| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
2024 03 01 2024/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Сонинмөнх, шүүгдэгч ****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****** /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ****** нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “******” ХХК-ний урд талын зам дээр иргэн ******тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохих, газарт татаж унагаах зэргээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд шарх, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчоос уучлалт гуйан, эмчилгээний зардалд 130.000 төгрөг төлсөн. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Тухайн үед үүссэн уур бухимдлаа барьж чадалгүй хүний биед халдаж хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.“ гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
1. Хүний биед үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 7-8 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын хохирогчоор өгсөн:
“2024 оны 01 сарын 04-ны өдөр Хан-уул дүүргийн 19-р хороо ****** талын буюу 75-р сургуулийн замаас “******” ХХК-ийн зам руу зам хөндлөн, явган хүний гарцаар алхаад гарч байхад баруун гар талаас машин эргэж орж ирэхдээ яг над руу маш ойрхон тулаад зогссон. Тухайн үед нь би мөргөх гэж байна гэж биеэ хамгаалж арагшаа нэг алхахад ****** УБД улсын дугаартай хар саарал өнгийн тоёота сай маркийн автомашин гарц өнгөрөөд зогссон.
Тэгэхээр нь би очоод жолоочийн тал буюу баруун урд талын цонхийг тогшоод “замаа хараач ээ” гээд хэлэхэд нөгөө жолооч нь цонхоо доош буулгаад, над руу хэл амаар доромжилж, хараасан бөгөөд жолооч нь машин барьж барьж байхдаа гар утсаа хараад явж байсан учир би жолоочийн эрүү хэсэг рүү гараараа хөнгөн түлхэхэд нөгөө жолооч машинаасаа бууж ирээд миний куртикнээс зуурч авахаар нь би зөрүүлээд барьж аван, харилцан заамдалцаж барилцсан.
Тэгэхэд тухайн жолооч эхлээд миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, дараа нь газар татаж унагаасан. Тэгээд жолооч буцаад машиндаа суухад нь би гараа атгаж байгаад тухайн машины жолоочийн тал буюу баруун урд талын шил рүү нэг удаа цохисон. Тэгэхэд нөгөө жолооч нь дахиж бууж ирээд миний куртикнээс зуурч барьцалдаж аваад, бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэр хооронд намайг явган хүний зам дээр газар унагаахад нь би толгойгоороо газар унаад, миний зүүн хөмсөгний дээд хэсэг шалбарсан. Биднийг маргаж байх хооронд цагдаа ирээд хэлтэс рүү авч явсан. Миний нүүрний зүүн шанаа болон хөмсөгний дээд тал сэтэрсэн байна. Би эхлээд зөвхөн жолоочийг машин дотроо сууж байхад нь эрүү хэсэг рүү гараараа түлхсэн, мөн хэд хэдэн удаа нүүр рүү нь мангасдсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),
3. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1234 дугаартай:
1. ******ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 16-17 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********** сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“Би 2024 оны 01 сарын 04-ны өдөр оройн 21 цаг 40 минутын үед өөрийн эзэмшлийн ****** УБД улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцож байхад Хан-уул дүүргийн 19-р хороо ******-гийн эсрэг талын уулзвар буюу “******” ХХК-аар хойш эргэх үеэр зам түгжрээтэй байсан бөгөөд эсрэг талын түгжирсэн машин дундаас нэг үл таних хар өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн гараад ирэхээр нь би шууд тоормос гишгэсэн.
Тухайн үед зам маш их халтиргаатай байсан учир машин маань гулсаад, урагш гулгах үед тухайн үл таних залуу нь машины урд хамрыг гараараа тулж, машин маань зогсоход тэр залуу цочсон. Тэгээд шууд миний машиныг тойрч ирээд, жолоочийн тал буюу баруун урд талын шилийг гараараа цохиход нь би цонхоо доош буулгаад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр залуу над руу хүрч ирээд, намайг “замаа харж яваач” гэж хэлэхдээ миний нүүр лүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би машинаас буугаад зөрүүлээд нүүр лүү нь зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон. Бид хоёр хэсэг маргалдаж зогссон бөгөөд би тухайн залууг машины авто зам дээр дагуулж очоод “зам халтиргаа гулгаа ийм байна” гэж тайлбарлаж хэлэхэд тэр үл таних залуу над руу “чи наад өвлийн дугуйгаа соль” гэж маргасан. Ингээд би буцаж машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө залуу дахин хүрч ирээд миний баруун урд талын шил рүү гараараа цохиод авсан. Тэр үед би дахин машинаасаа буугаад тэр залууг заамдаж авахад миний нүүр, зүүн хацар дуу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би газар хавираад унагаасан. Нөгөө залуу нүүрээрээ газар унахдаа зүүн хөмсөг хэсэг сэтэрсэн байсан. Би буцаж машиндаа орж суугаад цагдаа руу дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаагаас холбогдож хэлтэс рүү ир гэж дуудсан.
Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн хүний биед халдсандаа гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-29 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 32 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 33 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 34 дэх тал), Татварын ерөнхий газрын тодорхойлолт (хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай түүний гаргасан (хэргийн 45 дахь тал) хүсэлтийг прокурорын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, ******д хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 01 сарын 04-ны өдөр оройн 21 цаг 40 минутын үед өөрийн эзэмшлийн ****** УБД улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа Хан-уул дүүргийн 19-р хороо ******-гийн хойд замд “******” ХХК-аар хойш эргэх замын уулзвар орчмын замаар зорчин явсан явган зорчигч ****** нь “замаа харж яваач” гэсэн шаардлага тавих үедээ биед хүрсэн гэх гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, улмаар түүний түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохих, газарт татаж унагаах зэргээр цохиж зодон биед нь “зүүн хөмсгөнд шарх, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч ******ын биед учирсан “зүүн хөмсгөнд шарх, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохих, газарт татаж унагаах үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч З.Очирвааний дээрх гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч ******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ (хэргийн 12 дахь тал) “...эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой” хэмээн мэдүүлсэн хэдий ч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирол мөнгө бүрэн барагдуулсан, хэрэгтээ холбоотой гомдол санал байхгүй.” болохоо текст мессежээр илэрхийлсэн баримттай байна. /шүүхийн тов мэдэгдсэн баримт, утсаар ярьсан тэмдэглэл/
Мөн хэргийн шүүгдэгч ****** нь хохирол төлбөрт тооцон 130.000 төгрөгийг 2024 оны 02 сарын 23-ны хохирогчид шилжүүлэн төлсөн талаар Хаан банкны дансны хуулга баримтыг хэрэгт гаргасан байна.
Иймд Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч ****** нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 41 дэх талд авагдсан тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ****** нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ************* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ****** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД