| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/059 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214002840028 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүдүүний хөндий” гэх нэртэй газарт улсын чанартай авто зам дээр 35-54 УНГ улсын дугаартай Nissan bluebird маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэм тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна, мөн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтуудыг зөрчиж 3 тооны адууг мөргөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, миний буруугаас болж уг үйлдэл гарсан. Миний зүгээс Энхжинд эмчилгээтэй холбоотой холбогдох зардлыг боломжоороо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг дүгнэлт /хх-ийн 146-147/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
“...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би дуудлагын жижүүр эмчээр гарч ба шөнө 23 цагийн үед байхад дуудлага өгөөд тухайн үед нь би гэртээ байсан. Тэгээд ******* ах эхнэр *******ийн хамт намайг гэрээс ирж аваад ажил дээр очоод би шинжилгээ автал олгой өвчин байсан. Тэгээд “удсан хагарчих магадлалтай учраас аймгийн төвийн эмнэлэг орох шаардлагатай” гэхэд “эмчтэй орох уу өөрсдөө орох уу” гэхэд “шөнө болсон юм чинь эмчтэй оръё” гэхээр нь ахалж байсан ******* эмчид өвчтөнөө танилцуулаад “эмнэлгийн машинаар зөөвөрлөе гэтэл “төсөв мөнгө хэцүү байгаа, өөрөөс нь нэг талын зардлыг нь дааж өгье, явах уу” гээд асуучих гэсэн. Тэгэхээр нь нөхөр эхнэр хоёроос асуутал “тэгье” гээд шөнийн 00 цаг өнгөрөөгөөд сумын төвөөс ******* ахын хүрэн өнгийн жижиг машинаар хөдлөөд ******* ах жолоогоо бариад би жолоочийн хажуу талын суудал дээр, хойд суудал дээр эхнэр ******* нь хэвтээд явсан. Тэгээд нэг сэрсэн чинь тухайн машины арын суудал дээр суусан, даараад байсан, тэгээд яг юу болсон талаар мэдэхгүй, хаанаас унтсанаа ч санахгүй байгаа, би ер нь машинд суугаа л бол унтчихдаг. Тэгээд нэг мэдсэн цагдаа эмнэлэг болоод аймгийн төвд ирээд өглөө нь хот руу хөдөлсөн, байнгын мэдээ алдуулалт, унтуулгатай байсан учраас сайн санахгүй байна. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очоод нүүр амны эмч байхгүй гээд 1 дүгээр эмнэлэгт очоод эрүү нүүрний болон эгмийн хагалгаанд орсон. Одоо миний зүүн гар ямар ч хөдөлгөөн мэдрэл байхгүй, Монголд эмчлэгдэх боломжгүй, Энэтхэг юм уу, Солонгос улс руу яаралтай явах шаардлагатай болсон байдалтай хэзээ ч хамаагүй явахаар байгаа. Энэтхэгийн эмчийг л хараад байгаа ийм мэдрэлгүй болдог өвчин Энэтхэгт илүү тохиолддог, тиймээс тийшээ яв гээд байгаа. Одоо тэгээд хагалгаа хийлгэж ирсэн ч гэсэн миний гар 2 жил физик эмчилгээ хийлгэж байж хэвийн болно гэсэн, тэрнээс нааш мэдээ орохгүй гэсэн. Би ******* ахыг адуу мөргөсөн гэдгийг хотод очоод хагалгаанд орсны дараа л мэдсэн. Эмчилгээний бүх зардлыг өөрсдөөсөө гаргаад явж байгаа. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг бол анзаараагүй, хажууд нь суухад үнэртэх юм бол ажиглагдаагүй...******* нь 2022 оноос хойш нийтдээ 7000000 төгрөг өгсөн. Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд орж байхад эмчилгээний зардал гэж манай аав, ээж хоёрт 4,00,000 төгрөг өгсөн байсан. Миний сэтгэл санаанд ямар нэгэн гэм хор учраагүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Миний зүүн талын гар огт хөдлөхгүй байгаа. Би осолд орсноос хойш 3 удаа хагалгаанд орсон одоогоор 40000000 төгрөг болсон, үүнээс гадна эм тарианы мөнгө, өдрийн физик эмчилгээний мөнгө гэж би өдөрт 30.000-60.000 төгрөг болдог. Одоогийн байдлаар миний эмчилгээ, хагалгааны болон бусад зардал нийтдээ 60000000 төгрөг болсон байгаа. Би энэ зардлаа нэхэмжилнэ. Мөн Өвөр Монгол улс руу буюу Хөх хотод явж эмчилгээ хийлгэх зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 55/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн
...******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 5.163.650 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 сарын 09- ний өдрийн 16314 дугаартай шинжээчийн
1.*******гийн биед суурь ясны зүүн processus pterygoideus /жигүүр сэртэн/ хугарал, эрүүний яс их бие, зүүн салаа зөрүүтэй, зүүн хоншоор ясны хугарал, зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, хүзүүний 5-7-р нугалам, сээрний 1-3 нугалмуудын арын сэртэн хугарал, зүүн мөрний дээд урд болон зүүн бугалганы мэдрэлийн дарагдал, баруун доод 2,3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 750 дугаартай шинжээчийн
“...М.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 91/,
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн
...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэм тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна, мөн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 18.3 “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 116-118/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 136-139/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 21/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 28/, жолоочийн лавлагаа /хх-ийн 34/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 35/, Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 59-60/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 156/, дипозит дансны хуулга /хх-ийн 160-165/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 166/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүдүүний хөндий” гэх нэртэй газарт улсын чанартай авто зам дээр 35-54 УНГ улсын дугаартай Nissan bluebird маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэм тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна, мөн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтуудыг зөрчиж 3 тооны адууг мөргөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 146-147/,
хохирогч *******гийн... эрүү нүүрний болон эгмийн хагалгаанд орсон, одоо миний зүүн гар ямар ч хөдөлгөөн мэдрэл байхгүй,.... би осолд орсноос хойш 3 удаа хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 55/,
иргэний нэхэмжлэгч ын...******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 5.163.650 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16314 дугаартай...*******гийн биед суурь ясны зүүн processus pterygoideus /жигүүр сэртэн/ хугарал, эрүүний яс их бие, зүүн салаа зөрүүтэй, зүүн хоншоор ясны хугарал, зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, хүзүүний 5-7-р нугалам, сээрний 1-3 нугалмуудын арын сэртэн хугарал, зүүн мөрний дээд урд болон зүүн бугалганы мэдрэлийн дарагдал, баруун доод 2,3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-118/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16314 дугаартай шинжээчийн /хх-ийн 79-80/ хохирогч *******гийн...-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа,
Мөн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэм тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна, мөн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно..” гэсэн заалтыг зөрчсөн талаар тус тус дурдсан байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагч шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгч *******аас ...улсын яллагчийн оногдуулсан ялыг бага сараар оногдуулж өгнө үү... гэсэн саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн /хохирогч гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /Баянхонгор аймгийн сумын Хонгор ойл ШТС-ын түгээгч ажилтай, сарын 575000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн сумын Өлзийт 3 дугаар багт оршин суудаг, 60 гаруй толгой малтай, өөрийн боломжоороо хохирлыг төлж байгаа/ шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт ...ажлаа хийж хохирогчийн эмчилгээний зардлыг өөрийн бололцоогоор төлж барагдуулна...гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх шүүхэд хуралдаанд гаргасан улсын яллагч болон шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тухайн сумын 3, 6 дугаар багийн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардал болох 7,900,000 төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулсан байна.
Харин хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 5163650 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 5163650 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох 1048366 дугаартай эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч *******т буцаан олгож,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тухайн сумын 3, 6 дугаар багийн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 5163650 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох 1048366 дугаартай эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч *******т буцаан олгосугай.
7. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА