| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
2024 02 22 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн **************холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч З.Бат-Амгалан, шүүгдэгч ****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*********/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ****** нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ****** тоот дахь гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******той хэрүүл маргаан үүсгэж, сандлаар толгойн тус газар нь цохиж биед нь “дагзны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв тайлбар өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Прокуророос гардуулсан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу болон хэргийн үйл баримтад маргахгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Тухайн үед сандлаар цохих санаа бодол байгаагүй. Муудалцах болгондоо эхнэрээ зоддог зүйл байхгүй бөгөөд өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй. Зөрчлийн хэргээр 100.000 төгрөгөөр торгуулж байсан. Бид 6-11 насны 3 хүүхэдтэй. Тэр өдөр хүүхдүүд өрөөндөө байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл (хэргийн 8 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ы хохирогчоор өгсөн:
“...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой би өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** тоот дахь гэртээ байж байсан чинь 19 цагийн орчимд нөхөр ****** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь “архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна, чи өдөр 16 цагийн орчимд л цуг зулсан явна гэж хэлээд архи уулаа” гэж хэлээд би уурласан. Гэтэл ****** орны хажууд байсан хүүхдийн жижиг модон сандлыг барьж байгаад миний толгой руу цохисон чинь толгойноос цус гараад, яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн. Тэр үед нөхөр ****** гэрээс гараад явсан. Ингээд би Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Бид 2011 онд гэрлэлтээ батлуулж байсан ба дундаасаа 3 хүүхэдтэй. Миний хувьд одоо ямар нэг гомдол санал байхгүй.
2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр маань хамт зуслан явна гэж байгаад орой согтуу орж ирэхээр нь би уурласан юм. ...Айл гэр болсон хойно хэрүүл маргаан болж байдаг. Бусдаар бол надад гарч хүрч байсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14, 17-18 дахь тал),
3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:
1. ******ы биед дагзны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 20-21 дэх тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын яллагдагчаар өгсөн:
“2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр ****** над руу залгаад “зуслан явна шүү” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлчхээд дараа нь “эсвэл чи түрлүүлээд явж бай” гэж хэлсэн чинь эхнэр “үгүй, үгүй хамт явна” гээд байсан. Ингээд би гадуур явж байгаад орой 19 цагийн орчимд өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** тоот дахь гэртээ согтуу орсон чинь эхнэр уурлаад маргаан болсон. Би эхнэрт хандаж “чамайг би зуслан руу явж бай гэж хэлсэн биз дээ, чи яагаад яваагүй юм уу” гэж хэлээд эхнэр бид хоёрын дунд маргаан болсон.
Ингээд би зочны өрөөний буйдангийн хажууд байсан жижиг модон сандал аваад айлгах гээд далайсан чинь эхнэр сууж байгаад босохдоо тухайн сандалд толгойгоо цохиод, толгойноос нь цус гарахаар нь би сандрахдаа цусыг нь арчиж өгөөд гараад явсан.
Намайг гарахад эхнэр өөрөө яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгч байсан. Би гэрээсээ гарч яваад, орой нь БНХАУ руу барилгын материалд явсан. Эхнэртэйгээ би 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. 2012 онд гэрлэлтэй батлуулж байсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна. Энэ хугацаанд айл гэрт маргах үе байж л байдаг. Бусдаар бол гар хүрч байсан зүйл байхгүй.
Тухайн үйл явдал болсон өдрөөс хойш эхнэр, бид хоёр энгийн харилцаатай хоорондоо яриад учраа олсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу архи гэдэг зүйлээс болоод бусдад гэмтэл учруулсандаа гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 42 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 44 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 45, 55 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 48, 54 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хэргийн 49-50 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 67 дахь тал) прокурорын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, ******од хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсноор, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, тэрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо ****** тоот дахь гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******ыг “орой зуслан явна гэж байхад согтуу ирлээ” гэснээс хэрүүл маргаан үүсгэж, улмаар сандлаар түүний толгойн тус газар нь цохиж, бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “дагзны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч ******ы биед учирсан “дагзны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******ын түүний толгойн тус газарт нь сандлаар цохих үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч ******, шүүгдэгч ****** нар нь гэрлэлтээ батлуулсан, дундаасаа үр хүүхэдтэй, эхнэр, нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдүүд мөн юм.
Нөгөөтээгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч ******ын гэмт үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч ******ы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж (хэргийн 66 дахь тал), баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч ****** нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 44 дэх талд авагдсан тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгож, шүүгдэгч ******ын хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь хуульд нийцсэн, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо илэрхийлсэн тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД