны гадна танихгүй 2 хүн байсан, нэг нь газарт уначихсан хэвтчихсэн байдалтай, нэг нь газарт унасан хүний дээр нь суучихсан байдалтай байсан. Би чамайг босохгүй бол мөнхийн зул үзүүлнэ шүү гэж хэлж байсан. Толгой хэсэг рүү нь гараараа алгадаж байгаа байдалтай харагдсан. Би гэр лүүгээ ороод гар утсаа аваад өөрийнхөө 88986001 дугаараас цагдаа дуудаж дуудлага өгсөн. Тэгээд эргээд гараад дахиад хашааны завсраар хартал түрүүнийхээ байдалтай нэг нь газарт хэвтсэн байдалтай нэг нь дээр нь суусан байдалтай байсан. Дээр байсан хүн нь доор байсан хүнийг хоолойноос нь гараараа боож байсан, дахиад толгой хэсэг рүү нь алгадаж байсан. Тэгээд алгадчихаад дээр нь байсан хүн нь газарт байсан хүнийг цамцнаас нь гараараа бариад доошоо газарт чирээд явсан чирээд явж байх үед нь цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-79/,
Гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би томилгоот хуваарийн дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Баясгалан, олон нийтийн цагдаагийн хамт Баянхонгор сумын нутагт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тэгээд 22 цаг 00 минутын үед Цагдаагийн газрын жижүүрээс 2 дугаар багийн 38 дугаар гудамжны үзүүр дээр 2 хүн зодоон хийгээд байна гэсэн мэдээлэл өгч, очиж шалгах үүрэг өгсөн. Үүний дагуу Б.Баясгалан бид хоёр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны зүүн талын үзүүрт очиход нэг эрэгтэй хөгшин хүн газар шороон дээр хэвтэж байсан, хажууд нь нэг эрэгтэй хүн сууж байсан, очоод юу болсон талаар асуухад хажууд нь сууж байсан хүн нь “маргааш бид хоёр гэр буулгаж янзлах гээд нэг шил архи хувааж уусан” гэж хэлсэн. Би “та хоёр зодоон цохион хийсэн үү” гэж асуухад тийм юм байхгүй, энэ хүн архи уугаад өөрөө явж чадахгүй болохоор нь би гэрт нь оруулах гээд аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд хэвтэж байгаа хүнийг нь харсан чинь зүүн талынх нь шанаа нь хавдсан , амнаас нь хөөс, шүлс гарсан байсан. Нэгдсэн эмнэлгийн 103 дугаарын утас руу ярьж дуудлага өгөөд эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Тэгээд би нөгөө хажууд нь сууж байсан хүнийг нь Цагдаагийн газар дээр авчирч мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Доржсүрэнд хүлээлгэн өгсөн. Тэр үед бид хоёрт энгэрийн камер байгаагүй тул би өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83/,
Гэрч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... би томилгоот хуваарийн дагуу цагдаагийн ахлагч Б.Мөнхтөрийн хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны үзүүр дээр хүмүүс зодолдоод байна гэх дуудлагыг Цагдаагийн газрын жижүүрээс өгч, уг газарт очиход нэг эрэгтэй хүн, нэг эрэгтэй хүнийг дээрээс доош нь чирч байсан. Тэгээд очоод шууд салгаад хэвтчихсэн байсан хүнээс нь нэр, хаана байдгийг нь асуусан чинь ямар ч ухаангүй, юм хариулахгүй байсан. Тэгээд хүзүүн дээр нь дараад үзсэн чинь судас нь цохилж байгаа нь заримдаа сайн мэдэгдэхгүй байхаар нь 103 дуудаж, түргэн тусламжийн машин ирэхээр нь уг хүнийг эмчид нь хүлээлгэн өгч явуулсан. Тэгээд уг чирч байсан хүнийг нь Цагдаагийн газар дээр авчирч мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Доржсүрэнд хүлээлгэн өгсөн. Яг очиход машины гэрэлд тэр хүн нь газар хэвтэж байгаа хүнийхээ нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг болсон, тэгээд машин хажууд нь очих хооронд босоод чирч байхад нь очсон...гэх мэдүүлэг/1 хх-ийн 85/,
Гэрч Ч.Цэцэгнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тэр үед би дэлгүүртээ худалдагчаар ажиллаж байсан. Тэр хоёр хүн орж ирээд Елекс нэртэй 0.5 граммын хэмжээтэй нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад гарсан. Тэр хоёр хүн дэлгүүрт байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдаагүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 87/,
Гэрч Ц.Наранцацралтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Цагдаагийн алба хаагчаас ирүүлсэн сэтгэцийн өвчтэй хүнд хүн зодуулсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Баянхонгор сумын 2 дугаар багийн 38 дугаар гудамжны үзүүр дээр очиход уг зодуулсан гэсэн хүн нь ухамсарт ухаангүй дуудахад ямар нэгэн хариу хэлэхгүй, команд биелүүлэхгүй, ухамсарт ухаан байхгүй байсан. Тэгээд уг хүний биед үзлэг хийхэд уг хүн нь осголтын байдалтай, гар хөл нь маш хүйтэн, захад судас олдох боломжгүй, даралт хэмжигдэхгүй, амин үзүүлэлт тогтворгүй, артерийн даралт хэмжигдэхгүй, пүльс сатураци нь хэмжигдэхгүй байсан. Тэгээд чагнаж үзэхэд зүрхний авиа маш бүдэг, цохилтын тоо маш цөөхөн сонсогдож байсан. Тэгээд судас олдохгүй байсан тул шууд тээвэрлэж аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт авчирч өрөөнд оруулаад хувцсыг нь тайлаад зүрхийг нь чагнахад зүрхний цохилт нь орж гараад байсан тул амилуулах тусламж үзүүлж, цээж шахалт хийж, адреналиныг судсаар хийсэн боловч тухайн хүн сэхээн амьдруулалт аваагүй амьсгал зүрх судас зогссон.Намайг дуудлагын дагуу очиход тэр хүн газарт хэвтэж байсан, зодсон гэх хүнийг нь цагдаа барьчихсан байсан, тэр зодсон гэх хүнээс нь би “яагаад зодсон юм бэ” гэж асуусан чинь тэр зодсон хүн “бид хоёр 2 шил архи хувааж уусан, тэгээд ахиад архинд яваад муудалцсан, тэрнээсээ болоод зодсон” гэж хэлсэн, би зодсоноо өөрөө ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр нас барсан хүний биеийн зүүн талын шанаа хавдсан, хүрэнтэж хөхөрсөн байсан, хэвлийн үзлэг хийхэд зүүн хэвлийн дунд хэсэгт хөхөрсөн байсан, баруун хавирганы хэсэг, хөхний доод талд эмзэглэлтэй, хавирга гэмтсэн байх магадлалтай, ар нуруу хэсгээрээ хөхөрсөн байсан. Талийгаач нь надад ямар нэгэн зүйл хэлээгүй, ухаангүй байсаар байгаад л нас барсан. Анх очиход тэр хүн бага зэргийн ёолоод байсан өөр ямар нэгэн юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92/,
Гэрч О.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“..Тэр орой 103-ийн жолооч орж ирээд “архины хордлоготой хүн авчирлаа, гадаа гараад үзээдхээч” гэхээр нь гараад машин дотор нь орж уг хүнийг үзэхэд хүүхэн хараа өргөссөн, захад пүльсгүй, өөрийн амьсгалгүй, осголтын байдалтай хүн байсан. Тэгээд уг хүнийг жолоочийн хамт дамнуургатай нь өргөж эмнэлэгт оруулаад амин үзүүлэлтийг нь үзэхэд ерөөсөө хэмжигдэхгүй байсан. Тэгээд бүх хувцсыг нь тайлж цээж шахалт хийж судсаар адреналин тарьсан. Тэгээд эрчимт эмчилгээний эмч Гэрэлмаа эмчийг дуудаж, ирж үзээд уг хүнийг нас барсан байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 94/,
Гэрч Б.Лхагважавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...би томилгоот хуваарийн дагуу цагдаа Мөнхтөр, Б.Баясгалан нарын хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянхонгор сумын 2 дугаар багийн 2-38 дугаар гудамжны үзүүр дээр хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсний дагуу бид нар тухайн газарт очиход нэг хүн газарт хэвтчихсэн, нэг эрэгтэй хүн хажууд нь хэвтэж байсан. Тэгээд бид нар тэр хэвтэж байсан хүнийг нь шалгахад жаахан ёолоод байсан тул 103 дуудсан. Хажууд нь байсан эрэгтэй хүн нь нэг шил архи барьчихсан зогсож байсан. Тэр эрэгтэй хүн нь “энэ хүнийг гэр лүү нь авч явах гээд чирээд байсан юм” гэж хэлж байсан надад өөр юм хэлээгүй. Тэр газарт тэр хоёроос өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 99/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн
1.Талийгаач Т.Баасансүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэнхэрцэг баруун 4, 5, 6, 7, 8, 9-р, зүүн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, сэмж, чацархай, хэвлийн ар гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн сул шингэн цус хуралдалт /1700гр/, зүүн хацар, чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун бугалга, сарвуу, шилбэ, зуүн шилбэ, хэвлийн цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, эрүү, нуруу, зүүн сарвуу, эрхий хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2 Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно.
3.Талийгаач Т.Баасансүрэн нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаач Т.Баасансүрэн нь цөсний чулуу архаг хууч өвчтэй ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.
5.Талийгаачийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 14-16 цаг болсон байх боломжтой.
6. Талийгаач Т.Баасансүрэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ... гэх дүгнэлт /1 хх-ийн 108-112/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн
2.Шороон хөрсөн дээр дарагдаж үүссэн гутлын улны гүн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Амаржаргалын өмсөж явсан гэх хагас түрүүтэй хар өнгийн гуталтай харьцуулалт, тэгш хэмийн зүсэлт, өнцөглөсөн зүсэлт, давхцуулалтын аргаар шинжилж үзэхэд хээний элэгдэл, нийлэлт, гутлын өмсгөл зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-ийн хэргийн 124-217 /,Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн
1.Б.Амаржаргалын биед баруун гуяны шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3 Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4 Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / 1хх-ийн 157-158/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн
1.Амь хохирогч Т.Баасансүрэнгийн зүүн гарын хумсанд цус илэрсэн. Бусад хумснуудад цус илрээгүй. Яллагдагч Б.Амаржаргал гэх баруун болон зүүн гарын хумснууд цус илрээгүй.
2.Б.Амаржаргалын хумснуудад нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Б.Амаржаргалын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3.Т.Баасансүрэнгийн хумснуудад нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Т.Баасансүрэнгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 166-167/, \
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай:
1.Оролцогч Б.Амаржаргал нь F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг.
2.Б. Амаржаргал нь 2009 оноос хойш сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Өвчин анх 2008 онд оношлогдож, 2008 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр сэтгэцийн эмчийн хяналтад орсон. Одоогоор уг өвчний учир ХЧА тогтоолгосон.
3.Б. Амаржаргал нь 2009 оноос хойш сэтгэцийн хувьд F25.2 шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Уг өвчин даамжрах явцтай, сэтгэцийн архаг өвчин. ХЧА-ыг 2022.04.21-2024.04.21 хүртэл сунгасан ЭХМК-н шийдвэр хяналтын картан дээр бичилттэй байгаа. Өвчин одоогоор ээнэгшлийн шатандаа байна.
4.Оролцогч Б.Амаржаргал нь хэрэг хариуцах чадвартай. Б.Амаржаргал нь F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг ч тухайн хэрэг үйл явдал болох үед ухамсарт алдагдаагүй байсан. Болсон хэргийг дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж, тайлбарлаж байгаа тул мэдүүлэг өгөх чадвартай.
5.Б.Амаржаргалын сэтгэцийн өвчин одоогоор сэдрээгүй байгаа тул Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Б.Амаржаргалын сэтгэцийн эмгэг сэдэрсэн тохиолдолд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай...гэх дүгнэлт / 1 хх-ийн 202-203/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №973 дугаартай шинжээч нарын
1.Урьд нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан 21 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Б.Амаржаргал нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
3. Б. Амаржаргалын шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэг нь 2008 оноос эхэлсэн байна гэж эмнэлгийн бичиг баримтад тэмдэглэгдсэн байна. Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэг нь тодорхой үе шатгүй эмгэг болно.
4.Б. Амаржаргал нь одоо шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна.
5.Б.Амаржаргал нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.
6.Б.Амаржаргал нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /1 хх-ийн 199-203/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Т.Баасансүрэнгийн гэх хувцаснууд нь биет байдлаар, хэмжээний хувьд шинжлэхэд хангалттай байх ба шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжлэгдсэн шар өнгийн дугуй захтай цамцанд 1 гэсэн сумаар заасан 4x2 см хэмжээтэй шинэ гогдогдсон гэмтэл. Хар хөх өнгийн майканд 1 гэсэн сумаар заасан 4 см хэмжээтэй түлэгдэж цоорсон хуучин гэмтэл. Хар-хөх эрээн өнгийн босоо урд энгэрийн цахилгаан товчтой нимгэн цамцанд 1 гэсэн сумаар заасан хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй, 2 гэсэн сумаар заасан 30 см хэмжээтэй, ханзарсан шинэ гэмтэлтэй, 3 гэсэн сумаар заасан 21 см хэмжээтэй шинэ урагдалт гэмтэл, 4 гэсэн сумаар заасан 13 см шинэ урагдалт гэмтэлтэй, 5 гэсэн сумаар заасан Т хэлбэрийн 5,5x3,5 см хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй, 6 гэсэн сумаар заасан см хэмжээтэй зах ирмэг хатуурч түлэгдэж цоорсон хуучин гэмтэлтэй, 7 гэсэн сумаар заасан 2,2x0,5 см хэмжээтэй зах ирмэг хатуурч цоорсон гэмтэлтэй, цамцны ар хэсэгт 1 гэсэн сумаар заасан 1,4x0,5 см хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй, 2 сумаар заасан 11x4,5 см шинэ урагдалт гэмтэлтэй, 3 гэсэн сумаар заасан 1 сим хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй байна. Хар хөх өнгийн босоо захтай бүсэлхийн манжлагатай богино хүрмэнд 1 гэсэн сумаар заасан 10,5 см хэмжээтэй ханзарсан шинэ гэмтэлтэй, 2 гэсэн сумаар заасан 3,5 см хэмжээтэй хуучин гэмтэлтэй байна. Хар өнгийн 2 талаараа цагаан эрээн өнгийн оруулга эмжээртэй өмдөнд 1 гэсэн сумаар заасан 37x13 см, 2 гэсэн сумаар заасан 30x12 см, 3 сумаар заасан 18x13,5 см хэмжээтэй материалын хэсэг элэгдэж үгүй болсон
урагдалт гэмтэлтэй байна. Хар хөх өнгийн нимгэн нелонон материалтай дотуур өмдөнд ямар нэгэн урагдалт гэмтэл үгүй байна. Бор шаргал өнгийн хажуугийн 2 гуяны 2, арын 2 халаастай өмдөнд 1 гэсэн сумаар заасан 8см хэмжээтэй хуучин урагдалт, 2 гэсэн сумаар заасан 12 см хуучин урагдалт, 3 гэсэн сумаар заасан 4 см хэмжээтэй хуучин урагдалт, 4 гэсэн сумаар заасан 0,5x0,5 см хэмжээтэй хуучин түлэгдсэн гэмтэлтэй, 5 гэсэн сумаар заасан 6 см хэмжээтэй хуучин ханзарсан гэмтэлтэй, 6 гэсэн сумаар заасан 7 см хэмжээтэй ханзарсан гэмтэлтэй байна. Хөх өнгийн босоо цагаан эрээн өнгийн оруулгатай дотоожинд 1 гэсэн сумаар заасан 6 см хэмжээтэй хуучин урагдалт гэмтэлтэй, 2 гэсэн сумаар заасан 4,5 см хэмжээтэй ханзарсан хуучин гэмтэлтэй байна. Ногоон өнгийн хос оймсны 2 талын бэ хэсэгт 3x3,5, 6x2 см хэмжээтэй утаслаг сэмэрч үгүй болсон хуучин элэгдэл гэмтэлтэй байна. Хар өнгийн 2 хажуу талаараа цагаан өнгийн оруулгатай хос пүүзэн гутал байх ба уг гуталнуудын зүүн хөлийн гуталны хоншоорын дотор урд хэсэгт материал элэгдэж цоорсон хуучин гэмтэлтэй байна.
3.Шинжлэгдсэн хувцаснуудад байх “шинэ гэмтэл” гэж бичсэн урагдалт, ханзралтууд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой татаж чангаах хүчний нөлөөгөөр үүссэн урагдалт, ханзралт зэрэг гэмтлүүд байна. Харин “хуучин” урагдалт, ханзралт, цооролт гэсэн гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 144-149/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / 1 хх-ийн 220-222 /, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 02-08, 17-22/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 9-16/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл / 1 хх-ийн 27/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 28/, яаралтай тусламжийн хуудас /1хх-ийн 53/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /2хх-ийн 7-12/, шүүгдэгч Б.Амаржаргалын иргэний үнэмлэхний лавлагаа / 2 хх-ийн 49/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 хх-ийн 50/, дипозит дансны хуулгууд /2 хх-ийн 55-61/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 63-68/, шүүгдэгч Б.Амаржаргалын өвчний түүх /2 хх-ийн 76-109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Амаржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна Т.Баасансүрэнг зодож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаагийн...Т.Баасансүрэн нь манай аав байгаа юм. Би сэтгэл санааны хохирол гэж тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 75/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чимэдбазарын... шөнийн 04 цаг 00 минутын үед талийгаач Т.Баасансүрэнгийн хүүхэд Б.Даариймаа нь над руу утсаар яриад аав нас барсан, одоо 103 дээр байна гэсэн,..тэр хоёр хоорондоо уулзаж нийлж архи уудаг, надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67/
Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын...Амь хохирогч Т.Баасансүрэн нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.548.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба одоогоор энэ мөнгө төлөгдөөгүй байгаа тул энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/1 хх-ийн 60/,
Гэрч Б.Мөнхбатын...хашааны гадна танихгүй 2 хүн байсан, нэг нь газарт уначихсан хэвтчихсэн байдалтай, нэг нь газарт унасан хүний дээр нь суучихсан байдалтай байсан. Би чамайг босохгүй бол мөнхийн зул үзүүлнэ шүү” гэж хэлж байсан. Толгой хэсэг рүү нь гараараа алгадаж байгаа байдалтай харагдсан, дээр байсан хүн нь доор байсан хүнийг хоолойноос нь гараараа боож байсан, дахиад толгой хэсэг рүү нь алгадаж байсан. Тэгээд алгадчихаад дээр нь байсан хүн нь газарт байсан хүнийг цамцнаас нь гараараа бариад доошоо газарт чирээд явсан, тэгээд чирээд явж байх үед нь цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-79/,
Гэрч Б.Мөнхтөрийн...нэг эрэгтэй хөгшин хүн газар шороон дээр хэвтэж байсан, хажууд нь нэг эрэгтэй хүн сууж байсан,.. хэвтэж байгаа хүнийг нь харсан чинь зүүн талынх нь шанаа нь хавдсан байсан, бас амнаас нь хөөс, шүлс гарсан байсан,...бид хоёрт энгэрийн камер байгаагүй тул би өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83/,
Гэрч Б.Баясгалангийн ..уг газарт очиход нэг эрэгтэй хүн, нэг эрэгтэй хүнийг дээрээс доош нь чирч байсан. Тэгээд очоод шууд салгаад хэвтчихсэн байсан хүнээс нь нэр, хаана байдгийг нь асуусан чинь ямар ч ухаангүй, юм хариулахгүй байсан,...яг очиход машины гэрэлд тэр хүн нь газар хэвтэж байгаа хүнийхээ нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг болсон, тэгээд машин хажууд нь очих хооронд босоод чирч байхад нь очсон...гэх мэдүүлэг/1 хх-ийн 85/,
Гэрч Ч.Цэцэгнямын...тэр хоёр хүн орж ирээд Елекс нэртэй 0.5 граммын хэмжээтэй нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад гарсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 87/,
Гэрч Ц.Наранцацралтын...тэр нас барсан хүний биеийн зүүн талын шанаа хавдсан, хүрэнтэж хөхөрсөн байсан, хэвлийн үзлэг хийхэд зүүн хэвлийн дунд хэсэгт хөхөрсөн байсан, баруун хавирганы хэсэг, хөхний доод талд эмзэглэлтэй, хавирга гэмтсэн байх магадлалтай, ар нуруу хэсгээрээ хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 92/,
Гэрч О.Батбаярын...уг хүнийг жолоочийн хамт дамнуургатай нь өргөж эмнэлэгт оруулаад амин үзүүлэлтийг нь үзэхэд ерөөсөө хэмжигдэхгүй байсан. Тэгээд бүх хувцсыг нь тайлж цээж шахалт хийж судсаар адреналин тарьсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 94/,
Гэрч Б.Лхагважавын...Нэг хүн газарт хэвтчихсэн, нэг эрэгтэй хүн хажууд нь хэвтэж байсан,..тэр газарт тэр хоёроос өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 99/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн...Талийгаач Т.Баасансүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэнхэрцэг баруун 4, 5, 6, 7, 8, 9-р, зүүн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, сэмж, чацархай, хэвлийн ар гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн сул шингэн цус хуралдалт /1700гр/, зүүн хацар, чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун бугалга, сарвуу, шилбэ, зуүн шилбэ, хэвлийн цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, эрүү, нуруу, зүүн сарвуу, эрхий хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,...талийгаач Т.Баасансүрэн нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /1 хх-ийн 108-112/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн...Шороон хөрсөн дээр дарагдаж үүссэн гутлын улны гүн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Амаржаргалын өмсөж явсан гэх хагас түрүүтэй хар өнгийн гуталтай харьцуулалт, тэгш хэмийн зүсэлт, өнцөглөсөн зүсэлт, давхцуулалтын аргаар шинжилж үзэхэд хээний элэгдэл, нийлэлт, гутлын өмсгөл зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-ийн хэргийн 124-217 /
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай...Оролцогч Б.Амаржаргал нь хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт / 1 хх-ийн 202-203/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №973 дугаартай...Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан 21 дугаартай дүгнэлт үндэслэлтэй,...Б.Амаржаргал нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй... гэх дүгнэлт /1 хх-ийн 199-203/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ...Т.Баасансүрэнгийн хумснуудад нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Т.Баасансүрэнгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 166-167/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ...Шинжлэгдсэн хувцаснуудад байх “шинэ гэмтэл” гэж бичсэн урагдалт, ханзралтууд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой татаж чангаах хүчний нөлөөгөөр үүссэн урагдалт, ханзралт зэрэг гэмтлүүд байна. Харин “хуучин” урагдалт, ханзралт, цооролт гэсэн гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 144-149/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан ба хүний амь, нас эрүүл мэндийн эсрэг хийсэн үйлдэл буюу гэмтэл учруулсан, хүний амь насыг хохироосон үйлдлээрээ илэрнэ.
Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл/ эс үйлдэхүй/, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл , хохирогчийн үхлийн хооронд шууд хамааралтай байна.
Мөн шүүгдэгч Б.Амаржаргалыг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Амаржаргал нь амь хохирогч Т.Баасансүрэнгийн биед цээжний хэнхэрцэг баруун 4, 5, 6, 7, 8, 9-р, зүүн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, сэмж, чацархай, хэвлийн ар гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн сул шингэн цус хуралдалт /1700гр/, зүүн хацар, чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун бугалга, сарвуу, шилбэ, зүүн шилбэ, хэвлийн цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, эрүү, нуруу, зүүн сарвуу, эрхий хурууны зулгаралт гэмтэл учруулсан ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барсан, мөн амь хохирогч 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас амь хохирогчид учирсан гэмтэл нь тэр даруйд үхэлд хүргэсэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоо хамааралтай байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлсөн ба шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн №973 дугаар дүгнэлтээр ...шүүгдэгч Б.Амаржаргал нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт гарсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Амаржаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Амаржаргалыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь А.Арсланбаатар...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.
Шүүгдэгч Б.Амаржаргал нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Амаржаргал, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагч шүүгдэгч Б.Амаржаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...10 жилийн хугацаагаар хорих ял” оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяраас Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Амаржаргалын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал / согтуурсан үедээ хүний амь насыг хохироосон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хохирогчийн хуул ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, Б.Амаржаргалын шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэг нь тодорхой үе шатгүй эмгэг болно, одоогоор группид байдаг, ам бүл 2, аавын хамт амьдардаг /, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч Б.Амаржаргал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1000000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Амаржаргалын 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 145 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,
Амь хохирогч Т.Баасансүрэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан буюу яаралтай тусламжийн баримтад хийгдсэн эмчилгээг бичигдсэн ба 1548000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Баянжаргалаас 1548000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Elex нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэг, хар өнгийн хос гутал, тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, хуванцар рунк 1 ширхэг, хумсны дээж 4 хэсэг, хатаасан цус 2 ширхэг, устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,
Шүүгдэгч Б.Амаржаргал нь түүний эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн Амаржаргалыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалын 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 145 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Elex нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэг, хар өнгийн хос гутал, тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, хуванцар рунк 1 ширхэг, хумсны дээж 4 хэсэг, хатаасан цус 2 ширхэг, устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч Б.Амаржаргал нь бусдад төлөх төлбөргүй, түүний эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Амаржаргалд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амаржаргалд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ