Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

     2024            02           14                                        2024/ШЦТ/201   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч С.***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.***ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01878 0693 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд:

- Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хархорин дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзсан,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

  *** /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.*** нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо *** тоотод байх иргэн Э.***ын монгол гэр лүү нэвтэрч, 960.000 төгрөгийн үнэ бүхий 49 инчийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.***:

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч С.*** нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо *** тоотод байх хохирогч Э.***ын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч, 960.000 төгрөгийн үнэ бүхий 49 инчийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.***ын “...Би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед гадуур ажил хөөцөлдөөд явж байсан чинь манай манай хажууд байдаг ах Эрдэнэ-Очир над руу залгаад танай гэрт хулгай ороод зурагтыг чинь хүн аваад явсан байна гэсэн юм. Тэгэхээр би гайхаад шууд такси бариад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 64 дүгээр гудамжны 09 тоот гэртээ очсон чинь манай гэрийн цоожийг эвдээд манай гэрээс 49 инчийн хар өнгийн зурагт алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх61/,

Гэрч Р.***ын “...Өнөөдөр би гэртээ архи ууж байхад найз болох ***оо манай гэрт ирсэн. Тэгээд бид нар хамт архи ууж байгаад би тасраад унасан бөгөөд сэрээд харахад ***оо манай хажуу талын айлаас зурагтыг нь хулгайлаад аваад явж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх77/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх40/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх42-44/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Тодруулбал, гэрч Р.*** нь орбитын 64-8 тоотод оршин суудаг, тухайн өдөр ***оотой хамт архи уусан, хажуу талын айлын зурагтыг аваад явж байсан талаар тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийг нь ***оо гэж хүмүүс дууддаг, гэмт хэрэг үйлдсэн дээр маргах зүйлгүй гэжээ.

3. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 326 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд цагаан өнгийн төмөр цоожийг 3000 төгрөгөөр, 49 инчийн зурагтыг 960.000 төгрөгөөр, нийт хохирлыг 963.000 төгрөгөөр үнийн дүнг /1хх65/ тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв.  

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 963.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад” нэвтэрч үйлдсэн тохиолдолд зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан ба шүүгдэгч С.*** нь бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлджээ.   

5. Иймд шүүгдэгч С.***ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба гэмт хэргийн улмаас хохирогч Э.***т 963.000 төгрөгийн хохирол учирсан хохирол төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***оос нийт 963.000 төгрөг гаргуулж хохирогч Э.***т олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан бол, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: С.*** нь гэм буруу дээр маргадаггүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул тус хуулийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон сольж өгнө үү гэжээ.

8. Шүүгдэгч С.*** нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. 

10. Шүүгдэгч С.*** нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэг үйлдсэн ба түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

11. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч С.***ийн хулгайлах гэмт үйлдсэн цаг хугацаа нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.

Гэхдээ тус хуулийн 12 дугаар зүйлд заасан хууль хэрэглэх журмыг нарийвчлан зохицуулсан ба 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас шүүгдэгчид 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, ийнхүү ялыг дүйцүүлэн солиход шүүгдэгч нь байнга оршин суух газартай, мөн хохирлоо төлсөн эсвэл хохирол төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байна. Шүүгдэгч С.***ийн хувьд оршин суух тодорхой хаяггүй, мөн хохирол төлөхөө нь илэрхийлж буй нь бодитой бус, төлөх боломжгүй байх тул хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзнэ. Тодруулбал, хэрэгт авагдсан Б.***, Ц.***, Б.*** нар мэдүүлэхдээ /хх84-90/ шүүгдэгч нь хамтран амьдрагчаасаа салсан, 2022 оноос хойш хаана амьдардаг болохыг мэдэхгүй, тогтсон хаяг байхгүй, бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болохыг тодорхой мэдүүлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжилж цагдан хоригдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн тэрээр шүүх хуралдаанд оршин суух газраа тодорхой мэдэхгүй, Цагаан давааны ойролцоо гэж хэлж байгаа зэргээс хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй, мөн түүнийг хохирол төлөхөө бодитоор илэрхийлээгүй, бодит байдал дээр хохирол төлөх боломжгүй, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан, өршөөлд хамрагдах шаардлагыг хангахгүй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 36 хоногийг /2024.01.09-2024.02.14/ түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.***ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***оос нийт 963.000 /есөн зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.***т олгуулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР