Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Г.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ш.Дуламжав, хохирогч Б.Төмөрбат, Ц.Ариунцэцэг, Ж.Гомбо, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Алтанбагана нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Баярбилэгт, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар М.Бат-Оргилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баярбилэг, М.Бат-Оргил нарт холбогдох эрүүгийн 201619000669 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 28-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 23 настай, бүрэн дунд боловсролтой,  Их засаг их сургуулийн хууль эрхзүйн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 8, ээж, аавын дүү нарын хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 31-51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах бүрэн чадвартай Цагаан заан овгийн Мөнхбатын Бат-Оргил РД/ДЖ:94022813/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 20 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хүнд машин механизмын авто засварчны мэргэжилтэй,  Улаанбаатар хотод “Зохиомж” дээд сургуулийн Гааль худалдааны 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, ээж, аав, эгч нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Зүүнсайханы 06-05 тоотод оршин суух хаягтай ч одоогоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 2014 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах бүрэн чадвартай Индэг овгийн Сандагийн Баярбилэг РД/КВ:97080417/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч М.Бат-Оргил нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Хьюндай Истана” маркийн 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явж байгаад Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 2.7 б заалтыг зөрчиж жолоогоо бусдад шилжүүлсний улмаас Б.Төмөрбатын биед хүнд гэмтэл, зэргийн гэмтэл учруулсан,

 Шүүгдэгч С.Баярбилэг нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Хьюндай Истана маркийн 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явж байгаад Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 2.1б заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган осолдсоны улмаас Б.Төмөрбатын биед хүнд гэмтэл, Ц.Ариунцэцэг, Ж.Гомбо  нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Бат-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 8 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газраас “Истана” маркийн тээврийн хэрэгсэлтэй долуулаа хөдлөөд замаасаа Гомбо ахыг аваад 13 хүн болоод Улаанбаатар хот руу явсан. Цээсүрэн ахтай хамт явж байгаад үүрийн 05 цагийн үед Дундговь аймгаас хөдлөөд Цээсүрэн ах миний нойр хүрээд байна чи ахныхаа машиныг бариад яваач гэхээр нь би найз Баярбилэгээр өөрийхөө машиныг бариулаад би Цээсүрэн ахын машиныг бариад явсан. Тэгээд явж байтал ард явсан машины арын гэрэл асаад байхаар буцаад очтол Баярбилэгийн барьж явсан машин унасан байсан. Тэгээд Цээсүрэн ах хүмүүсийг өөрийнхөө машинд суулгаад Төв аймаг руу аваад явсан. Тэгээд гэмтэлийн эмнэлэг дээр очоод хүмүүсийн гэмтлийн зураг авхуулсан мөнгийг өгсөн. Алтанбаганы машины хохиролыг бүрэн барагдуулсан байгаа. Цээсүрэн ах машины үнэлгээний мөнгө болон журмын хашааны мөнгө төлсөн. Би яг өөрөө машинаа бариад, Цээсүрэн ах намайг гуйгаагүй байсан бол би осол аваар гаргахгүй байсан байх. Манай найз Баярбилэг машин барьдаг болохоор нь би найздаа итгээд машинаа бариулсан тэрнээс огт машин баридаггүй хүнээр машинаа бариулаагүй гэв.

 

Шүүгдэгч М.Бат-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас 81-37 УБЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад 29-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд манай ах Цээсүрэн Дундговь аймаг дээр хүлээж байсан ба надад миний нойр хүрээд байна. Ахынхаа машиныг бариад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Цээсүрэн ахыг унтуулах гэсэн чинь машиных нь урд суудалд хүн суучихсан байсан болохоор Баярбилэгт машинаа өгөөд Баярбилэгийн сууж байсан суудал дээр Цээсүрэн ахыг суулгаад шууд хөдөлсөн. Тухайн үед цаг 06 цаг болж байсан. Тэндээсээ гараад цаашаа явахдаа  толиндоо харж байсан чинь гэнэт бөгсний улаан гэрэл харагдахаар нь буцаад очиход осол болчихсон байсан. С.Баярбилэг нойрмоглосноос болж осол гарсан гэж бодож байна. Машин бол зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 98,102 хуудас/

 

Шүүгдэгч Б.Баярбилэг шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 8 сарын 28-ны өдөр Дундговь аймгаас Бат-Оргилтой хамт явж байсан. Тэгээд замд явж байхад Цээсүрэн ах бууж ирээд намайг жоохон яваад өгчих гэсэн тэгэхээр нь би барахгүй байхаа гэсэн чинь Бат-Оргил би Цээсүрэн ахын машиныг барья чи миний машиныг барьчих гэсэн. Тэгээд би машиныг нь бариад явж байгаад зүүрмэглэчихсэн байсан. Сэртэл засмал замаас гараад шороон зам руу ороод явж байсан тэгээд буцаад засмал зам руу орох гэтэл урд замын хамгаалалт байсан тэгээд л машин замын хажуу руу уначихсан гэв.

 

Шүүгдэгч С.Баярбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас 81-37 УБЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлийг М.Бат-Оргил жолоодож гараад замаараа Оюу толгойгоос 3 хүн аваад явсан. Замдаа Цогт-Овоо сум орж хоол идээд Дундговь аймгийн төвөөр дайрч 97 тоот тэмдэгтийн харалдаа урд явж байсан Бат-Оргилын танил жолооч ах зогсоод намайг миний машиныг бариад яваад өгөөч  гэхэд манай найз Бат-Оргил надад чи миний машиныг барьчих. Би Цээсүрэн ахын машиныг барья гээд явсан. Би Бат-Оргилын машиныг бариад замд ороод явж байгаад зүүрмэглэчихсэн байсан. Гэнэт шороо шажигнаад явчихаар нь сэрээд хартал ертөнцийн зүгээр машин  замын хажуу талын шороон хэсэгт гарчихсан явж байсан. Тэгээд бид жолооны хүрдээ алгуурхан эргүүлээд буцаад замруу дартал өөдөөс замын ус зайлуулах хоолойн шон гараад ирэхээр нь огцом зүүн гар талруугаа дарсан бас буцаагаад баруун гар талруугаа дарсан чинь машин бөгсөө шидээд урд хэсэг нь эргээд харсан. Тэгээд л шууд замаасаа гараад шороо босоод нэг бүтэн эргээд хажуу талаараа хараад унасан. Би босоод нэг хүүхэд байсныг аваад машины урд талын шилийг тийрээд машинаас  гарсан. Эргээд харахад машинаас хүмүүс гарч байгаа харагдсан. Цээсүрэн ах миний барьж явсан машин дотор байгаа хүмүүсийг машиндаа суулгаад Бат-Оргил бид хоёр хэргийн газар үлдсэн. Хэрэг гарах үед би ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэдүүлэг /хх-ийн  100,102 хуудас/

 

Хохирогч Ж.Гомбын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд Өмнөговиос Истана маркийн 81-37 УБЛ улсын дугаартай микро автобусанд суугаад хот орох гээд явсан юм. Тэгээд 29-ний өглөө Төв аймгийн Баянцагаан сумын нутагт явж байгаад үүрийн 05-06 цагийн орчимд машин онхолдсон. Тухайн үед микро автобусыг Баярбилэг гэдэг хүн жолоодож явсан. Осол болох үед унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг эмэгтэй хүн хашгирхаар нь сэрсэн бөгөөд машин дайвалзаж байснаа замын хажуу руу онхолдсон. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Миний нуруу хугарсан бас нүүрний хавантай байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 2 400 000 төгрөг болсон түүнийг нэхэмжлэнэ гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

 

Хохирогч Ж.Гомбо шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 8 дугаар сарын 28-ны орой ар гэрийн гачигдал гараад ажлаасаа 2 хоногийн чөлөө авсан байсан. Манай компани унаа байхгүй байсан болохоор нь сумаас Улаанбаатар хот орох унаа явах гэж байна гэж хүнээс сонсоод утсаар нь яриад суусан. Тэгээд наашаа явж байгаад үүрээр осол болсон. Тухайн үед би өөрөө босож сууж чадахгүй хүнээр өргүүлээд Төв аймгийн эмнэлэгт ирээд анхны тусламж авсан. Тэндээсээ Улаанбаатар хот ороод гэмтлийн эмнэлэгт хандаад Монгол хуандэй эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Одоо гэртээ хэвтрийн дэглэм сахиад ажлаа хийж чадахгүй байгаа болохоор цалин мөнгөгүй амьдрал хэцүү байна. Бас цалингийн зээлтэй болохоор зээлээ төлж чадахгүй их хэцүү байна. Энэ ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч эмчилгээний зардалд эхнэрийнхээ ээмэг бөгжийг ломбарданд тавьсан. Баярбилэгийн аав ээж ирж уулзаж туслаж байсан. Би ажилгүй байсан хугацааны цалин, банкны зээл, ломбарданд тавьсан эд зүйлийнхээ үнэ гээд нийт 7-8 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ц.Ариунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 8 дугаар сарын 28-ны орой Цагаан хаднаас Истана маркийн машинд суусан. Цээсүрэн гэх хүн бид гурвыг Бат-Оргилын машинд оруулж суулгасан. Тэгсэн замдаа нилээн хурдтай явж байсан болохоор нь бид нар зөөлөн яваач ээ жоохон хүүхэд байна гэж хэлж байсан. Гомбо хүртэл та нар нойрмогловол бид нарт хэлээрэй. Жолооч хүмүүс явж байна шүү гэж байсан. Би энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Толгой байнга өвддөг. Би Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 8 сард осолд орсноос хойш ажлаа хийх чадваргүй болсон байгаа тул ажилгүй байсан хугацааны орлого, өөрийгөө болон хоёр хүүхдээ цаашид эмнэлэгт үзүүлэх эмчилгээний зардалд орох 3 000 000 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ц.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цагаанхаднаас 2 хүүхдийн хамтаар Истана маркийн автобусанд 45000 төлж суугаад хотруу явсан юм. ...Төв аймгийн Баянцагаан сум өнгөрч яваад би унтсан байсан. Хүмүүс хашгиралдахаар нь сэрээд хартал замын хажуу руу орчихсон. Яг юу болсныг мэдээгүй. Энэ ослоос болж миний хүзүүний ясны нэг үе, нурууны ясны нэг үе, зүүн талын нэг хавирга тус тус хугарсан гэмтэл учирсан. Хүү Баярбаатарын нүүр нь улайж, завьж нь урагдсан, охин Ариунзаяагийн толгойн хуйх нь хоёр газраа зүсэгдсэн байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардал 3 сая төгрөг болох байх. Би тэрнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/

 

Хохирогч Б.Төмөрбат шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр би хот орох гээд Цагаанхаднаас машинд сууж яваад осолд орсон байгаа. Гэмтэл болон эмчилгээндээ нилээн  их мөнгө зарцуулсан. Би боолт хийлгэх болгондоо такси барьж явдаг тул унааны мөнгө их ордог. Шүүгдэгч С.Баярбилэг миний эмчилгээний мөнгө төлсөн. Харин М.Бат-Оргил хохирол төлөх нь битгий хэл “ахаа таны бие яаж байна гэж нэг ч удаа миний биеийг асуугаагүй” Эмчилгээний зардлыг бүгдийг нь Баярбилэг даасан байгаа. Би эмчилгээ хийлгэхэд гарсан баримтгүй зардал болон Өмнөговь аймагт байгаа өөрийн гэрийг авчруулах зардалд нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Б.Төмөрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 8 сарын 28-ны өдөр орой Цагаан хаднаас Истана маркийн машинд зардлыг нь өгөөд суусан. Дундговь аймгийн хавьцаа явж байхад би унтсан байсан. Бат-Оргил, Баярбилэг хоёр жолоогоо солиод хөдөлснөөс хойш би юу болсоныг мэдээгүй унтаж байтал осол болчихсон байсан. Ослоос болж миний зүүн хөлний дунд чөмөг хугарч, зүүн талын нэг хавирганаас бусад нь бүгд хугарсан гэмтэл учирсан. Би осол болох үед хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Эмчилгээний зардалд 1 300 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохиролыг Баярбилэг гаргаж өгсөн. Цаашид эмчилгээнд гарах зардлуудыг тооцож үзэхэд 2 сая гаруй төгрөг болж байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч хариуцагч Ж.Алтанбаганын мөрдөн байцаалтанд өгсөн: Би М.Бат-Оргилын төрсөн ээжийнх нь дүү нь байгаа юм. Миний нэр дээр 81-37УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Би М.Бат-Оргилыг сургалтынхаа төлбөрийг олог дээ гэж бодоод гуйгаад байхаар нь өгч явуулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/

 

 Иргэний хариуцагч Ж.Алтанбаганын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгч М.Бат-Оргил бол манай төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Миний машиныг гуйхаар нь ахын дүү болгоомжтой яваарай гээд өгсөн. Өмнө жил сургуулиасаа чөлөө авчихсан болохоор нь энэ жил дахиад чөлөө авчих вий дээ гэж бодоод машинаа өгсөн. Миний хохиролыг бүрэн төлсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирогч нарын гарсан зардлыг төлөх үүрэгтэй гэдгээ ойлгоогүй байсан.Цаашид гарах зардлуудыг төлөхийг ойлголоо гэв.

 

 Гэрч П.Цээсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой Дундговь аймгийн нутагт Бат-Оргилтой уулзаад хамт хот явах болсон. Тэгээд 100-аад км газар яваад нойр хүрээд байхаар нь Бат-Оргилыг гуйгаад миний машиныг бариад өг гэж хэлсэн. Бат-Оргил зөвшөөрөөд миний машиныг өөрөө бариад өөрийнхөө машиныг Баярбилэгт бариулаад цааш явсан. Би унтаж явсан болохоор юу болсоныг мэдээгүй. Нэг сэрээд харахад Баярбилэг замын шорооруу ороод буцаж дараад машин хөндлөнгөөрөө гулсаад замын хажуу талруу орчихсон юм. Тэгээд машин бүтэн эргээд зөв талруугаа уначихсан юм. Миний нойр хүрээд байсан болохоор л Бат-Оргилыг гуйсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 457   тоот:

 

 -Б.Төмөрбатын биед цээжний хоёр талын олон хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, зүрхний голт зүүн тийш татагдсан, зүүн дунд чөмөгт ясны хугарал, духанд зулгаралт, цээжнээс доош зүүн ташаан толгой хүртэл зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                                                                                                                                                                                               -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 53 хуудас/

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12295 тоот:

-Ариунцэцэгийн биед тархи доргилт, хүзүүний 5, сээрний 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугаралтай, зүүн 8 дугаар хавирга суганы дунд шугамаар хугарал, духанд цус хуралт үүссэн.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 55 хуудас/

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12294 тоот:

-Ж.Гомбын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал үүсчээ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 61 хуудас/

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 00000094 тоот:

 

 -Хэргийн материалаас үзэхэд 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч С.Баярбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсгийн” механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. 2,1а “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй,  

-Хэргийн материалаас үзэхэд иргэн М.Бат-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7б” тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо” шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй гэх дүгнэлт /хх-ийн 75 хуудас/

 

“Хан үнэлэмж” ХХК-ны хохирлын үнэлгээ /хх-ийн 77 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Бат-Оргил нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэх газраас Улаанбаатар хот орохоор  2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Хьюндай Истана” маркийн 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч Б.Баярбилэгт жолоогоо шилжүүлэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б заалтыг зөрчиж, үүний улмаас зорчигч Б.Төмөрбатын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Баярбилэг Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Хьюндай Истана” маркийн 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа зүүрмэглэн, жолоодож явсан машинаа онхолдуулж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б заалтыг зөрчсөний улмаас  хохирогч Б.Төмөрбатын бие махбодид хүнд, Ц.Ариунцэцэг, Ж.Гомбо  нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  Шүүгдэгч М.Бат-Оргилын...“Цээсүрэн ах миний нойр хүрээд байна, чи ахынхаа машиныг бариад яваач” гэхээр нь би найз Баярбилэгээр өөрийхөө машиныг бариулаад цааш явсан. Тэгээд явж байтал машины бөгсний гэрэл асаад байхаар буцаад очтол Баярбилэгийн барьж явсан машин унасан байсан. С.Баярбилэг нойрмоглосноос болж осол гаргасан гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 98, 102 хуудас/, шүүгдэгч Б.Баярбилэгийн......Бат-Оргил “би Цээсүрэн ахын машиныг барья, чи миний машиныг барьчих” гэсэн. Тэгээд би машиныг нь бариад явж байгаад зүүрмэглэчихсэн байсан. Гэнэт шороо шажигнаад явчихаар нь сэрээд хартал ертөнцийн зүгээр машин  замын хажуу талын шороон хэсэгт гарчихсан явж байсан. Тэгээд бид жолооны хүрдээ алгуурхан эргүүлээд буцаад замруу дартал өөдөөс замын ус зайлуулах хоолойн шон гараад ирэхээр нь огцом зүүн гар талруугаа дарсан бас буцаагаад баруун гар талруугаа дарсан чинь машин бөгсөө шидээд урд хэсэг нь эргээд харсан. Тэгээд л шууд замаасаа гараад шороо босоод нэг бүтэн эргээд хажуу талаараа хараад унасан гэх мэдүүлэг, хохирогч Ж.Гомбын.....Осол болох үед унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг эмэгтэй хүн хашгирхаар нь сэрсэн бөгөөд машин дайвалзаж байснаа замын хажуу руу онхолдсон гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, хохирогч Ц.Ариунцэцэгийн....хүмүүс хашгиралдахаар нь сэрээд хартал замын хажуу руу орчихсон. Яг юу болсоныг мэдээгүй. Энэ ослоос болж миний хүзүүний ясны нэг үе, нурууны ясны нэг үе, зүүн талын нэг хавирга тус тус хугарсан гэмтэл учирсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/, хохирогч Б.Төмөрбатын....Бат-Оргил, Баярбилэг хоёр жолоогоо солиод хөдөлсөнөөс хойш би юу болсоныг мэдээгүй унтаж байтал осол болчихсон байсан. Ослоос болж миний зүүн хөлний дунд чөмөг хугарч, зүүн талын нэг хавирганаас бусад нь бүгд хугарсан гэмтэл учирсан

 гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Алтанбаганын .....Би М.Бат-Оргилын төрсөн ээжийнх нь дүү нь байгаа юм. Миний нэр дээр 81-37УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Би М.Бат-Оргилыг сургалтынхаа төлбөрийг олог гэж бодоод гуйгаад байхаар нь өгч явуулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/ гэрч П.Цээсүрэнгийн .....Дундговь аймгийн нутагт Бат-Оргилтой уулзаад хамт хот явах болсон. Тэгээд 100-аад км газар яваад нойр хүрээд байхаар нь Бат-Оргилыг гуйгаад миний машиныг бариад өг гэж хэлсэн. Бат-Оргил зөвшөөрөөд миний машиныг өөрөө бариад өөрийнхөө машиныг Баярбилэгт бариулаад цааш явсан. Нэг сэрээд харахад Баярбилэг замын шорооруу ороод буцаж дараад машин хөндлөнгөөрөө гулсаад замын хажуу талруу орчихсон юм. Тэгээд машин бүтэн эргээд зөв талруугаа уначихсан гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/, Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн ...Б.Төмөрбатын биед цээжний хоёр талын олон хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, зүрхний голт зүүн тийш татагдсан, зүүн дунд чөмөгт ясны хугарал, духанд зулгаралт, цээжнээс доош зүүн ташаан толгой хүртэл зулгаралт гэмтэл тогтоогдлоо ,шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 53 хуудас/, Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн ....Ариунцэцэгийн биед тархи доргилт, хүзүүний 5, сээрний 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугаралтай, зүүн 8 дугаар хавирга суганы дунд шугамаар хугарал, духанд цус хуралт үүссэн байна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 55 хуудас/, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн..... Ж.Гомбын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 61 хуудас/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн.... 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч С.Баярбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсгийн” механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. 2,1а “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, иргэн М.Бат-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7б” тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд /буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо” шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй гэх дүгнэлт /хх-ийн 75 хуудас/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тул шүүгдэгч С.Баярбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч М. Бат-Оргилыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирлын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд баримтаар тогтоогдсон хохиролд хохирогч Ж.Гомбо  нь 1 403  000 төгрөг,   хохирогч Б.Төмөрбат нь  1 480 000 төгрөг, Ц.Ариунцэцэг нь 1 435 000 төгрөгийг тус тус гаргуулан авсан, шүүгдэгч нар төлсөн болох нь хохирогч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон бичгийн баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч Ж.Гомбо нь ажилгүй байсан хугацааны цалин,  банкнаас авсан цалингийн зээл, ломбарданд тавьсан эд зүйлийн үнэ нийт 8-9 сая төгрөгийн, хохирогч Ц.Ариунцэцэг нь өөрийгөө болон хоёр хүүхдээ цаашид эмчид үзүүлэх зардал, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогод нийт 3 000 000 төгрөгийн, хохирогч Б.Төмөрбат эмчилгээ хийлгэхэд гарсан баримтгүй зардал болон Өмнөговь аймагт байгаа өөрийн гэрийг авчруулах зардалд нийт 2 000 000 төгрөгийн нэхэмжлэл тус тус гаргаж байгаа боловч эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.  Харин хохирогч нар нь хэлэлцээгүй орхисон дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч С.Баярбилэг, М.Бат-Оргил нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох  нь тэдгээрийн ял шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогч нарт эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч С.Баярбилэг, М.Бат-Оргил нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн

зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт М.Бат-Оргилын эзэмшлийн Нокиа-150 маркийн гар утас, С.Баярбилэгийн эзэмшлийн Гүүл пад маркийн 8712 маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Ж.Алтанбаганын эзэмшлийн Истана маркийн 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн №942668 дугаарын үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь урд цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Индэг овгийн Сандагийн Баярбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүнд, хоёр хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Цагаанзаан овгийн Мөнхбатын Бат-Оргилыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар С.Баярбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар М.Бат-Оргилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Баярбилэг оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, М.Бат-Оргил нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар С.Баярбилэг, М.Бат-Оргил нарт тус бүр оногдуулсан 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан С.Баярбилэгт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт, ялтан М.Бат-Оргилд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан С.Баярбилэг, М.Бат-Оргил нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар  зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Баярбилэг, М.Бат-Оргил нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар иргэний  хариуцагч Ж.Алтанбаганын эзэмшлийн “Хьюндай Истана” маркийн 81-37 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 00849383 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Ж.Алтанбаганад буцаан олгож, М.Бат-Оргилын 942668 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Бат-Оргилын эзэмшлийн “Нокио 105” маркийн гар утас, С.Баярбилэгийн эзэмшлийн “Гүүл пад” маркийн 8712 маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. С.Баярбилэг, М.Бат-Оргил нар нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч нар нь шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баярбилэгт авсан авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, М.Бат-Оргилд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Баярбилэгт авсан авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, М.Бат-Оргилд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА