| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0758/З |
| Дугаар | 221/МА2026/0756 |
| Огноо | 2026-11-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0756
М.Ц, Д.Г нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б
Нэхэмжлэгч: М.Ц, Д.Г
Хариуцагч: нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар
Гуравдагч этгээд: “Ц” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М” ХХК-ийн боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0790 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0758/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц, Д.Г нар нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М” ХХК-ийн боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0790 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын баталсан 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдлын агуулга:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “2025 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврын 4 дэх хэсэгт барилгын давхар талбайн харьцааны 3.2 дахь үзүүлэлтийг баримтлан төлөвлөнө гэж заасан. Энэ нь барилгын нийт давхар талбайг тухайн газрын нийт эдэлбэр талбайтай харьцуулсан харьцааг 3.2 байхаар төлөвлөхийг илэрхийлж байгаа бөгөөд уг үзүүлэлтийг үндэслэн 9 давхар хүртэл барилга барих боломжтой гэж Архитектур төлөвлөлтийн даалгаврыг норм, дүрмийн дагуу олгосон. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилга байгууламжийн байршил, зориулалт, барилгажих талбай, давхар болон бусад үндсэн нөхцөл, шаардлагыг тогтоосон суурь баримт бичиг.
Харин тухайн барилгын загвар зураг батлагдсан тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан үндсэн нөхцөл, шаардлагууд эцэслэн баталгааждаг. Тухайн загвар зургийг мэргэжлийн зөвлөлийн хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр биш. Хот байгуулалт, стандартын газрын даргын 2025 оны А/14 дүгээр тушаалаар баталсан дүрэмд өөрчлөлт оруулах тухай зохицуулалтын 1.9-д Ерөнхий архитекторын бүрэн эрхийн хүрээнд гурван сарын хугацаанд баталгаажаагүй, хурлаас гаргасан санал, зөвлөмжийг зураг төсөл зохиогч хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн хугацаа өнгөрснөөр хурлаас гарсан санал хүчингүй болохоор зохицуулсан.
Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан барилгын ашиглалтад сөргөөр нөлөөлөх, орц, гарцыг хаах, орон сууц болон олон нийтийн барилга байгууламжийн нарны тусгалын норм, дүрмийг зөрчих зэргээр нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй.
Учир нь энэ талаар гаргасан ямар нэгэн дүгнэлт хэрэгт авагдаагүй”,
3.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хэсэгт авч үзэж байна.
Нэгдүгээрт, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн “Ц” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх байр суурьтай байна. Хоёрдугаарт, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нар гуравдагч этгээд болох “Ц” компанийн барилгын загвар зургийг мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр баталсан гэж маргаж, уг шийдвэрийг захиргааны акт гэж үзэж байна. Харин манай зүгээс мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлт нь захиргааны акт биш гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар гаргасан давж заалдах гомдлынхоо хоёр, гурав дахь хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан тул уг үндэслэлүүдийг уншиж танилцахыг хүсье. Товчхондоо, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад тухайн барилгын загвар зураг батлагдаагүй гэдгийг хэлж байсан. Энэ талаар хариуцагчийн тайлбар зөрүүтэй байсан гэх нөхцөл байдал байхгүй. Түүнчлэн анхан шатны шүүх ч загвар зураг батлагдаагүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй гэдгийг өөрийн шийдвэрт дурдсан байдаг. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн 2.15 дугаар хэсэгт загвар зургийг эрх бүхий этгээд батлаагүй тул хүчин төгөлдөр болоогүй бөгөөд батлагдаагүй загвар зургийн зураглалд үндэслэн нарны ээвэрлэлтийн тооцоолол гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нарны ээвэрлэлтийн тооцоолол хийлгэхээр шинжээч томилсон боловч шинжээчээс дүгнэлт гараагүй. Учир нь загвар зураг батлагдаагүй тул нарны ээвэрлэлтийг тооцох боломжгүй гэсэн хариу өгсөн. Шүүх уг хариуг хүлээн авч, загвар зураг батлагдаагүй учраас нарны ээвэрлэлтийг тооцох боломжгүй гэж дүгнэсэн. Мөн шүүх хуралдааны явцад загвар зураг батлагдаагүй байгаа талаар нэхэмжлэгч нараас тодруулж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн дөрөв дэх талд тусгагдсан. Түүнчлэн мэргэжлийн зөвлөл өөрөө загвар зургийг батлах эрх бүхий байгууллага биш болох нь мэргэжлийн зөвлөлийн дүрмээс тодорхой харагддаг. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталсан. Тус дүрмийн 2.1-д дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт гарган Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэх чиг үүргийг мэргэжлийн зөвлөл хэрэгжүүлэхээр заасан. Эндээс үзэхэд мэргэжлийн зөвлөл нь тухайн асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Ерөнхий архитекторын шийдвэр гаргах ажиллагаанд туслах чиг үүрэгтэй байгууллага. Харин асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх нь Ерөнхий архитекторын бүрэн эрхэд хамаарна. Мөн дүрмийн 4.15-д зөвлөл өөрийн санал, дүгнэлтийг Ерөнхий архитектороор танилцуулж шийдвэрлүүлэхээр, Ерөнхий архитектор тухайн санал, дүгнэлтийг буцаах, хүлээн авахаас татгалзах эрхтэй байхаар зохицуулсан. Иймд загвар зургийг батлах эсэх, мэргэжлийн зөвлөлийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах эсэхийг Ерөнхий архитектор өөрөө шийдвэрлэхээр байна. Гэтэл одоогийн байдлаар Ерөнхий архитектороос “Ц” компанийн загвар зургийг баталсан ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй бөгөөд загвар зураг Ерөнхий архитектороор батлагдаагүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтээр загвар зураг батлагдсан гэж үзэх боломжгүй. Эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, захиргааны акт бий болоогүй тул уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нар Архитектур төлөвлөлтийн даалгавраар есөн давхар барилга барихыг зөвшөөрсөн гэж маргаж байгаа боловч бичгээр гарсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын давхрын тоог огт заагаагүй. Тодруулбал, есөн давхар барилга барихаар зөвшөөрсөн ямар нэгэн заалт байхгүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Барилга хэдэн давхар байх нь загвар зургаас хамаарч шийдвэрлэгдэх бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаварт ч энэ агуулгыг тусгасан гэж тайлбарласан. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал, нийт 1,000 м.кв талбайтай барилга төлөвлөхдөө 100 м.кв суурьтай, 10 давхар барилга барих боломжтой. Эсвэл 500 м.кв суурьтай, хоёр давхар барилга төлөвлөж, мөн нийт 1,000 м.кв талбайтай байхаар шийдвэрлэж болно. Иймд загвар зураг батлагдсаны дараа тухайн барилгын давхрын тоо эцэслэн тодорхойлогдох юм. Одоогоор есөн давхар барилга барихаар баталсан ямар нэгэн шийдвэр байхгүй. Нэхэмжлэгч нар есөн давхар барилга баригдах гэж байна гэж үзэж байгаа шалтгаан нь “Ц” компани есөн давхраар загвар зургаа батлуулах хүсэлт гаргаж, уг асуудлыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэнтэй холбоотой. Гэвч хүсэлт гаргасан, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн гэдэг нь тухайн загвар зураг батлагдсан, эсхүл есөн давхар барилга барихыг зөвшөөрсөн гэсэн үг биш. Нэгэнт есөн давхар барилга барихаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад шүүх есөн давхар барилгын хоорондын зай, хэмжээг үндэслэн зөрчилтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь барилгын давхрын тоо загвар зураг батлагдсанаар тодорхойлогдох бөгөөд одоогоор есөн давхар байх нь эцэслэн тогтоогдоогүй байна. Тиймээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Ц, Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч М.Ц, Д.Г нар нь хоорондоо хамааралгүй хүмүүс бөгөөд хэн аль нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С” цогцолбор хотхоны орон сууцыг худалдаж авахаар уг төслийн гүйцэтгэгч “С” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан захиалагчид байна.
2.2. Нэхэмжлэгч нараас уг захиалан баригдаж байгаа барилгын хажууд баригдаж буй гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилга нь “...барилгын зургийн дагуу барих 4 давхар барилга нь барилгын норм ба дүрэмд заасан барилга хоорондын зай, хэмжээг зөрчөөгүй, харин 9 давхар болгосноор өөрсдийн захиалан бариулж байгаа орон сууцны хана хоорондын зайг зөрчинө, нарны ээвэрлэлт, барилга хоорондын галын норм дүрмийг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М” ХХК-ийн боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргажээ.
3. Нэхэмжлэлийн “нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1. Маргаж буй 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгчийн тайлбарласанчлан 9 давхар барилга барихаар батлагдаагүй, барилгын загвар зураг мөн батлагдаагүй, магадлалын дүгнэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй, 9 давхар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1184, 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/364, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/1023, Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/3052 дугаар албан бичгүүд болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
3.2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна” гээд 12.1.8-д “орчны Архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын нүүр тал /фасад/, дээвэр, тагтны хашлага, хаалтыг төлөвлөж байх”, 20 дугаар зүйлийн 20.3.3-д “Барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөлд” гээд 20.3.3.а-д “барилга байгууламжийн байршил, газрын бүртгэлийн мэдээлэл, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр” гэж тус тус заасан.
3.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, барилгын ажлын зөвшөөрөл олгоход загвар зураг батлагдсан байхаар хуульчилсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 2.1 дэх хэсэгт мэргэжлийн зөвлөлийн чиг үүрэгт дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт гарган Ерөнхий Архитектураар эцэслэн шийдвэрлүүлэхээр заажээ.
3.3. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын зөвшөөрөл авахын тулд нэгдүгээрт, архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулах, хоёрдугаарт, тухайн барилгын хэмжээ, өндөр болон гадна бүх талын ерөнхий дүр төрхийг харуулсан загвар зураг буюу эскиз зураг батлуулах, гуравдугаарт, барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээ, холбоо дохиолол, хамгаалалтын систем зэрэг холбогдох бүх шийдэл, зөвшөөрлийг тусгасан барилгын ажлын зураг гаргуулах гэсэн гурван үе шаттай байхаар зохицуулсан. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байна.
3.4. Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн хувьд нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрийн 1-3 бүсчлэлд 0.999 га талбайд аж ахуй, үйлдвэрийн зориулалттай барилга барихаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр МЗХ2022/29-011 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, уг даалгаврын дагуу 1 давхар зоорьтой, газрын түвшнээс дээш 5 давхар барилга барих зураг төсөл боловсруулан барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авч, барилгын ажил эхлүүлсэн үйл баримт байна.
3.5. Харин одоо маргаж буй 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүснэгтийн 4-т Барилгын төрөл, давхрын тоо гэсэн хэсэгт “Тухайлсан зураг төсөлтэй, хийцлэлийг төслөөр /зоорьтой/, Давхар талбайн харьцааны 3.2 үзүүлэлтийг баримтлан төлөвлөнө /FAR/ гэсэн нь захиргаанаас гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн барьж буй барилгыг шууд 9 давхар байхыг заагаагүй бөгөөд уг барилга хэдэн давхар баригдах нь батлагдсан загвар зургаас хамаарч гарахаар байна.
3.6. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шууд үр дагавар үүсгээгүй, эсхүл барилгын норм, дүрмийг зөрчиж барилга барих зөвшөөрлийг “Ц” ХХК-д олгосон шийдвэр гаргаагүй, одоо баригдаж буй барилга нь өмнө нь батлагдсан загвар зургийн дагуу буюу 5 давхар барилгын угсралтын ажил гүйцэтгэхэд хэрэгжиж буй даалгавар байх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд уг барилгын ажилтай маргаагүй байхад ийнхүү 9 давхар барилгын зураг төсөл батлагдаж, уг зургын дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан мэтээр дүгнэж, уг захиргааны актыг хүчингүй болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасантай нийцэхгүй байна.
3.7. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн яриад байгаа 9 давхар барилга баригдаагүй, тийм барилга баригдах эрх зүйн акт гараагүй. Энэ архитектур төлөвлөлтийн даалгавар нь 9 давхар барилга барина гэсэн даалгавар биш. Нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар тодорхойгүй, баримтгүй байна...”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...хүчингүй болгуулахыг хүссэн архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч нарт өөрт нь болоод захиалга өгсөн орон сууцанд ямар байдлаар сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхойгүй, ямар хуулийн заалт зөрчиж байгаа нь тодорхой бус тухайн захиргааны актыг хүчингүй болгохын тулд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх, мөн уг захиргааны акт нь хууль бус, хуульд нийцээгүй байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал бодит байдал дээр тогтоогдохгүй байна. Онцгой байдлын ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 005/01 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийн барьж буй барилга хоорондын зай галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэсэн. Нарны ээвэрлэлтийн хувьд нэхэмжлэгч нарын байранд нар тусах стандартын шаардлага зөрчсөн талаар баримт байхгүй. Нарны ээвэрлэлтийг тодруулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж маргаагүй. Загвар зураг батлагдаагүй байхад нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
3.8. Иймд нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэлийн “нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М” ХХК-ийн боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 2.1-д “Мэргэжлийн зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартыг мөрдөж дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 2.1.2-т “хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламж, тохижилт, авто зам, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн асуудал хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектораар шийдвэрлүүлнэ”, 4.15-д “Зөвлөл нь хурлаас гарсан санал дүгнэлтийг Ерөнхий архитекторт танилцуулах үүрэгтэй бөгөөд Ерөнхий архитектор хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм болон Зөвлөлийн хурлаас гарсан санал дүгнэлтийн нэмэлт тайлбар, тодруулга гаргуулахаар буцаах, татгалзах эрхтэй” гэж тус тус заажээ.
4.2. Дээрхээс үзвэл, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас гарсан санал дүгнэлт нь тэмдэглэл хэлбэрээр гарсан байх бөгөөд эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, бие даасан, заавал биелэгдэх шинж бүхий үр дагавар үүсгээгүй буюу уг санал нь Ерөнхий архитекторт танилцуулагдаж, Ерөнхий архитектор эрх хэмжээнийхээ хүрээнд уг саналыг хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин шалгуулж нэмэлт тодруулга тайлбар шаардах, дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргахаар журамлагдсан байх тул уг саналыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэв.
4.3. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тэмдэглэл, санал дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрэмд нийцүүлэн загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь Ерөнхий архитекторын бүрэн эрхийн асуудал байх ба Ерөнхий архитектор нь загвар зургийг баталснаар уг шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт болохоор байна.
4.4. Гэтэл анхан шатны шүүх 37 дугаар хуралдаанаар “Ц” ХХК-ийн барилгын загвар зургийг баталсан мэтээр алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасантай нийцэхгүй байна.
4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмлэгч М.Ц, Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
5. Харин нэхэмжлэгч М.Ц, Д.Г нар нь “Ц” ХХК-ийн нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрийн 1-3 бүсчлэлд хэрэгжүүлж буй аж ахуй, үйлдвэрийн зориулалттай барилгын загвар зураг батлагдаж, уг загвар зургаар баригдах барилга нь өөрсдийн тус тусын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0790 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.8, 20 дугаар зүйлийн 20.3.3, 20.3.3.а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц, Д.Г нарын нэхэмжлэлийн “нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/00-780 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар дэмжсэн “М” ХХК-ийн боловсруулсан 20.4х14 метр хэмжээтэй 9 давхар орон сууцны зориулалт бүхий барилгын загвар зургийг баталсан уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ