| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2020/0007/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 17
Ч.Б, Ж.Т, Ц.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Б, Ж.Т, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1835004410201 дугаартай, 5 хавтас хэргийг шүүгдэгч Ч.Б, Ж.Т болон шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Долгормаа, Х.Сарангэрэл, А.Одгэрэл нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 23-нд Увс аймгийн Т суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багийн .. тоотод оршин суух Т овогт Ц-ний Б,
Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 11-нд Увс аймгийн Н суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Б н А”хоршооны менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух Б овогт Ч-ийн Б,
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 19-нд Увс аймгийн Т суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “А д” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух Борлууд овогт Ж-гийн Т.
Прокуророос шүүгдэгч Ц.Быг “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-ийн захирлаар ажиллаж байхдаа Тэс сумын орон нутгийн хөгжлийн сан болон “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-ийн хөрөнгөөр Универсаль трактор худалдан авахдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвд 115.000.000 сая төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Б , Ж.Т нарыг шүүгдэгч Ц.Бын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Цэвээний Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
- Шүүгдэгч Б овогт Ч-гийн Б, Б овогт Ж-гийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилээр хасаж, 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Б, Ж.Т нарын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, тус бүрт нь 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 55.200.000 /тавин таван сая хоёр зуун мянга/ төгрөгөөс, шүүгдэгч Ц.Бын хувьд ногдох хөрөнгөөс 20.000.000 /хорин сая/ төгрөг, шүүгдэгч Ч.Бын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Тын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор,
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Бын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай тогтоол, шүүгдэгч Ж.Тын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаартай тогтоол, шүүгдэгч Ч.Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах нэмэгдэл ялыг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Төсөвт учирсан хохиролыг бүрэн барагдуулсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хохиролд төлсөн 55.200.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж үйлдэж олсон орлого гэж үзэн дахин хурааж, Ж.Т миний хувьд ногдох хөрөнгөнөөс 17.600.000 төгрөг улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримуудаас үзэхэд миний бие гэмт хэрэг үйлдэж, 17.600.000 төгрөгийн орлого олсон эсэх нь нотлогдоогүй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд биднийг гэмт хэрэг үйлдэж, 55.200.000 төгрөг олсон гэж үзвэл уг орлогыг хохирол төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын төсөвт шилжүүлэх зохицуулалттай байна. Миний бие нийт хохирлын хэмжээ болох 55.200.000 төгрөгөөс надад оногдох хэсэг болох 15.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай” гэснээс үзэхэд бидний гэмт хэрэг үйлдэж олсон гэх хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гараагүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох нь тодорхой байхад 55.200.000 төгрөгийг дахин хурааж, надаас 17.600.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын 5,8 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийн талаар ямар нэгэн маргах зүйл байхгүй бөгөөд шүүхээс надад оногдуулсан торгох ялыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тракторын үнэлгээ болох 59.800.000 төгрөгийн нийт мөнгөн дүн болох 115.000.000 төгрөгөөс хасаад үлдэх 55.200.000 төгрөгийг бүхлээр нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ч.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 55.200.000 төгрөгийг орлого олсон талаар нотлон тогтоосон зүйл байхгүй байхад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 59.800.000 төгрөгийг хасаад үлдсэнийг шууд гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байдаг тул дээрх мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэхийн тулд шүүгдэгч нар 55.200.000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон байх учиртай.
Миний хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 15.100.000 төгрөгийг бүгдийг нь нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор надаас гаргуулах хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй байхад дахин 17.600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс миний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хассан. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т "...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал..." зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан. Миний бие нь тус гэмт хэргийн үндсэн субьект биш хамжигч тул гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлсөн, хувийн байдлын харгалзан үзээд дээрх хугацааг багасгах боломжтой гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын 2, 5 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан болно.
Шүүгдэгч нар нь Л-942 загварын тракторын үнэ 59,800,000 төгрөгийг үндсэн хохирлоос хасаж үлдсэн хохирол болох 55,200,000 төгрөгний хохирлыг бүрэн төлсөн ба үүнээс Ц.Б 25,000,000 төгрөгийн хохирол төлсөн учир шүүх шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэсэн.
Гэтэл үндсэн хохирлоос тракторын үнийг хасаж тооцоод үлдэх 55,200,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиололд улсын төсөвт шилжүүлнэ” гэжээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байхад хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.Тын өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ”Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг дэмжиж байна. Төсөвт учирсан хохиролыг бүрэн барагдуулсан байхад анхан шатны шүүх хэргийгн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хохиролд төлсөн 55.200.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж үйлдэж олсон орлого гэж үзэн дахин хурааж, Ж.Тын хөрөнгөнөөс 17.600.000 төгрөг улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ж.Т гэмт хэрэг үйлдэж, 17.600.000 төгрөгийн орлого олсон эсэх нь нотлогдоогүй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтаас үзэхэд шүүгдэгчдийг гэмт хэрэг үйлдэж, 55.200.000 төгрөг олсон гэж үзвэл уг орлогыг хохирол төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын төсөвт шилжүүлэх зохицуулалттай байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын 5,8 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Т.Уянга: “Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал” зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан. Миний үйлчлүүлэгч нь тус гэмт хэргийн үндсэн субьект биш хамжигч тул гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлсөн, хувийн байдлын харгалзан үзээд дээрх хугацааг багасгах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын 2,5 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Б, Ж.Т болон шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Ц.Б нарт холбогдох, 1835004410201 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж дүгнэв.
Ц.Б нь “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-ийн захирлаар ажиллаж байхдаа Тэс сумын орон нутгийн хөгжлийн сан болон “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-ийн хөрөнгөөр Универсаль трактор худалдан авахдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендэр шалгаруулалтыг нийтэд мэдээлэхгүйгээр, өөрийн урьдчилан үгсэн тохиролцсон “Б н А”хоршоог ганцааранг нь тендерт оролцуулж, түүнтэй гэрээ байгуулсан, түүнчлэн үнэлгээний хорооноос сонгон шалгаруулсан тендерийн бичиг баримтад тусгагдсан ОХУ-д үйлдвэрлэсэн “АМКОДОР-702УА” Эксковар-Бульдозор-погрузчикийг худалдан авах байтал илт муу техникийн нөхцөлтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн JL-942 загварын тракторыг хүлээн авч улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ,
Ч.Б нь “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-аас зарлагдсан “ОХУ-д үйлдвэрлэсэн “АМКОДОР-702УА” трактор нийлүүлэх тендерт өөрийн хоршооны нэрээр оролцох, дансаараа гүйлгээ хийх, JL-942 загварын тракторыг худалдаж авахаар Ц.Бтай БНХАУ руу хамт явах, авч ирсэн техникийг “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-т хүргэж өгөх зэргээр ,
Ж.Т нь өөрийн хадам ах болох шүүгдэгч Ц.Бтай үгсэн тохиролцож тендерийн бичиг баримтад тусгагдсан ОХУ-д үйлдвэрлэсэн “АМКОДОР-702УА” Эксковар-Бульдозор-погрузчикаас илт муу техникийн нөхцөлтэй тракторийг бага үнээр оруулж ирэхээр БНХАУ уруу хамт явах, JL-942 загварын тракторыг өөрийн “Ариун дээд“ ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсын хилээр оруулж ирэх зэргээр Ц.Бын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус хамжигчаар оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Ц.Б нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер шалгаруулалтыг хууль зөрчин зохион байгуулж,тендерийн бичиг баримтанд заасан техникийн тодорхойлолт,шаардлага хангаагүй техникийг Ч.Б, Ж.Т нарын дэмжлэг тусламжтайгаар өөрөө нийлүүлсэн, түүнчлэн гэрээний үүрэг биелэгдээгүй байхад үнийг шилжүүлсэн,эрх бүхий этгээдүүд албан ёсоор хүлээн аваагүй байхад уг техникийг хүлээн авч ашигласан байх тул түүний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Б, Ж.Т нар нь шүүгдэгч Ц.Бтай үгсэн тохиролцож, түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, дэмжлэг үзүүлж оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул тэднийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Т, Ч.Б болон шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгч нараас гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байхад шүүх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн“ гэх, мөн Ч.Бын “Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хассан ба гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан дээрх хугацааг багасгаж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлуудыг хүлээн авах хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ“ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулахаар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм .
Шүүгдэгч Ц.Б, Ч.Б, Ж.Т нар нь “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-аас зарлагдсан “ОХУ-д үйлдвэрлэсэн “АМКОДОР-702УА” трактор нийлүүлэх тендерийн бичиг баримтад зааснаас илт муу техникийн үзүүлэлт бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, JL-942 загварын, 59.800.000 төгрөгийн бодит үнэлгээтэй тракторыг 115.000.000 төгрөгөөр үнэлэн “Т Т-ийн и” ОНӨААТҮГ-т нийлүүлж, 55.200.000 төгрөгийг өөрсдөө ашиг болгон авсан нь нотлогдсон байх тул үүнийг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэж шууд олсон эд хөрөнгө / мөнгө/ гэж үзэж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууг харгалзан тэдгээрээс гаргуулах хувь хэмжээг ялгамжтайгаар тогтоож улсын төсөвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах”-аар заасан бөгөөд анхан шатны шүүх Ц.Б-ын нийтийн албанд тушаалд томилогдох эрхийг дөрвөн жилээр, Ч.Б, Ж.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр тус тус хасаж шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, Ж.Т болон шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү“ гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, Ж.Т болон шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ