| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/294 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/294
2024 03 21 2024/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Г.Хурмандах,
Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Пид холбогдох 2306 05849 0496 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1269 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Сийн П /РД: /.
Хэргийн товч агуулга:
С.П нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу тухайн үед үүссэн маргааны улмаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр байхдаа Я.Энхжаргалын биед халдаж, зүүн 11 дүгээр хавирганы далд хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.П нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу тухайн үед үүссэн маргааны улмаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр байхдаа Я.Энхжаргалын биед халдаж, зүүн 11 дүгээр хавирганы далд хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Энхжаргалын өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 16-нд Цагаан даваан хогийн цэг дээр ажиллаж байгаад орой 18 цаг өнгөрч байхад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад буцаад Цагаан давааны хогийн цэг дээр дээр очоод өөрийн хийсэн ажил буюу жоншоо тушаах гэж байсан чинь миний хогноос түүсэн байсан 10.000 төгрөгийн үнэ бүхий жонш алга болсон байсан. Тэр хавьд байсан хүмүүсээс асуусан чинь “Пүүжээ мэдэж байгаа байх” гэж тэр хавьд байсан хүмүүс надад хэлээд, би Пүүжээ гэх залуугаас жонштой хуванцар хо оо асуухад Пүүжээ намайг түлхэж унагаж, толгой, нуруу ууц гээд бүх хэсэгт өшиглөж зодож, цохиж чулуун дээр чирсэн, “гичий, янхан, пизда” гэх мэт хараалын үг хэлж доромжилсон. Би урьд өмнө нь Птой хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цагаан давааны хогийн цэг дээр байх үедээ түүхий эд худалдан авдаг Пүүжээд зодуулж, газар унаснаас болж зүүн талын хавирга хугарч, баруун хацар хэсэгт хавдаж хөхөрсөн байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй. Эрүүл мэндийн байгууллагад хандсан зүйл байхгүй, биеийн байдал хэвийн байна. Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Би Пид гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Б.Долгормаагийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14686 дугаартай:
1. Я.Энхжаргалын биед зүүн 11 дүгээр хавирганы далд хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-35/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.37-39/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Пийн яллагдагчаар өгсөн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх.42/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч С.Пийн гаргасан хүсэлт /хх.47/,
Хохирол бүрэн авсан цаашид гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч Я.Энхжаргалын гаргасан тайлбар /хх.48/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.51/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.П өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Я.Энхжаргал нь хохирол бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Пийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Пид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
С.Пийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Сийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Пид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Энхжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пид урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР