| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/298 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/298
2024 03 21 2024/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Я.Амарзаяа /томилолтоор/,
Хохирогч Б.Тэмүжин,
Шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох 2406 00000 0138 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-В гудамжны 139 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сант Б овогт Б М/РД: /.
Хэргийн товч агуулга:
Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1-В хэсэг, 1716 тоотод хохирогч Б.Тэмүжинийг “унтаж байгаа хүнийг сэрээллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг гараараа нүүрэн тус газарт цохиж Б.Тэмүжиний эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тэмүжин өгсөн мэдүүлэгтээ: “Би түрүүлээд салж яваад гэртээ амарч байсан. Тэгсэн намайг манай найзууд дуудахаар нь би очоод пиво уугаад, хоол хийж идээд, хөзөр тоглож байсан. Тэгээд би 3 цагийн үед маргааш ажилтай тул явах гэж байсан. Тэгээд би явлаа гээд хэлсэн чинь цээж рүү маань цохисон. Би тоглоод насандаа байгаарай гэсэн чинь миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгсэн маргааш нь би ажил дээрээ байсан чинь миний шүд өвдөөд байсан болохоор эмнэлэгт өгсөн очсон чинь эрүү гэмтсэн байсан... гомдолтой байгаа, цаашид эмчилгээ болон сэтгэл санааны зардал нэхэмжилнэ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тэмүжиний өгсөн: “... Би тухайн өдөр гэртээ байж байхад манай найз Мөнх-Эрдэнэ, Наранжаргал, Одоншагай нар Фейсбүүк чатаар залгаад дуудахаар нь би Мөнхчимэгийн гэрт 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед очоод бид нар хоол унд хийж идээд, пиво уугаад хөзөр тоглож байгаад 03 цагийн үед тэд нар пиво нэмж авах талаар ярихаар нь Мөнхчимэг уурлаад “яах гээд байгаа юм, одоо унтаж амарцгаа” гээд сэрүүн хэвтэж байсан, би гэртээ харихаар болоод Мөнхчимэгийг “явлаа найзаа баяртай” гээд зөөлөн дуудсан чинь Мөнх- Эрдэнэ “наад хүн чинь унтаж байна шүү дээ” гээд шууд миний цээж рүү гараараа цохиод авахаар нь “насандаа байгаарай” гэж хэлээд гутлаа өмсөж байсан чинь миний баруун шанаа хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би Мөнх-Эрдэнийг зөрүүлээд гарынхаа дотор хэсгээр нэг удаа цохисон чинь найзууд салгахаар нь би хэсэг сууж байгаад гараад явж байхад араас Одоншагай, Нараншагай нар ирээд манай гэрт хамт очоод бид нар амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх.08/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадамдоржийн өгсөн: “... Тэгээд хөзөр тоглож байгаад шөнө болсон байхад Тэмүжин явлаа гээд гутал, хувцсаа өмсөөд Мөнхчимэгийг дуудаад “явлаа” гэж хэлэх хооронд “сүртэй юм” гэсэн чинь тэр хоёр шалихгүй зүйлээс болоод барилцаж аваад харилцан бие бие ээ гараараа хоёр, хоёр удаа цохилцоод авахаар нь бид нар салгасан чинь Тэмүжин шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхчимэгийн өгсөн: “... Би найз залуу болох Бадамдоржийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1в-171б тоот эгчийнхээ хашаанд түр амьдарч байгаа юм. Тэгээд Фейсбүүк групп чатаар найзуудтайгаа уулзахаар болоод манай гэрт 23 цаг өнгөрч байхад Мөнх-Эрдэнэ, Нараншагай, Одоншагай, Энэрэл нар ирсэн. Тэмүжин ганцаараа сүүлд нь ирээд тэд хоол унд идээд, 2.5 литр Сэнгүр пиво 2 ширхгийг хувааж ууцгаасан. Би шөнө болоод жирэмсэн учраас унтах гээд хэвтэж байхад тэд нар хэрүүл маргаан хийсэн хүн байгаагүй, зүгээр хөзөр тоглож байсан. Би хэсэг зуур зүүрмэглээд унтаж байгаад сэрэхэд бөөн бужигнаан болоод Мөнх-Эрдэнэ, Тэмүжин нар зодолдсон гээд тэр хоёрын амнаас үл ялих бага хэмжээтэй цус гарчихсан байсан. Тэмүжин шууд гараад явчихаар нь араас нь Нараншагай, Одоншагай хоёр гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 930 дугаартай:
“1. Б.Тэмүүжиний биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.19-20/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.01-02/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Би багийн найз Б.Тэмүжинтэй 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр маргаж биед нь халдсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.26/,
Хохирогч Б.Тэмүүжиний гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх.43-52/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.33/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.35/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.36-42/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1в хэсэг 1716 тоотод хохирогч Б.Тэмүжинийг “унтаж байгаа хүнийг сэрээллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг гараараа нүүрэн тус газарт цохиж Б.Тэмүжиний эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнх-Эрдэнэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мөнх-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Б.Тэмүжиний биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “эрүү ясны хоёрлосон хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогч Б.Тэмүжиний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Мнь хохирогч Б.Тэмүжиний биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Хохирогч Б.Тэмүжиний эмчилгээ болон түүнд шаардлагатай хүнсний зардлын нийт 742.358 төгрөгөөс баримтууд тодорхойгүй 8.900 төгрөг, 31.600 төгрөг /хх.44/, куртикний үнэ гэх 28.000 төгрөг /хх.52/, нийт 68.500 төгрөг, мөн урьд нь 565.000 төгрөг, нийт 633.858 төгрөгийг шүүгдэгч Б.Мнөхөн төлжээ.
Харин хохирогч Б.Тэмүжиний хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан үеийн цалин 3.950.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 483.000 төгрөг, нийт 4.433.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир,
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэсэн шаардлагыг хангаагүй, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхив.
Улмаар хохирогч Б.Тэмүжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Б.Мгэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийг тал хэсгийг нөхөн төлсөн үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн санал гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мцагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сант Б овгийн Б Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мцагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 633.858 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Тэмүжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР