| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/, шүүгдэгч ****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ****** нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 58 минутын орчимд ****** тоот хашааны гадна согтуурсан үедээ иргэн ******ын тээврийн хэрэгсэлд төлбөртэй зорчиж явахдаа “машинаас буухгүй” гэж маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж , иргэн ******ын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би том машины жолооч ажилтай. Сарын 2.500.000 төгрөгийн цалинтай. Би 3-16 насны 3 хүүхэдтэй. Хохирогчид эмчилгээний зардлын 600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Мөнгийг нь бэлнээр өгсөн ба хохирогчоос уучлалт гуйсан. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 10 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын хохирогчоор өгсөн:
“...2023 оны 60 дугаар сарын 06-ны өдрийн 21:00 цагийн орчимд ****** гэх дүүтэйгээ өөрийн ****** УАЕ улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Биокомбинат ороод, Баянзүрх дүүрэг рүү явж байхад Хан-Уул дүүрэг 16-р хороо Нисэхийн байрны буудлаас хойш чигээрээ явж байхад зам дагуу хоёр залуу гар өргөж байхаар нь “хаашаа явах юм” гэж асуухад “5 шар явна” гэсэн. Тэгэхээр нь суулгаад явж байхад “Нисэхийн гэрлэн дохиогоор баруун эргэ” гэхэд нь эргэх гэтэл нөгөө залуу нь “чигээрээ явна” гээд байхаар нь би чигээрээ явсан. Гэтэл нөгөө залуу нь уурлаад дахиад “баруун эргэ” гэхэд нь би баруун эргэсэн чинь малгайтай цэнхэр цамцтай залуу нь уурлаж намайг загнасан.
Тэгэхээр нь би зогсоод “та хоёр буугаад өөр такси бариад явчих” гэсэн чинь малгайтай цэнхэр цамцтай залуу нь “машинаас буухгүй, хүргэж өг” гэж загнаад хажууд сууж явсан ******г араас нь цохих гээд байхаар нь ****** бууж, тухайн залууг буулгах гэтэл ******гийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө залууг буу гэтэл хажууд нь сууж байсан улаан цамцтай залуу нь миний нүүрэн тус газар буюу зүүн нүдний хөмсөг орчим цохиод цус гаргахаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Миний зүүн нүдний хөмсөг сэтэрсэн. Өөрөөр бол гэмтэл байхгүй.
Тухайн үед улаан цамцтай залуу буюу ****** гэгч нь миний нүүрэн тус газар буюу хөмсөг орчим руу гараараа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед цуг явж байсан ****** нь манай дүү болох ******тэй зууралдаад байсан. Миний биед халдсан удаа байхгүй.
Одоо миний биед өвдөж зовуурилсан зүйл байхгүй. ****** нь надад эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг өгсөн. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13, 46 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн гэрчээр өгсөн:
“...2023 оны 06-р сарын 06-ны 16:00 цагийн орчимд ****** тоот буюу манай гэрт найз ******ын хамт 0,5 литрийн Экс архи 2 шилийг хувааж уучхаад 21:00 цагийн орчимд айл руу очих гээд найз ******ын хамт явж байгаад айлаа олохгүй болохоор нь бид хоёр Ерөнхий боловсролын 7-р сургуулийн хойд талын засмал зам дээрээс такси барьсан.
Тэгээд би замдаа гэртээ буух гэрээ зааж өгөөд гар утсаараа хүнтэй ярьж байгаад тухайн хүнийг ална шүү гээд хэлсэн чинь таксины жолооч хамт явж байсан залуу хоёулаа нийлж байгаад намайг машинаас буулгаад газар унагаасан. Тухай үед надтай явж байсан найз болох ****** бид нарыг салгах гээд таксины жолоочийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон.
Тэгээд таксины жолоочийн хөмсөгнөөс нь цус гараад цагдаад дуудлага егсөн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед таксины жолооч “машинаас буу, өөр таксинд суу” гэж хэлэхийн хувьд бол хэлсэн. Намайг гар утсаар ярьж байхад хэлсэн болохоор би “одоо 100 метр яваад бууна сүртэй юм бэ” гэж хэлсэн. Таксины тооцоогоо хийгээгүй. Миний хувьд бол таксины жолоочид гар хүрсэн юм бол байхгүй. Харин ****** тухайн залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход хөмсөгнөөс нь цус гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.******гийн гэрчээр өгсөн:
“...2023 оны 06-р сарын 06-ны 21:00 цагийн орчимд миний машин эвдрээд, би төрсөн ах ******ыг дуудаж хүүхдээ Хан-Уул дүүрэг 10-р хороо, Биокомбинат руу хадам аавындаа буулгачхаад буцаж байхад Хан-Уул дүүрэг 16-р хороо, Нисэхийн байрны автобусны буудлаас хойш чигээрээ явж байхад замын эсрэг талд хоёр хүн гар өргөөд зогсож байхад нь машиндаа суулгаад авч явсан. Тэгээд явж байхад нэг залуу нь “чигээрээ яв”, нөгөө залуу нь “зүүн эргээд явчих” гээд замаас болж ах, бид хоёрыг “Увсын пизданууд, ингэдэг байхгүй юу” гэх мэтээр хэл амаар доромжилсон. ****** нь миний сууж байсан сандлыг араас цохиод байхаар нь ****** ах машинаа зогсоогоод, би машинаас бууж тухайн хоёр залууг “одоо энд буу, өөр такси ол” гэж хэлэхэд буухгүй байсан. Тэгэхээр нь би цамцнаас нь татаж машинаас буулгасан чинь ****** нь надтай зууралдаж, миний нүүрэн тус газар цохисон чинь манай ах ****** машинаас бууж ирээд бид хоёрыг салгахад хамт явж байсан ****** гэх залуу нь манай ах ******ын нүүр тус газар нэг удаа гараараа цохисон.
Тухайн үед ****** ахын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Машинаас буусны дараа ****** нь надтай маргалдаад байсан ба намаг өшиглөх гэж байгаад хий өшиглөөд газар унасан. Түүнээс би тухайн хүний биед халдсан зүйл бол байхгүй. Тухайн үед ****** ах машинаас бууж ирээд ****** гэх залууг надаас салгаж байхад араас нь ****** гэх залуу ирээд ****** ахын нүүрэн тус газарт цохиж хөмсөгнөөс цус гаргасан. ****** ******ын биед халдсан зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал)
5. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Баасанжавын:
“...******ын биед тогтоогдсон 2 тохойн зулгаралтаас бусад гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй бөгөөд мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 54 дэх тал)
6. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7439 дугаартай дүгнэлтэд:
1. ******ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2023 оны 06-р сарын 06-ны 16:00 цагийн орчимд ********** тоот буюу найз ******ийн гэрт хоёулхнаа 0,5 литрийн Экс архи 2 шилийг хувааж уучхаад гадаа бүрэнхий болж гэгээ тасарсан байхаар нь ******ийн хамт айл руу явах гээд гэрээс нь гарсан юм.
Тэгээд ****** бид хоёр айлаа олохгүй болохоор нь такси барьж гэр лүүгээ явах санаатай Ерөнхий боловсролын 7-р сургуулийн хойд талын засмал зам дээрээс такси бариад ******, бид хоёр хойд талын суудал дээр суусан. Тэгээд яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. ******, таксины жолооч болон хамт явж байсан залуутай нь маргалдаад эхэлсэн. Тэгээд гудамжинд машинаа зогсоогоод, “манай найзууд машинаас буу” гэж хувцаснаас нь татаж, гадаа хоорондоо зууралдаад зодолдоод байсан.
Би салгах гэж машинаас буугаад нэг залуу нь над руу дайрахаар нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Түүнээс өөр зодож цохисон зүйл байхгүй. Миний хувьд ****** гэх залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж эмчилгээний зардал болох 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21, 33, 57 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 35 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан (хэргийн 64 дэх тал) хүсэлтийг прокурорын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, ******т хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч ял тохирсноор прокуророос түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ****** нь өөрийн найз гэх хэрэгт гэрчээр асуугдсан ******ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Ул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн байрны буудал орчмоос такси үйлчилгээнд явж байсан иргэн ******ын ****** УАЕ улсын дугаартай Соната-7 тээврийн хэрэгслээр зорчин явахдаа явах чиглэл болон хүргүүлэх газрын зам маршрутын талаар маргаж, жолооч ******, түүнтэй хамт тээврийн хэрэгсэлд нь зорчин явсан иргэн Н.****** нартай маргалдах, зүй бус үг хэллэг хэрэглэн доромж байдлаар харьцах зэргээр хэрүүл маргаан хийж маргалдах явцад тээврийн хэрэгслийн жолооч нь шүүгдэгч болон түүний найзыг “машинаас буу, өөр таксинд олж суу” гэсэн шаардлага тавихад нь “буухгүй” гэж эсэргүүцэн, улмаар жолоочийн ****** түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч ******ын биед учирсан “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүний нүүрэн тус газар гараараа цохих үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч ******ын дээрх гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч ******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ****** нь хохирогчид эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогчийн: “...****** нь надад эмчилгээний зардал, миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хэргийн 46 дахь талд авагдсан мэдүүлэг баримтаар тогтоогдсон байна.
Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн хохирогч ****** нь учирсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч ****** нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 34 дэх талд авагдсан тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгож, шүүгдэгч ******ын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь хуульд нийцсэн, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байх бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ****** нь учирсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээний болон бусад баримттай гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД