Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 2024         03          21                                       2024/ШЦТ/293

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Хурмандах,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Эод холбогдох 2406 00536 0339 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, А овогт Гын Э /РД:

Хэргийн товч агуулга:      

Г.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” баарны үүдэнд ажлаа хийж гүйцэтгэж байсан хохирогч Л.Сэмжинтэй өмнөх өдрийн буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон таарамжгүй харилцааны улмаас тухайн асуудалд өс хонзон санаж маргалдан, улмаар зүүн дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” баарны үүдэнд ажлаа хийж гүйцэтгэж байсан хохирогч Л.Сэмжинтэй өмнөх өдрийн буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон таарамжгүй харилцааны улмаас тухайн асуудалд өс хонзон санаж маргалдан, улмаар зүүн дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Сэмжингийн өгсөн: “Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд би ажлын байран дээрээ буюу Баянзүрх дүүргийн 14-р хорооны Санан дурсахуй бааранд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгтэл гаднаас 7-8 том биетэй, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг залуучууд шууд орж ирээд намайг “чи гараад ир” гэж дуудаад үүдний шатан дээр уулзахад шууд үгийн зөрүүгүй нэг залуу нь намайг шууд хөмсөг хэсэг буюу нүд рүү гараараа цохиод нэг залуу нь миний хэвлий цээж хэсэг рүү өвдөглөсөн. Бусад залуучууд нь бол гар хүрээгүй. Намайг 2 залуу л зодсон. Уг залуучууд нь өчигдөр нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд таксаа төлөхгүй орно гэж дайраад агсам тавиад байсан, тэгэхээр нь манай хамгаалагч нар нь оруулаагүй явуулсан. Тэгээд өчигдөр орой явахдаа маргааш найзуудаа дагуулж ирж ална гэж айлгаж сүрдүүлсэн. Тэгээд өнөөдөр ирж намайг зодож байгаа нь энэ иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна... зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын хөмсөг сэтэрсэн... танихгүй залуучууд өчигдөр л анх удаа хараад, өнөөдөр шууд намайг ирээд зодсон... Миний нүүрэн тус газарт 1 удаа цохиж гэмтэл учруулсан Этой хамт нэлээн олон хүмүүс шатаар дээш өгсөж байсан ба түүнтэй хамт явсан хүмүүс эсэхийг мэдэхгүй бөгөөд над руу Этой хамт ирсэн нэрийг мэдэхгүй одоо харсан тохиолдолд танихгүй залуу Эыг гараас зуурч нүүр хэсэг рүү 1 удаа цохиж авахад нь түүн рүү дайрахад салгаж миний бөгс хэсэг рүү өвдөглөж түлхээд оруулсан ба үүнээс үүдэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Миний биед зөвхөн Э халдаж гэмтэл учруулсан... Миний хувьд уг асуудлаас үүдэн эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгсөн ба өөрөөр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад учирсан хохирол мөнгийг миний биед халдсан Э бүрэн төлж барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймээс түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хөдөө орон нутагт ажилтай учир шүүх хуралд оролцох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх.09, 11, 12/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч О.Болороогийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1247 дугаартай:

1. Л.Сэмжингийн биед зүүн дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.27-54/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.57-59/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эын яллагдагчаар өгсөн: “... Миний хувьд хохирогчтой учир зүгээ олж хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх.63-64/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Г.Эын гаргасан хүсэлт /хх.66/,

Хохирол бүрэн авсан цаашид гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч Л.Сэмжингийн гаргасан тайлбар /хх.67-68/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.72/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Э өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Л.Сэмжин нь хохирол бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эод 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Г.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Г.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Г.Эын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Гын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Эод оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Сэмжин нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР