Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 18

 

 

Ж.А, А.Н, И.Х нарт

 

. Гуравдугаарт: Гэр бүлийн хүний гэрчийн мэдүүлгийн талаар манай эхнэр мөнгөтэй холбоотой зүйл яриагүй. Бид нэг холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.А, А.Н, И.Х нарт холбогдох эрүүгийн 1813003170022 дугаартай, 5 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх /цахим/, шүүгдэгч А.Н /цахим/, түүний өмгөөлөгч Е.Төлеу /цахим/, шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Х.Бакен, Б.Лхагважав нар оролцов.

Монгол Улсын иргэн, казак үндэстэн, 1985 оны 2 дүгээр сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, НААҮ-ний “СУАТ” ХХК-ий гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04-р баг, Ихбулангийн ... тоотод оршин суух, Т овогт Ж-ний А .

Монгол Улсын иргэн, казак үндэстэн,  1980 оны 4 дүгээр сарын 08-нд Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Күнгей” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух Ж овогт А-ны Н.

Монгол Улсын иргэн, казак үндэстэн, 1987 оны 1 дүгээр сарын 29-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сумын 3 дугаар багийн ...тоотод оршин суух Х овогт И-ны Х.

Шүүгдэгч Ж. А нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын үед тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А. Н-ныг ажлаас хална гэж хясан боогдуулж, түүний СКС маркийн ангийн бууг хахуульд авсан,

Шүүгдэгч А.Н нь нягтлан бодогчийн ажилдаа үлдэж, өөртөө давуу байдал бий болгохын тулд 2017 оны 3 дугаар сарын үед “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ад “СКС” маркийн ангийн бууг хахуульд өгсөн,

Шүүгдэгч И.Х нь “СУАТ” ХХК-д ажилд орохын тулд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Ө. Бахытбекээр дамжуулан гүйцэтгэх захирал Ж.А-д 3 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т овогт Ж-ний А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2-т  заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ж овогт А-ны Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-  шүүгдэгч Х овогт И-ны Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.Н-ыг ялаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2-т  зааснаар шүүгдэгч Ж.А-ийг “Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч И.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А намайг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албан тушаалд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт, түүний эхнэр Х.Гулбанугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлуудыг анхаараагүй. Тухайлбал:

А.Н, Х.Гүлбану нар нь гэр бүлийн хоёр хүн бөгөөд хоорондоо үгсэн тохиролцож ямар ч мэдүүлэг өгөх боломжтойг, А.Н нь СУАТ ХХК-ийн ерөнхий санхүүчийн ажлаас чөлөөлсөнд өш хонзон санаж намайг худал гүтгэх бүрэн үндэслэлтэй байсан талаарх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Би ажилд томилогдож ирснээс хойш түүнтэй хэвийн харьцаатай байж хамтран ажиллаж ирсэн. Ингэхдээ түүнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй.

А.Н нь удаа дараа зөрчил гаргасан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж тооцооны нягтлан бодогчийн ажилд томилсон. А.Н нь ажлаас чөлөөлсөн тушаалын хувийг хүлээн авч эхний хэд хоног ажилд ирсэн боловч сүүлд нь ажилд ирэхээ байсан. Ингээд А.Н нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлыг гаргасан бөгөөд хоёр шатны шүүх гомдлыг хэрэгсэгүй болгон шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхээс ялах боломжгүй болсноо мэдэнгүүт намайг чадахын тулд тэр өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр намайг АТГ-т гомдол мэдээлэл гаргасан. Энэ нь А.Ны хоёр шатны шүүх хуралдаанаас өөрт нь ашигтай шийдвэр гараагүй учир надад хорсож ямар ч хамаагүй аргаар намайг гэмт хэрэгт холбогдуулах, өш хонзон авах хүсэл сонирхолтой, зорилготой байсныг илт харуулдаг. Зөвхөн өөртөө холбогдох зүйлээр биш өөр олон хүнээс хахууль авсан мэтээр түүний АТГ-т гаргасан гомдол нь эхнээсээ гэмт хэрэгт гүтгэж өшөө авах зорилготой байсныг нотолдог.

Үнэхээр эрх ашиг нь зөрчигдөж аргагүй байдалд орж А.Н нь надад СКС маркийн бууг хахуульд өгсөн бол ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш яагаад гомдол гаргаагүй вэ гэдгийг шүүх анхаарах ёстой. Өөрт байгаа санхүүгийн мэдээллийн хүрээнд гомдол гаргах гэсэн ч олигтой зүйл олдоогүй тул худалдсан бууг хахууль болгон өгсөн мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулж гомдол гаргах, намайг гүтгэх мэдээлэл олохын тулд хамт ажиллаж байсан ажилчдыг хуурч мэхлэн утсаар ярьж нууцаар бичлэг хийх зэргээр хуурамч нотлох баримт бүрдүүлж Абай, Маншүк, Бауыржан, Хибрат гэх мэт олон хүнээс хахууль авсан мэтээр АТГ-т гомдол гаргасан.

Шүүх намайг гэм буруутайд тооцож дүгнэлт гаргахад ноцтойгоор нөлөөлж болох А.Н нь намайг худал гүтгэх, өш хонзон авах хүсэл сонирхолтой байсан байдал буюу түүний субьектив санаа, сэдэлт, зорилгын талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Миний бие “СКС” маркийн бууг хахуульд аваагүй бөгөөд надад бэлэглэхээр авч ирэх үед яаж зүгээр авах уу гээд 1.5 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 1.0 сая төгрөгийг тухайн үед эхнэр Н.Маралаас авч бэлэн өгсөн. Миний эхнэр Н.Марал энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Анхан шатны шүүх А.Ны эхнэр Х.Гүлбанугийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож намайг гэм буруутайд тооцсон мөртлөө миний эхнэр Н.Маралын өгсөн гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй.  Би бууны үнэд хоёр удаагийн үйлдлээр 400.000 төгрөг өгсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Хэрэв А.Н дээрх 2 удаагийн үйлдлээр авсан 400.000 төгрөгийг бууны үнэд аваагүй бол үүнийг нотлох баримтаар үгүйсгэх ёстой. Хэрэг дотор энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мөн шүүхээс миний гэм буруутайг нотолсон гэх гэрч Х.Бекжаны мэдүүлэг нь А.Н сайн дурын үндсэн дээр бууг надад худалдсаныг нотлохоос биш хээл хахууль авсныг нотлох нотолгоо биш байхад шүүх нэг талыг барьж нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх намайг А.Ныг ажлаас хална гэж хясан боогдуулж СКС маркийн бууг хахуульд авсан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 23 дугаар тогтоолын 9-д “хясан боогдуулах” гэдгийг тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлнэ гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж буюу урьдчилсан нөхцөл хангагдаагүй. Намайг гэм буруутайд тооцсон тохиолдолд хахууль өгөгч этгээд болох А.Нд ямар шаардлага, тулгамдсан хэрэгцээ, нөхцөл байдал үүссэн вэ гэдгийг шүүх анхаарах ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Нд тухайн үед ямар нэгэн шаардлага, тулгамдсан хэрэгцээ, нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй байна. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэхгүйгээр зөвхөн А.Ны мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцсон.

Миний зүгээс түүнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, сахилгын шийтгэл хүлээлгээгүй, мэдэгдэл шаардлага өгөөгүй, хурал зөвлөгөөнөөр авч хэлэлцээгүй бол яаж хясан боогдуулсан болох билээ.  

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-119/08 дугаартай үнэлгээний тайлан 4 дүгээр хавтаст хэргийн 79-80 дугаар хуудсанд авагдсан. Би дээрх үнэлгээний тайлантай танилцаад зах зээлийн үнээс өндөр үнээр үнэлсэн байна гэж зөвшөөрөөгүй. Үнэлгээний тайланд ангийн буу худалдааны дэлгүүрүүд, цахим худалдааны сайт болон “Ашид билгүүн” ХХК-ийн мэдээллийн сан зэрэг судалгааг үндэслэн зах зээлийн дундаж үнийг тодорхойлов гэж бичсэн мөртлөө ямар ангийн буу худалдааны дэлгүүр, цахим худалдааны сайт, “Ашид билгүүн” ХХК-ийн мэдээллийн сангийн ямар мэдээллийг авсан, хэрхэн харьцуулж судалсан нь тодорхой бус байсан. Томилогдсон шинжээч буу нь хэрэглэж байсан хуучин, дуран бусад зүйл нь гараар тавигдсан байдлыг харгалзан үзэлгүй хэрэглэж байгаагүй, үйлдвэрээс дурантай гарсан шинэ буу мэтээр бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байдалд шүүх анхаараагүй.

А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт би Ж.Аэд СКС маркийн бууг хахуульд өгсөн талаар цагдаа найздаа хэлж байсан гэж мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бий. А.Н нь мөрдөн байцаалтын шатанд энэ талаар огт мэдүүлж байгаагүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байгааг шүүх анхаараагүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж,  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолын Ж.А надад холбогдох хэсгийг хүчингүй болгож надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шаны шүүхэд гаргасан тайлбартаа: ”...Тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Учир нь нэгдүгээрт: үнэлгээний талаарх асуудал, хоёрдугаарт: гэрчийн мэдүүлэг, гуравдугаарт: хясан боогдуулсан гэх асуудлын талаар хэрэгт тогтоосон баримт байхгүй байдаг. Үйлчлүүлэгч Ж.Аийн гомдлыг дэмжиж байна. Тиймээс анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна” гэв

Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Х.Бакен давж заалдах шаны шүүхэд гаргасан тайлбартаа:”Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв

Шүүгдэгч А.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Аийн гаргасан тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт: Бууг 1,5 сая төгрөгөөр худалдаж авсан, 1 сая төгрөг бэлэн өгсөн гэж ярьж байна. Би 1 сая төгрөг аваагүй, харин 200.000 төгрөгийг дансаар авсан. Буцаагаад бэлэн 200.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 200.000 төгрөгийг надад өгснийг анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй. Хоёрдугаарт: Бууны үнэлгээний талаар мэргэжлийн байгууллага хуулийн дагуу үнэлгээг хийгдсэнгэр бүлийн хүмүүс учраас Ж.Аээс дарамт шахалт үзүүлж, 5 сая төгрөг бэлнээр өгвөл ажилдаа үлдэнэ гэж хэлсэн тухай би эхнэртээ ярьж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч А.Ны өмгөөлөгч Е.Төлеу давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 19  дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй  болгуулахаар гаргасан шүүгдэгч Ж.Аийн гомдлыг үндэслэн Ж.А, А.Н, И.Х  нарт холбогдох эрүүгийн 1813003170022  дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч И.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүх хэргийг хүлээн аваад шүүх бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр харъяалал тогтоон ирүүлсэн байна.

Ж.А, А.Н, И.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх  зарчимд нийцээгүй байна.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1813003170022 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай “ прокурорын тогтоол /3-р хх-ийн 210-213-р тал /-оор А.Ныг 2017 оны 03 дугаар  сард Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажлаасаа халагдахгүйн тулд тус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.А-т “СКС” маркийн ангийн бууг хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, уг тогтоолыг А.Нд танилцуулан, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Гэтэл прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж,  А.Ныг  яллагдагчаар татах  тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг  өөрчилсөн тогтоол гаргаагүй атлаа яллагдагч А.Нд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

2. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1813003170022 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дугаар тал/-оор   Ж.Аийг Баян-Өлгийн аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын үед тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ныг ажлаас хална гэж хясан боогдуулж, түүний “СКС “ маркийн ангийн бууг хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хуулийн зүйл, хэсгийг гараар засварласан/ яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэж,  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  140 дүгээртэй  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.А нь 2017 оны 3 дугаар сард буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний үйлдлийг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу  гэмт хэрэг мөн эсэх, энэ нь Эрүүгийн хуулийн аль зүйл хэсэгт хамаарах зэргийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлно.

Прокуророос Ж.А-ийг хээл хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ хясан боогдуулах замаар үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн  бөгөөд энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 268.2 дахь хэсэгт заасан “ албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ хясан боогдуулах  замаар үйлдсэн” гэх  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ шүүгдэгчийн үйлдсэн  2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт тусгагдсан байгааг анхаарах ёстой.

Ж.А-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ хясан боогдуулах аргаар үйлдсэн “ гэх гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь  хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ ...хясан боогдуулах  аргаар үйлдсэн бол” гэж тусгагдсан байхад прокуророос Ж.Аделбекийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдсэн, шүүх мөн зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг залруулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ж.Аийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.А, А.Н, Ц.Х нарт холбогдох эрүүгийн 18300370022 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Ж.А, А.Н, Ц.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ