Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Хонгорзул

Улсын яллагч Г.Ганцэцэг

Шүүгдэгч Э.Одсэргочоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Үүдийн гудамж 3-24 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэн харгалзсан Мэргэнүүд овогт Эрдэнэжаргалын Одсэргочоод /РД:ЕМ98100217/-д холбогдох эрүүгийн 2320000000150 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Одсэргочоод Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Одсэргочоо нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс пиво худалдаж авахаар очсон С.Балжиннямтай тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан түүнийг гараад явах үед араас нь очиж, хохирогч С.Балжиннямын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, гадна талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

 

Хохирогч С.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Замын-Үүд сум 3 дугаар баг Хасын 4-2 тоотод гэртээ би найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 22 цаг өнгөрч байхад манай гэрээс зүүн урд зүгт байрлах хүнсний дэлгүүр ганцаараа орж дэлгүүрийн баруун хойд талд байрлах хөргөгчийг нээж үзэхэд миний авах "Сэнгүүр" пиво байхгүй байхаар нь касс дээр очиж “Сэнгүүр” нэртэй пиво авах гэсэн чинь хөргөгч дотор байхгүй байна 4 ширхэг Сэнгүүр пиво аваад өгөөч гэж хэлэхэд касс дээр сууж байсан залуу хөргөгч дотор байхгүй бол байхгүй гэж хэлсэн. Тэгээд би наан чинь байгаа Heineken 4 ширхэг лаазтай пиво аваад тооцоо хийхэд дуусаад зүс таних залууд хандаж Цэдэвтэй маргааш ирж уулзана гэж хэлээд дэлгүүрээс гараад гэр рүүгээ явж байхад нөгөө залуу миний араас гарч ирээд танай үеийнхэн томрох болоогүй шүү гэж хэлээд намайг өшиглөөд газар унагаагаад нүүр хэсэг рүү өшиглөж би одоо больё гэж хэлээд босоод ирэхэд баруун талын гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохиод миний уруулаас цус гарч энэ талаар тэр залууд хэлсэн. Тэгээд би гэртээ очиж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зарим зүйлээ сайн санахгүй байна. Би харвал танина. Дэлгүүрийн хажуу талын цэвэр усанд ажилдаг залуу. Нэрийг нь мэдэхгүй. Бид хоёрын дунд хэрүүл маргаан гараагүй. Нөгөө залуу миний хойноос гарч ирээд учир зүггүй өшиглөж унагаагаад өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/29 дугаартай “1. С.Балжиннямын биед дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, гадна талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16/

Шүүгдэгч Э.Одсэргочоогийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Э.Одсэргочоо үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Одсэргочоо нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй  боловч хохирогч С.Балжинням нь хохирол нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Одсэргочоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг  болон эд мөрийн баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мэргэнүүд овогт Эрдэнэжаргалын Одсэргочоог /РД:ЕМ98100217/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Мэргэнүүд овогт Эрдэнэжаргалын Одсэргочоог таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Одсэргочоо нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Одсэргочоо нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Одсэргочоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД