Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1072

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 102/2020/00770/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... байр, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Ц овогт Т.Н нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...-р хороо, Энгельсийн гудамж, ... байрны ... тоотод байрлах, ... регистрийн дугаартай, Л. ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Д овогтой Д.Б нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Т.Н.ыг байрнаас албадан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч Г-Интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О., хариуцагч Д.Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н. түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н. миний бие 2014 онд Дархан-Уул  аймаг, Дархан сумын ...-р баг, ...-р хороолол Г таун нэртэй ... айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд уг барилгын А байрны 71,46мкв талбайтай, ...-р орцны ... өрөө, ... тоот байр, А байрны ...-р орцны ... давхарын ... өрөө, ... тоот байрыг тус тус захиалж амаар хэлцэл хийж , 2014 оны 06 дугаар  сарын 09-ний өдөр урьдчилгаа 15,960,000 төгрөг төлсөн. “Г интернэшнл’ ХХК-тай ‘’Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г дараа нь 2015 оны 03 дугаар  сарын 19 ны өдөр, 2017 оны 10 сарын 14-ний өдөр тус тус бичгээр байгуулсан. Мөн Т.Н. миний бие авто зосгоолын төлбөрийг 2014 оны 08 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг төлж тоот тодорхой  болсоны дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... тоот 20,4 мкв талбай бүхий авто зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулсан.  Анх байр захиалснаас хойш 2014. 06.09-ны өдөр 15,946,000 төгрөг, 2015.07.04-ны өдөр 55,500,000 төгрөг төлж, 2015.06.02-ны өдөр 59,840,000 төгрөг төлсөн. Захиалсан байрныхаа төлбөрийг хийхийн тулд өөрийн амьдарч байсан Дархан сумын ...-р баг, Хээтэй хорооллын ...-р байрны ... өрөө байраа барьцаалж “...” банкны Дархан салбараас 85,000,000 төгрөгийн зээл авч, захиалсан 2 байрны тооцоог 2015.06.02-ны өдөр бүрэн дуусгасан.

Т.Н. миний бие ... болон ... тоот орон сууцнууд. ... тоот авто зогсоолд нийт 151,286,000 /нэг зуун тавин нэгэн сая хоёр зуун наян зургаан мянган төгрөг/ төгрөгийг бүрэн төлж  дуусгаад  ‘Г интернэшнл’ ХХК-ний нягтлан бодогч О.О тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, тооцооны үлдэгдэлгүй гэдгээ харилцан баталсан. Дээрх байдлаар миний бие  нь уг барилгыг дөнгөж барьж эхэлж байхад нь захиалсан 2 байр болон 6 тоот авто зогсоолын үнийг 100% төлж дуусгасан. Эхний үед ‘’Г интернэшнл”  ХХК-ийнхан удахгүй гэрчилгээ гаргаж өгнө гэдэг байсан ба байрандаа орж бай л гэдэг байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сараас ‘Г интернэшнп’ ХХК-ийн захирал А.Л нь солигдсон гэх ба тус компанийг төлөөлөн уг байрыг Дарханд хариуцаж байгаа Г.О. баримтуудаа аваад ир, бүрэн  төлсөн айлын гэрчилгээ гаргаж өгнө.  Гэсэн боловч өнөөдрийг хүртэл 2 байр зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Гэрээнд заахдаа төлбөрийг захиалагч тал гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Гүйцэтгэгч тал биет байдлын болон эрхийн доголдолгүй буюу бусад давхар худалдагдаагүй, барьцаалагдаагүй бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн үүргүүдээ биелүүлээгүй. Иймд захиалсан Дархан-Уул аймаг, Дархан сумын ...-р баг, ...-р хороолол ‘Г интернэшнл’ нэртэй ... айлын орон сууцны  хотхоны ... байрны ... давхарын ... тоот 71,46мкв талбайтай ...  өрөө байр, ... байрны ... давхарын 59,84мкв талбайтай, ... тоот 2 өрөө байр, тус байрны ... тоот 20,4 мкв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Маргаан бүхий байрыг баригдаж эхлэхээс эхлэн Лтэй харилцан тохиролцож А блок байрны 4 дүгээр давхрын А байрны 71,46 мкв талбайтай, ...-р орцны ... өрөө, ... тоот байр, А байрны ...-р орцны ... давхарын ... өрөө, ... тоот байрыг тус тус захиалж худалдан авахаар тохиролцож анх урьдчилчилгээ 15,960,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2015 оны 03 дугаар  сарын 19 ны өдөр орон сууц захиалгаар бариулах 04 тоот гэрээ, 2017 оны 10 сарын 14-ний өдөр ...тоот хоёрдахь гэрээг байгуулсан. Энэ хоёр байрны төлбөрийг 2014. 06.09-ны өдөр 15,946,000 төгрөг, 2015.07.04-ны өдөр 55,500,000 төгрөг, 2015.06.02-ны өдөр 59,840,000 төгрөг төлж барагдуулсан гэв.

Хариуцагч Г-Интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч иргэн Т.Н. нь 2014 оны 06-р сарын 09-ннд ‘Г интернэншл’ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ ... байрны ... тоот орон сууц, ... тоот орон сууц, ... тоот авто зогсоолын гэрээ хийж 2014 оны 6-р сарын 09-нд 15 сая 946 мянган төгрөг, 2015 оны 07-р сарын 04-нд 55 сая 500 мянган төгрөг, 2015 оны 06-н сарын 02-ны өдөр 59 сая 840 мянган төгрөг, 2014 оны 08-р сарын 18 ны өдөр 20 сая төгрөг нийт 151 сая 300 мянган төгрөгийг төлж барагдуулна орон сууцандаа орон одоог хүртэл амьдарч байгаа болно. Уг 10а байрны .. тоот орон сууц ... тоот орон сууц нь иргэн Д.Б.гийн нэр дээр /.../ утас: ... гарсан байна. Нэхэмжлэгч Т.Н. нь манай компанид ямар нэгэн төлбөр тооцоогүй хууль ёсны өмчлөгч юм. Иргэн Н. нь 2014 оны 6 сарын 09-ний өдөр Г-Интернэшнл ХХК-ийн захирал Лтэй  орон сууц захиалгын гэрээ байгуулж ... байрны ... тоот ... өрөө, ... тоот 2 өрөө, ... тоот авто зогсоолын гэрээ хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 151,286,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Н. нь 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрээ хийсэн. Д.Б. нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Маргаан бүхий орон сууц нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.гийн барьцааны гэрээ хийгдсэн. Барьцааны гэрээ хийгдэхэд барьцаанд байгаа орон сууц гэсэнд нь иргэн Н.ын байр байхгүй. Уг орон сууцыг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Б.г өмчлөгчөөр тогтоосон. Уг орон сууцыг баригдаж эхлэх үеийн хөрөнгө оруулагч нь Н. нь мөн бөгөөд ямар нэгэн өр төлбөргүй гэдгийг бүгд баталсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.Б. түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Б. нь 2014 оны 04 сарын 21 ны өдөр “Г интернэшнл” ХХК-

тай 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ “ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р багийн ...-р хороололд байрлалтай ... айлын 8470 мкв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж. Барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авах төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож  хамтран ажилласан. Г интернэшнл ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалын төвд өргөдөл гарган Г интернэшнл ХХК-аас 3,000,000,000 гурван тэрбум төгрөг гаргуулах өргөдөл гаргаж алданги 500,000,000 төгрөгнөөс татгалзаж 2,500,000,000 гаргуулах шаардлага дээр талууд эвлэрсэн. Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30 өдрийн дугаар ... тоот захирамжаар эвлэрэлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажсан. Төлбөр төлөгч “Г интернэшнл’ ХХК-иас “Хөрөнгө оруулалтын гэрээ’нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тус тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороололд байрлах ... айлын орон сууцнаас нэг мкв талбайг 972,820 төгрөгөөр тооцон ... байрнаас нийт 1423,42мкв талбай бүхий  24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169,82мкв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Т.Н. нь маргаан бүхий орон сууцнуудыг Д.Б. миний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас хойно бөгөөд 2017 оны 10 сарын 14 өдөр ... байрны ... давхарын ... тоот 59,84 мкв 2 өрөө орон сууц, ... байрны 4 давхарын 1 орц 71,46мкв 3 өрөө орон сууцын 2015 оны 3 сарын 19 өдөр байгуулсан байна. Улсын бүртгэлийн тухай хууль 2009 оны нийцүүлж гаргасан улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 сарын 17 өдрийн 38 дугаар журам, загвар

маягт батлах тухай тушаалын 1-р хавсралт /эд хөрөнгийн эрх улсын бүртгэл хөтлөх журмыг баталсан бөгөөд уг журманд захиалгаар орон сууц барих тохиолдолд тухайн хэлцэлд тавих хэлбэрийн шаардлага улсын бүртгэлд  мэдүүлэг гаргах журам бүрдүүлээгүйгээс гарах үр дагвар зэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Үүнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4-р зүйлд эд хөрөнгө өмчлөх эзэмших ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн хэсгийн 4.3.2-т тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг зориулалт, хэмжээ, үнэ, чанар, байдал, ашиглалтанд орсон хугацаа  хамтран өмчлөгч тоо нэр регистр уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх тодорхой тусгасан өргөдөл албан бичгийг авах хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас тамга тэмдэг эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна гэж мэдүүлэг гаргагч нь өргөдөл мэдүүлэг өмчлөгчийн тоо тодорхой бичсэн байх шаардлагатай  гэж тус тус заасан. Журмын дээрх зохицуулалтаар  Г интернэшнл ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч Т.Н.ын орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан талаарх холбогдох материалыг гаргаж өгч байгаагүй нь Дархан-Уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн ...тоот улсын бүртгэлийн холбогдох баримтаар тогтоогддог. Т.Н.т орон сууц захиалгын гэрээ нь  2015 он 2017 оны гэрээ нь гэрээ байгуулах үед нотариатаар гэрчлэгдээгүй, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь нотлогдож ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2-т  бичгээр хийх хэлцлийг дараахи тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.3т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлвэл зохих ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасанд нийцнэ. Иргэний хуулийн 109.2, 110.1, 182.1-д эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.1.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж  байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болгохоор зохицуулсан. Дээрхи маргаан бүхий орон сууц нь Д.Б.гийн өмчлөл дээр бүртгэлтэй Б.гийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан шаардлага гаргаагүй байх тул түүний нэр дээр байгаа эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь хууль ёсны үнэн зөв гэж  үзнэ. Нэхэмжлэгч болох Т.Н. 10а байрны 9 давхарын 35 тоот 59,84мкв 2 өрөө орон сууц, 10а байрны 4 давхарын 1 орц 71,46мкв  3 өрөө орон сууцуудыг өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Б. нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Г-Интернэшнл ХХК-ний Дархан-Уул аймаг Дархан сум ... дүгээр баг ... дугаар хорооллын 1500 мкв2 газар дээр

орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний гол нөхцөл нь бол Г-Интернэшнл ХХК-ийн газар дээр нийт 144 айлын орон сууц барих, гэрээний зорилго нь тэргүүн ээлжид ашиглалтад өгнө, ашиглалтад оруулснаас ашиг олно, эс бөгөөс орон сууц өмчлөх эрхтэйгээр гэрээ байгуулсан. Г-Интернэшнл ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн учир 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацааг сунгасан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний дөр мөн хугацаагаар сунгасан бөгөөд бүтэлгүйтсэн тул гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа нийт орон сууцаас нийт бүхий 46 орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээний гол зорилго бол тэргүүн ээлжид 46 орон сууцаас борлуулсан хэмжээгээр барьцаагаа чөлөөлж төлбөрөө авах байсан. Барьцааны гэрээгээр борлуулалт хийгдээгүй. 6 дугаар сарын 30-ны өдрөөс төлбөрөө авна гэсэн боловч төлбөр орж ирээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж 3 тэрбум төгрөг нэхэмжилсэн боловч 2,5 тэрбум төгрөгөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ байгуулаад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Энэ хугацаанд улсын бүртгэлтэй холбоотой саад учруулсан учраас Б., Дөлгөөн нар нь “Төлбөрт шилжүүлсэн үнийн дүнгээр мөнгө аваагүй. 44 айлын орон сууцыг авахаар тохиролцож өмчлөх эрхээ авсан” гэж гомдол гаргасан. Нэр бүхий орон сууц нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад ирсэн. Нэхэмжлэгч нь бид төлбөрөө бүрэн төлсөн өмчлөх эрхтэй гэдэг дээр маргаж байна. Бид  энэ эрсдэлийг бодож үзээд Бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг харсан. Тухайн үед 11 иргэний захиалгын гэрээ бүртгэлтэй байсан. Энэ айлуудад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй орон сууцны захиалагч нар бүртгэлгүй байсан. Захиалгын гэрээнүүд дунд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... байрны ... тоот 2 өрөө орон сууцад захиалгын гэрээ хийсэн байдаг. Энэ захиалгын гэрээг захирал Л, захиалагч хүлээн авагч менежер Л гэж байгаа. Улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын мэдээллийг авсан. Тухайн үед Г-Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Л гэх захирал бүртгэлгүй байсан. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ...-ийн ... тоот байранд захиалгын гэрээ хийсэн. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г-Интернэшнл ХХК-ийн захирал Л гэж орон сууц захиалгын гэрээ хийсэн боловч тухайн үед гүйцэтгэх удирдлагыг хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр Б гэх хүнд шилжүүлсэн байдаг. Тиймээс орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь гүйцэтгэх эрх бүхий этгээд захиалагчтай гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах үед Л нь өөрийнхөө өрөнд Б гэх хүнд удирдлагаа шилжүүлсэн байсан. 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ... байрны ... тоотын төлбөрийг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...-ийн ... тоотын төлбөрийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь тайлбартаа Лгийн хувийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан.  Гэтэл уг баримтууд нь гар падаан байдаг бөгөөд мөнгө тушаасан огноо нь зөрүүтэй хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байгаа тул хамгийн сүүлийн өмчлөгчийг өмчлөгч гэж тооцдог. Б. нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу маргаан бүхий байруудыг авсан. Бүртэл нь хэвээрээ байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.2 106.3-т заасны тус тус үндэслэн Б.гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын ...-р баг, ...-р хорооллын ... байрны ... тоот, ... тоот орон сууцаас нэхэмжлэгч Н. болон түүний гэр бүлийг албадан гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие 2014 оны 04 сарын 21-ний өдөр Г-Интернэшнл ХХК-тай 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан сумын ... дүгээр багийн ... хороололд байрлалтай 144 айлын 8470м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан. Г-Интернэшнл ХХК-аас Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан сум, ...-р баг, ... хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972 820 төгрөгөөр тооцон, ... байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Хариуцагч болох

Т.Н. нь ... байрны ... тоот ... тоот орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч Т.Н. нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Т.Н.ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... хорооллын ... байрны ..., ... тоот орон сууцнаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Дээрх орон сууцны өмчлөх эрх иргэн Д.Б.гийн нэр дээр бүртгэгдсэн байгаа боловч миний бие Г-Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эдгээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул ... болон .. тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, мөн ... байрны ... тоот автозогсоол зэргийн хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа болно. Гэвч 2019 оны 02 сарын 21-ний өдөр хөрөнгө оруулагч Д.Б.гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан байсан. Уг гэрчилгээг Д.Б.гийн нэр дээр гаргахдаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ... тоот Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа гуравдагч этгээдүүдэд болох иргэдэд мэдэгдэлгүйгээр тэдний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчин хууран мэхэлж, Г-Интернэшнл ХХК-ийн шинэ удирдлага болох Б, Т.Ч нар нь өмнөх удирдлагуудын захирал А.Лтэй байгуулсан хууль ёсны дагуу баталгаажсан 2016 оны 03 дугаар 11-ний өдөр хийгдсэн ... тоот Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон ... тоот Барьцааны гэрээнд хавсралтаар заагдсан барьцааны байрууд болох 46 байр буюу 2667.22 м.кв байруудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэн зөвөөр гаргаж өгөлгүй өөрчлөн зөвхөн 2 талын эрх ашгийн үүднээс хууль бус баримтыг үндэслэсэн шүүхээс албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Дээрх 2016 оны 3 сарын 11-ний өдөр хийгдсэн 16/001 Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон 16/001/01 тоот барьцааны гэрээнд хавсралтаар заагдсан барьцааны байрууд болох 46 байр буюу 2667.22 м.квт байруудад иргэн Т.Н. миний худалдан авсан гэрчилгээг нь гаргуулан авахаар хүлээн эзэмшил ашиглалтад байгаа ... байрны ... орцны ... давхрын ... тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ... блокны ...-р орцны ... давхарын ... тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнууд нь байхгүй байсан нь баримт нотолгоогоор батлагдаж байгаа билээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх зөрчсөн байх орон сууцны эзэмшил хууль бус байгаа тохиолдолд орон сууцыг шаардах талаар заасан гэж ойлгож байна. Гэтэл миний бие Г-Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа тул ямарваа нэгэн хууль бус эзэмшил байх учиргүй. Харин ч миний Г-Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг нь Д.Б.г өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнө үүссэн байхад хууль бусаар, хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр өмчлөх эрх хариуцагчид шилжсэн нь хууль бус болсон юм. Ийнхүү Г-Интернэшнл ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул ... байрны ...-р орцны ... давхрын ... тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ... блокны ... орцны ... давхрын ... тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудын хууль ёсны шударга өмчлөгчөөр тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн ... тоот Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай албан бичигт эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнрийн эрхийн улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх тухай албан тоот байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах гэж шүүхэд хандаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч Д.Б.гийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн үндэслэлийн талаар маргаантай байгаа тохиолдолд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Б.гийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн үндэслэлийн талаар маргаантай байгаа тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н. нь хариуцагч Л ХХК, хариуцагч Д.Б. нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-.р баг, ...-р хороолол, Г таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны ... байрны ... давхарын ... тоот, 71,46 мкв талбайтай 3 өрөө орон сууц, ... байрны ... давхарын 59,84 мкв талбайтай, ... тоот, 2 өрөө орон сууц, тус байрны ... тоот 20,4 мкв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.Б. нь орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

Хариуцагч Г-Интернэшнл ХХК нь маргаан бүхий 2, 3 өрөө орон сууцнуудыг нэхэмжлэгч Т.Н. нь Г-Интернэшнл ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлж, эзэмшилдээ авсан шударга эзэмшигч тул хууль ёсны өмчлөгч гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.

Хариуцагч Д.Б. нь хөрөнгө оруулалтын гэрээ, барьцааны гэрээний дагуу Г-Интернэшнл ХХК-аас 2,5 тэрбум төгрөг авахаар эвлэрч шүүгчийн захирамж гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг болон маргаан бүхий 2 орон сууцыг төлбөрт шилжүүлэн авсан. Иймд эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь хууль ёсны тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Т.Н. нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаартай Автозогсоол захиалгаар бариулах гэрээ, Г-Интернэшнл ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Кассын бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Кассын бэлэн мөнгөний орлогын баримт, Хас банкнаас 30 сая төгрөг авсан баримт, Т.Н.оос А.Лд 36 400 000 төгрөг шилжүүлсэн баримт, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 055 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Кассын орлогын баримт, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Кассын орлогын баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаанууд зэргийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь дээрх Автозогсоол захиалгаар бариулах гэрээ, Орон сууц захиалгаар бариулах гэрээг сүүлд нөхөж хийсэн, төлбөрийг урьдчилж хийсэн, автозогсоолын төлбөрт 20 000 000 төгрөг, 59,84 мкв 2 өрөө орон сууцны төлбөрт 59 840 000 төгрөг, 71,46 мкв 3 өрөө орон сууцны төлбөрт 71 460 000 төгрөг, нийт 151 300 000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсан, орон сууцыг Улсын комисс ашиглалтад авсны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцыг эзэмшилдээ авсан гэсэн тайлбар гаргаж, нотлох баримт ирүүлснийг хариуцагч Л ХХК зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С маргаан бүхий дээрх 2 орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Л ХХК, иргэн Д.Б. нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтуудаар Л ХХК нь Дархан-Уул аймгийн, Дархан сумын ...-р баг, ... дугаар хороолол, ... блок, ... блок байрны 144 айлын 8470 мкв талбайтай орон сууцыг анх 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 50%-ийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү... дугаарт өмчлөх эрхээ бүртгүүлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100%-ийн гүйцэтгэлтэйгээр бүртгэл хийлгэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 183/ШЗ2017/08942 тоот захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19495 дугаартай албан тоотоор иргэн Д.Б.гийн өмчлөлд 10А байрны 2, 3, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 45, 47, 49, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот орон сууцнуудыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Дархан сум ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ..., ... тоотод байрлах орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ...  дугаарт иргэн Д.Б.гийн өмчлөлд бүртгэн ...  дугаартай гэрчилгээ олгосон байна. Өнөөдрийн байдлаар уг орон сууцнуудад Г-Интернэшнл ХХК, иргэн О.Батпүрэв нарын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ цуцлагдаагүй, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ...дугаартай дүгнэлтээр шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн бүртгэлтэй байх бөгөөд ... байрны доорхи ... тоот авто зогсоол эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байгаа болох нь тогтоогдож байна. /1 хх-ийн 83 дахь тал/,

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Н. нь маргаан бүхий 2 орон сууцыг худалдан авахаар төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бүрэн төлж барагдуулсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авах талаар шаардлага гаргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд Орон сууц захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийж болно гэсэн шаардлагыг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад уг орон сууцны өмчлөгчөөр Д.Б.г бүртгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох ба мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд маргааны зүйл болох Дархан сум ... дүгээр баг, ... дугаар хороолол, ...а байрны ..., ... тоотод байрлах орон сууцыг Д.Б.гийн өмчлөлд бүртгэн ...  дугаартай гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн ...  дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд дээрх 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Т.Н.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ...-р хороолол, Г таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны ... байрны байрны ... тоот 20,4 мкв талбайтай автозогсоолын өмчлөлийн асуудлаар хариуцагч нар маргаагүй тул тус автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Т.Н.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагч Д.Б.гийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч Т.Н. нь эзэмшин ашиглаж байгаагаас Д.Б.гийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ..., ... тоот орон сууцыг нэхэмжлэгч Т.Н.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Н.ын нэхэмжлэлтэй хариуцагч Г-Интернэшнл ХХК, хариуцагч Д.Б. нарт холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сумын ...-р баг, ...-р хороолол Г таун нэртэй 144 айлын

орон сууцны ... байрны 71,46мкв талбайтай, ...-р орцны ... өрөө, ... тоот орон сууц, ...байрны ...-р орцны ... давхарын ... өрөө, ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ... байрны байрны ... тоот 20,4 мкв талбайтай автозогсоолын өмчлөгч нь Т.Н. болохыг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар хариуцагч Д.Б.гийн орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Н.ын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сумын ...-р баг, ...-р хороолол Г таун нэртэй 144 айлын орон сууцны ... байрны 71,46мкв талбайтай...-р орцны ... өрөө, ... тоот орон сууц, ... байрны ...-р орцны ... давхарын ... өрөө, ... тоот орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 914 350 төгрөг, хариуцагч Д.Б.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 674 050 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагч Г-Интернэшнл ХХК-аас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА