| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01058/И |
| Дугаар | 1050 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01058/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, өөрийн байранд байрлах, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Д.Е холбогдох
Цахилгаан эрчим хүчний төлбөр 542 134 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, хариуцагч Д.Е, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Е нь Х уул СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчний төлбөрийг хугацаанд нь төлөлгүй 2013 оноос эхлэн өр үүсч 2020 оны 04 сарын 23-ны өдрийн байдлаар 542 134 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус сууц өмчлөгчдийн холбоонд өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. хуримтлагдсан өр төлбөрийг гаргуулах талаар 2020 оны 06 сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус Х уул СӨХ-ийн дарга шинээр томилогдсон, өмнөх хуримтлагдсан өр төлбөрийг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд тухайн үед тус СӨХ-ийн захирлаар ажиллаж байсан Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Д.Еөөс цахилгаан эрчим хүчний төлбөр 542 134 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Е, түүний өмгөөлөгч А.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
СӨХ бол улсаас нэг ч төгрөгийн төсөв мөнгө авдаггүй, оршин суугчдын СӨХ-ийн татвараар үйл ажиллагаа явуулдаг. Байрны доод хонгилд дулаан цахилгааны үйл ажиллагаа явуулдаг байгууллага өөрсдөө засвар үйлчилгээ хийхийн тулд гэрэлтүүлэг тавьсан. Миний хувьд СӨХ-д үйлчлэгч ажилчин авах зүй ёсны шаардлагатай. Уул ажилд хөгжлийн бэрхшаалтэй, сэтгэл мэдрэлийн асуудалтай эмзэг бүлгийн хүмүүс ажилд ордог. Эдгээр хүмүүс нь хүн юм болохоор адилхан ус цахилгаан хэрэглэдэг. Гэхдээ энэ хүмүүс өөрсдөө амьдрахын тулд цахилгаан хэрэглэдэг нь үнэн боловч хэрэглэсэн цахилгаанаа өөрсдөө төлөх нь хууль ёсонд, хууль тогтоомжид яв цав нийцнэ. Харин эдгээр хүмүүсийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг СӨХ-ийн дарга төлнө гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй байхад мөнгиййг төл гэж миниий нэр дээр нэхэмжлэл гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй гэдэг хэн ч санал нийлэхгүй байх. Би тодорхойлолт хийж өгч, эдгээр хүмүүс манай СӨХ-д ажилладаг нь үнэн гэж бичиг хийж өгсөн болохоос цахилгааныг нь салааж хэрэглээрэй гэж хэлээгүй. Хэрэглэсэн цахилгааныг чинь би төлнө гэж бүр хэлээгүй. Тийм утгатай гэрээ хийх эрх ч надад байхгүй. Оршин суугчид СӨХ-ын хураамжаа төлөөгүй, төлөхгүй байдаг учраас би олон сараар цалин мөнгө аваагүй энэ ажлыг хийж байсан. Харин манай ажилчид хэрэглэсэн цахилгаанаа өөрсдөө төлөх хууль ёсны заалттай болохоор нэхэмжлэгч эдгээр хөлсийг хариуцагчаар татах боловч би нэр хаяг олж өгч туслахад болохгүй гэх газаргүй. Ийм учраас нэхэмжлэгчээ олоогүй, СӨХ-ийн дарга өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ цахилгааны мөнгийг төлнө гэсэн ямар ч хуулийн заалтыг байхгүй, хууль зөрчсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болгоно гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Еөд холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр 542 134 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Д.Е нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Х СӨХ-г төлөөлөн Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй. Х СӨХ-өөс цахилгаан эрчим хүчний төлбөр гаргуулахаар шүүхэд хандахад өмнөх захирал хариуцна гэсэн шийдвэр гарсан. Иймд гэрээнд гарын үсэг зурсан Д.Еөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргаж, нотлох баримтаар Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ буюу Х СӨХ-той байгуулсан гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай Х СӨХ-ны Дархан сум дахь цахилгаан түгээх сүлжээний газарт гаргасан өргөдөл, Х СӨХ-ны техникийн нөхцөл, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 812 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь Х СӨХ-д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 542 134 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 812 дугаартай шийдвэрээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Д.Е нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Х СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сарын 250 000 төгрөгөөр цалин авч ажиллаж байсан болох нь МСӨХДЗ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн тодорхойлолт, Х СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай тушаал, Х СӨХ-ны захирлын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 34-36 дахь тал/,
Хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр нэг талаас Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийг төлөөлж гэрээний ажилтай Б.Уранчимэг, нөгөө талаас Х СӨХ-г төлөөлж захирал ажилтай Д.Е Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг удирдлага болгон нэг талаас цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах болон бусад дагалдах үйлчилгээг үзүүлэх, нөгөө талаас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 5-9 дэх тал/,
Дээрх гэрээ нь аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээ байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг тус шүүхиийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 812 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэхээр хуульчилсан боловч тухайн хэрэгт хариуцагчаар татагдсан Д.Еийг цахилгаан эрчим хүчний төлбөр гаргуулах дээрх маргаанд хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг нь гэрээний талуудад хамааралтай болохоос гэрээний нэг талыг төлөөлж буй төлөөлөгч нарт хамааралгүй юм.
Иймд Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Еөд холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр 542 134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Еөд холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр 542 134 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 915 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА