| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01004/И |
| Дугаар | 1073 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01004/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ...-р хороо, ...-р байрны ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б. овогт Д.А нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Ш овогт Н.Д.т холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Н.Д.тай 2016 онд танилцаж, үерхэж байгаад дундаасаа хүүхэдтэй болж охин А.Е. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн юм. Охин маань надаар овоглодог юм. Н.Д. нь жирэмсэн болсноос хойш надаас хөндийрсөн бөгөөд намайг төрсний дараа 2-3 удаа ирж уулзаж байсан. Түүнээс хойш дахиж уулзахгүй таг чиг болсон юм. Одоо охин А.Е. маань 2 нас 7 сартай миний асрамжид байгаа. Би хүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж өөрийн чадлаар зүтгэж байгаа боловч цалин орлого маань хүрэлцэхгүй явдал байнга тохиолддог юм. Ийм миний охины төрсөн эцэг Н.Д.аас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний хүү Н.Д. нь Улаанбаатар хотод амьдардаг байсан юм. 2017 онд гэртээ ирэхдээ Д.А.тэй хамт ирсэн. Тухайн үед Д.А. жирэмсэн, гэхдээ бид хайр сэтгэлтэй биш. Д.А. хүүхдээ харж хандаж чадахгүй гэвэл та өсгөж өгөөрэй гэж хэлж байсан. Бид хүүхдийг нь хүлээн зөвшөөрч байсан тул хүүхдийг нь эцгийнх нь нэрээр овоглоё гэж ярсан. Бид 11 цагт уулзах гэж байгаад хоцроод 3 цагт исрэн чинь хаалгаа онгойлгохгүйгээр өөрөөрөө овоглосон байсан. Бид энэнд нь жоохон дургүйцсэн. Гэсэн ч нэгэнт хүүхэд нь төрсөн учир манай хүү эцгийн хувьд харж хандах үүргээ ухамсарлаж, сайн биелүүлж байсан гэж бодож байна. Төрсөн цагаас нь хойш шинэ жил, үсний найр гэх мэтээр эцгийн талаас өгч болох зүйлсийг нь хийж өгч байсан. Д.А.ээс уучлалт хүсэж явсан. Гэхдээ энэ 2 хүнд хамтдаа амьдрах бодол бол байгаагүй талаар өөрсдөө хэлдэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрнө. Миний хүүгийн охин тул тэтгэмж тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Харин Д.А.ээс хүсэх зүйл байна. Манай хүүхэд гэр бүлтэй болж байгаа. Гэтэл утсаар байнга ярьж гэр бүл битгий үймүүлээсэй гэж хүсэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.А. нь хариуцагч Н.Д.т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.А., хариуцагч Н.Д. нар нь 2016 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин А.Е.г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар ирүүлсэн байх бөгөөд тэдний дундаас төрсөн охин А.Е. нь одоо 2 ой 9 сартай тул түүний насны байдал, төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа, хөхөөрөө хооллодог зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.
Зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй тул охин А.Е.г эх Д.А.ээр овоглосон байх бөгөөд хүүхдийн эцэг мөн болохыг хариуцагч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар А.Е.д сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Д.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Е.гийн төрсөн эцэг нь Ш овогт Н.Д. мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Е.г эх Д.А.ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Д.аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Н.Д., эх Д.А. нарт даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 33 105 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА