| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/295 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/295
2024 03 21 2024/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Г.Хурмандах,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /ҮД:1001/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Сд холбогдох 2306 05898 0315 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 123-А байрны 36 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Совогт Бат-Эрдэнийн С /РД:.../.
Хэргийн товч агуулга:
Б.С нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банктай байрны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Өсөхбаярын биед халдаж, хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банктай байрны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Өсөхбаярын биед халдаж, хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сгийн өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ны орой 10 жилийн найз болох Одгэрэл, Ананд, Санчирболд нартай хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж шөнийн 01 цагийн орчим тарж Хүүхдийн 100-н ойролцоо байж байтал 10 жилийн найз Стэй таарч түүнтэй юм ярьж байгаад С нь хамт явж байсан хүмүүстэйгээ маргалдаад байхаар нь бид 4 гэр лүүгээ харих санаатай явах гэтэл С уурлаж, Одгэрэлтэй урьд өмнө маргааны зүйлээс болж маргалдаж хоорондоо ноцолдсон. Бид 3 түүнийг салгаж Сг үлдээж гэр лүүгээ явсан. Цааш алхаад явж байтал С нь араас явж байсан ба өөр хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Циркийн орчим явж байтал Сгийн ах нэртэй 2 залуу бид нарыг дуудаж бид нар цааш зугтсан. Гэтэл Ананд баригдаж үлдсэн. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Голомт банкны ойролцоо Ананд бид нар луу залгаж намайг аваач гэсэн. Бид тухайн газраа хүлээгээд байж байтал таксинаас Ананд болон Сгийн үл таних 2 ах нь бууж ирээд нэг ах нь миний нүүр хэсэгт үгийн зөрүүгүй нэг удаа цохисон. Би цохиулсны дараа би тухайн ахад “Сг бид нар зодоогүй” гэж тайлбарлаад байж байтал С хажуугаас орж ирээд шууд миний нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Бид нар хөдлөхгүй байсан ба тэнд байсан нэг ах нь “бид нарт нэг нэг удаа цохиулаад яв, эсвэл Сд 2 удаа цохиул” гэсэн. Бид нар зөвшөөрч Сд цохиулахаар болж С миний нүүрэн хэсэгт 3 удаа цохисон. Гэтэл миний хамраас цус гарч гэмтэл авсан. Тэр хэд болон манай найз нар яваад өгсөн. Маргааш өглөө нь би ээжид хэлж Сгийн ээжтэй манай ээж уулзсан. Тухайн үед цагдаад битгий өгөөч эмнэлгийн төлбөр төлөх талаар ярьж байсан ба би эмнэлэгт үзүүлж явсан. Гэтэл одоогийн байдлаар эмнэлгийн төлбөр төлөхгүй цагдаадаа хандаад явж гэж хэлсэн учир цагдаагийн байгууллагад хандаж байна... Сгийн ах гэх хүн эхний эхэнд миний нүүр хэсэгт нэг удаа дараа нь С 3-4 удаа цохисон. Гэмтлийг С учруулсан. С нь ах нартаа өөрийгөө зодуулсан гэж худал хэлсэн учир ах нар нь бид нарын биед халдсан... Би уг асуудлаас үүдэн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тасвалчийн мурийлт гэмтлийг авч Монгол Япон эмнэлэгт 3.100.000 төгрөгийн хагалгаанд орж төмөр суулгуулсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын эхээр төмрийг авах 3.100.000 төгрөгийн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Миний биед учирсан хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тасвалчийн мурийлт гэмтлийг өмнө нэг ангид хамт суралцаж байсан С хамар хэсэг рүү 3-4 удаа цохиж учруулсан. Миний хувьд Сгээс өмнөх хагалгаанд ороход шинжилгээ өгөхөд шаардагдсан 8.560.724 төгрөг дээр одоо хагалгаанд хөнгөлөлтгүй ороход шаардагдах 3.200.000 төгрөг болон бусад эм тарианд шаардагдах 500.000 төгрөгийг нэмж нийт 4.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж авсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтыг гаргаж өгнө... Уг асуудлаас үүдэн надад ямар нэгэн сэтгэл санаад хохирол учирсан зүйл байхгүй учир сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй болно...” гэх мэдүүлэг /хх.10-11, 56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Одгэрэлийн өгсөн: “Би тухайн өдөр өөрийн найз нарын хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж дуусгаад явах гэтэл манай С гэх найз залгаж бид хэдийг дуудсан. Тухайн газар нь Хүүхдийн 100-н орчим байсан ба тухайн газар нь баар байх ба бид хэд тэр газраасаа удалгүй гарсан. Араас С гарч ирээд надтай урьд өмнөх маргаанаас болж нүүрэн хэсэгт 2 удаа цохиж намайг айлган сүрдүүлсэн. Бид 4 салж гэр лүүгээ явж байтал Өсөхбаярын утас руу Анандын утсаар “намайг ирээд аваач, намайг алах гэж байна гуйж байна” гэснээр Өсөхбаяр Санчир бид гурав Натурын замын Голомт банкны ойролцоо очсон. Удалгүй үл таних машин зогсож тухайн машинаас үл таних хүн бууж ирээд намайг шууд цохисон. Би энэ үед цааш зугтаж холоос харах үед манай дүүг зодлоо гээд Өсөхбаяр болон Санчир нарыг зогсоосон зодоод байх шиг байсан... С согтуу байсан учир согтуурхаж л бид нарын биед халдсан гэж бодож байна. Өсөхбаярыг цохиж байхыг Санчир харсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Н.Туяагийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13103 дугаартай:
1. М.Өсөхбаярын биед хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.24-25/,
Хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан тухай баримт /хх.28-34, 58-63/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.36-43/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.46-48/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.50-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Сгийн яллагдагчаар өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй ба өөрийн гэм бурууг ухамсарлаж хүлээн зөвшөөрч байна... Уг шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан М.Өсөхбаярын биед учирсан хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлийг миний бие гараар 2 удаа цохиж учруулсан... Миний хувьд өмнө нь эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг М.Өсөхбаярт төлж барагдуулсан байгаа бөгөөд 4.500.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг хасаж төлөх хүсэлтэй байна. Би хохирол төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” /хх.53/,
Хохиролд 4.500.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримтын хуулбар /хх.67-70/,
Хохирол бүрэн авсан цаашид гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч М.Өсөхбаярын гаргасан тайлбар /хх.67-68/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Б.Сгийн гаргасан хүсэлт /хх.74/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.76-77/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.С өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч М.Өсөхбаяр нь хохирол бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Сг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Сгийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Совогт Бат-Эрдэнийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Сд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 4.100.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Өсөхбаяр нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР