Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
Дугаар | 2024/ШЦТ/296 |
Огноо | 2024-03-21 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/296
2024 03 21 2024/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын Г.Хурмандах,
Шүүгдэгч Ё.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Зд холбогдох 2306 05685 0298 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн График дизайны 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, ахын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 53 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Урианхай овогт Ёй З /РД:./.
Хэргийн товч агуулга:
Ё.З нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 1086 байрны 53 тоотод хамаатны эгч болох О.Энхжиний биед халдаж, умайн доргилт, ихсийн голомтлог ховхрол, зүүн гарын долоовор, дунд, ядам хуруу, зүүн шилбэ, зүүн мөрөнд цус хуралт, зүүн болон баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.З өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ё.З нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 1086 байрны 53 тоотод хамаатны эгч болох О.Энхжиний биед халдаж, умайн доргилт, ихсийн голомтлог ховхрол, зүүн гарын долоовор, дунд, ядам хуруу, зүүн шилбэ, зүүн мөрөнд цус хуралт, зүүн болон баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхжиний өгсөн: “Өнөөдөр 13 цагийн орчимд гэрээс гарах гээд цайгаа уугаад сууж байтал манай гэрт түр амьдарч байгаа ээжийн ахынх нь хүүхдийн хүүхэд болох З надаас хэрүүл өдөөд байснаа ширээн дээр байсан кофе асгахаар нь би “энэ асгасан кофегоо арч” гэж хэлсэн чинь “чи өөрөө арч” гээд өөдөөс хэрэлдээд байсан чинь манай хүүхэд болох Нандингоо ширээний буланд толгойгоо мөргөчихөөр нь “хэрүүлийн бузраас чинь болоод хүүхэд толгойгоо мөргөчихлөө” гэж хэлсэн чинь “хэрүүлийн бузраас биш эмэгтэй хүний бузраас болж тэгдэг юм” гээд байхаар нь би жижиг аяга аваад шидсэн чинь хананд ойгоод хагарсан чинь З хагархайг нь авснаа “ингэж байхаар намайг алчхаач” гээд байхаар нь “би хүн алдаг хүн бишээ” гэж хэлсэн чинь миний хэвлий хэсэг 3 удаа өшиглөсөн. Миний хувьд 3 сартай жирэмсэн өнөөдөр хяналтдаа орох гээд гэрээс гарах гэж байсан юм. Згийн хувьд 2023 оны 08 сарын сүүлээр Хөвсгөл аймгаас оюутан болоод Улаанбаатар хотод ирээд суух айл байхгүй гээд манай гэрт амьдарч байгаа юм. Урд өмнө нь бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10-12/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Т.Чимэд-Очрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13693 дугаартай:
“1. О.Энхжиний биед умайн доргилт, ихсийн голомтлог ховхрол, зүүн гарын долоовор, дунд, ядам хуруу, зүүн шилбэ, зүүн мөрөнд цус хуралт, зүүн болон баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Шүүгдэгчийг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.35-40/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтол /хх.50-51/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ё.Згийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн маргаан гарах үед Энхжин эгчийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Гэхдээ ямар нэг байдлаар хүүхдэд нь гэмтэл учруулахыг хүсээгүй. Хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй нь миний буруу болсон байна...” гэх мэдүүлэг /хх.54/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч О.Энхжиний гаргасан хүсэлт /хх.57/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Ё.Згийн гаргасан хүсэлт /хх.58/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.61/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ё.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч О.Энхжин нь гомдол саналгүй зүйлгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ё.Згаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ё.Зд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ё.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Зд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Ёй Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Зд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ё.Зд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Энхжин нь гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч О.Энхжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ё.Згаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Зд урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР