| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2020/00966/И |
| Дугаар | 135/ШШ2024/01090 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2024/01090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2020/00966/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн А.Г /РД: ..., , утас: ******/,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Н.А /РД:..., утас:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, “Ө” ХХК /РД:..., утас:.../,
23,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 15,790,210 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г, Н.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г, Н.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“2018.01.10-нд анх “Ө” ХХК-ийн захирал П.М-тай түрээслэгч болох А.Г, Н.А бид уулзаж түрээслэх талаар ярилцаж байхад П.М-ийн караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг объект нь өнгө үзэмж дотрох засвар нь маш их муудсан үйл ажиллагаа явуулах боломжгүй мануулах манаач хайж байгаа тухай ярьж яг хүн хөлийн газар та 2 засвар хийгээд орвол ашигтай мөнгө их олно. Хамгийн гол нь засварын зардлаа өөрсдөө гаргаад засчих тэгэх юм бол эгч нь та хоёрыг 3-н сар түрээсгүйгээр байлгана бас доод тал нь 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийгээд ямар ч тохиолдолд та хоёрыг 2 жилийн хугацаанд гаргахгүй зарвал та хоёрт зарна. Түрээсийн хугацаа дуусаж түрээслэхээ больсон үед өөрсдөөсөө гаргаж объектыг минь зассан зардлыг 100% П.М би хариуцаж буцааж төлнө гэж ярилцаж тохирсон. Ингээд Н.А, А.Г бид хоёр 2018.01.20-оос эхлээд “Ө” ХХК объектын доторх засварыг хийж эхэлсэн засаж байх явцад П.М-тай удаа дараа холбогдож засварын ажил эхэлсэн та ирж харж уулзаж гэрээгээ хийе гэхэд эгч нь хүүхэд харах хүнгүй очиж уулзаж амжихгүй нь, би та хоёрт итгэж байна. Өөрсдөө мэдээд засчих хамгийн гол нь падаануудаа сайн цуглуулаарай, санаа зовох зүйлгүй, би та хоёрын засварт гаргаж байгаа зардлыг чинь өөрөөсөө 100% хариуцаж төлнө. Засвараа хийгээд дуусчих тэгээд гэрээгээ хийе гэсэн. Анх ярилцаж тохиролцохдоо засварын зардлыг буцааж өгөх гэрээ, ажлын байр түрээслүүлэх гэрээ гэж хоёр тусдаа хийнэ гэж итгүүлж байсан боловч засварын ажил дуусаад бид дахин гэрээгээ хийе гэж хүсэлт тавихад тав дугаар сараас түрээсийн төлбөр төлж эхлэхээр нэгтгэсэн нэг гэрээ өмгөөлөгч дүүгээрээ боловсруулж хийнэ чадахгүй бол наад объектоосоо гар гэж дарамталж эхэлсэн. Бид өөрсдийн хөрөнгөө зарцуулсан байж ашиг орлого олж эхлээгүй байсан учраас хохирчихвий гэж айгаад үгэнд нь орсон. Ингээд 2019.04.20-нд П.М нь тавдугаар сарын түрээсийн төлбөрөө нэхэж эхэлсэн гэрээгээ хийгээд тавдугаар сарын нэгнээс төлий гэхэд эхлээд түрээсээ өгөхөөр чинь гэрээгээ хийнэ гээд бид итгээд түрээсийн төлбөр болох хоёр сая төгрөгийг П.М-д өгсөн. Ийм байдлаар нийт түрээсийн төлбөр гэж таван сая төгрөгийг албан ёсны түрээсийн гэрээгүйгээр, үндэслэлгүйгээр П.М нь дарамталж авсан. 2019.07.20-нд 7 дугаар сарын төлбөр гэж нэхэхэд нь таны обьектын засвар үйлчилгээний ажилд бүх мөнгөө шавхчихлаа, дээрээс нь үйл ажиллагаа жигдрээгүй орлого муутай байна, засварын зардалд гаргасан мөнгөнөөсөө түр хасуулж бодуулж болох уу, 8 сард буцаад төлье гэхэд үгүй яг одоо зайл гэж харааж, доромжилж эхэлсэн. Ингээд 2019.07.21 гэхэд бидэнд мэдэгдэхгүй хаалганы голоо солиод давхар түрээслэгч оруулсан. Бидэнд больж хамааралгүй болж байгаа юм бол засварын зардалд гаргасан мөнгийг минь буцааж төл гэхэд та нар надаас юу ч салгаж авч чадахгүй, би өгөхгүй, харин та нар миний объектод засвар хийж байсан саруудын мөнгийг түрээсээр тооцсон гэсэн. Анх ярилцаж тохиролцсоноос тэс хөндлөн юм ярьж 2 жилийн хугацаанд түрээслүүлнэ гэж итгүүлж нийт 18,000,000 төгрөгөөр засвар хийлгэж, одоогийн байдлаар бидний утсыг блоклож засварын зардлыг өгөх тухай ярихгүй байгаад мөн түүнчлэн манаач хайж байсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан обьектоо бидний хөрөнгөөр засаж засварлачихаад бидний засварын зардлыг төлөөгүй байж обьектоо бусдад 3,000,000 төгрөгний төлбөртэй түрээслэж ашиг олж байгаад гомдолтой байна. А.Г, Н.А бид “Ө” ХХК-ийн захирал П.Мгийн хувийн өмч болох обьектод нь нийт 18,000,000 төгрөгний засвар үйлчилгээний зардал гаргасныг нотлох баримтыг доор хавсаргав. Мөн үндэслэлгүй, орлого ашиг олоогүй, түрээсийн гэрээгүйгээр дарамтлуулж төлсөн 5,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга хавсаргав. Бид удаан хугацаанд түрээслүүлнэ гэдэгт итгээд өөрсдийн зардлаар засвар хийсэндээ, хохирч гомдолтой байна.” гэжээ.
Нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:
“М гэдэг хүнтэй түрээс хийх зарын дагуу уулзсан, өөрийнх нь хэлж байгаа шиг үйл ажиллагаа явуулах боломжгүй, үйлчилгээ явуулах боломжгүй байсан, 2 жилийн хугацаанд тасралтгүй түрээслүүлье тэрнээс хойш зарна, зарахдаа чамд хувь лизингээр зарна, үйл ажиллагаа явуулах хэмжээнд засвар хийчих, би чамд 3 сар түрээсийн төлбөр авахгүйгээр, эндээ байлгая, 3 сар өнгөрсний дараа 2 сая төгрөгөөр түрээслүүлье гэж байсан, үйлчилгээний төв дээр байршилтай байсан тул Н.А-тай ярилцаад засвар хийхээр болсон. М та хоёрт итгэж байна 7 хоногийн дотор шийдвэрээ хэлчих гэсэн, засвар хийе гэрээгээ хийе гэхэд өө би бол та нарт итгэж байна, юу хийхээр байна гэхээр нь ийм зүйл шаардлагатай байна гэсэн. Засвар хийж байх явцад нь эгч нь очиж харна, би 300-400 саяар зарчих учир засварын мөнгийг төлнө гэсэн. Засвар 1 сарын сүүлээр эхлээд 2 сарын сүүлээр дууссан. Цахилгааны утасны монтаж зэрэг бүх төрлийн засварыг хийсэн. 18 сая төгрөгийг засварын үйл ажиллагаанд гаргасан. 5 сая төгрөгийг амьдрал хэцүү байна гэж хэлээд М 1 сая төгрөгийг зээлээр авсан, харилцан гэрээ байгуулж өгсөн, 4 сая төгрөгийг 2019 оны 06 сард хийсэн бичгийн гэрээгээр түрээс маягийн гэрээ хийсэн, 6 сараас хойш түрээс маягаар явсан. 5-6 сарын түрээсийг үндэслэлгүй өгсөн байгаа тул буцааж нэхэмжилж байгаа.” гэв.
Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:
“Бид хоёр анх л цуг явж байсан. Засвар үйлчилгээг чин сэтгэлээсээ Хятад улс руу явж, бараа материал цуглуулж хийсэн. Хэрийг зөв шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Хэргийн 108-172 дугаар талд зарлагын баримтыг хавсаргаж өгсөн байгаа.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.М “Ө” ХХК-ийг төлөөлж оролцож, хариуцагч болох нь “Ө” ХХК гэж бичээд гэрээ байгуулсан учир хамааралтай юм. “Ө” ХХК-ийн засварт ороод явсан, П.М өөрийн нэр дээрээс шилжүүлсэн, эрх залгамжлалаар “Ө” ХХК-иас нэхэмжилж байна. Ө ХХК-ийн төлөөлөгч П.М 18 сая төгрөгийн засвар хийснийг хүлээн зөвшөөрсөн баримт байна. Хавтаст хэргийн 8 дугаар талд өөрийн гэрээр бичсэн “Ө” ХХК гээд баланк дээр 18 сая төгрөгийн засварыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг гол нотлох баримтаар үнэлж байгаа. 3-4 сарын дараа завсрын ажлын талаар бичиж өгсөн бичиг юм. Ажил хийснийг П.М 100 хувь хариуцна гэсэн байна. 18 сая төгрөгийг гэрээ дууссаны дараа төлнө гэж байгаа, барьцаалаад түрээсийн гэрээ байгуулаад явж болно гэсэн байгаа нь бичиг дээрээс ойлгогдож байна, засварын ажлын хөлсөнд барьцаалж байгаа, 2 жил түрээслүүлнэ гэж тохирсон. 2 сая төгрөгөө өгөөд явж байтал 3 сая төгрөгөөр нөгөө хүн түрээслэхээр болоход гэрээгээ цуцалж, дахин гэрээ байгуулаагүй, 18 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. 5 сая төгрөгийг түрээсийн төлбөр төлж байгаа юм бол түрээсийн гэрээ байгуулж, ямар хэлцэл байдаг юм. Шаардлага хангуулаад мөнгөө авах. Түрээсийн гэрээг 6 дугаар сарын 8-ны өдөр хэлцэл хийчээд өмнөх сарын мөнгийг нэхээд байгаа юм, уг нь үүнээс хойших түрээсийн төлбөрийг нэхэх ёстой. Түрээсийн гэрээ байгуулаагүй тул хууль бус хэлцэл биш тул буцааж төлөх ёстой. Баримтаа өгөөч ээжийнх нь дүү Ч гэдэг хүн авч яваад 2 сар болсны дараа буцааж өгсөн байдаг, 18 сая төгрөг дээр шинжээч, үнийн дүн дээр маргаагүй нь нотлох баримт болно. Нэхэмжлэл үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул тайлбар хэлэхгүй.” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч П.М 2019.10.10-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Н.А, А.Г нарын 23,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба А, Г нарыг дарамталж түрээсийн 5,000,000 төгрөг авсан зүйл огт байхгүй. Өөрсдөө зарын дагуу миний утасруу залгаж ирж уулзаад манай түрээслүүлэх дүрэм, журамтай танилцан хүлээн зөвшөөрсөн. Мөн давхар түрээслэж байна гэдэг бол огт үндэслэлгүй зүйл ба ажиллуулж чадахгүй больмоор байна гэж хэлсний дагуу хүлээлгэж өгөхийг түрээслүүлэгч талын үүргийн дагуу шаардлага тавихад биелүүлээгүй түлхүүр авч зугтаж, цаашдын үйл ажиллагаанд саад учруулсан мөн 18,000,000 төгрөгийн засвар хийсэнтэй санал нийлэхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Н.А, А.Г нарт Ө ХХК-ийн байр болох үйлчилгээний зориулалттай 180м2-г обьектыг тодорхой хугацаа, болзол нөхцөлтэйгөөр түрээслэхээр 2019.01.04-ний өдөр итгэлцлийн үндсэн дээр аман гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Тэрхүү тохиролцоондоо түрээслэгч тал нь урсгал засвараа өөрсдөө хийвэл гэрээ дуусгавар болох үед засварын зардлыг баримтын дагуу буцаан олгох ба хэдэн төгрөг юунд зарцуулж засахаа хамгийн гол нь надаас зөвшөөрөл авах ёстой гэхэд зөвшөөрсөн. Н.А, А.Г нар 14 хоногийн дотор урсгал засвар хийгээд дуусна бид 2 өөрсдөө сайхан засаад авна, танаас зөвшөөрөл аваад юуг яаж засахаа асуулгүй яахав, засаж янзалсан зарлагын баримтаа танд өгнөө та битгий санаа зов, түрээсээ найдвартай төлж байна, бид 2 урт хугацаанд ажиллуулах хүсэлтэй байгаа гэж өөрсдөө хэлсэн. Мөн түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг байхаар тохиролцоод 2019.01.13-нд урьдчилгаа 1,000,000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Бид тохиролцохдоо сар бүрийн 01-нд түрээсээ төлж байхаар тохиролцсон. Түрээслүүлэгч миний талаас тавьсан шаардлага нь хэдэн төгрөгөнд юуг засаж авах талаараа асууж зөвшөөрөл авсны дараа засвар хийгээрэй гэсэн. Мөн Ө ХХК-ийн гадаа хашаанд дугуй засварын газар манайд түрээсээр байдгаа сард 160,000 төгрөг сар бүр төлдөг, тэр мөнгийг та нар аваад 2018 оны төлөгдөөгүй ус, дулаан, цахилгаан, интернэтийн төлбөрийг төлөөрэй гэхэд тэгий тэгий гээд зөвшөөрсөн. Дугуй засварын түрээслэгч С нь Н.А, А.Г нарт 2019.01.24-2019.07.24 хүртэл нийт түрээсийн төлбөр болох 960,000 төгрөг болон цахилгаанаас хэрэглэсэн нийт 144,000 төгрөгийг нэмээд Н.А , А.Г нарт нийтдээ 1,104,000 төгрөг өгсөн. Түрээсийн гэрээг засвар дуусаад баримтаа надад өгөх үед хийнэ гэхэд өөрсдөө зөвшөөрсөн. Ингээд тохиролцоонд хүрсэн учир Н.А, А.Г нарт өөрийн үйлчилгээ явуулах байраа хүлээлгэж өгөөд Улаанбаатарт амьдардаг тул буцсан. Үүнээс хойш А, Г нар түрээсээ төлөхгүй байнга шалтаг тоочиж байсан ба уучлаарай аниа төлнө л гэсэн хариу хэлдэг байсан. Түрээсээ төлөхгүй байж байнга засварын мөнгөө түрүүлж авч болохгүй юм уу гэж асуудаг байсан, тэгэхэд нь би тийм юм байхгүй анхнаасаа тохиролцсон шүү дээ дор хаяж 2 жил түрээслээд тэр үед гэрээ дуусгавар болох үед зассан зүйлээ бүрэн бүтэн байдлаар хүлээлгэж өгөөд ашиглалтын зардлаа мөн төлж барагдуулж албан ёсны юм хийнэ гэж анх тохиролцсоны дагуу байх хэрэгтэй гэж дахин дахин сануулж хэлсэн. Гэтэл А.Г, Н.А нар дур мэдээд засчихлаа 16,000,000 төгрөг болсон гэж хэлсэн. Баримтаа аваад хүрээд ир, яагаад зассан хойноо хэлж байгаа юм бэ гэхэд та бид 2-т итгэж байна гэж хэлсэн болохоор гэсэн хариулт өгсөн. Харин би хэлэхдээ таазаа имүздээд, ханын цаасны урагдсан хэсгээ солиод, туузан гэрэл хийгээд, текний арын тавиураа шилэн биш байхаар өөрчлөөд, гадаа үүдний хаалгаа солиод, буйдан бүрээсээ солиулаад сайхан цэвэрлэгээ хийхэд болно харин ямар материал хаанаас яаж авахаа надаас асууж байж аваарай гэж хэлсэн. Н.А, А.Г нар засвараа 14 хоногт хийгээд дуусганаа гэж анх хэлж байсан мөртлөө дуусаагүй байна, удахгүй дууснаа та жаахан хүлээчих тэхүү гэж гуйж байсан учир би хүлээсээрэл байсан. Гэтэл ойр тойрны хүмүүс маань надад хэлэхдээ засаад дуусцан танайх онгойгоод ажиллаж байна лээ гэж хэлж байсан ба өөрсдөд нь хэлэхэд тиймээ ажиллуулж байгаа засварынхаа хажуугаар гэсэн. Тэгээд засаад дууссан бол баримтаа аваад хүрээд ирээ, баримтыг чинь нягталж үзээд гэрээгээ хийе гэсэн боловч баримт дутуу байгаа гэсэн. Засаад дууссан байж яахаараа баримт дутууг сайн ойлгоогүй. Нэгэнт баримтгүй зүйл дээр гэрээ хэлэлцээр хийж болохгүй тул бүрэн эх хувиар нь баримтаа авч ирэх үед гэрээ хэлэлцээрээ хийе гэхэд Н.А, А.Г нар зөвшөөрсөн. Үүнээс хойш Н.А, А.Г нар 2019.06.08-нд над дээр ирж уулзахдаа бас л баримт дутуу авчирсан ба өөрсдийн тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа бичсэн тайлбар маркын ямар ч албан ёсны бус мөнгөн дүнг жагсааж бичсэнээ надад харуулсан учир албан ёсны гэрээ хийгээгүй бөгөөд тэр үеийн харилцан тохирсон гэрээний хуулбарыг доор хавсаргав. Өөрсдөдөө гүйцээгээд албан ёсны баримтаа эх хувиар нь аваад ирнээ гээд одоог хүртэл надад өгөөгүй. Мөн дахиад засаж янзлах хүсэлтэй байна 18,000,000 төгрөгөнд бүрэн сайхан засмаар байна гэж өөрсдөө санал тавьсан ба баримтаа бүгдийг нь гүйцээж өгнө тэр үед та ирж хараарай гэж хэлээд гарын үсэг зуруулаад явсанаас хойш түрээсээ төлөхгүй, утсаа авахгүй байсан болохоор би өөрөө 2019.06.23-нд дахин явж очиж уулзсан. Гэтэл А, Г нар доор караоке ажиллуулж байсан ба яагаад утсаа авахгүй байгаа талаар асуухад танаас санаа зовоод бид нар хэд хоногоос өгнөө гэж надаас гуйж байсан. Харин би хэлэхдээ та нар ингэж болохгүй, манайхыг ажиллуулж ашиг олж байж түрээсээ төлөхгүй, баримтаа өгөхгүй, гэрээгүй ингэж байж болохгүй гэж хэлсэн. Энэ үгээ байнгын хэлж сануулж байхад А, Г нар үргэлж шалтаг тоочиж уучлаарай удахгүй түрээсээ төлнөө, баримтаа өгнөө л гэж хэлдэг байсан.
Н.А , А.Г нар 2019.01.13-2019.07.23 хүртэл нийт түрээсийн төлөх ёстой 14,000,000 төгрөг төлөхөөс 4,880,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,120,000 төгрөг төлөөгүй. Мөн ажиллуулж чадахгүй байна болих хүсэлтэй байгаагаа өөрсдөө хэлсэн ба би больсон нь дээрээ түрээсээ төлөхгүй, засвараа дуусгахгүй, засварын баримтаа ч өгөхгүй дээр нь утсаа авахгүй алга болоод байна гээд түрээслэхээ болихыг нь зөвшөөрсөн. Би Н.А-д 2019.08.01-нд хүлээлгэж өгөөд засварын асуудалаа ярилцы гэхэд тэгий гэж зөвшөөрсөн тухай харилцан бичсэн. Гэтэл маргааш нь 18,000,000 төгрөг яг одоо миний дансанд хийхгүй бол хүлээлгэж өгөхгүй гэж гэнэт надад хэлсэн. Харин би А, Г нарт 18,000,000 төгрөгөнд хийсэн засварын баримтаа аваад ир тэр баримтын дагуу хийсэн засварын ажлыг чинь хараад үнэхээр баримтын дагуу хийгээд эвдрэл гэмтэлгүй, ашиглалтын зардалаа төлсөн эсэхийг шалгаж харж байж болноо гэж хэлэхэд Н.А, А.Г нар үгүй мөнгөө авж байж хүлээлгэж өгнө мөн танай компанийн тамга, тохирлын гэрчилгээг чинь өгөхгүй гэсэн. Ямарч баримт нотолгоогүй мөнгө нэхэж болохгүй хийсэн юмыг чинь харья, дүрэм журам нь ийм байдгаа, хар ухаанаар бодсон ч хий хоосон мөнгө нэхээд, хүлээлгэж өгөхгүй цоожлоод алга болж болохгүй гэж маш олон тайлбарлаж хэлсэн боловч өөдөөс мөнгө нэхэж луйварчин, чамаас заавал мөнгө авна, танай Ө ХХК-ийн байрны түлхүүрийг өгөхгүй, тамгыг чинь өгөхгүй, 18,000,000 төгрөг заавал авна гэж утасны цаанаас элдэв үгээр хараанаа ерөөнөө хараарай гэж орилж чарлаад, гэрээг чинь хуурамчаар хийнэ, ажил дээр чинь очиж зодоон хийнэ, үр хүүхдийг минь сайхан амьдрахгүй гэж доромжлоод байсан болохоор би хэлэхдээ та нартай ойлголцохгүй юм байна, та нар шийддэг газраар нь асуудлаа шийдвэрлүүлнэ биз гэж Н.А, А.Г нарт хэлсэн. Тэгэхэд Н.А, А.Г нар чамд харин эрүү үүсгэж ял эдлүүлнэ гээд бас элдвээр харааж доромжилсон. Та нар хүлээлгэж өгөхгүй бол би эвдээд өөрийн байрандаа орноо гэхэд А, Г нар хэлэхдээ эвдээд орвол цагдаад өгнө Ө чинь бид нарын өмч гэж хэлсэн. Би юу яриад байнаа та нар П овогтой М миний нэр дээр байдаг өмч, та нар хүлээлгэж өгөхгүй цоожлоод түлхүүр өгөхгүй, түрээсээ төлөхгүй байхад та нараас асууна гэж юу байхав ээ, ямар ч байсан өөрийн байраа цоожийг нь эвдээд орлоо шүү гээд бичлэг болон зураг даран баримтжуулж орсон ба нотолгоог доор зурагаар хавсаргав. Гэтэл 2019.07.18-ны өдөр А.Г нар надруу залгаж орилж хашгирч доромжилсон ба луйварчин, амьдралыг чинь үгүй хийнэ, бид нар хуурамчаарч хамаагүй гэрээ хийсэн болгоод чамаас мөнгө авна, хүүхэд чинь сайхан амьдрахгүй балай солиотой авгай гэж харааж доромжилсон мессеж бичсэн учир шийддэг газар нь шийдээд өгнө чамтай ярих шаардлага алга чи юм ойлгоод хүнтэй ойлголцох хүн биш байна гэж хэлээд тэд нарын утсыг блоклосон. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслүүлэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг. Манай зүгээс үйл ажиллагаа эрхлэх байр болон хөрөнгийг шилжүүлэн өгсөн байдаг гэтэл уг обьектийг ашиглаж тогтмол орлого олж байгаа хэрнээ нийт ашигласан 7 сарын түрээсийн төлбөр болох 14,000,000 төгрөг төлөхөөс 4,880,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 9,120,000 төгрөг төлөөгүй шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар огт төлөөгүй болно. Н.А, А.Г нарын хийсэн засварын ажил нь 180м2 талбайн таазны имуз, нүдэн гэрэл 180 м2 байрны хэсэг газрын ханын обой, текний арын тавиур, үүдний вакум хаалга, буйдан бүрээсийг шинэчилсэн ба 2018 оны дулааны төлбөр, цахилгааны төлбөр, интернэтийн төлбөр төлсөн үнийн дүнг нэмээд нийт 5,000,000 төгрөг зарцуулсан байх магадлалтай гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг тодорхойлсон. “Ө” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байна. 3958 дугаартай иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан байна. А.Г, Н.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл шаардлагын зарим зүйлийг ойлгохгүй байна. “Ө” ХХК болон П.М нар нь тусдаа эрх үүрэгтэй этгээдүүд, П.М гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан гэж ойлголоо, П.М гэдэг хүний данс руу шилжүүлсэн байна. А.Г, Н.А нартай “Ө” ХХК гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй. 2015 Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь П.М-ийн нэр дээр гарсан байгаа, “Ө” ХХК-д ийм өмч хөрөнгө байхгүй. П.М өөрийнхөө хөрөнгийг түрээслүүлэх байх. Манай байгууллага түрээслүүлэх боломжгүй. П.М-ийн өмнөөс “Ө” ХХК үүрэг хүлээхгүй, тайлбар өгөх боломжгүй байна. Компанийн хувьд хариуцлага хүлээхгүй, тайлбар хийх боломжгүй байна гэв. П.М гэдэг хүн сөрөг нэхэмжлэл гаргаад, шүүх яагаад хүлээж авсан бэ, яагаад хэргийн оролцогч болгож, П.М-ийн нэхэмжлэлийг гардуулаад байгаа нь ойлгомжгүй байна. П.М-ийн өмнөөс энд тайлбар хийж чадахгүй байна. “Ө” ХХК-ийг төлөөлж байна. Иргэний гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг шүүх яагаад хүлээж аваад байгаа юм бэ, хэргийн оролцогч биш шүү дээ. “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б гэдэг хүн байгаа, П.М гэдэг хүн 100 хувь хувьцаа эзэмшиж байгаад, Б-д шилжүүлсэн байсан. Сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хуульд зааснаар татаж авч байна. “Ө” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг татаж авч байна. 2019.12.02-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийг татаж авч байна. П.М, А.Г нар нь эрх зүйн харилцаанд орсон юм шиг байна. П.М тусдаа шаардах ёстой. Манай тал эрх зүйн харилцаанд ороогүй тул татаж авч байна. Тайлбар өгөөд байгаа нь эрх зүйн харилцаанд оролцоогүй, “Ө ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө биш учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гараар бичсэн зүйл нь бланк ашиглаад байгаа, газар дээр байгаа үйлчилгээний төв дээр байгаа обьектод, түрээслүүлэгч П.М, Н.А нарын хооронд бичигдсэн. Түрээсийн эрээний нэг тал нь П.М, нөгөө тал нэхэмжлэгч нар юм. Энэ түрээсийн гэрээний зүйл нь хөрөнгө оруулалт хийсэн, засан сайжруулсантай холбоотой, ашиглалтын зардалтай холбоотой асуудал яригдаж байгаа тул түрээсийн нөгөө тал болох П.М юм биш үү. “Ө ХХК-аас мөнгө аваагүй, харьцаагүй, П.М-аас мөнгө нэхэх ёстой. “Ө ХХК-тай гэрээний харилцаанд оролцоогүй, хөрөнгөд нь засвар хийгээгүй, засан сайжруулалт хийгээгүй. П.М-аасаа мөнгөө нэхээч ээ.
Хэнтэй гэрээний харилцаанд орсон гэдгээ ойлгоогүй явсан гэдэг нь харагдаж байна. П.М гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Хэний обьектыг түрээслэсэн талаар харагдахгүй байна. Өөрсдийнх нь худалдан авалт хийсэн, Ө гэж бичээд, авахдаа А.Г гээд гарын үсэг зурсан. “Ө” ХХК гэсэн нэрийг бичүүлээд байгаа боловч А.Г, Н.А нар нь П.М гэдэг хүнтэй харилцаанд орсон гэдэг нь тодорхой харагддаг. Нэхэмжлэл дээрээс нь ч харсан тийм байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Бичгээр хийсэн хэлцэл байгаа, гэрээний хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой, П.М гэдэг хүн маргасан бол хэлцэл хүчин төгөлдөр мөн эсэх талаар яригдах байсан байх. “Ө” ХХК-ийн өмнөөс хийсэн хэлцэл биш, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь П.М гэдэг хүний нэр дээр байгаагаас харахад нэхэмжлэгч нар нь П.М гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Сүүлд бичгээр хийсэн, гэрээ хийгдээгүй гээд байгаа, 318 дугаар зүйлд заасан эрх зүйн хүрээнд обьектод орсон хөрөнгийг шаардаагүй гэж үзэж байна. Одоо юу яригдах вэ гэхээр хэний обьектод засан сайжруулалт хийсэн бэ гэдэг асуудал яригдана. П.М гэдэг хүний хөрөнгөд хийгдсэн засан сайжруулалт байна. Энэ нь “Ө” ХХК-д ямар хамааралтай вэ. П.М гэдэг хүний обьектод бий болсон зардал нь П.М гэдэг хүний хариуцах зүйл шүү дээ, хариуцагчаа буруу тодорхойлж орсон байна гэж харагдаж байна. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч солигдох асуудал нь обьектын асуудалд хамаагүй, энэ дээр Байгальмаа, П.М байсан ч хамааралгүй, хувь хүн, хуулийн этгээд нь тус тусдаа эрх зүйн субьект болно. Иргэнтэй орж байгаа эрх зүйн харилцааны үр дагаврыг хуулийн этгээд хариуцахгүй. Хэр их хэмжээтэй засан сайжруулалт хийсэн гэдэг нь тусдаа асуудал. “Ө” ХХК-ийн хувьд засан сайжруулалт хийгдээгүй. “Ө” ХХК-ийн өрийг дараагүй, хэрэгт авагдсан баримтыг хүрээнд хамааралгүй гэж харагдахаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г, Н.А нар 2018.01.20-оос эхлээд “Ө” ХХК объектын доторх засвар хийсэн зардал 18,000,000 төгрөг, П.М-д зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр үндэслэлгүй төлсөн 4,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нар / хэргийн 1 дүгээр хавтас 11-18 дугаар хуудас/ нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн задаргааг засварын зардалд 9,676,800 төгрөг, засвар үйлчилгээний болон үлдэгдэл өрийг төлсөн зардалд 8,636,800 төгрөг гэж тодорхойлсон боловч зардалд 18,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч нар ““Ө” ХХК-ий өмчид засвар хийгээгүй, П.М гэдэг хүний обьектод бий болсон зардал нь П.М гэдэг хүний хариуцах зүйл шүү дээ, хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж харагдаж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.
Нэхэмжлэгч А.Г, Н.А нар 2018 оны 01 дүгээр сарын 20-оос эхлэн “Ө” ХХК объект буюу караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байрыг түрээслэхээр ярилцаж, үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангах үүднээс барилгын засварын ажлыг эхлүүлсэн, энэ ажилд тодорхой хэмжээний зардал гарсан энэ талаар маргахгүй боловч тухайн засан сайжруулсан үл хөдлөх хэний өмчлөлийх гэдэгт маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар засан сайжруулалт хийсэн үл хөдлөх хөрөнгө буюу ... аймгиийн ... сум ... дугаар баг 120,0 м.кв талбайтай Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 180 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө П.М-ийн өмчлөлийнх болох нь улсын бүртгэлийн ... ,... дугаарт бүртгэж олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна. /2 дугаар хавтас 151, 152 дугаар хуудас/
Дээрхи үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч П.М 2015 оны 04 дүгээр сарын 29-өөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал байжээ. /2 дугаар хавтас 106 дугаар хуудас/
Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Д.М өөрийн хувийн өмчийг мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д зааснаар өмчлөлийн зүйлийг эзэмших, ашиглах, захран зарцуулах эрхийг бусдад буюу “Ө” ХХК-д шилжүүлсэн эсэх талаархи нотлох баримтгүй, шилжүүлэн авсан тохиолдолд өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй мөн энэ эрхтэй холбоотой эрсдэлийг ч шилжүүлэн авах учиртай.
Нөгөө талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар А.Г, Н.А нар үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч А.Г, Н.А нар /1 дүгээр хавтас 10 дугаар хуудас/ “Ө” ХХК-ийн албан бичгийн хуудаст “түрээслүүлэгч, түрээслэгч” гэж хийсэн тохиролцоог хуулийн этгээдтэй хийсэн гэрээ гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд орно.” гэснийг хангаагүй байна.
Нягтлан бодох бүргэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хуулийн этгээд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэгтэй, энэ үүрэгт орлогын дэлгэрэнгүй тайлан хамаарахаар байна.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана, мөн зүйлийн 14.3.1-т анхан шатны баримт бүрдүүлэх; мөн зүйлийн 14.4.1-т аж ахуйн бүх ажил, гүйлгээ; 14.4.2-т бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага; 14.4.5-т бүх орлого, 14.4.6-д бүх зардалыг нягтлан бодох бүртгэлд бүртгэнэ гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нарын /хэргийн 1 дүгээр хавтас 112-172 дугаар хуудас/ НХ маягт БМ-3 гэсэн нэхэмжлэх худалдагч талаас худалдан авагч “Ө” ХХК-д бараа материал нийлүүлсэн бол тухайн хуулийн этгээдийн санхүүгийн баримт байхаар байна, нэхэмжлэгч А.Г, Н.А уг нэхэмжлэхээр бусдаас бараа материал авсан бол үнэ төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн /1 дүгээр хавтас 197-201 дүгээр/ хуудаст буй баримтыг орчуулгын товчоогоор жагсаалт хэлбэрээр орчуулга хийлгэсэн хэдий ч хэнээс хэнд хэдэн нэрийн ямар үнэтэй зүйл шилжүүлсэн талаархи тайлалыг орчуулга хийлгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд засварын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зээлдүүлсэн гэх 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг П.М-ийн ХААН банк ... тоот данс руу шилжүүлсэн тул хуулийн этгээд иргэний хариуцлагыг хүлээх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч А.Г, Н.А нар засварын ажил гүйцэтгэх явцдаа “Ө” ХХК-ийн өмнөөс цахилгаан, ус, дулаан, интернэтийн үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хэргийн 1-р хавтас 195, 194, 108, 88, 86, 87 дугаарт ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон дүн болох цахилгааны үлдэгдэл төлбөр 546 000 төгрөг, дулааны үлдэгдэл төлбөр 825 000 төгрөг, интернэтийн төлбөр 45,800 төгрөг нийт 1,416,800 төгрөгийг /хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар хуудас/ “Ө” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч А.Г, Н.А нарт олгож 21,583,200 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч “Ө” ХХК-ийн /тамга, тэмдэг байхгүй үед гаргасан хэргийн 1 дүгээр хавтас 60-82 дугаар хуудас, тодруулсан 2 дугаар хавтас 1-4 дүгээр хуудас/ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 274,450 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банкны төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 234,155 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,416,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37,619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ