| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01036/и |
| Дугаар | 1045 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01036/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, Сэргэлэнгийн ... гудамж, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Д.Ү нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, 59 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Н овогт Д. Э холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Ү миний бие Д.Этой 2007 оны 05 сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 5 сарын 28-ны өдөр гэрлэлтийг албан ёсоор бүртгэсэн. Бидний хамтын амьдралын дундаас 2008 оны 10 сарын 06-ны өдөр охин Э.Э, 2015 оны 01 сарын 06-ны өдөр хүү Э.Э нар төрсөн. Д.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож нүддэг байсан ба миний бие хүнд, хөнгөн гэмтэл учиртал зоддог байснаас би байнгын сэтгэл санааны айдас дарамад амьдарч байсан. Түүний догшин занг би ойр дотны бүх хүнээс нууж цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, хоёр хүүхдээ элэг бүтэн байлгахын тулд бүхнийг тэвчиж амьдарч байгаад сүүлдээ тэсэхээ байж залхан цаашид энэ хэвээр байвал сайн сайхан амьдарч байгаад сүүлдээ тэсэхээ байж залхан зориггүй болсон учраас 2018 онд салахаар шийдвэрээ гаргаад 2019 онд гэрээсээ явж өөрийн төрсөн гэр орон Улаанбаатарт эцэг, эх дээрээ ирсэн. Түүнээс хойш дахин Д.Этой нэг гэрт хамт амьдраагүй хөндийрсөн. Одоо бид хоёр хэн аль нь өөр өрийн гэсэн гэр бүлийн хамтран амьдрагч нартай болсон. Би шинэ амьдралаасаа бий болсон шинэ хүнээ хүлээж байгаа жирэмсэн, удахгүй төрнө. Д.Э бид хоёр гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хоёр хүүхдээ Д.Э өөрийнхөө асрамжид үлдээж, надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж бид хоёр ярилцаж тохиролцсон байгаа. Миний хувьд одоогоор өөрийн гэсэн гэр орон бий болгоогүй байгаа учир хүүхдүүдээ авах боломж байхгүй байна. Дутаахгүй гэж бодож байна. 2020 оны 4 сард Д.Э тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт гэрлэлтээ цуцлуулна гэж хандсан, биднийг эвлэрүүлэх амьдралаа үргэлжлүүлэхгүй гэж бүр мөсөн шийдвэрээ гаргацгаасан. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгтэй холбоотой маргаан байхгүй зөвхөн гэрлэлтээ цуцлуулна. Иймд шүүхээс Д.Э бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Нэхэмжлэлийн үндэслэл нь Д.Ү миний бие нь Д.Этой 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Э, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э.Э гэсэн хоёр хүүхэдтэй болсон. Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж миний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулж, миний бие нь байнгын айдас, сэтгэл санааны дарамттай амьдарч байсан. Түүний догшин зан араншинг би ойр дотны хүмүүсээс нууж, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин хоёр хүүхдээ элэг бүтэн байлгахын тулд энэ бүх цаг хугацааг тэвчиж ирсэн. Цаашид энэ байдлыг тэвчихийн аргагүй, хамт амьдрах боломжгүй юм байна гэж үзэн 2018 онд салах шийдвэрээ гарган 2019 онд гэрээсээ явж тусдаа амьдарч эхэлсэн. Одоо Д.Э бид хоёр тус тусын амьдралаа хөөж хамтран амьдрагчтай болсон. Миний бие нь хамтран амьдрагчаасаа бие давхар болсон, удахгүй төрнө. Бид хоёр талаас гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцож хоёр хүүхдээ Д.Эын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон. Миний хувьд өөрийн гэсэн гэр оронгүй байх учир хүүхдүүдээ авах боломжгүй байна. Харин хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж, хайр халамжаар дутаахгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Гэвч одоо шүүхэд шинээр гаргаж өгч байгаа хүсэлтдээ бага хүү Э.Эыг өөрийн асрамжид авч. Том охин Э.Эг эцгийн асрамжид үлдээхээр Д.Этой тохиролцсон гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 оны 5 сарын 9-ийн өдрөөс Д.Үтай гэр бүл болж амьдран охин Э.Э, хүү Э.Э нартайгаа 2019 оны 03 сар болтол амьдарсан. 2018 оноос хойш төөрч тохирохоо байж байнгын хэрүүл амтай болсны улмаас 2019 оны 02 сарын 28-ны өдрөөс тусдаа түр амьдаръя гэж шийдсэн боловч Д.Ү нь өөр эрэгтэй хүнтэй эртнээс харилцаатай байж, хамтран амьдрахаар болж 2019 оны 4 сараас хойш хэд хэдэн хүнтэй хамтран амьдарч, хүүхдүүдээ үл тоон сурч боловсрох, ээжтэйгээ уулзах хүүхдийн наад захын эрхийг зөрчин 9 сар болтол нэг ч холбоо тогтоогоогүй. Улмаар одоо дахин өөр хүнтэй амьдран хөл хүндтэй болсон тул миний бие энэ хүнийг хүлээж эргэж нийлэх хүсэлгүй байгаа тул гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй ба 2 хүүхдийн хувьд зөвшилцөн тохирсон зүйл, ярилцаж амаар шийдсэн зүйл нэгээхэн ч үгүй тул хүүхдүүдийг асран хамгаалах, эцэг, эх байх хариуцлагын тал дээр гомдолтой байа. 2019 оны 3 сараас хойш 2 хүүхдийнхээ сургууль цэцэрлэг, өвдөх, зовох, амьдрах, зан харилцаа, мэдлэг хүмүүжилд нэг ч удаа оролцох эхийн үүргээ умартсан. Хүүхдүүдтэйгээ уулзах нь байтугай ярих тал дээр надаар гуйлгуулж хэд хэдэн удаа ярьсан. Хоёр хүүхдээ надад өгөөд эх байх үүргээсээ бүрэн зугтаж явж байгаа тул энэ тал дээр шүүхээс албан ёсны шийдвэр гаргуулах, нүүр нүүрээ харж тохиролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурал болохоос өмнө 2 талын гэрч байлцуулж ярилцах хүсэлтэй байна. Иймд миний энэхүү хүсэлтийг хүлээн авч, харгалзаж үзнэ үү. Гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох талаар шүүхээр шийдвэрлүүлнэ.
Бид 2008 оноос хамт амьдарч, 2019 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд хоёр хүүхэд маань миний асрамжид өссөн. Миний бие гэрлэлт цуцлуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүхдийн асрамжийн тал дээр бид сүүлд тохиролцохдоо том охин Э.Эг миний асрамжид, бага хүү Э.Эыг эх Д.Үгийн асрамжид үлдээхээр тохиролцсон. Миний хувьд өөр хүнтэй амьдарсан явдал байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ү нь Д.Эоос гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Ү, хариуцагч Д.Э нар нь 2007 онд гэр бүл болон 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Э, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э.Э нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Ү, хариуцагч Д.Э нар нь 2019 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд эх Д.Ү нь бусадтай хамтран амьдарч одоо жирэмсэн талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргаж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Зохигчид нь 1 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 457 дугаартай Эвлэрлийн гэрээгээр эвлэрэн хэлэлцээгүй, нэхэмжлэгч нь тусдаа гэр бүлтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй талаар талуудын тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигчид нь хүүхдийн асрамжийн асуудалд харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү Э.Эыг эх Д.Ү, охин Э.Эг эцэг Д.Эын асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг эх дараахь үүрэг хүлээнэ 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар Э.Э, Э.Э нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Э, эх Д.Ү нараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н овогт Д Э, Б овогт Д Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Эг эцэг Д.Эын, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э.Эыг эх Д.Үгийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.Э, Э.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Э, эх Д.Ү нараар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Д.Э, эх Д.Ү нарт даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тус бүр 33 105 төгрөг тооцож, төрийн сангийн орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигч талууд эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА