Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1182

 

МАГАДЛАЛ

 

2018.05.21                                                     Дугаар 1182                                Улаанбаатар хот

 

 

 

 

С.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00505 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н к э и с” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалин               21 741 210.43 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 6 дугаар сарын 20-нд “Н к э и с” ХХК-д ажилд орсон 1 дүгээр сарын 13-нд гэрээ байгуулан ажиллаж байсан. Үндсэн цалин нэг сарын 1 179 019 төгрөгний цалинтай. 2015 оны 7 дугаар сарын 1-нд жирэмсний амралт авсан, амралт авахаас өмнө хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 13 дугаар сарын цалин болон инфляци 2013 оны 6 дугаар сарын 20-ноос 2015 оны 6 дугаар сарын 20 хүртэл буюу 2 жилийн хугацаанд олгох байсан олгоогүй. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-нд ажилдаа эргэн орохоор болж, ажилд орох тухай өргөдлөө өгсөн, хариу өгөхгүй болохоор би биеэр очин уулзсан хэд хоногоос хариу хэлье гэсэн мөн л хариу өгөөгүй, би утсаар асуухад чиний оронд өөр хүн авч ажиллуулах болсон гээд хөдөө ажиллах ажлын санал тавьсан ингээд 2017 оны 3 дугаар сарын дундуур тухайн үед хүний нөөцийн менежер н.Г утсаар ярьсан мөн л ажиллуулах боломжгүй орон тоо гараагүй гэсэн хариултыг өгсөн. Тэгэхээр нь би 3 нялх хүүхэдтэй хөдөө ажиллах боломжгүй энэ ажилдаа эргэн ормоор байна гэсэн одоо хүртэл надад албан ёсны хариу өгөөүй. 2017 оны 8 дугаар сарын 15-нд аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 181/ШЗ2017/11196 дугаартай шүүгчийн захирамж гарч өөрийнхөө байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комист хандан шийдвэрлүүлээд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд ханд гэсэн. Үүний дагуу “Н к э и с” ХХК-ний хамтын төлөөлөл буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисст 2017 оны 9 дүгээр сарын 5-нд өргөдлөө өгсөн. Ингээд би нялх хүүхэдтэй учраас очиж амжихгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 6-нд Хүний нөөцийн менежер н.Х болон хуулийн зөвлөхтэй уулзсан. Энэ үеэр хүний нөөцийн менежер н.Х нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах хээрийн ангид ресепшин албан тушаал санал болгосон. Би 8, 4, 2 бага насны 3 хүүхэдтэй тул ажиллах боломжгүйг хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын       8-ний өдөр и-мэйлээр ажиллуулах боломжгүй гэдэг хариу ирсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дуусаагүй ч гэсэн эх өөрөө хүсвэл түүнийг ажилд нь эгүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасныг үндэслэн урьд ажиллаж байсан ажил болох “Н к э и с” ХХК-ийн ресепшин албан тушаалд эгүүлэн томилож, ажиллуулаагүй хугацааны цалин 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 8-ны хүртэл 12 сар 8 хоног буюу нэг сарын үндсэн цалин 1 179 019х12 сар 8 хоног=14 462 633.1 төгрөг, “А М” ХХК, “Н к э и с” ХХК хоорондын гэрээнд зааснаар үндсэн цалингийн 6% болох                             1 179 019х6%=70 741.14х2жил=1 697 787.36 төгрөгийн инфляци (жишиг албан тушаалтан болох, цахилгаанчин, жолооч нарын адил нэмнэ.) гэж заасан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар 13 дугаар сарын цалин бодож олгох, нэг сарын үндсэн цалин                  1 179 019х2жил=2 358 038 төгрөг 18 518 458.5 нэхэмжилж байна. 2017 оны 12 дугаар сарын 08-наас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 2 сар 22 хоногийн цалин 1 179 019х2сар 22хоног=3 222 751.93 төгрөгийг гаргуулж өгнө үү Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Г нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Н к э и с” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, оффис ресепшин албан тушаалд ажилд орсон. Гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд талуудын хэн алины зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаагүй тул анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авч, 2017 оны 01-р сард ажилд эгүүлэн орох өргөдөл гаргасан. Ажил олгогчийн зүгээс түүний ажиллаж байсан албан тушаал дээр өөр ажилтан ажиллуулж байгаа тул түүний өмнө хийж байсан хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг өөрчлөхгүйгээр өөр төсөл дээр ресепшин албан тушаалд ажиллуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч С.Г зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Н к э и с” ХХК-ийн хамтын төлөөлөл буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх коммист өргөдөл гаргах тухай гэсэн толгой бүхий ажилд орохыг хүссэн өргөдөл гаргасан. Манай компанид ажил олгогч болон ажилтны төлөөлөх бүхий маргаан таслах зөвлөл байхгүй боловч нэхэмжлэгч С.Г өргөдөлийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүний нөөцийн менежер С.Х, хуульч С.Б, Т.О нарын хамт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар компанийн зүгээс С.Г өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байр болон хөдөлмөрийн гэрээний дагуу авч байсан цалин, хөлснөөс дордуулахгүй нөхцөлөөр өөр албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс 13 дахь сарын цалин, инфляцын нэмэгдлээр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг авах, харин ажилд эргэн орох хүсэлгүй байна гэсэн хүсэлтийг тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус компанид хандаж дахин 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлдөө “...“А М” ХХК болон “Н к э и с ХХК-ийн хоорондын гэрээ 2017 оны 05 дугаар сард маш өндөр шаардлагатайгаар шинэчлэгдэн хийгдсэн гээд намайг ажиллуулах боломжгүй гэж хэлсэн. Иймд цаашид ажиллах боломжгүй болсон тул, анхны өргөдлөө өгсөн хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ асуудлыг дуусгах тэр хугацаа хүртэлх миний цалин болон 13 дахь сарын цалин (2 жилийн), инфляцийг (2 жилийн) нөхөн олгоно уу.” гэж хүссэн. Компанийн удирдлагын зүгээс дээрх хүсэлтийг хэлэлцээд С.Г зүгээс компаниас тавьж буй санал болох өмнөх хийж байсан ажилтай ижил нөхцөл бүхий ажилд эгүүлэн авах саналын хүлээн авах боломжгүй гэдгээ хангалттай тодорхой илэрхийлсэн, түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр и-мэйлээр мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх асуудлаар тус шүүхэд хандан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс 2017 оны 12 дугаар сарын   15-ны өдрийн 181\Ш32017\16597 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заажээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус компанид гаргасан өргөдөл маргаан таслах комисст гэж толгойлсон байх боловч тус компани маргаан таслах комисс биш тул хуульд заасан журмын дагуу гаргасан гомдол гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь компаниас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийг маргаан таслах комиссын шийдвэр гэж үзсэнч хуульд заасан комиссын шийдвэрт гомдол гаргах хугацаа буюу 10 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээс үзвэл нэхэмжлэгч С.Г нь эрх ашиг нь зөрчигдсөн асуудлаар хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г хариуцагч “Н к э и с” ХХК-ийн хүлээн авагч /ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Н к э и с” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 339 043 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 402 167,43 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.Г нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч С.Г 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 542 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 66 515 төгрөгийг, бүгд 317 057 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Г олгон, хариуцагч “Н к э и с” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 148 374 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогчийн зүгээс түүний ажиллаж байсан албан тушаал дээр өөр ажилтан ажиллуулж байгаа тул түүний өмнө хийж байсан хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг өөрчлөхгүйгээр өөр төсөл дээр ресепшин албан тушаалд ажиллуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч С.Г зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд бичгээр болон амаар гаргасан тайлбарт нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир дээр дурдсанчлан нэхэмжлэгч С.Г жирэмсэний амралттай байх хугацаандаа ажилд эргэн орох хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр бичгээр гаргасан бөгөөд манай компанийн зүгээс С.Г гүйцэтгэж байсан ажилд манай компанитай хамтран ажиллах гэрээ бүхий “А М” ХХК-ийн ресепшнийн албан тушаал бөгөөд манай компанийн зүгээс С.Г хүсэлтийг "А М" ХХК-д дамжуулсан боловч тус компанийн өөр ажилтан авах боломжгүй гэх хариуг өгсен. Бидний зүгээс С.Г2017 оны 01 сард өмнөх гүйцэтгэж байсан албан тушаалд эгүүлэн авах боломжгүй харин түүний өмнө гүйцэтгэж байсан албан тушаал, авч байсан цалин, хөлснөөс дордуулахгүй нөхцөлөөр өөр ажил санал болгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан. С.Г нь манай компанийн зүгээс өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн авах боломжгүй гэх хариуг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах боломжтой байсан боловч энэ хугацаанд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181\Ш32017\1196 захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байгаа эсэх буюу нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзсан захирамжид заасан зөрчил хэрхэн арилсан талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Манай компанийн зүгээс анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэхэмжлэгч С.Г 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж энэ талаарх мэдэгдэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн асуудал огт байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ч нэг талын санаачлагаар ажлаас халсан талаарх шаардлага огт байхгүй болно. Гэтэл анхан шатын шүүхийн шүүгч талуудын тайлбар болон хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд бус өөрийн төсөөллөөр компанийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр С.Г ажлаас халж, энэ талаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, цаашлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй, уг эрхээ зөрчигдсөнийг 2013 он, 2014 он, 2015 онуудад нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн анхан шатны шүүх нэг шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтын талаар шийдвэрлэхдээ өөр хоорондоо үгүйсгэсэн 3 өөр дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “Н кг э и с” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хүүхэд асрах чөлөөтэй байсан нь үнэн боловч урьд эрхэлж байсан ажилд нь ажилуулах боломжгүй учир өөр ажилд томилсоныг нэхэмжлэгч өөрөө хүлээн аваагүй, хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдан, нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авагчийн ажилд томилогдож, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсэний амралтаа авч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн хариу өгсөн гэх үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй.

Тодруулбал, хариуцагч байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч С.Гантуяаг ажлаас халсантай адилтган үзнэ. Жирэмсэний амралтай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтаны ажил үүргийг хадгалах үүрэг ажил олгогчид байгаа. Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн болох үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хүлээн авагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр    үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 148 374,69 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

                                   

                                         ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД                                               

 

                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ