Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1027

 

МАГАДЛАЛ

 

2018.05.02                                                  Дугаар 1027                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00377 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б Т ХХК-иас холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Ц нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г З ХХК-д  нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Б Т ХХК-иас Г З ХХК нь зээлээр худалдан авсан цементийн төлбөрийн үлдэгдэл 19 197 700 төгрөгийг Б Т ХХК нь Г З ХХК-ийн захирал Б.Э болон надаас нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гарган улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулан Б.Э нь 16 037 400 төгрөгийг, миний бие өөрийн өмчлөлийн Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг Н К ББСБ-д барьцаанд тавьсан байсан 3 160 300 төгрөгийг Б Т ХХК-иар чөлөөлүүлсэн тул энэ мөнгийг тус тус Б Т ХХК-иас төлөхөөр гэрээ байгуулсан. Миний бие өөрийн төлөх ёстой 3 160 300 төгрөгийг Б Т ХХК-иас төлж ямар нэгэн тооцоогүй болсон боловч Б.Э-ын төлөх ёстой 16 037 400 төгрөгийг намайг төлөхгүй бол машиныг чинь өгөхгүй гээд өдийг хүртэл хашаандаа хадгалж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарч бидний эвлэрлийн гэрээг баталж миний бие гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө төлсөн байтал миний машиныг дур зоргоор хашаандаа хадгалж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Энэхүү барьцаанд авч байгаа асуудал буюу 19 197 700 төгрөгийн асуудал өмнө нь шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Энд ямар нэгэн барьцааны гэрээ байхгүй, барьцаалах эрхгүй, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар дурдаагүй байгаа. Б.Д-ийн эзэмшилд байж байгаад Н К ББСБ барьцаанд тавьж мөн барьцааны гэрээгээ чөлөөлж, төлбөрийг төлсөн нь барьцааны гэрээ, Н К ББСБ-аас гаргаж өгсөн албан бичгээр тогтоогдож байгаа. Автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр бичиг баримт, машиныг Б Т ХХК авчихаад өгөхгүй байсан учир шилжүүлэх боломжгүй байсан. Саяхан журамд өөрчлөлт орж тээврийн хэрэгсэлийг өмнөх гэрчилгээ бичиг баримтгүйгээр нэр шилжүүлэх болгонд шинээр гэрчилгээ гаргадаг болсон. Бид өчигдөр хууль ёсны дагуу өөрийн нэр дээр болгон авсан байгаа. Иймд хууль бусаар эзэмшиж байгаа автомашиныг Б Т ХХК-ийн эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г З ХХК нь Б Т ХХК-иас цемент худалдан авахдаа урьдчилгаа 6 000 000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 16 037 400 төгрөгийг 2 хоногийн дотор төлнө гэж хэлээд Г З ХХК-ийн өмчлөлийн гэх Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ улсын дугаар бүхий автомашиныг тооцооны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд манай компанийн эзэмшилд байлгахаар түлхүүр, бичиг баримтын хамт манай байгууллагын хашаанд үлдээгээд явсан юм. Түүнээс хойш манай компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч огт төлбөр төлөөгүй. Гэтэл дараа нь Н К ББСБ-ын зүгээс манай компани руу яриад уг Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ улсын дугаар бүхий дугаартай автомашин нь манай нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй автомашин тул манай байгууллага уг машиныг авна гэж шаардах болсон. Бид тухайн үед уг машиныг манай компанийн хашаанд үлдээгээд явах үед нь машины бичиг баримтыг харж шалгаагүй бөгөөд Г З ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг машин гэж ойлгосон юм. Гэтэл Н К ББСБ-иас манай компани руу холбогдож асуудал үүсгэсний дараа бичиг баримтыг нь харахад Н К ББСБ-ын нэр дээр гэрчилгээтэй буюу тус байгууллагын өмчлөлийн автомашин байсан юм. Компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г З ХХК-тай уулзалт хийж барьцаанд үлдээгээд явсан машины талаар тодруулж асуухад Г З ХХК-ийн захирал Б.Э манай компани Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ дугаартай машиныг Н К ББСБ-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байгаа бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөр нь 3 160 300 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Одоогоор манай компани Н К ББСБ-ын зээлийг төлөх боломжгүй байгаа тул танай компани манай компанийн өмнөөс Н К ББСБ-ын зээлийн үлдэгдэл 3 160 300 төгрөгийг төлбөл, манай компани дараа нь уг зээл болох 3 160 300 төгрөгийг танайд төлөх хүртэлх хугацааны хүүгийн хамт тооцож төлье, мөн танайхаас худалдаж авсан цементний төлбөр 16 037 400 төгрөгний хамт төлж барагдуулах болно гэж манай компанид хүсэлт гаргасан юм. Б Т ХХК нь Г З ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний Н К ББСБ-д төлөх төлбөр төлөх          3 160 300 төгрөгийг төлсөн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар Г З ХХК болон Б Т ХХК нарын хоорондох нийт 19 197 700 төгрөгний төлбөр тооцооноос шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд 3 160 300 төгрөгийг л төлсөн бөгөөд үлдэгдэл 16 037 400 төгрөг төлбөр төлөгдөөгүй хэвээр байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар Б.Д нь уг Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ дугаартай автомашины өмчлөгч биш бөгөөд харин уг автомашин өнөөдрийн байдлаар Н К ББСБ-ын нэр дээрх өмчлөлийн албан ёсны гэрчилгээтэй эд хөрөнгө тул Б.Д нь энэхүү автомашинтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй этгээд байгаа юм. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Т ХХК-иас 1658-УБВ улсын дугаар бүхий Mitsubishi Outlander /Мицүбүши аутландер/ маркийн автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Т ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д  олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г З ХХК  нь 16 037 400 төгрөгийн төлбөрийг төлөх тооцоотой байгаа тул анх тохиролцсон ёсоор энэхүү төлбөр тооцоог төлж дуусгах хүртэлх хугацаанд энэхүү нэхэмжлэлд дурьдагдсан Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашинийг манай компанийн зүгээс Г З ХХК болон өөр ямар нэгэн этгээдэд өгөх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б Т ХХК-иас холбогдуулж, Мицүбүши аутландер маркийн 16-58 УБВ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...автомашин нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Д нь өөрийн өмчлөлийн Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Н К ББСБ ХХК-д барьцаалан 4 000 000 төгрөгийн зээл авч, уг зээлийн үлдэгдэл төлбөр болох 3 160 300 төгрөгийг Б Т ХХК-иар төлүүлж автомашиныг барьцаанаас чөлөөлсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 306 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Д нь Б Т ХХК-иас 3 160 300 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, Г З ХХК-ийн захирал Б.Э нь 16 037 400 төгрөгийг төлөхөөр талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар талууд маргахгүй байна. /хх 5-7/

Хариуцагч Б Т ХХК нь “...уг автомашиныг Б.Д нь шаардах эрхгүй этгээд, Г З ХХК-ийн захирал Б.Э нь цемент худалдан авсаны үлдэгдэл 16 037 400 төгрөгийг төлөх хүртэл хугацаанд манай компаний эзэмшилд байлгахаар үлдээгээд явсан тул олгох боломжгүй” гэх боловч тухайн автомашиныг Г З ХХК-ийн захирал Б.Э нь үлдэгдэл төлбөртөө барьцаалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Маргааны зүйл болсон Мицүбүши аутландер маркийн 16-58 УБВ улсын дугаартай автомашины эзэмших эрхийн бүртгэл Н К ББСБ ХХК-ийн  нэр дээр байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Д нь уг автомашиныг өөрийн эзэмшилд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус компаниас эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өмчлөлөө бусдын эзэмшлээс шаардахад нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл тогтоогдох учиртай. Хариуцагч нь хууль болон гэрээний дагуу нэхэмжлэлд заасан автомашиныг эзэмшилдээ байлгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул хариуцагч байгууллагаас гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

    ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ