| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01042/и |
| Дугаар | 1062 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01042/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Г овогт Б.Э нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, Дархан сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох
Тус сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2018 оны 09 дүгээр сарын 05-нд Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд диспетчер багшаар ажилд ороод 2019 оны 03 дугаар сар хүртэл ажлаа хийж байсан. Нэг өдөр Авлигатай тэмцэх газраас намайг захирлын талаар мэдүүлэг өг гэсэн. Мэдүүлэг өгснөөс хойш захирал надад 3 тушаал өгсөн. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дүгээр тушаал, ...” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн зөвлөмжийн дагуу орон тоо байхгүй гэж намайг халсан. Манай сургуульд орон тоо байсан. Би бусад нэг гэсэн орон тоо дээр ажиллаж байсан. Тиймээс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Буруу тушаал гарсан гэж үзэж байна гэв.
Хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирал Ч.О, түүний өмгөөлөгч З.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр захирлаар ажиллах түр тушаал гарсны дагуу би ажилд орсон. Б.Эийн ээж намын шугамаар ажиллаж байсан гэдэг утгаар өмнөх захирал Соёлмаад хүсэлт тавьж ажилд оруулсан гэсэн. Бүтэц орон тоо хуулийн дагуу ажиллах байсан учраас би эхний удаад Б.Эид сануулсан. Санхүү АУДИТ шалгалт 3 жил дараалан ирж шалгаж байгаа. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дүгээр тушаал, ...” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн зөвлөмжөөр манай сургуульд Б.Эийн ажиллаж байсан орон тоо байхгүй гэдэг зөвлөмж ирсэн. Ирсэн зөвлөмжийн дагуу би мэдэгдсэн. Зөвлөмжийн хариуг 5 дугаар сарын 31-нд өгөх байсан болохоор тэр хүртэл ажиллуулж байгаад 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн. Гэтэл Түвшинбат намын шугамаар ажилд орсон хүнийг яагаад халах гээд байгаа юм бэ хүлээж бай гэсэн. 3 дугаар сард тушаал гаргаагүй. Мэдэгдэл өгсөн. Гэтэл 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Э өөрөө хүсэлт өгсөн. Тэр үед манай ээжийн бие өвдөөд би гэртээ байж байхад Б.Э би өргөдлөө өгсөн та тушаалаа гаргаад өг гэсэн. Би учир байдлаа хэлээд ажил дээр очоод тушаал гаргаж өгнө гэж хэлсэн. 5 дугаар сарын 14-нд Э өөрөө ирж уулзаад ажилгүйдлийн тэтгэмж авч болохгүй юм байна. Бас дараагийн ажилд орох гэж байгаа тул та ажил олгогчийн санаачилгаар гэсэн тушаал гаргаад өгөөч гэсэн. Би ээж маань бурхан болоод удаагүй байсан болохоор буян болог гээд чи дараа нь гомдол гаргахгүй биз гэж хэлж байгаад тушаал гаргаж өгсөн. Эийг сургалтад хамрагдсан материалаа бүрдүүлж ирээд цалингаа аваарай гэж хэлсэн. Би өөрөө хэлээд Эээр өргөдөл бичүүлсэн зүйл байхгүй. Дараа нь биеийн тамирын багшийн орон тоо гарах юм бол хэлье гэж хэлсэн. Тэгээд тушаалаа тэр үед нарийн бичгийг орлож байсан Нт өгсөн. Н Эид тушаалаа аваарай гэж дуудахад удахгүй очоод гарын үсэг зураад авна гэж хэлсэн байсан. Охин осолд орсон талаар сонссон. Гэхдээ ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тэр үйл явдал болсон. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тушаалын үндэслэл байгаа эсэхийг ярихаасаа өмнө 1 жил 3 сарын өмнө ажлаас халах тушаалд нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн эсэхийг тодруулах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч энэ хугацааг баримталж шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх, мөн хуулийн 129.3 дахь хэсэгт энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн бол шалтгаанаа нотолсон баримтыг хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргах ёстой байсан. Гэтэл энэ талаар баримт хүсэлт шүүхэд гаргаагүй. Шүүхэд эх хувиар гаргаж өгсөн тушаалын талаар тодруулахад 2019 онд багтаан авсан гэж байна. 2020 онд аваагүй байна. 2020 он гараад 10 сар болж байна. 2019 онд тушаалаа авсан юм бол авсан өдрөөсөө хойш 30 хоногтоо гомдол гаргах байсан. Гэтэл гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ нотлоогүй. Хүүхэд өвдсөн талаар хэлж байгаа ч уг тушаал 5 дугаар сарын14 нд гарсан. Тушаалаа мэдсэн гэж байна. 30 хоногийн дараа хүүхэд нь өвдсөн тул хүндэтгэн үзэх шалтгаангүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн .. дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж гаргасан тайлбартаа ...хариуцагч Дархан сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирал нь ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа үндэслэлийг дурдаагүй мөн орон тоогоор зохицуулагч багш гэж байхгүй байхад хичээл зохицуулагч багш хийсэн гэдэг. Гэтэл би Бусад 1 орон тоон дээр ажиллаж байсан тул тус сургуулийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 1 жил 3 сараар тооцож 11 сая төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын бичилт хийж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар Дархан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай Б.Эийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ирүүлсэн байна.
Хариуцагч нь бүтэц орон тоон дээр байхгүй хүнийг ажиллуулсан гэсэн санхүү, аудитын байгууллагын хөндлөнгийн дүгнэлт гарсан, түүний хүсэлтээр ажил олгогчийн
санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэсэн хуулийн заалтыг оруулж тушаалаа дахин гаргаж, гардуулахыг архив бичиг хэргийн эрхлэгчид өгсөн. Гэтэл тушаалаа авахыг мэдэгдэж утсаар ярьсан боловч ирээгүй гэж тайлбар бичсэн байсан. Иймд гомдлыг 1 жил 3 сарын дараа гаргасан нь хуулийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж тайлбар гаргасан болно.
Хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар тус сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай Б.Эийг түр ажилд томилох тухай тушаал, ... 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай Аудитын дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, зөвлөмж, мэдэгдэл, Б.Эийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тайлбар, ажлаас чөлөөлөх тушаал, цалин олгох хүснэгтүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай тушаал, Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив, Б.Эийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч Б.Э нь Дархан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай тушаалаар түр диспетчер багшаар томилогдон ажиллаж байгаад, тус сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ... дүгээр тушаал, ... ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитын зөвлөмжийг тус тус үндэслэл болгожээ.
Дээрх тушаалыг нэхэмжлэгч Б.Ээд гардуулахаар тушаал гарсны маргааш буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр архив бичиг хэргийн эрхлэгчээс мэдэгдсэн боловч ирж аваагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд би тушаалыг очиж аваагүй, захирлыг дуудаад ажилд эгүүлэн томилох байх гэж хүлээсэн, тэгээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд багшаар ажилд ороод 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбар гаргасан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.3-д Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э нь Дархан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээр дурдсан хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд энэ хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Эийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол буюу шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн боловч шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Б.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан сумын Ерөнхий
боловсролын ... дүгээр сургуульд холбогдох 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА