Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1052

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01084/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... байрны ... тоотод оршин суух, утас ..., ... регистрийн дугаартай, Б овогт Л.Т. нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод оршин суух, утас ... ,... регистрийн дугаартай, Х овогт Ш.Х холбогдох

 

Хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Т., хариуцагч Ш.Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ш.Х. бид хоёр 2008 оноос тус тусдаа амьдарч байгаад Ш.Х.ыг өөр хүнтэй гэрлэлтээ батлуулах шаардлагатай болох үед албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Тус шүүхийн 2018 оны ... сарын ...-ны өдрийн ...тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тэр үед шүүх охин Т.Х.г ээжийнх нь асрамжид үлдээсэн юм. Миний охин Т.Х. одоо 14 настай бөгөөд бид тусдаа амьдрах болсон үеэс эхлэн би охиныхоо хэрэгцээт бүх зүйлээр хангадаг байсан учраас гэрлэлт цуцлуулах үед хүүхдийн тэтгэмжийн асуудлаар бидний хэн хэн нь ямар нэг шаардлага тавиагүй, гаргаагүй. Би хуваариа бизнес эрхэлдэг бөгөөд сард 5 000 000 төгрөгийн цэвэр орлого олдог, одоо 9 настай хүү болон эхнэртэйгээ гурвуулаа 3 өрөө орон сууцанд амьдардаг. Охин Т.Х. маань хүссэн үедээ манайд ирдэг бөгөөд сүүлийн үед над дээр ирэхдээ сэтгэл санааны хувьд дарамттай байх нь ажиглагддаг болсон. Охин маань өөрөө “аав аа би таны дэргэд амьдармаар байна, ээжийн гэрлэсэн ахтай зарим нэг зүл дээр санал нийлэхгүй, янз бүрийн байдлаар маргах асуудал гараад байдаг, тэгээд энэ байдлаас болоод ээжийгээ ч хүнд байдалд оруулаад байна. Та намайг өөр дээрээ аваач” гэж хэлсэн юм. Энэ тухайн би сонсоод охин маань 14 насанд хүрч, шилжилтийн насан дээрээ явж байгаа болохоор ээждээ бас ээжийнхээ нөхөртэй үе үе маргадаг болоод байгаа юм болов уу гэж өөрийгөө тайвшруулж явсан боловч охин минь надтай ярьж, дахин дахин энэ асуудлаар асууж лавлах болсон учраас надад хэлж чадахгүй, хэлбэл ээжийгээ болон бусдыг гомдоох ямар нэг асуудал байгаа л ингээд байна даа гэж бодох болсон. Эхнэртэйгээ энэ талаар санал бодлоо хуваалцахад ... өө бид хоёрын бага хүүд хань болоод хамтдаа байхад болохгүй гэх зүйлгүй зохих журмын нь дагуу охиныгоо аваад ирвэл хэн хэнд маань амар шүүдээ гэж ярилцаж шийдсэн учраас охиноо асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгохоор шийдсан юм гэв.

 

 Хариуцагч Ш.Х. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие нь Л.Т.тай 1997 онд танилцаж, 1998 онд том охин Т төрсөн. 2006 онд охин Х. төрсөн. 2009 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Л.Т нь 2004 оноос хойш одоо амьдарч байгаа хүүхэнтэйгээ нууцаар амьдарч эхэлсэн байдаг. Тэр үед би мэдээгүй юм шиг амьдарч байсан. 2005 онд намайг жирэмсэн болоход дахин алдаа гаргахгүй, охиныхоо төлөө амьдарна гэж амлалт өгсөн боловч энэ хүүхэнтэйгээ зууралдаад салаагүй. Тийм учраас охин Х.г төрүүлээд 2008 онд салсан. Тэрнээс хойш тус тусын амьдралаар амьдарч байна. Л.Т. нь 2009 оноос хойш 2 хүүхдийн тэтгэлэг нэг ч өгч үзээгүй, би ч авъя гэж хэлж байгаагүй. Миний том охин 2005 онд дунд сургуулиа төгсөөд Анагаах ухааны үндэсний их сургуульд элсэн орж 2020 оны 5 сард сургуулиа төгссөн. Одоо Улаанбаатар хотод мэргэжлийн дагуу ажлаа хийдэг. Л.Т. нь том охиныхоо төлбөрийг 5 жил төлсөн. Өөрөө хүүхдийнхээ төлбөрийг хийе гэж хэлсэн учраас төлсөн. 2009 оноос Х. охин хааяа ирэн очин байдаг байсан. Энэ жил зуны 3 сар аав дээрээ байж байгаад ирэхдээ ааш зан нь хачин болчихсон байсан. Ээж рүүгээ утсаар ч ярихгүй, залгахаар утсаа авахаа больчихсон байсан. Би аавд нь удаа дараа хүүхдийн хичээл орлоо, охиноо авъя гэж хэлж байсан. 8 сарын 31-ний өдөр би хүүхдээ авах гэж очоод эхнэртэй нь маргаан үүсгээд охиныгоо аваад гараад явсан. Тэр үед Л.Т. байгаагүй. Араас Л.Т. залгаад ... чи миний гэрт ирж эхнэр, хүүхдийг минь доромжилсон, чамайг хаа байгаа газарт чинь очиж ална гэж хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. Дараа нь над руу зурвас бичиж чамайг яахыг хараарай гэж бичсэн. Тэгсэн намайг 9 сарын 2-ны өдөр хөдөө явсан хойгуур гэрт минь ирээд охиныг минт аваад явсан байсан. Маргааш нь над руу зурвас бичээд миний охин чамтай амьдрахгүй гэсэн, би чамайг яасныг харсан уу, одоо шүүхээр орж охиноо авна гэж хэлсэн. Ер нь би эхнэртэй нь хэрэлдсэн гэж өдий хүртэл хар нялхаас минь өсгөж хүмүүжүүлсэн охиныг минь ээжийнх нь эсрэг турхирч, охиныг минь гэрээс нь аваад явлаа. Миний охин 14 настай, шилжилтийн насан дээрээ яваа хүүхэд. Тийм болохоор охиныхоо сэтгэлийг ойлгож байгаа. Аавтай нь амьдрах /эцгийнхээ асрамжид/-ыг зөвшөөрч байна. Манай гэр бүл, миний ээж, дүү, том охин бүгд ярилцаад эцгийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Т. нь хариуцагч Ш.Х.д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ...дугаар сарын ... -ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Л.Т., Ш.Х. нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Х.г эх Ш.Х.ы асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Т. нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх болсон талаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг ... Охин маань өөрөө “аав аа би таны дэргэд амьдармаар байна, ээжийн гэрлэсэн ахтай зарим нэг зүл дээр санал нийлэхгүй, янз бүрийн байдлаар маргах асуудал гараад байдаг, тэгээд энэ байдлаас болоод ээжийгээ ч хүнд байдалд оруулаад байна. Та намайг өөр дээрээ аваач” гэж хэлсэн юм гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч Ш.Х. нь ... Миний охин 14 настай, шилжилтийн насан дээрээ яваа хүүхэд. Тийм болохоор охиныхоо сэтгэлийг ойлгож байгаа. Аавтай нь амьдрах /эцгийнхээ асрамжид/-ыг зөвшөөрч байна. Манай гэр бүл, миний ээж, дүү, том охин бүгд ярилцаад эцгийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч байна хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй байна.

 

Иймд хүүхдийн санал, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн асрамжийг өөрчлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Т.ын Х.г эцэг Л.Т.ын асрамжид үлдээх  нь зүйтэй.

Зохигчид нь хүүхдийн тэтгэлгийн талаар хэн аль нь санал хүсэлт гаргаагүй боловч төрөөс хүүхдийн эрхийг хуулиар хамгаалдаг бөгөөд түүнд олгох тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон талаар нотлох баримт ирүүлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг эх дараахь үүрэг хүлээнэ 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар Т.Х.д сар бүр тэтгэлэг гаргуулан эх Ш.Х.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Т.ын Х.гийн асрамжийг өөрчлөн эцэг Л.Т.ын асрамжид үлдээж, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Ш.Х.аар тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Л.Т., эх Ш.Х. нарт даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 33 105 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА